Хайх зүйлээ бичнэ үү

9 мин

Боловсролын зээлийн сан: “Өмнүүр орсон” эсэх болон бусад ажиглалтууд


IKON.mn сайтад тавигдсан “Боловсролын зээлийн сангаас ЗЭЭЛ АВЧ ГАДААДАД СУРСАН 1,893 ХҮН” мэдээний альтернатив хувилбарыг танилцуулж байна. Уг мэдээ нь Сангийн яамны зүгээс ил болгосон тайлангийн  тодорхой нэг хэсгийг илүүд онцолсон зэрэг учир дутагталтай байгаа нь олон нийтийн сүлжээнд иргэд хэрхэн хүлээж авснаас харагдаж байна гэж үзсэн тул энэ хувилбарыг бичив.
---------------

Өнгөрөгч хоёрдугаар сарын 27-ний өдөр Сангийн яам зарим тусгай сангуудад хийсэн шалгалтын дүнгүүдийг олон нийтэд нээлттэй болгосон билээ. Эдгээрээс БЗСан болон гадаадын их дээд сургуулиудад суралцахдаа төрөөс тодорхой хэмжээний дэмжлэг авсан 1893 хүний мэдээллээс онцлох зарим ажиглалт, дүгнэлтээ танилцуулж байна.

1) Монгол Улсын зүгээс дээд боловсролд олгох шууд санхүүүжилтийн хэмжээ эрчимтэй нэмэгдэж байна.

БСШУСЯ-ны “Боловсролын зээлийн сан” (БЗС) нь 1993 онд “Сургалтын төрийн сан” нэртэйгээр байгуулагдсан ба 2017 оны эцсийн байдлаар 150.2 тэрбум төгрөгийн авлагатай  байна. Тус сангийн нийт авлага 2016 онд өмнөх оноос 19.6 тэрбум төгрөгөөр буюу 17.5 хувиар, 2017 онд 18.6 тэрбум төгрөгөөр буюу 14.2 хувиар тус тус өссөн байна.

Энэхүү үзүүлэлт нь нэг талаар сайн мэдээ. Учир нь баян ядуугийн ялгаа нэмэгдэж буй Монгол Улсад иргэдийнхээ нийгмийн шатаар ахих гол арга замуудын нэг болсон боловсролд хөрөнгө оруулах, мөн хүн ам зүйн цонх нь ид нээгдээд буй улсынхаа боловсон хүчний эдийн засгийн потенциалыг бүрэн дүүрэн ашиглах нь нэн чухал. Нөгөө талаас энэхүү үзүүлэлт нь их сургуулийн насны иргэдийн тоо, боловсролын үнэ өртөг, чанар зэрэг хүчин зүйлүүдээс хамааралтай тул Монгол Улс нь өөрийн шаардлага, хэрэгцээндээ тохирсон боловсролыг санхүүжүүлж байгаа эсэх нь  тусдаа яригдах сэдвүүд болно.
Сонирхуулахад 150.2 тэрбум төгрөг гэдэг нь манай улсад уул уурхайн салбар ид эрчээ авч байсан 2010 онд Монгол Улсын нутаг дэвсгэрт хийгдсэн нийт геологи хайгуулын ажлын өртөгтэй тэнцэх юм. Мөн дүйцүүлэх хэмжээний санхүүжилтийг 2016 онд манай оронд зохиогдсон АСЕМ-ын зочид тухлах зочид буудлуудын зээлийн эх үүсвэрт төсөвлөж байжээ.

2) Зээл ба “зээл”.

“Зээл” хэмээх ойлголтын томоохон бүрэлдэхүүн хэсэг бол хүү. Энэхүү тайлангаас үзэхэд анхлан авсан зээлийн хэмжээ болон эргэн төлөгдөх үлдэгдлийн хэмжээ нь ижилхэн байгаа нь тус БЗС-гийн “зээл”-д хүү тооцдоггүй гэсэн үг юм. Үүний нэгэн адилаар БЗС-аас олгосон бүх санхүүжилтийг “зээл” хэмээх ойлголтоор хялбаршуулж ойлгож болохгүй нь Фулбрайтын хөтөлбөрийн жишээнээс харагдана.
Монгол Улсын Засгийн газраас санхүүжилттэй АНУ-ын Фулбрайтын тэтгэлэг нь эргэн төлөгдөх нөхцөлгүй, харин эх орондоо эргэн ирээд нийгмийн даатгалын шимтгэлийг 5 жилийн турш төлсөн тохиолдолд барьцаа хөрөнгийг чөлөөлдөг журамтай юм байна. Монгол Улсад тухайн тэтгэлэгт хөтөлбөрт тохирсон журам нь байдаггүй учраас ийнхүү “зээл” хэмээн тодорхойлж тус тайланд багтаадаг тухай уг хөтөлбөрт хамрагдсан хүмүүс мэдээллээ. Энэхүү тайланд АНУ-ын Төрийн Департаментаас санхүүжилттэй Фулбрайтын тэтгэлэг хүртсэн хүмүүсийн нэрс багтаагүй боловч сонгон шалгаруулалт нь яг ижил хэлбэрээр явагддаг.
Дээрх жишээтэй ижилхэн “зээл” хэмээх ангилалд багтсан боловч эргэн төлөгдөхгүй санхүүжилт байгаа эсэхийг бид цаашид судлах болно.

3) Гадаадад суралцагчдын санхүүжилтийн гүйцэтгэл дутуу байна.

БЗС-ийн төсвийн гүйцэтгэл санхүүжилтийн төрлөөс хамаарч харилцан адилгүй буюу, 2016-2017 онуудад “Дэлхийн шилдэг 100 их сургуульд суралцагчдад” зориулсан санхүүжилт 96-99 хувийн гүйцэтгэлтэй, Магистр, Докторын шатны сургалтын санхүүжилт нь 76-86 хувьтай байгаа бол Гадаадад Бакалаврт суралцагчдын санхүүжилтийн гүйцэтгэл 96 хувиас 40 хувь хүртэл огцом унасан байна. Төсвийн гүйцэтгэл нь дутуу байх шалтгаан хүнд сурталаас авхуулаад олон байж болох ч  Монголчууд бид боловсролоо өөрсдийнхөө төлсөн татварын мөнгөөр санхүүжүүлэх боломжоо бүрэн дүүрэн ашиглаж чадахгүй байгаа нь хөдлөшгүй үнэн. Тухайлбал Харвардын их сургуульд суралцах зардлаа БЗС-гаас тодорхой хэмжээгээр санхүүжүүлсэн хүмүүсийн тоо долоохон байгаа нь нэг талаар Монголчууд тухайн сургуульд элсэж чадахгүй байгаа, нөгөөтээгүүр элссэн хүмүүс боловсролын санхүүжилтийн өөр хувилбаруудыг илүүд үзэж байгаагийнх бизээ.

4) БЗС-гийн санхүүжилтийн үр ашигтай зарцуулалт, хүртээмжтэй холбоотой асуултууд

Нийт зээл авсан иргэдийн дотор та бидний танил болсон төрийн түшээ болон тэдгээртэй хамааралтай этгээдүүд, тэдний хүүхдүүд олон байгаа нь анхаарал татаж байна. Энэ нь магадгүй тус тайлангийн хамгийн чухал бөгөөд нийгмийн шударга ёстой холбоотой сэдэв юм. Үүнээс тодорхой дүгнэлт гаргахад цаг хугацааны ньюансыг бодолцох нь чухал.

Жишээ нь, 1999 онд АНУ-д Докторын шатны сургалтаа БЗС-гаас зээл аван санхүүжүүлээд, зээлээ эргэн төлж, Стэнфордын Их Сургуульд багшилж, хожим төрийн алба хашиж байгаад улмаар 2016 оноос УИХ гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа хүнийг (А.Ундраа) БЗС-гийн санхүүжилт зорилтот бүлэгтээ хүрч эргээд бодлого боловсруулах, хуул тогтоох төвшинд бид сайн боловсон хүчинтэй болсон гэж дүгнэх бүрэн дүүрэн үндэслэлтэй. Үүнтэй ижил УИХ-ын гишүүн асан Ц.Сэдванчигийн хүүхдүүд түүнийг хувийн хэвшилд ажиллах болсон үед буюу 2015 онд БЗС-аас санхүүжилт авсан тул тухайн үед ашиг сонирхлын зөрчил байсан гэх үндэслэлгүй.

БЗС-гийн үр ашигтай байдлын талаар дурдалгүй өнгөрч боломгүй өөр нэг асуудал нь “орон тооны” гэж тодорхойлж болох хүчин зүйл юм. Энгийн үгээр бол төрийн албанд ажиллах гэрээтэй санхүүжилт авсан оюутан эргэж ирэхэд улс төржилт, халаа сэлгээтэй холбоотойгоор ажлын байр олдохгүй, эргээд зээлээ эргэн төлөх нөхцөл бүрдэхгүй байх тохиолдол элбэг байдаг аж. Инээдэмтэй гэж хэлж болохоор саяхны нэг жишээ бол төрийн гурван өндөрлөгийн нэгээр ажиллаж байсан эрхмийн хүүхдийг АНУ-д мэргэжлийнхээ дагуу сургуулиа дүүргээд ирэхэд нь хуучин ажил олгогч нь “орон тоо байхгүй” гэсэн шалтгаанаар хэсэг хугацаанд ажилд аваагүй явдал. Хар ухаанаар бодоход боломжгүй мэт санагдах жишээ хэдий ч хэн нэгний хамааралтай этгээд байх нь тэр бүр хамгаалалт болж чадахгүй бөгөөд хувь хүний карьерт ч саад болдог зүйл. Ажилд авсангүй гээд төрийн 3-ын хүүхэд өлсөөд үхчихгүй ч хувь хүний ажлын замналыг улс төрийн шалтгаанаар боомилох нь ч мөн шудрага бус хэрэг. Дээр хэлсэнчлэн уг 1893 хүний дунд төрийн алба хаших боломж нь олдоогүй ч гэлээ хувийн хэвшил, төрийн бус байгууллагуудад тууштай ажиллаж БЗС-аас авсан зээлээ эргэн төлсөн хүмүүс олон байгааг дурдах нь зүйтэй бизээ. Захиалагч байгууллага нь тухайн хүнээ ажиллуулж чадаагүй ч нийгэм дам утгаараа ашгийг нь хүртээд л явж байгаа.

Гэвч зарим түшээд маань төрийн өндөр дээд албан тушаал хашиж байх хугацаанд тэдэнтэй хамааралтай этгээд, тэдний хүүхдүүд БЗС-аас санхүүжилт авсан баримт ч хангалттай байна. Үүнд  нь өдгөө тав дахь удаагаа сайдын алба хашиж буй УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийн хүү тэртээ 2004 онд Шинэ Зеландад, УБТЗ-ын дарга асан Р.Рашийн хүүхэд түүнийг Монгол Улсын Сайдын албан тушаал хашиж байхад буюу 2009 онд АНУ-д, Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн нарийн бичгийн дарга асан Ц.Энхтүвшингийн хүүхэд түүнийг уг албан тушаалдаа байхад буюу 2014 онд Япон улсад суралцахаар тус тус санхүүжилт авсан зэрэг жишээг дурдаж болно. Эдгээр анхаарал татаж буй төрийн түшээдийн зарим нь өөрийн албан тушаал, нөлөөг ашиглаагүй гэж үзсэн ч гэлээ тухайн санхүүжилт олгосон үеийнх нь хөрөнгө оруулгын мэдүүлэг нь БЗС-гийн санхүүжилт зорилтот бүлэгтээ хүрсэн эсэх эргэлзээг улам лавшруулна.

Тэгвэл үүнд бид дургүйцэх, БЗС-аас зээл авахдаа “жирийн айлын хүүхдүүдийн өмнүүр орж зээл авсан” гэж буруутгах эрхтэй юу? Бид хардах, тухайн тохиолдлыг шалгахыг, шаардах эрхтэй. Буруутгахад харин дараах гурван нөхцөлийн аль нэг нь хангагдсан байх хэрэгтэй болов уу:

-Тухайн тохиолдол тус бүрт “НИЙТИЙН АЛБАНД НИЙТИЙН БОЛОН ХУВИЙН АШИГ СОНИРХЛЫГ ЗОХИЦУУЛАХ, АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТУХАЙ” хуулийн 12 дугаар зүйлийг (Шийдвэр гаргахад нөлөөлөхийг хориглох) зөрчсөн нь нотлогдсон тохиолдолд. Өөрөөр хэлбэл чанартай боловсролыг хүүгүй санхүүжилтээр эзэмших бололцоо, чадвар нь байгаад уг боломжийг ашигласан хүн бүрийг буруутгаж болохгүй бөгөөд үүнд хамааралтай этгээдийн нөлөө байгаагүй ч байж болно. Төрийн түшээ нь ч гэсэн хэл амнаас айгаад хүүхдээ их сургуульд орох жил сонгууль өнжих учиргүй.  
-БЗС-аас санхүүжилт авсан тухайн жилд нь төсвийн гүйцэтгэл бүрэн байсан бөгөөд санхүүжилт хүсээд татгалзсан хариу авсан “жирийн айлын хүүхэд” байсан тохиолдолд. Жишээ нь 2016 онд магистр, докторын шатны гүйцэтгэл 76 хувьтай байх үед буюу “ард” нь хүн байхгүй тохиолдолд “өмнүүр орлоо” хэмээн уурлах нь утгагүй.

-Хэрэв БЗС нь боловсролын санхүүжилт олгохдоо тухайн иргэний санхүүгийн боломж, бололцоог харгалзан үздэг байсан бол. Гэтэл тус сангийн холбогдох хууль эрх зүйн актуудыг харахад шалгуур үзүүлэлтүүд тухайн иргэний мэргэжил, дүн зэрэг чанарын үзүүлэлтүүдийг урьтал болгосон болохоос биш ар гэрийн санхүүгийн бололцоог харгалзана гэсэн утга бүхий зүйл би хувьдаа олж харсангүй. Буруу нь ойлгомжтой мэт санагдах боловч манай улсын баримталдаг албан ёсны бодлого нь харамсалтай нь ийм аж. “Need-based”, “merit-based” тэтгэлэг аль аль нь байх нь зөв. Систем өрөөсгөл байна гэж үзвэл өөрсдийн сонгосон хууль тогтоох байгууллагын төлөөллөөрөө дамжуулан бодлогоо захиалцгаая.

Мэдээж “ардын хүүхдийн өмнүүр орсон”, шийдвэр гаргалтад нөлөөлсөн жишээг бид тайлан харалтгүйгээр орчин тойрноосоо мэднэ. Гэвч БЗС-ын тайлан нь тус сангийн доголдолтой үйл ажиллагаа, манай төрийн түшээдийн ашиг сонирхлын зөрчил гэхээсээ илүү манай нийгэм өөрөө боломжийн тэгш бус хуваарилалттай байгааг илтгэж байгаа юм. Нэгэнт асуудлыг шудрага ёстой холбон гаргаж тавьсан бол чанартай ерөнхий боловсрол олж авах нь өнөөдөр яагаад цөөн тооны иргэдийн давуу эрх (privilege) болон хувирсаар байгаа, нийгмийн гарлаас үл хамааран чанартай боловсрол олж авах боломж, бололцоо (хүртээмж) улам хумигдаж байгаа, яагаад цөөн тооны ахлах сургуулийг эс тооцвол гадаад дотоодын тодорхой тэтгэлэгт хөтөлбөрийн шалгуурыг давах чадалтай боловсон хүчин бэлтгэгдэхгүй байгааг бодолцох нь зүйтэй. Ингэхгүйгээр БЗС-ын үйл ажиллагааг хэчнээн шударга болголоо, ашиг сонирхлын зөрчлийн тухай хуулиа чанд мөрдүүллээ гээд үр дүнгүй бөгөөд эргээд боловсролтой иргэдийнх хүрээ нь дээрх сэжиглэгдсэн хүмүүсээр л хязгаарлагдана.


Б.Мөнхнаран,  #ЖирийнАйлынХүүхэд (тэтгэлэг авсан)

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
19 цагийн өмнө
Shangrila La Mall-d сүндэрлэсэн мод ямар учиртай вэ?
2
Уржигдар
Их Британийн Гадаад хэргийн яамны сайд Дэвид Камерон: Бидний өмнө олон боломж байна
3
4 өдрийн өмнө
Хүүхэд, залуучуудын театр 4 сарын 25-нд нээлтээ хийнэ
санал болгох
1
19 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
0
0
1
0
0
0
1

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.