Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Бороотой өдөр уншаад л баймаар яруу сайхан 5 шүлэг


Бороо гэдэг яруу найрагчдын хувьд гэгээн зөн, онгодын рашаан байдаг билээ. Ub.lifeсайт бороотой өдөр уншихад тохиромжтой таван шүлгийг онцолж байна. 

Яруу найрагч Ц.Доржсэмбэ- Цас бороо

Чамтай л харсан цас
Жинхэнэ цас байсан
Жигүүртэй цас байсан
Түүнээс хойш
Тийм цас ороогүй
Ороогүй гэж бодсон
Ой дурдатгалын минь тойрон
Одоо ч цас орсоор л байна.
Чамтай л норсон бороо
Жинхэнэ бороо байсан
Жигүүртэй бороо байсан
Түүнээс хойш
Тийм бороо ороогүй
Ороогүй гэж бодсон
Ой дурдатгалын минь тойрон
Одоо ч бороо орсоор л байна...

Яруу найрагч Д.Баттогтох- Сарны охин

Чиний, бороо тоссон алга чинь
Дөнгөж ниссэн шувууны үүр шиг халуухан юм
Чиний, нар ичээсэн харц чинь
"Дөрвөн уул"-ын цэнхэр аялгуу шиг бүлээхэн юм
Чи
Одтой шөнөөр олж хараагүй од юм
Чи
Одоо хүртэл бодоод санаанд минь ороогүй шүлэг юм.
Чи миний сэтгэлд тооноор унах цасан ширхэг мэт буусан
Би чиний буух замаар гэртээ харьж явсан
Хэзээ ч билээ нойрондоо сонссон үгийг минь чи шивнэж
Хэлсэн үгнээс чинь миний тарьсан алимын модны цэцэг үнэртэж байсан,
Аньсан нүд чинь сарны царай шиг санагдсан
Анхандаа би чамайг сарны л охин гэж бодсон
Гараас минь атгаж "Одоо л чамайг оллоо" гэж хэлээгүй бол
Гарцаагүй л сарны охин гэж бодох байсан.
Чи
Шөнөжин зүүдлээд хүрч чадаагүй холын хол эрхэс юм
Чи
Шүүдэрт нуугдаж бодолд минь өртөөгүй шүлэг юм
Чиний сул асгарсан үс чинь
Үдэш орсон борооны дуслууд шиг энхрийхэн, ижилхэн юм
Чиний сулхан инээсэн нүд чинь
Үнэхээрийн яруу болоод миний огт үзээгүй цэцэг юм...

Яруу найрагч Л. Өлзийтөгс- Усан борооноор би ганцхан хүнийг боддог


Усан борооноор би ганцхан хүнийг боддог
Угаас тэр хэзээ ч буцаж ирэхээргүй явсан
Сүүлчийн удаа тэр гунигтай эргэж хараад
Сүүрс алдсан...Дараа нь удаан бороо орсон

Хойноос нь гүйж гараад үг дуугүй тэврэн авч
Хоногийн уртад алдахаасаа өмнө уучилж болох л байсан
Хамаагүй ээ, нүдээ аниад ч болов,
нүүрээ таглаад ч болов
Хайртай гэж хэлэн уйлж болох л байсан

Бүдэгхэн дууг минь сонсох гэж аяархан алхахдаа
Бүх юмыг дуусгаж байгаагаа тэр ер мэдээгүй
Харин би нулимснаасаа л нэрэлхсэн
Хачин хүйтэн бороонд шалба норохоосоо айсан

Гуйгаад уйлахад нь жишүү харсан хүйтэн царайг минь
Гурван жилийн гуниг нулимс хэдийнээ угаасан ч
Хүнийх болсон, мартаж чадсан гэнэхэн хайр минь
Хүйтэн бороо орох бүрийд намайг дааруулна...

                                                    Яруу найрагч Э.Бүжинлхам- Уучлаарай хайр минь

Уучлаарай хайр минь, цор ганц солонгын туяат минь
Урд шөнө би бороонд,
Чамд хадгалсан уруулаа өгчихлөө
Чиний минь хүрэх гээд,
Хүрч чадаагүй байсан хацрын минь гэгээг
Чийгт борооны дусал,
Үүлсийн бүрэнхийтэй цуг
Шөнөжин сүүдэрлэж хонолоо...

Гав ганцхан минь, чамайг би яг өнөөдөр л
Гарт минь гав гинжээ зүүж, зүрхтэйгээ холбоно гэж
Тэсэн ядаж, би нүцгэн моддын дор
Тэнгэрийн нулимстай цуг чамайг харуулдан зогссон

Гэтэл тэр бороо надад ухаангүй дурлачихаад
Гэнэн инээмсэглэл, чиний зүрхний тамгыг надаас арилгаж
Энгэрт минь, чиний хамгийн дуртай
Өөрийнхөө үнэрийг шингээхэд нь ч
Ингээд л борооны үнэртэй болчихвол,
Чамайгаа яг ирнэ дээ гэж би бодсон...

Үүр цайтал, чамайг хүлээн би бороонд үнсүүлээгүй
Үсний ширхэг бүрт минь тэр нэр өгсөн ч
Дуслаараа титэм хэлхэж зүүлгэсэн ч
Духан дээрээ үнсүүлээгүй, гэзгээ би задгайлаагүй...

Үнэнч салхи л надад чамайг
Өөр бүсгүйн цээжинд
Солонгын өнгөөрөө
Үнсэлтийнхээ хээг
Зураглан буйг чинь л хэлмэгц
Өглөө болоход л би борооны гэргий болчихсон
Өглөө болмогц л би борооны гэргий болчихсон...

                  

Ц.Дэлгэрмаа : Бороо далимдуулж зөндөө уйлсан

Хамгийн сүүлд чамтай

Харц тулгарсан минь
Хаа ч билээ...
Хар нүд чинь
Халгисан булгийн ус шиг
Гүн рүүгээ гуниг нь улам яргасан
Танихгүй юм шиг харцаар удаан гэгч ширтсэн

Цэцгийн үндэс дэвтээж
Цэв хүйтэн бороо шиврээд л...
Хөдлөх ч дургүй уруулыг чинь
Хөхөртөл нь шавшсан...
Дэргэдүүр чинь би өнгөрөхдөө
Дэлхийгээр нэг хашгирмаар байсан ч
Болохгүй юм шиг бодолдоо хүлүүлчихээд
Бороо далимдуулж зөндөө уйлсан
Чи хэвээрээ л...
Цэвдэг хүйтэн, хөшөө мэт
Сүлбэх мэт харц чинь л амьтай
Сүүдэр мэт чимээгүй шаналантай
Шаналанг чинь цуучин
Шалбааг туучин алхалсан
Шалба норсон зүрх минь л хөөрхий...
Золгүй хайрыг минь чи
Зовлонд тэгж дасгасан
Уйлчихсан нүдтэй намайг бүү хэл
Уймраа орчлонг ч ер тоолгүй одсон
Чиний нүдийг
Уйтгарын эдлэнд сүүлчийн удаа ширтсэн минь
Урьд билүү, эсвэл...                                                     

                                                                                                                                        Бэлтгэсэн: Л.Сайнбаяр

Хамгийн их уншилттай
1
2024.02.23
Шибатаяма ояката: Хакүхог дэвжээ удирдах чадваргүй гэж үзсэн
2
2024.02.25
Бүсгүйчүүдэд үзэн ядагддаг 9 төрлийн залуу
3
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
холбоотой мэдээ
1
19 минутын өмнө
Энэ 7 хоногийн онцлох эвентүүд: Дуурь, балет, гэрэл зургийн үзэсгэлэн
2
1 цагийн өмнө
Playlist: Оройн цагаар сонсоход тэс ондоо мэдрэмж төрүүлэх 12 дуу
3
19 цагийн өмнө
Аав хүний хайрыг мэдрүүлэх “Хүүдээ бичсэн захидал” номын 10 үнэт эшлэл
санал болгох
1
1 цагийн өмнө
Нохойтой харьцах нь хүнийг тайвшруулж, төвлөрөхөд тусалдаг болохыг тогтоожээ
2
1 цагийн өмнө
Playlist: Оройн цагаар сонсоход тэс ондоо мэдрэмж төрүүлэх 12 дуу
3
22 цагийн өмнө
Саналын хайрцаг руу будаг асгаж, шатаахыг завдсан иргэдэд эрүүгийн хэрэг үүсгэжээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
0
18
0
4
0
1
2

Сэтгэгдэл бичих (2)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2019.11.27 91.207.174.138

Тэр Өлзийтөгсийн шүлэг биш ээ. Есениний шүлгийг Өлзийтөгс орчуулсан юм аа.

0 Хариулах


Зочин 2019.06.17 64.119.24.201

Доржсэмбэ гээд гялсхийсэн шүлэгтэй залуу гялсхийж орж ирээд гялсхийн алга болж билээ. Амьд мэнд явдаг болов уу

0 Хариулах


Зочин 2019.06.25 202.131.245.34

ТРАНШЙЕД АМЬДАРДАГ АРХИЧИН БОЛЖЭЭ

1 Хариулах


Зочин 2019.06.18 192.82.66.25

Амьд мэндээ.

0 Хариулах