Хайх зүйлээ бичнэ үү

“The Voice” шоуны оролцогч, “Universe best songs-2015” болон “My voice” уралдааны ялагч дуучин Billy Bay буюу Б.Билгүүнтэй ярилцлаа. 

-Шинэ уран бүтээл гарах сураг сонсогдсон. Бие дааж хийж буй анхны дуу болохоор сэтгэгдэл өндөр байгаа байх. Энэ талаар ярилцлагаа эхэлье?

-Дуучин Б.Хонгортой хамтарч 2017 онд “Чамайг хайрлая” уран бүтээл гаргаж байсан. Удахгүй цацагдах шинэ дууны үгийг “The Voice” шоунд оролцсон Г.Мөнх-Эрдэнэ бичсэн. Аяыг өөрөө зохиосон. Хөгжмийн найруулга дээр “B Production”-ыг үүсгэн байгуулагч дуучин Д.Болд, Т.Мөнх-Оргил зэрэг олон хүмүүс ажилласан. Цаашид гаргах дууныхаа аяыг мөн адил өөрөө зохионо. “Ocean Grey”-д ажиллаж байх хугацаандаа хүмүүст дуу зохиож өгдөг байсан. Өөрөө дуугүй хэрнээ бусад уран бүтээлчдийн дууны аяыг зохиодог байлаа шүү дээ (инээв). Сүүлийн хоёр жилийн хугацаанд нийт 10 гаруй дуу зохиосон байна.

-“The Voice” шоунд оролцох үеийн сэтгэгдлээ эргэн хуваалцана уу. Хасагдах үед ямар санагдсан бэ?

-Тухайн үед мэдээж хүнд байсан (инээв). Шалгаруулалт болохын яг өмнөх өдрөөс эхлээд хуваарилалт дээр асуудал гарсан. Миний дуулах хэсэг дээр нөгөө оролцогч маань ороод ирсэн. Гэхдээ одоо бүх зүйл өнгөрчихсөн шүү дээ. Анх шоунд оролцох үеэсээ л хүмүүсийн хандлага ямар байх бол гэж санаа зовсон. “Тэмцээнээс тэмцээн хэсээд битгий яваад бай. Одоо болио” гэх хүмүүс олон байдаг байлаа. Дэлхийн хэмжээний шоу учраас оролцоод үзэхийг хүссэн. Зохион байгуулалт маш сайн байсан. Яг үнэндээ нэг уралдаанд орж амжилт үзүүлчихээд “Одоо болчихлоо” гээд ханасан үе байхгүй. Тиймээс илүү их туршлага хуримтлуулж, өөрийгөө хөгжүүлэхийн тулд дуутай холбоотой бүхий л тэмцээнд оролцдог байсан даа. Одоо бол өөрийн гэсэн уран бүтээл гаргаж шинэ түвшинд өөрийгөө хөгжүүлэхээр зорьж байна.

-Хамгийн анх ямар шоунд оролцож байсан бэ. Багаасаа дуулах дуртай байв уу?

-Багаасаа л дуулах сонирхолтой байлаа. Анх 2011 онд “Авьяаслаг Монголчууд” шоу албан ёсны эрхгүйгээр болж байсан. Учраа мэдэхгүй жаахан хүү гурван шүүгчийг улаан бааззер дарахад хүргэсэн (инээв). Одоо бодоход их хөгжилтэй байдаг. Дараа нь “Камертон-2” шоунд оролцож, гуравдугаар шат хүртлээ явсан. Тэр үед би 14-тэй байсан. Камертоны Ганаа ах намайг хасагдах үед чихэнд минь “Миний дүү урлагийн хүн шүү” гэж хэлж байсан. Зогсож болохгүй юм байна гэдгийг ойлгуулж урам өгсөн үг. Гэрийнхэн маань “Наад дуу хуураа хая. Шал дэмий балай” гэдэг байсан л даа. Аав бүр Орос руу цэргийн сургуульд явуулна гэж ярьдаг байлаа. Тэгсэн ч дуртай зүйлээ хаяхыг хүсээгүй.

-Гэр бүлийнхэн чинь хэзээнээс эхэлж урлагаар явахыг хүлээн зөвшөөрсөн бэ?

-Би солонгос дуу их сонсдог. “Камертон-2” шоунаас хасагдаад солонгос дууны уралдаанд оролцож түрүүлээд таван зуун мянган төгрөгөөр шагнуулсан юм. Шагналынхаа мөнгөөр “Nature sound” сургалтын төвд сурсан. Баяртай мэдээгээ гэрийнхэндээ дуулгачхаад орой гэртээ ирэхэд ширээ засчихсан намайг угтсан. Тэгэхэд “Чамайг ер нь энэ урлагаар чинь л явуулъя” гэж хэлсэн. Аавын хувьд бүр сүүлд “Universe best songs-2015”-д оролцоод түрүүлсний дараа л зөвшөөрсөн. Эцэг эхчүүд хүүхдэдээ санаа зовох нь мэдээжийн хэрэг. Тиймээс чиний хүсэл зоригийг төдийлөн ойлгохгүй байвал энэ чиглэлээр явбал амжилттай байна гэдгээ баталж харуулах хэрэгтэй.  

-Харамсах үе гарч байв уу. Залуу уран бүтээлч учраас ярвигтай, хэцүү үе байдаг байх?

-Яагаад энэ замыг сонгочихов доо гээд харамсаж байсан үе байхгүй. Асуудал мэдээж гарна. Хүн бүрт асуудал бий. Над шиг дөнгөж 20 гарч яваа залуу уран бүтээлчийн хувьд санхүүгийн асуудалтай нэн түрүүнд тулдаг. Нэг клип бүтэх гэж доод тал нь 3 сая төгрөг. Бас л асуудал шүү. Одоо гарах гэж буй шинэ уран бүтээлд шаардлагатай зардлыг гаргаж, цомог хийх боломж олгож буй Төрийн соёрхолт дуучин Д.Болд ахад маш их баярлаж байгаа. 

-Солонгос дуу сонсдог гэлээ. K-pop хөгжмийн урсгал эрчээ авч байна. Үүний зэрэгцээ дургүй хүмүүс ч бий. Энэ талаар өөрийнхөө үзэл бодлыг хуваалцана уу?

-Бүх хүнд таалагдах боломж байхгүй шүү дээ. Хүмүүсийг татаж байгаа ямар нэг зүйл байгаа учраас л тэнд сонсогч байгаа. Миний хувьд жанр харгалзахгүй сонсохыг хүсдэг. Мэдээж хэрэг сонсох дуртай, дургүй урсгал гэж хүн бүрт бий. Хамгийн гол нь хэт туйлширч хэн нэгний үзэл бодлыг үгүйсгэх шаардлагагүй.

-Монгол Улсын Консерваторийн жааз дуулаачийн ангийн оюутан. Яагаад энэ чиглэлээр суралцах болсон бэ?

-Орчин үеийн хөгжмийн загалмайлсан эцэг бол жааз гэж ярьдаг шүү дээ. Би баригдмал зүйлд дургүй. Тиймээс олон зүйл туршиж үзэхийг хүсдэг. Жааз хөгжим үнэхээр ноён оргил нь юм бол түүнийг нь суръя гэж бодсон. Энэ чиглэлээр суралцаж буйдаа баяртай байгаа.

-“Universe best songs”, “My voice” зэрэг тэмцээнд оролцож түрүүлсэн. Өөртөө бардах үе байв уу?

-Байгаа. Залуу хүний нэг дутагдал нь хэт сэтгэл хөөрөлтэй байдаг юм болов уу (инээв). Би бага зэрэг амбицтай учраас тэр ч нөлөөлсөн байх. Гэхдээ өөрийгөө зэмлэсэн. “Хоёр тэмцээнд оролцож амжилт үзүүлчихээд хэн гэж бодоод байгаа юм” гээд л өөртэйгөө ярилцана. “Өөрийгөө мундаг гэж бодсон цагт урлагаас зайлаарай” гэж багш маань хэлдэг. “Universe best songs-2015”-д түрүүлдэг орой багш “Тэмцээндээ амжилт үзүүлсэнд бахархаж байна. Гэхдээ өөрийгөө өнөөдөр дуулсан хүүхдүүдээс илүү мундаг гэж битгий бодоорой. Энэ бол зүгээр тэмцээн шүү” гэж байлаа. Багш маань намайг дэмжиж түүнчлэн хөөрсөн сэтгэлийг минь дарж жолооддог. Хүн ер нь өөрийгөө байнга дарж байх хэрэгтэй гэдгийг ойлгосон.

-Цахим орчинд хэр идэвхтэй байдаг вэ. Нийгмийн сүлжээний талаар өөрийнхөө бодлыг хуваалцана уу. Хэр хэрэгтэй зүйл гэж боддог вэ?

-Байнга л орж байдаг болохоор идэвхтэй хэрэглэгчдийн тоонд багтана. Мэдээлэл хурдан хугацаанд солилцож, цаг хэмнэх зэрэг давуу тал их. Нийгмийн сүлжээг зөв хэрэглэж чадвал олон зүйлийг хөнгөвчилж байна. Гэхдээ залуус үүнийг нэрийн хуудас шиг боддог нь таалагддаггүй. Олон дагагчаар хүнийг үнэлнэ гэдэг эрүүл биш сэтгэлгээ. Одоо үед хүмүүс хандалт авах гэж янз бүрийн юм хийж байна шүү дээ. Нэрийн хуудсаа болгох биш, өдөр тутмын хэрэглээгээ байлгаасай гэж хүсдэг. Энэ л хамгийн эрүүл зөв ашиглалт байх. Мэдээж уран бүтээлч хүмүүст хандалт чухал. Гэхдээ учиргүй чичирч дайрах хэрэггүй санагддаг.

-Нийгмийн сүлжээнд эерэг, сөрөг янз бүрийн сэтгэгдэл бичих хүмүүс бий. Үүнийг хэрхэн хүлээж авдаг вэ?

-“Дуу дуулахад царай чухал юм байна” гэсэн сэтгэгдэл уншиж байлаа. Хамар чинь болохгүй байна. Зураасан нүдтэй байна гээд л. “The Voice” шоунаас хасагдах үед царайгаараа "хусуулчихлаа" гэх хүн ч байсан. Сонин байгаа биз (инээв). Хүн бүр дээд боловсрол эзэмших гэж улайрах болсон цаг. Тэгсэн хэрнээ бидний дунд одоо ч сайхан царай, гоё биед ач холбогдол өгөх хүмүүс байна. Үзэмж төдийхөн зүйлд ач холбогдол өгөх шаардлагагүй гэдгийг би мэддэг. Энэ сэтгэхүйгээрээ ертөнцийг хардаг. Тиймээс ямар нэгэн өөрчлөлт хийхийг хүсдэггүй. Энэ чинь миний л байгаа байдал. “Күүл” байх гэж зүтгэдэг шинэ эрин үе гарсан байх аа (инээв). Яг л тахал шиг энэ имиж улам бүр эрчээ авч байна. Бага зэрэг харамсалтай бас сонин санагддаг. Монголд олны танил болох үнэхээр амархан. Дуулахгүй ч байж болно. Зүгээр л гоё царайлаг байхад болоо (инээв).

-Нийгэм ийм сэтгэхүйтэй болж байгаа үед урлагийнхан бүтээлээрээ дамжуулж үзэгчдэд нөлөөлөх боломжтой шүү дээ. Сүүлд гарч байгаа залуу уран бүтээлчид энэ шугамыг хэр барьж байна гэж бодож байна?

-Тэгэлгүй яах вэ. Нийгмийг соён гэгээрүүлж, сайн сайхан зүйлд уриалах бол урлагийн үндсэн үүрэг. Мэдээж залуу уран бүтээлчдийг биднээс дээшхи үе төдийлөн сонсохгүй. Бидний үеийнхэн аль эсвэл биднээс доош үеийн хүүхдүүд сонсож үлгэр дуурайлал авна. Хүндэлж биширдэг уран бүтээлч, сонсож байгаа зүйлээсээ хүмүүжлээ олж авах нь тодорхой. Дуу гэхээсээ Rap моодонд ороод байна шүү дээ. Миний бодлоор залуу үеийг төлөөлөх гэгээлэг уран бүтээл тийм ч их байж чадахгүй байна. Урлаг сүүлийн үед хэлбэр хөөх тал руугаа яваад байгаа юм шиг надад санагддаг. Хараал бол соёлгүй бүдүүлэг байдлыг илэрхийлэхгүй. Харин ч намайг илүү догь харагдуулж чадна гэж бодох хүүхдүүд их байна. Тухайн урсгалын онцлог байж болно. Гэхдээ цензур байх хэрэгтэй байх. Шууд бичлэг хийж байх үедээ бүдүүлэг үг хэллэг хэрэглэдэг уран бүтээлчид байна. Хэт задгай, үзэгчдийг хүндлэхгүй байна шүү дээ. Онцгүй л санагддаг даа. Миний хувьд урлагийн салбарт удаан оршин тогтмоор байна. Үүний тулд чанартай хөгжим хийхийг хүсдэг.

Бэлтгэсэн: Х.Хулан 


Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
65
18
35
5
2
1
5
11

Сэтгэгдэл бичих (5)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Ari 2019.11.02 66.181.161.109

Ih zuv bodoltoi huuhed amidraliig olon talaas haraarai <3 Goodluck my sweetheart

0 Хариулах


болор 2019.10.28 202.179.11.50

Их хөөрхөн ухаалаг хүү байна хэлж ярьсан нь

0 Хариулах


enhee 2019.10.24 66.181.161.38

duudee amjilt hairtai shuu

0 Хариулах


Зочин 2019.10.24 124.158.108.198

and yuu hiihee mdej baigaa yaaj hiiheech mdej baigaa amjilt bro <3

0 Хариулах


batmagnai 2019.10.24 124.158.126.21

ene 2 uulaa heniig ch helelgui adilhan duulsan baina

0 Хариулах