Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Бид юунд дурлаж байна вэ? №7


Ub.life-ийн редакцийн хамт олон ойрын өдрүүдэд юу үзэж, уншиж, сонсож, ямар шинэ кино, уран бүтээлч, “од” мэндэлсэн, амралт, чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлсэн, ямар шинэ содон зүйлс хийж туршсан зэргээ уншигч Тантай хуваалцахаар "Бид юунд дурлаж байна вэ?" буланг эхлүүлсэн билээ.

Энэ удаагийн дугаарт бид "Joker" киноны гол дүр, сар бүр "Fat Cat" жазз клубтэй хамтран зохион байгуулдаг "Poetry night" болон эрүүл мэнддээ анхаарч йогад дурлаж байгаагаа хуваалцаж байна.

Жүжигчин- Б.Энхцэцэг, Тоймч, нийтлэлч

Хоакин Феникст дурлаж байна. Үзэгчдийн суудлаас боссон хүмүүсийн зүгээс зүрхэндээ аль хэдийн салхи дэгдтэл спойлердуулсан “Жокер”-ийг кинотеатрын дэлгэцнээ гарч эхэлснээс хойш 10 хоногийн дараа үзэв. Киноны үйл явдлыг тайлах, агуулгыг нь ойлгох гэж хэдэн ч хувилбараар мэтгэлцэж болох далд уншуур ихтэй бүтээл аж. Тэндээс мань “Жокер”-ийн гол дүрийг бүтээсэн Хоакин Фениксийг өөртөө цоо шинээр дахин нээлээ. Үйл явдалд автах, агуулгаас нь болж гансрахаас илүүтэй ийм жүжиглэлт харсандаа алмайрч суув даа.

Артур бол Хоакин Фениксийн анхны псих, сэтгэлзүйн ээдрээт эхний дүр биш. 2000 онд “Гладиатор”-ын Коммодусаас нь эхлэн түүнтэй танилцаж, 2012 онд “Мастер” кинонд бүтээсэн Фрэдди Куэлийг харснаас хойш үүнээс илүү жүжиглэнэ гэж байхгүй хэмээн түвшин тогтоочихоод байсан миний хувьд Артур жинхэнэ шок болж байна. Хоакин Феникс алга урвуулах төдийд арилчих эмзэг атлаа голдоо тасардаггүй горьдлогыг харцаараа илэрхийлээд байсан нь “Жокер”-ийн дэлгэцнээ огт гараагүй Артурын хүүхэд насны дүрийг нэхэн төсөөлөх, өрөвдөн хайрлах хөтөч болж байлаа. Хүүхэд наснаас нь үлдэж, тэр чигтээ тайлалгүй гацсан нулимс, бас Хэппи нэрээ хичээн хүчлэн гаргадаг байсан инээдийг яалтай. Хоакин Феникст би “аймаар” дурлаж байна.

Йога- Б.Саруул, Сэтгүүлч

Суугаа ажил хийдэг болохоор тогтмол дасгал хөдөлгөөн хийдэг болохын тулд янз бүрийн зүйл туршиж, хэвшил болгохоор зорьж байна. Фитнесст явах нь олон талын ач холбогдолтой ч цаг их шаарддаг юм шиг санагдсан. Тиймээс би сүүлийн үед хамгийн бага цаг, санхүү шаардах дасгал хөдөлгөөн хийхээр шийдэж, гэртээ йога хийж сурч байна. Өмнө нь гурван сар багштай сургалтад сууж байсан учраас бие даан йогын дасгал хийхэд арай дөхөмтэй санагдсан. Эхэндээ YouTube-ээс гадаад багш нарын хичээлийг дагаж хийдэг байсан ч "Gertee Yoga" сувгийг олж мэдсэнээс хойш энд оруулсан хичээлүүдийг хийдэг болсон. Хамгийн гол нь йогын анхан шатны ойлголтоос эхлээд бүхэл бүтэн цогц хичээл хүртэлх бүх дасгал, үндсэн ойлголтуудыг тайлбарласан 30 хоногийн цуврал хичээлийг оруулсан нь надад их таалагдсан. Ингээд л өдөр бүр 30-60 минутыг йога хийхдээ зориулж байна даа.

Сэтгүүл- Ж.Хулан, Дэд захирал

Энэ долоо хоногийн хувьд ажилдаа л дурлаж байна даа. Хэсэг хугацаанд эзгүй байсан учраас олон хүнтэй эргэж уулзах, шинэ ажлуудаа төлөвлөж байна. Ялангуяа, “Гэрэг” сэтгүүлийн The New York Times-тай хамтарсан дугаараа хийх, оны төгсгөлд гаргадаг тойм дугаар, Fashion хувилбараа баяр угтан төлөвлөх гээд олон ажилд редакциараа төвлөрч, гаргаж байгаа санаа, төсөөллүүдээс нь урам авч ажиллах зүйрлэшгүй сайхан байна. 

Сонгосон мэргэжил, ажлаасаа үнэн голоосоо таашаал авах, баясах гэдэг тэр бүр тохиодоггүй болов уу. Харин хэсэг хугацаанд холдоод эргэцүүлэх, амсхийж бодох нь бидэнд эргээд хийж буй зүйлс, өдөр бүрийн минь үнэ цэн, ач холбогдлыг нь илүү ойлгуулдаг ч юм уу гэж бодлоо.

Яруу найраг- О.Анхзаяа, Сэтгүүлч

Ойрд яруу найраг, хөгжим амьдралыг минь дүүргэж байна. Poetry at Fat Cat эвент өчигдөр буюу даваа гарагт боллоо. 7 дахь удаагаа зохиогдож байгаа ч эвент болгон л анхны удаагийнх шиг догдлуулж, сэтгэл хөдөлгөх юм. Хүмүүсийг нэг дор цуглуулж, шүлэг яруу найргаар амьсгална гэдэг их л торгон мэдрэмж. Би өөрөө шүлэг оролддог байсан л даа. Гэхдээ болиод гурав дөрвөн жил өнгөрчээ. Үгсийн гоо сайхнаас холдсон өдөр хоногууд харин энэ эвентийн ачаар нөхөгдөх шиг болж байна. Зохион байгуулах явцдаа олон ч залуу найрагчтай танилцлаа. Мундаг яруу найрагчдыг ч дэргэдээс нь сонсож, бүр хундага дарс авахуулж явна. Та бүхэн ч бас нэг үдшийг бидэнтэй цуг, яруу найргаар амьсгалж өнгөрөөгөөрэй. Бид эвентээ үүсгээд, нийтлэл оруулж бас шүлэг унших хүсэлтэй хүмүүсийг бүртгэдэг юм шүү.

Их цэвэрлэгээ- Э.Намуун, Редактор

Намрын сүүлчийн дулаан өдрүүдэд үргэлжиж байна. Өвлийн хүйтнээс урьтаж амралтын өдрөөр гэртээ их цэвэрлэгээ хийсэн юм. Хөшигнүүдээ угааж, цонхоо арчаад гэрийнхээ булан тохойд хуримтлагдсан тоос, шороог хамж авлаа. Цэцэг навчаа нэг бүрчлэн усалж амжив. Улирал солигдох бүрт гэртээ их цэвэрлэгээ хийх нь нэг талаар амралт болдог шиг санагддаг. Сэтгэл ч амарчихдаг юм. Хуурай, эрс тэс уур амьсгалтай улсад амьдардаг бидний хувьд гэртээ чийгтэй цэвэрлэгээ тогтмол хийх нь эрүүл мэндэд ч ашиг тусаа гарцаагүй өгнө шүү дээ. Та ч гэсэн хүйтрэхээс өмнө амжиж гэртээ их цэвэрлэгээ хийгээрэй.

холбоотой мэдээ
1
2019.11.04
Бид юунд дурлаж байна вэ? №10
2
2019.10.30
Бид юунд дурлаж байна вэ? №9
3
2019.10.21
Бид юунд дурлаж байна вэ? №8
санал болгох
1
15 минутын өмнө
Хятад улс сошиал нөлөөлөгчдөө ингэж бэлдэж байна
2
2 цагийн өмнө
Хэт эелдэг, нөхөрсөг байхын 5 сул тал
3
4 цагийн өмнө
Ажлаасаа гарч, хайртай голоо цэвэрлэхээр шийдсэн унгар эр

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
1
3
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.