Хайх зүйлээ бичнэ үү

Би хийж байгаа зүйлдээ бүх зүрх сэтгэлээ дайчилж ажиллахыг эрхэмлэдэг.

“ND film”-ийн үүсгэн байгуулагч, “Шилжилт” киноны найруулагч Б.Нямдаваатай амжилт бүтээл, үзэл бодлынх нь талаар ярилцлаа. Хүлээн авна уу. 

-“Азтай бондгор” инээдмийн УСК удахгүй IPTV-гээр цацагдана гэж дуулсан. Анх удаа инээдмийн кино хийхэд ямар санагдсан бэ?

- Хэвийн жинтэй хүнийг тарган хүн болгож хувиргасан учраас асуудал их байсан. Миний хувьд туршлага хуримтлуулахын зэрэгцээ шинэлэг байж чадлаа. Удахгүй үзэгчдийн хүртээл болно. Энэ зун үнэхээр завгүй өнгөрсөн шүү. 

-Өөрийн чинь анхны уран бүтээл “Шилжилт-1” кино “Улаанбаатар олон улсын кино наадам”-аас шагнал хүртэж байсан. Тэр үеийн сэтгэгдлээ хуваалцана уу?

-Мэдээж амьдралдаа авч болох хамгийн сайхан мэдрэмжүүдийн нэг байсан. Туршлагатай найруулагчдын шилдэг бүтээлүүдтэй өрсөлдөж байсан учраас шагнал авна гэж огт төсөөлөөгүй. Кино багийнхантайгаа гадаа юм яриад зогсож байтал продюсер залгаад шагнал авчихлаа гэдэг байгаа. Сонссон зүйлдээ итгээгүй. Догдлол, сандрал, айдас өвөрлөөд тайз руу гарсан. Оюутан байхдаа ёслолын фанфар дээр шагнал авч үзэхийг их хүсдэг байж билээ. Мөрөөдлийн минь нэг хэсэг биелсэн. Үг хэлэх ёстой байсан боловч хэт баярласандаа болоод шагналаа аваад буусан даа.

-Монголын хамгийн залуу кино найруулагч болсон шүү дээ. Дөнгөж 21 настайгаасаа зохиолоо өөрөө бичиж, кино найруулж эхэлсэн. Зориглоод энэ бүхнийг эхлүүлэхэд юу нөлөөлөв?

-Мундагтаа биш шүү дээ. Хамгийн гол нь би зүгээр суух үнэхээр дургүй. Амжилтад хүрсэн ихэнх хүмүүс туршлагагүй хэдий ч асар их зориг өвөрлөж гараагаа эхлүүлдэг байх. Амархан амжилтад хүрэх гэж энэ бүхнийг эхлүүлээгүй. Зүгээр суухгүй гэсэн сэтгэл минь намайг хөдөлгөсөн. Би хийж байгаа зүйлдээ бүх зүрх сэтгэлээ дайчилж ажиллахыг эрхэмлэдэг. Сурах юм их байна. Гэхдээ тасралтгүй хичээвэл цаг хугацаа өнгөрөхийн хэрээр дэвжиж дээшилнэ гэж бодож байна.

-Туршлага бага, залуу хүний хувьд анх кино хийхэд хүндрэл их гарсан байх?

-Тэгэлгүй яах вэ. Миний хувьд театр гэхээсээ дэлгэцийн бүтээл талдаа илүү сонирхолтой. Тиймээс богино хэмжээний кино хийж эхэлсэн. Цахим орчинд бүтээлүүд маань нэлээдгүй хандалт авахын зэрэгцээ уралдаан тэмцээнд ч амжилт үзүүлсэн. Үүнээс урам авч үргэлжлүүлэн “Шилжилт-1” киноны ажилд орсон. Санаа нийлсэн өөрийнхөө үеийн залуу уран бүтээлчидтэй хамтран амжилттай дуусгасан. Тухайн үед санхүүжилт хүсэж 30-аад байгууллагын хаалга тогшиж байв. Бүгд надаас туршлага асуусан. Харин надад гурван богино хэмжээний киноноос өөр туршлага байсангүй. Бүрэн хэмжээний уран сайхны кино хийсэн туршлагагүй гэх шалтгаанаар татсан хаалга бүрээсээ татгалзсан хариу сонссон. Харин "Сүү ХХК" хүнсээрээ ивээн тэтгэхээр болсон юм. Санхүүжилт авах боломжгүй гэдгээ ойлгоод сургалтын төлбөртөө өгөх гээд цуглуулж байсан таван зуун мянган төгрөгөөрөө киногоо эхлүүлсэн дээ. 

-Эхний ээлжинд төлбөрөө ашигласан ч нэмж мөнгө хэрэг болсон байх. Энэ бүхнийг яаж зохицуулав. Түүнчлэн гэр бүлийнхэн нь гаргасан шийдвэрийг чинь хэрхэн хүлээж авсан бэ?

-Гэрийнхэн маань тэр үед хөдөө явчихсан байсан юм. Сургалтын төлбөрөө үрчихсэн, бүтэх бүтэхгүй нь мэдэгдэхгүй нэг кино эхлүүлсэн хүн угтсан даа. Тэдэнд бүх үнэнээ хэлсэн. Аз болж тэд маань намайг дэмжсэн. Тухайн үед өөрсдөд нь бэлэн мөнгө байгаагүй учраас хүнээс зээл аваад тусалж байв. Намайг ойлгож чадлаараа дэмжсэнд нь үнэхээр баярладаг. Зураг авалтын үеэр кино багийнхан маань “Жүр үр”-ээс зарласан богино хэмжээний кино бүтээлийн уралдаанд оролцоод шилдэг найруулагчийн шагнал хүртсэн. 1 сая 500 мянган төгрөгийн урамшуулал аваад, түүнийгээ киногоо үргэлжлүүлэхэд зарцуулсан. Хойд хормойгоо авч, урд хормойгоо нөхнө гэдэг шиг л(инээв). 

-“Шилжилт-1” кино нь валентины баяртай зэрэгцэж нээлтээ хийсэн. Энэ үеэр харьцангуй олон кинонууд нээлтээ хийдэг. Туршлагатай продакшнуудын бүтээлүүдэд шахагдаж, кино театраас цагаасаа эрт буух тохиолдол гарсан болов уу?

-Тийм ээ. Олон кинотой давхцаж нээлтээ хийсэн учраас театрт удаан гарч чадаагүй. Түүнчлэн дөнгөж гарч ирж байгаа залуу уран бүтээлчдийн киног үзэхээсээ үзэхгүй нь их шүү дээ. Арга ч үгүй юм. Бараг шатсан. Гэхдээ орон нутгуудаар явсан. Олигтой мөнгө олоогүй ч туршлага хуримтлуулсан. 

-Зохиолынхоо санааг хэрхэн олсон бэ. Арван жилийн хүүхдүүдэд зориулсан уран бүтээлүүд сүүлийн үед их гарч байгаа. Танай бүтээл юугаараа онцлог болсон гэж боддог вэ?

-Би 81-р сургуулийг дүүргэсэн. 10,11-р ангийн 30-аад бүлгийн мянга гаруй сурагчид сурдаг байлаа. Өсвөр насны хүүхдүүд болохоор ч тэрүү анги хоорондын үл ойлголцол их. Яг л өрсөлдөөний талбар шиг. Ангиуд хоорондоо зодолдох бол энгийн үзэгдэл. Киноны гол дүр Дөлгөөн шиг залуу манай ангид байсан. Тэр хүүг сурч байх хугацаанд сургууль үнэхээр амар тайван байсан. Би өөрийнхөө туулсан бодит жишээ дээр тулгуурлаж, зохиолоо бичсэн юм. Арван жилийн сурагчдад зориулсан кино их хийгдэж байсан ч адал явдал, тулаан хосолсон төрөл огт байгаагүй. Үүгээрээ онцлог болсон гэж боддог. 

-“Шилжилт-1”-ийн трейлер гарахад хүмүүсийн хандлага сөрөг байсан. Жилийн дараа хоёрдугаар ангийн трейлер цацагдаж цахим орчинд хандалтаараа “Байтаг богд” УСК-ны дараа орсон шүү дээ. Хүмүүсийн хандлага эерэг тал руу өөрчлөгдөхөд юу нөлөөлсөн гэж бодож байна?

-“Энэ киног үзэж яадаг юм” гэсэн сэтгэгдэл “Хурдан кино театрт гараасай” болж өөрчлөгдсөн. Эхний анги үзэгчдэд таалагдсан учраас дараагийн ангийн постер тавигдахад эерэгээр хүлээж авсан байх. Зөвхөн трейлер харчхаад инээж, шүүмжилж байсан хүмүүс их байв. Тухайн үед сэтгэлээр бага зэрэг унасан. Гэхдээ бүх зүйл өөрчлөгддөг гэдгийг ойлгосон доо.

-Хийсэн бүтээлүүдийг чинь үзэхэд нөхөрлөлийн талаар их гардаг. Чиний хувьд нөхөрлөл гэж юу вэ. Уран бүтээлээрээ дамжуулж хүмүүст юу хүргэхийг зорьдог вэ?

-Миний хувьд нөхөрлөл бол гэр бүл. Тэр тусмаа өөрөө сонгож болдог гэр бүл. Бид эцэг эхээ сонгож төрдөггүй шүү дээ. Харин найз нөхөд, хань ижилээ хүн өөрөө сонгох эрхтэй. Чамаас хамаарах энэ хоёр гэр бүлээ зөв сонгох нь хамгийн чухал гэж би боддог. Шилжилт 1,2 дээр өсвөр насны хүүхдүүдэд тохиолддог алдаа оноотой бүхий л зүйлсийг тусгах гэж хичээсэн. Залуу, гэнэн томоогүй насан дээрээ буруу хүмүүстэй нөхөрлөж амьдралаа алдсан хүмүүс цөөнгүй байдаг. Урлаг хүнийг хүмүүжүүлдэг гэдэг. Мэдээж бүх л уран бүтээлчид нийгэмд зөв мессэж хүргэхийн төлөө өөр өөрсдийн өнцгөөр бүтээлээ туурвина. Би хоёр удаа осолд орж байлаа. Машинд дайруулж шагайгаа хугалаад хоёр суга таягтай хагас жил хөдөлгөөнөө хориулсан. Хоёр гараа ч хугалж үзсэн. Өөрийн хүссэнээрээ хөдөлж чадахгүй байх ямар хэцүү болохыг ойлгосон доо. Энэ хоёр бэртлийн дараагаас би амьдралыг илүү хайрлаж эхэлсэн. Эдгэрэхгүй тэр чигээрээ үлдсэн бол үнэхээр хэцүү. Энэ мэт амьдралаас ойлгосон ухаарал бүрээ хийж байгаа бүтээлдээ тусгах гэж оролддог.

-“Байрны ах” бүтээл нь их өвөрмөц шийдэлтэй санагдсан. Бүх үйл явдал нэг л өдөр үргэлжилдэг. Яагаад ингэж хийх болсон бэ?

-Анх 7 өдрийн үйл явдалтайгаар зохиол маань бичигдсэн. Л.Таванбаяр ахтай ярилцаж байгаад үйл явдлыг нэг өдөр лүү шахсан юм. Кино жаргалтай эхлээд гунигтай төгсдөг. Хүний амьдрал нэг л өдрийн дотор орвонгоороо өөрчлөгдөж болно гэдгийг харуулах гэж зорьсон. Гэхдээ өөрийнхөө санасан хэмжээнд хийж чадаагүй. Зураг авалтын үеэр асуудал маш их гарсан. Тухайн үед 70-аад сая төгрөгийн өрөнд орсон. Гэхдээ “Шилжилт-2” бүх зүйлийг эргүүлсэн. Хэдий “Байрны ах” сайн кино болоогүй ч, надад асар том сургамж өгсөн. 

-“Шилжилт-2” нэлээдгүй амжилт үзүүлсэн боловч IPTV-д тавигдаад удалгүй нийтэд цацагдчихсан. Оюуны өмчийн хулгайн талаар өөрийнхөө үзэл бодлыг хуваалцана уу?

-Цаг зав, хөлс хүчээ зарцуулж хийсэн киног маань хулгайгаар бичлэг хийн нийтэд цацаж байсан тохиолдол цөөнгүй. Эсвэл CD дээр хуулаад зарна. Үнэхээр урам хугарч, аргаа барсан. Энэ бүхэн бидний сэтгэхүйтэй шууд холбоотой. Хийхийн зовлонг мэддэг, хөдөлмөрлөдөг хүмүүс л оюуны өмчийг хамгаалах нь чухал гэдгийг хүлээн зөвшөөрнө. Уг нь үзэгчид хулгайн кино үзэхгүй байх нь энэ салбар цаашид хөгжих гол үндэс. Гэхдээ хүмүүс нарийн цаад бэрхшээлийг нь мэддэггүй учраас үнэгүй зүйлд дурладаг байх л даа. Ядаж залуучууд, дүү нар маань хүний хөдөлмөрийг үнэлдэг, оюуны өмчийн талаар ойлголттой байгаасай гэж хүсдэг.

-Цаашдын хүсэл сонирхол, мөрөөдөл чинь юу вэ? 

-Дэлхийд гарахыг хүсдэг. Гэхдээ ингэхийн тулд би ганцаараа хичээгээд бүтэхгүй. Учир нь кино урлаг чинь баг хамт олны хичээл зүтгэлтэй холбоотой. Кино багийнхан бүгд чадварлаг байвал хүссэн үр дүндээ хүрнэ. Тиймээс миний мөрөөдөл дан ганц надаас шалтгаалах зүйл биш. Гэхдээ хөдөлмөрлөсөөр байна. Цаг хугацаа, дутуу төлөвлөлт, мөнгө санхүүгийн байдал, техник технологи зэрэг олон хүчин зүйлсээс улбаалж эцсийн бүтээл маань эх зохиол шигээ болж чаддаггүй. Хүссэн жүжигчин, хүссэн газар, хүссэн машинаа оруулах гэхээр санхүү болохгүй байх тохиолдол элбэг. Гэхдээ зогсохгүй хөдөлмөрлөвөл мөнгөнд баригдахгүй байх өдөр ирнэ гэж бодож байна. Хэдий чинээ амьдрал хойш татна. Тэр хэмжээгээр хол харвана гэдэг шүү дээ. 

Бэлтгэсэн: Х.Хулан 


Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
62
8
150
1
0
0
5
2

Сэтгэгдэл бичих (11)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Muugi 2020.09.21 172.69.252.151

Goy shuu ahaa

0 Хариулах


Мина 2019.10.12 66.181.161.90

Мундаг залуу шүү амжилт

0 Хариулах


Зочин 2019.08.29 202.126.89.6

мундаг юмаа амжилт

0 Хариулах


Зочин 2019.08.26 66.181.161.84

Amjilt husy mundag shuu

0 Хариулах


shijirbaatar 2019.08.24 202.55.188.44

amjilt mundag nairuulagch bolooroi☺️

0 Хариулах


Зочин 2019.08.24 66.181.191.87

Mundag zaluu shuu amjilt iluu ih kino hiigeerei uzehiig huleej baiya

0 Хариулах


Lff 2019.08.24 202.126.89.178

Unxeer mundag ax shuu amjilt

0 Хариулах


Зочин 2019.08.23 66.181.161.126

uneheer ulger duurailal ih awdag shvv bayrlalaaaa

1 Хариулах


Zochin 2019.08.23 66.181.161.7

Teneg humuus ooriinhoo nereer company yum uu brand logoo hiideg gsn bod bod

4 Хариулах


Зочин 2019.08.23 66.181.161.6

chi ehled ooroo ym higd uz.

0 Хариулах


Зочин 2019.08.23 66.181.161.80

Мундаг залуу шүү ❤️

0 Хариулах


Зочин 2019.08.23 112.72.11.107

Mash goy kino bolson bainaa lee bayr hurgie

0 Хариулах


Зочин 2021.03.10 172.69.252.133

amjilt2

0 Хариулах