Хайх зүйлээ бичнэ үү

7 мин

Бүтээлч “арми”


“Гэрэг” сэтгүүл “The New York Times”-тай хамтарсан “Адал явдалч, амьд, адармаат Улаанбаатар” тусгай дугаараа өнгөрсөн сард гаргасан билээ. Бид энэ дугаараар Улаанбаатарынхаа онцлогийг эргэн харахын зэрэгцээ дэлхийн хотуудад ч ямар асуудал тулгарч, тэд хэрхэн шийдэл эрж буйг зураглахыг зорьсон. Тэгвэл энэ долоо хоногт тус дугаарт багтсан нийтлэлүүдээ UB.LIFE сайтаараа уншигч Танд хүргэж байна.


Хот төлөвлөлтийн чиглэлээр ажилладаг төрийн болон төрийн бус байгууллага, компани, иргэдийн хооронд гүүр болж буй “Lab2 think tank” байгууллагыг танилцуулж байна.

Нийслэл хотын жирийн иргэнээс эхлэн мэргэжилтэн, гүйцэтгэгч ажилтан, бодлого боловсруулагчдыг нэгтгэж, хотын тухай асуудлыг энгийн, хөнгөн, чөлөөтэй, нээлттэй хэлэлцүүлэх боломжийг “Planners drinks” уулзалт бүрдүүлдэг. Жилийн хугацаанд хотын тухай хэд хэдэн асуудлаар ярилцаж, зарим нь ажил болон хэрэгжиж, thinktank байгууллага ч бий болжээ.

Хүмүүст хот төлөвлөлтийн талаар мэдлэг, мэдээлэл олгох, хэрэгжүүлэх боломжтой шинэ санаачлагыг туршиж, нэвтрүүлэхээр 9 залуу нийлж, “Lab2 think tank”-ыг байгуулаад байна.

Байгуулагдаад хоёр сар болж буй “Хүн төвтэй хот төлөвлөлтийн лаборатори” буюу “Lab2 thinktank” байгууллага нь хот төлөвлөлийн чиглэлээр ажилладаг төрийн болон төрийн бус байгууллага, компани, иргэдийн хооронд гүүр болж, нэгнийхээ ажлыг ойлгоход тус болохоос гадна шийдвэр гаргах, бодлогын түвшинд ашиглагдах судалгаа хийх зорилготой юм. Мөн хүмүүст хот төлөвлөлтийн талаар мэдлэг, мэдээлэл олгох, хэрэгжүүлэх боломжтой шинэ санаачлагыг туршиж, нэвтрүүлэхээр 9 залуу нийлж, “Lab2 think tank”-ыг байгуулаад байна.

Өнгөрсөн сард “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний концепц”-д санал авах хэлэлцүүлгийг НЗДТГ-аас зохион байгуулсан. Энэ үеэр нийслэл Улаанбаатар хот ирээдүйд ямар үзэл баримтлалын хүрээнд хөгжих вэ гэдэг асуудлаар хот байгуулалт, төлөвлөлтийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг мэргэжлийн байгууллага, эрдэмтэн судлаач, төрийн бус байгууллагуудын санал бодол, шинэ санаачлагыг хүлээн авсан юм. Тус концепцид “LAB2 thinktank” байгууллагаас хүргүүлсэн саналыг товчлон хүргэе.

“LAB2 think tank”-ынхан visioning study буюу төсөөлөл, тэмүүллийн судалгаа, public consultation буюу олон нийтийн зөвлөгөөн, other буюу бусад гэсэн гурван бүлэгт хуваан саналаа илгээжээ.

Visioning study буюу алсын хараа, төсөөлөл, тэмүүллийн судалгаа хийх шаардлагатайг дурджээ. Ингэхдээ мэргэжилтнүүд Улаанбаатарын хөгжлийг хэрхэн төсөөлж, төлөвлөж байгааг мэдэх зорилгоор шат дараатай хэлэлцүүлэг зохион байгуулан концепцтой уялдуулах боломжтойг санал болгосон. Public consultation буюу олон нийтийн зөвлөгөөний хүрээнд концепцийг энгийн үг хэллэг, дүрслэл ашиглан олон нийтэд ойлгомжтойгоор хүргэж, санал авах юм. Иргэдийг энэ мэтчилэн татан оролцуулснаар хариуцлагын механизм бий болно гэж тэд үзжээ. Уг зөвлөгөөнийг хороо, дүүрэг, нийслэлийн хэмжээнд зохион байгуулах нь оновчтой гэж үзсэн байна. Гурав дахь буюу Бусад хэсэгт бодлогын баримт бичгүүдийн шийдвэл зохих хүрээ, дараалал зэргийг нарийн тодорхойлон гадаад, дотоодын мэргэжилтнүүдийг нэгдсэн ойлголттой болгох үүднээс товч тодорхой боловсруулах хэрэгтэйг санал болгожээ. Эцэст нь концепцийн хүрээнд хийгдэх судалгаа, хэлэлцүүлгийн үр дүнг нэгтгэн дүгнэхэд хэрэглэгдэх үнэлгээний оновчтой системтэй байхыг онцолсон юм. Мөн зарим англи тодорхойлолтын орчуулга ойлгомжгүй байгаа нь төлөвлөлтийн цаашдын үе шат, үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх магадлалтайг саналдаа тусгасан байна.

Б.Дөлгөөн: Шийдвэр гаргагч, хөрөнгө оруулагч, иргэдийн дунд маш том орон зай хоосон байна

“Lab2 think tank”-ын үүсгэн байгуулагчдын нэг Б.Дөлгөөнтэй ярилцлаа.

-“Planners drinks” уулзалтын тухай товчхон мэдээлээч?

-Би хот төлөвлөлтийн мэргэжилтэй. Англид Хөгжил судлал, эдийн засгийн чиглэлээр бакалавр, Хот, бүс нутгийн төлөвлөлтөөр магистраа хамгаалсан. Намайг зургаан жилийн өмнө их сургуулиа төгсөөд Монголдоо ирэхэд хотын талаар ярьдаггүй байсан. Одоо энэ тухай их ярьдаг болжээ. Өнгөрсөн жилээс хот төлөвлөлтийн мэргэжилтэй хүмүүс цөөнгүй байдгийг мэдэж авсан. Гэхдээ хаана, юу хийж байгаа нь тодорхой биш байсан учраас танилцахаар шийдэж “Planners drinks” уулзалтаа сар бүр хийхээр болсон юм. Өнгөрсөн жил 11 дүгээр сарын 5-нд анхны уулзалтаа хийсэн. Энэ нэрийг хүмүүс анх сонсоод нийлж уудаг уулзалт юм уу гэж асуудаг байлаа (инээв). Чөлөөтэй уулзаж, нээлттэй ярилцахыг л хүссэн. Ер нь иргэд төрийн байгууллагад ажилладаг хүмүүсээ дутуу үнэлдэг юм байна. Тэд асар их хэмжээний ажлыг богино хугацаанд, бага цалинтай хийдэг юм билээ. Мэргэжлийнхээ хүрээнд маш их зүйл мэддэг ч түүнийгээ хүмүүст хүргэх боломж нь хомс гэдгийг сүүлийн нэг жилийн хугацаанд ойлгосон.    

-Энэ уулзалтын зорилго юу вэ?

-Мэргэжлийн болон сонирхсон хүмүүс хот төлөвлөлттэй холбоотой мэдээлэл солилцох, хамтдаа шийдэл олох зорилготой. Ер нь тандалт хийе, нийслэлд хэрэгжээд байгаа олон тэрбум төгрөгийн ажлууд нь иргэдэд ойлгомжгүй байгаагийн учир шалтгааныг мэдэхийг зорьсон. Тал бүрийн байр суурийг нэгтгэж, оновчтой төлөвлөгөө гаргах, платформ ч бий болгох боломжтой. Сонгосон сэдвийнхээ хүрээнд хамгийн сайн мэддэг хүнийг урьж, жижиг танилцуулга бэлдүүлдэг юм. Ингээд тухайн сэдвийнхээ талаар чөлөөтэй уулзаж ярилцдаг. Жилийн хугацаанд газрын үнэлгээ, хог зохицуулалт, хотын инноваци, тээвэр, түгжрэл, сэргээгдэх эрчим хүч, хүн төвтэй хот гэж юу вэ, хот буюу IT гэсэн сэдвийн хүрээнд уулзалт хийжээ.

Thinktank байгууллагын гаргасан ажлуудыг нь шийдвэр гаргах түвшний хүмүүс авч, бодлого боловсруулалтдаа ашигладаг.

-Уулзалтын үр дүнд байгууллага бий болсон. Энэ байгууллагынхаа тухай танилцуулна уу?

-“Planners” группийн есөн хүн нэгдэж, өнгөрсөн гуравдугаар сараас эхлэн think tank функцтэй, бодлого боловсруулдаг байгууллагатай болох нь зөв гэдэгт санал нэгдэж, ярилцдаг байлаа. Thinktank байгууллага маш их судалгаа, шинжилгээ хийдэг. Бодлогын хүрээнд ийм хувилбар байвал илүү өгөөжтэй талаар санал дэвшүүлдэг байгууллага гэсэн үг. Ихэнх thinktank байгууллагын гаргасан ажлуудыг нь шийдвэр гаргах түвшний хүмүүс авч, бодлого боловсруулалтдаа ашигладаг. Манай улсад шийдвэр гаргагч, бодлого боловсруулагч, хөрөнгө оруулагч болон иргэдийн хамтын ажиллагаанд маш том орон зай хоосон байна. Хоорондоо мэдээлэл солилцдоггүй, нэгнийгээ сөргөөр хүлээж авдаг зүйлс ажиглагддаг. “Хүн төвтэй хот төлөвлөлтийн лаборатори”-ийг байгуулснаар тэдний ойлголцлыг нь сайжруулах, нэгтгэх, бодлогод нь тус нэмэр болох боломжтой болсон. Нэг ёсондоо бид нар гүүр болох юм.

Группт байдаг 150 гишүүнээсээ гишүүнчлэлээ идэвхжүүлээд судлаач, дэмжигч, зөвлөхөө бий болгож байна. Жишээлбэл, гишүүн судлаач нь захиалгын болон өөрсдийн судалгааг хийхээс гадна бусдын судалгааг төвлөрүүлэх, дата бий болгох, бие биенийхээ судалгааг нээлттэй үзэх боломжтой юм. Байгууллага маань судалгаа хийх, хүмүүст хот төлөвлөлтийн талаар мэдлэг олгох, шинэлэг санаа санаачилгыг ярилцах, турших гэсэн үндсэн гурван зорилготой.

-“Lab2 think tank” байгуулагдаад удаагүй ч эрчимтэй ажиллаж байгаа. Одоо ямар төсөл хэрэгжүүлж байна вэ?

-Бид нэлээн хэдэн жижиг төслийг дэмжиж, дэмжүүлээд хамтын ажиллагаа хэрэгжүүлж байна. Жишээлбэл, “Creative-100” төсөлтэй хамтарч нийслэлийнхээ орчныг иргэд хэрхэн бүтээлч аргаар сайжруулж болохыг хэлэлцээд 100 санаа гаргаж, хэрэгжүүлэх юм. Иргэд сайн дураараа бүтээлч зүйл хийж чаддагийг харуулахаар график дизайнер, архитектор, зураач, дуучин зэрэг төрөл бүрийн мэргэжилтэй залуус хамтарч ажиллаж байна. Мөн манай үүсгэн байгуулагчдын нэг Б.Ариунжаргалан ШУТИС-ийн Архитектур, хот төлөвлөлтийн багш юм. Б.Ариунжаргалан маань салбар салбарын хүмүүсээр хот төлөвлөлт, амьдрах орчны тухай цуврал таван лекцийг жил бүр хийхээр төлөвлөсөн. Мөн “Гудамжны номын сан” төслийнхөнтэй хамтарч байна. Улаанбаатар хотын музейн эрдэм шинжилгээний ажилтан Г.Очбаяртай хамтраад 8-14 насны хүүхдүүдэд зориулсан “Би ч гэсэн хот төлөвлөгч” нэртэй төсөл эхлүүлэхээр болсон.

ЗурагТайлбар




Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Өчигдөр
Монгол хэл бичгийн шалгалтын дүн гарлаа
2
Өчигдөр
Энэ жилийн наадмыг Ц.Батнайрамдал 2.9 тэрбумаар найруулна
3
2024.04.11
ТҮК-ийн ажилтнуудын цалинг 3.5 сая төгрөг болгоно
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
1
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.