Хайх зүйлээ бичнэ үү

6 мин

Бид юунд дурлаж байна вэ? №9


Ub.life-ийн редакцийн хамт олон юу үзэж, уншиж, сонсож, ямар шинэ кино, уран бүтээлч гарч ирсэн, амралт, чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлсэн, ямар шинэ содон зүйлс хийж туршсан зэргээ уншигч Тантай хуваалцахаар "Бид юунд дурлаж байна вэ?" буланг эхлүүлсэн билээ.

Энэ удаагийн дугаарт бид Их Британийн сонгодог хөгжмийн томоохон сэтгүүлүүдийн нэг "Gramophone"-ийн энэ оны нэрэмжит шагнал гардуулах ёслол, аялал, бясалгал болон Австралийн зураач, зохиолч Шаун таны “Tales from the Inner City” номд дурлаж байгаагаа хуваалцаж байна.

Соёл, урлаг- З.Энхмөнх, Арт директор

Их Британийн сонгодог хөгжмийн томоохон сэтгүүлүүдийн нэг “Gramophone” энэ сарын 17-нд оны нэрэмжит шагнал гардуулах ёслолоо шууд дамжуулсныг нөхөж үзлээ. Өнгөрсөн жилийн хамгийн шилдэг цомгуудад барокко урсгалын дөрвөн ч цомог нэрлэгдсэн нь орчин цагийн сонсогч, туурвигчдад энэ чиглэл нь мөлжүүртэй хэвээр байгаагийн нэгэн том илрэлийн зэрэгцээ улам бүр ганцаардах болсон бидний нийгмийн нэгээхэн тусгал болж байгаа шиг санагдав. Энэ төрлийн хөгжмөөс контр-тенор хоолойт Филипп Жаросски “Шилдэг уран бүтээл” төрөлд шагнал хүртсэн бол “Шилдэг залуу уран бүтээлч”-ээр мөн л контр-тенор дуучин Жакуб Иосеф Орлински хүртсэн нь сонихон. Шагналтнуудаас “Шилдэг оркестрын цомог” шагналыг Хонг Конгийн Филармонийн найрал хөгжим хүртсэн нь азийн орны анхны оркестр болж байгаа аж.

Энэ жилийн “Шилдэг уран бүтээлч” шагналыг хүртсэн Исландын төгөлдөр хуурч Викингур Олафссоны 2018, 2019 онд бичүүлсэн И.С.Бахын хөгжмийг шинээр найруулж бичүүлсэн хоёр цомог сүүлийн хэд хоног эрхгүй намайг дурлуулж байна. Тэрээр шагнал авсны дараа ВВС Радио 4-т “Бах үргэлж л өөртөө үнэнч, бас футурист шинжтэй байсан. Тийм болохоор ч Моцарт түүнтэй уулзсанаасаа хойш хамаагүй сайн зохиолууд бичиж эхэлсэн. Бетховен ч түүний фэн байсан. Хөгжимчид бидний хувьд Бах нь тольны тусгал шиг л санагддаг. Заримдаа тэр тусгалд бид тийм ч сайхан харагдахгүй” гэж ярина билээ. Ирээдүй бол үргэлж өнгөрсөнд байдаг гэх түүний ирэх онд гарах шинэ цомог нь Рамо, Дебюсси хоёрын бүтээлүүдийн шинэ найруулга байх аж.

Аялал- О.Анхзаяа, Сэтгүүлч

Аялах хүсэл үргэлж л дотор нь буцалж, оргилж байдаг хүмүүсийн нэг нь би. Нэг мэдэхэд л TripAdvisor, Booking.com, airbnb нээчихсэн, хаа хамаагүй газрын нэр бичээд, яг л буудлаа юу юугүй захиалах гэж байгаа мэт хайдаг. Энэ үйлдэл минь намайг өнгөрсөн хугацаанд хэд хэдэн мөрөөдлийн газар луу явахад минь нөлөөлсөн ч гэж боддог юм. Гэхдээ энэ удаа би тийм ч их зардал, бас хугацаа шаардахгүй бяцхан аялал хийсэн нь Дархан хотыг зорьсон тохиол байв. 

Галт тэргээр явсаар шөнө бууж, харин явах өдөр минь цас зузаан орсон тийм л нэг аялал. Энгийн, амар амгалан хотын хэмнэлд автаж, амралтын өдрөө жинхэнэ утгаар нь амарч өнгөрүүлсэн гэхэд буруудахгүй. Театрын тоглолт үзэж, гадуур зугаалж, нэлээд жин нэмэх хэмжээний хоол идсэн. Энэ мэтээр амралтын өдрүүдээрээ хаа нэг тийшээ яваад ирж байхаар шийдсэн шүү. Миний дараагийн том аяллын төлөвлөгөө Япон улсыг онилсон байгаа. Гэхдээ тэр хүртлээ цомхон, таатай аяллуудыг хийсээр л байх болно оо. Жич: Вагонд яагаад ч юм ер таатай унтсан болоогүй учир даваа гарагийг би зомби шиг л өнгөрүүлсэн. Гэхдээ бас л мартагдахын аргагүй 3 өдөр байсан.

Ном- Б.Билгүүн, Дизайнер

Австралийн зураач, зохиолч Шаун таны “Tales from the Inner City” номыг сөхөж харах бүртээ би өөрийнхөө амьдардаг хотын өөр нэг ертөнцөд оччихдог. Учир нь түүний номон дотор мэлхийнээс эхлээд хирс хүртэл 20 гаруй амьтдын тухай өөр өөр үлгэр оршдог. Зүгээр л бидний дунд хэн нэгний үнэнч нөхөр болсон муур аварга толгой дээрээ эзнээ суулган далайгаар аялж байгаа, жаргаж буй нарны өмнө зассан кино театрын суудлууд, оффисын хурлын өрөөнд аяга устай хуралдах мэлхийнүүд, тэнгэр дээгүүр нисэлдэх халим гээд л түүний төсөөллийн ертөнц үнэхээр гайхамшигтай. Зөвхөн зурагнаас гадна амьтдын тухай яруу найраг, бичвэрээс бүтсэн энэ номыг зөвхөн хүүхэд гэлтгүй бүх насныхан уншсанаар өөрийн амьдардаг хотынхоо тухай, амьтдын тухай төсөөллөө өөрчлөх боломжтой санагдсан.

Эрүүл мэнд- А.Энхжаргал, Менежер

Би ой 5 сартай хүүхэдтэй. Хүүхэд минь цэцэрлэгт явдаг. Хүйтний улирал эхэлж байгаа болохоор цэцэрлэгийн хүүхдүүд ханиаднаас салахгүй л байна. Хүүхэд маань ч адил. Бүр эмнэлэгт хүртэл хэвтсэн. Эмнэлгээс гараад дахиад л ханиад хүрч, нус нь гоожоод л. Дахиад л баахан эм өгөх нь гэж дотор харлаж байлаа. Тэгсэн манай эгч хүүхдийн эмчийн бичсэн зөвлөгөөг надруу явуулахаар нь эм өгч байснаас нэг туршихаар шийдсэн. Миний хувьд малын гаралтай бүтээгдэхүүн тийм ч их хэрэглээд байдаггүй. Гэхдээ эмчийн зөвлөснөөр шар тосоор хоолой, ар нуруу уушгинд нь түрхээд халуун гараараа илж төөнөөд унтуулах болон цэвэр шар тостой холбоотой зөвлөгөөг нь хэрэгжүүлэхэд маш сайн үр дүн гарсан. Үнэхээр үнэн юм байна. Миний охины нус нь татарч, ханиалгах нь багассан. Би шар тосонд дурлахгүй байхын аргагүй байна даа.  

Бясалгал- Ж.Мөнхзул, Сэтгүүлч

Сүүлийн үед дурлаж, өөртөө цаг гарган хийх болсон зүйл маань Transcendental meditation буюу Чанадаас халих бясалгал юм. Урд нь хийж сурах гэж оролдоод тэвчээр алдран бас бодолдоо автаад юун тархиа амраах манатай болдог байсан тул бясалгалаас халширдаг байв. Яаж сурах вэ, яаж хийх вэ гэж томьёолол, тусламж ч эрж байсан. Аливаа зүйлийг сайтар хүсвэл оролдлогоор сурдагчлан оролдсоор оролдсоор багахан ойлголт, техниктэй боллоо. Хамгийн түрүүнд тархи толгойд юу ч бодогдохгүй тунгалаг ус шиг байхын үзэсгэлэнг мэдэрсэн. Богинохон хугацаанд боловч оюун бодолд цэвэр агаар орсон юм шиг сэргэг болж ирдгийг бас ойлгосон. Бодит амьдрал дээр тархи сэтгэл амар амгалан байна гэдэг нь уур бухимдал, бусдыг шүүмжлэх сэтгэл, өнгөрсөн ирээдүй байхгүй цаг төлөвт захирагдах зэрэг сөрөг үйлдлүүдээс ухамсартайгаар холдохыг хэлдэг юм билээ. Энэ тал дээр өөр дээрээ эерэг өөрчлөлт мэдэрсэн тул бусад хүмүүсийг ч гэсэн оролдож үзээсэй гэж үнэхээр боддог. Интернэтээс мэдээлэл авах эсвэл энэ төрлийн бясалгалын сургалтын төвд хандаж болох юм.




Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2022.06.15
Mobicom Edition: Бид юунд дурлаж байна вэ? (№35)
2
2021.12.07
Бид юунд дурлаж байна вэ? №34
3
2021.11.16
Хакүхо аварга хамгаалалтын албанд ажилласантай холбоотой 10 пост
санал болгох
1
9 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
4
0
0
0
0
0