Хайх зүйлээ бичнэ үү

13 мин

Ч.Пүрэвдорж: “Баялгийн хараал”-ыг хариулах гол арга хэрэгсэл бол хоёр танхимтай парламент

Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хуулийг батлалцсан, шинжлэх ухааны доктор Чагнаагийн Пүрэвдоржтой ярилцлаа.


Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр ирэх бүтэн сайн өдөр буюу нэгдүгээр сарын 13-нд тохиох билээ. Энэ түүхэн тэмдэглэлт өдрийг тохиолдуулан Ардын Их Хурлын 59-р тойргоос (Архангай) депутатаар сонгогдож, Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хуулийг батлалцсан, шинжлэх ухааны доктор Чагнаагийн Пүрэвдоржтой ярилцлаа.

-Ардчилсан Үндсэн хуулийн өдөр өнөө маргаашгүй болох нь. Хоёул яриагаа  Үндсэн хуулиас эхлэх үү?

-Ази тивд анхлан Үндсэн хуультай болсон орны нэг гэдгээрээ бид бахархдаг. Нийгмийн суурь өөрчлөлтийг тусгасан Тангаргын гэрээ гэгч баримт бичгийг эс тооцвол  Үндсэн хуулийн замаар 94 жил явж, чамгүй туршлага хуримтлуулжээ. Энэ хугацаанд дөрвөн Үндсэн хуулийг баталж хэрэгжүүлсэн. Тэдгээрийн аль аль нь манай улсын хөгжил дэвшлийн баталгаа болж, нийгмийн төлөвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан. Сүүлчийн буюу 1992 оны ардчилсан Үндсэн хууль хоосон тал дээр босоогүй, өмнөх 70 жилийн туршлагад тулгуурлаж, бүх ард түмнээр хэлэлцсэн, мэргэжлийн түвшинд буюу байнгын ажиллагаатай парламент болох Улсын Бага Хурлын орчинд боловсруулсан, өргөн төлөөлөл бүхий АИХ-аар 2 сар гаруй хэлэлцэж баталсан нийгмийн том зөвшилцөл, хамтын гэрээ, нийт ард түмний оюуны бүтээл юм.

-Та Үндсэн хууль батлалцсан хүн боловч Үндсэн хуулийг өөрчлөх асуудлаар байр сууриа илэрхийлсэнгүй. Гэхдээ бодож санаж явдаг зүйл байгаа байх. Түүнээсээ манай уншигчидтай хуваалцахгүй юу?  

-Сүүлийн үед Үндсэн хуулийг өөрчлөх тухай нэлээд ярих болж. Янз бүрийн хувилбарууд ч бэлтгэгдэж. Ардчилсан Үндсэн хууль хэрэгжсээр бас ч 20 гаруй жил болчихсон байна. Нэн хурдтай хувьсан өөрчлөгдөж буй улс төр, эдийн засаг, нийгмийн харилцаандаа зохицуулж, бас ч угаас төгс төгөлдөр юм гэж нэгэнт байдаггүйн учир Үндсэн хуульд зохих тодотгол, нэмэлт хийх цаг нь болсон байх л даа. Гэхдээ манай улс ардчилал, зах зээлийн замаар итгэлтэй урагшилж байгаа тул энэ нийгмийг сууриар нь хөдөлгөх хэрэгцээ хараахан алга. Тэгэхээр ардчилсан Үндсэн хуулиа бүхэлд нь өөрчлөх шалтгаан нөхцөл үүсээгүй гэж боддог.

Үндсэн хуулийг бүхэлд нь өөрчилнө гэсэн хандлагыг харахад  ихэнхдээ улс төрийн шинжтэй, хэсэг бүлгийн ашиг сонирхлын илэрхийлэл голлосон шиг ажиглагддаг. Сонгож авсан нийтлэг замаараа зөв явж чадаагүйн бурууг Үндсэн хуульд тохож, түүнийг элдвээр гоочлох нь шалтаг төдийгөөс цаашлахгүй. Хуулийг хүн л хэрэгжүүлдэг. Тэр тусмаа “хууль засагладаг биш хувь хүн засагладаг болчихлоо” гэж ил цагаан ярьцгаах болсон энэ цаг үед байдал тодорхой байгаа юм биш үү. Түүгээр ч зогсохгүй Үндсэн хуулиа дагаж мөрдөж, тодруулж явах ёстой ердийн хуулиудад түүнийг давж гишгэсэн олон заалт бий гэцгээдэг. Иймэрхүү нөхцөлд аливаа явуургүй оролдлогод олон түмэн автахгүй, харин ч ардчилсан Үндсэн хуулиа хамгаалах ёстой.

-Тэгэхээр та Үндсэн хуулийг бүхэлд нь өөрчлөх биш, нэмэлт хийх талд байдаг юм байна. Ямар байдлаар энэ нэмэлтийг хийх хэрэгтэй гэж үздэг вэ?

-Үндсэн хуулийг хэлэлцэж батлахад биеэр оролцож, нүдээр харсан ахмад хүний хувьд хэлэхэд Үндсэн хуулийн асуудал бол асар эмзэг, яах аргагүй үндэсний хэмжээний амин чухал, тулгуур асуудал учраас түүнд гар хүрнэ гэдэг санаан зоргоор босон суун хийчихдэг ажил биш юм билээ. Үндсэн хууль бол тоглоомын дүрэм биш, туурга тусгаар улс оршин байгаагийн баталгаа, өрх гэрээр зүйрлүүлбэл тооно нь гэсэн үг. Тооно ямар байхаас гэрийн шинж шалтгаална. Бүх унь нийлээд ч нэг тоонотойгоо тэнцдэггүй. Үндсэн хууль бол хууль гэхээсээ илүү зарчим, үзэл санаа юм. Үндсэн хуульдаа гар хүрэхэд өчүүхэн л буруу хандваас асар том үр дагавар авчирч мэдэх, ямар ч хямрал тэмцэл рүү түлхэж болох туйлын осолтой зүйл гэдгийг хэлмээр байна.

-Үндсэн хуульд гар хүрсэн жишээ 2000 оных. Үүний сургамжийн талаар юу хэлэх бол?

-Үндсэн хуулийн чадамжийг бууруулсан, өнөөх “дордуулсан” гэгдэх 7 өөрчлөлт шүү дээ. Өнөөгийн хямрал түгжрэл, улс төр, эдийн засгийн гаж явдлууд эндээс эхтэй. Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийг нийтийн эрх ашигт нийцүүлэн зохимжтойгоор хуваарилах нь Үндсэн хуулийн нэг гол үүрэг. Гэтэл МАНАН-гийн хоёрхон намын оролцоотой явцуу бүлэглэлийн хүрээнд олон нийтийн эсэргүүцлийг үл хайхран хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийг хольж бантагнуулсан, бас зүгээр ч үгүй, саналаа чөлөөтэй гаргадаг ардчиллын үндсэн зарчмыг хумьсан зэрэг өөрчлөлтүүд нь онолын болоод үзэл баримтлалын том алдаа байсан. Тэр нь улс төрийн тогтолцооны хямрал, улмаар нийгэм, эдийн засгийн уналт болж, эцэстээ иргэдийн нуруун дээр ажилгүйдэл, ядуурлын хүнд дарамт болон буух нэг гол хүчин зүйл болсон. Ийм алдаа завхрал нь гэнэн томоогүйгээс биш, мэдлэггүйгээс ч биш, мэдсээр байж хийсэн зориудын үйлдэл байж болзошгүй бөгөөд эрх мэдэл, эд хөрөнгөнд хорхойссон шунал тэчьяалын үр дагавар юм шиг харагддаг. Жишээ нь, өнгөн дээрээ УИХ-ын гишүүн хүн Засгийн газрын гишүүн байж болох нь ердийн л заалт төдий харагдана. Гэтэл тэр нь ямархуу хортой үр дагаварт хүргэж болохыг харуулсан олон жишээг бид мэднэ. Үндсэн хуульд өөрчлөлт оруулъя гэвэл ямар үзэл баримтлалд тулгуурлаж, ямар онол номлол баримтлахаа сонгож, яагаад ингэх болсныг судалгаагаар нотлон байж нухацтай хийгүүштэй ажил. Түүнээс бизнесийн ашиг хөөдөгтэй адил дан ганц улс төрийн аргаар түргэн хуумгай зүтгүүлээд бүтээчих хөнгөн зүйл биш, нийт ард түмний шууд оролцоотойгоор шийдэх том ажил үйл юм. Тэгэхлээр Үндсэн хуулийн өөрчлөлтийг юуны түрүүнд ард түмнээсээ сайн асуух хэрэгтэй.

-Үндсэн хуульд нэмэлт, тодотгол хийе гэвэл эн тэргүүнд юуг өөрчлөх нь зүйтэй вэ?

-Хэд хэдэн чухал асуудал байгаа мэт санагддаг. Энэ удаад тэр болгоныг дурдах боломжгүй. Хамгийн чухал гэж боддог нэг зүйл бол хариуцлага болоод хяналтын тухай юм. Өнөөгийн Үндсэн хуульд энэ талаар сул тусгагдсан байж мэдэхээр байгаа. Би парламентын засаглалыг дэмждэг хүн. Шулуухан хэлэхэд манайд Ерөнхийлөгчийн засаглал таарахгүй. Өнгөрсөн хугацаанд сонгогдсон дөрвөн Ерөнхийлөгчийн үйл ажиллагаанаас ингэж харагддаг. Ерөнхийлөгч гэдэг хувь хүнийх нь тухайд биш институцийнх нь хувьд би ярьж байна. Тэд сүүл рүүгээ улам л саармагжаад, олон нийтээс өгөх үнэлгээ ч бүр л дордсоор байсан. Зөвхөн энэ динамик л үүний тод нотолгоо биш үү. Энд тэндхийн сайн туршлага, үлгэр загварыг авалгүй яахав. Гэхдээ өөрсдийн туршлагаас чухал юм гэж байхгүй. Ер нь туулж өнгөрүүлсэн түүхээс илүү сайн багш гэж байхгүй л дээ. Өмнөх Ерөнхийлөгч нарын хувьд гэхэд харин ч парламент байсан тулдаа энэ хэртэй байгаа юм биш үү гэж харамсмаар, Ерөнхийлөгчийн засаглалтай байсан бол ч хөнтөрчихөж мэдэх нь гэж хэрдхиймээр явдал цөөнгүй гарсан.

Энэ дашрамд нэг зүйлийг сонирхуулахад Үндсэн хууль батлах явцад би Хаантай байх тухай санал гаргасан боловч хэн ч анзаараагүй өнгөрсөн. Тэр нь хаант засаг биш юм. Харин бүх ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгчийн оронд урьдаас зориуд бэлтгэсэн хаантай байх, өөрөөр хэлбэл, хэмжээт эрхт хаантай, парламентын  засаглалтай, Бүгд Найрамдах Улс байх тухай санаа байсан л даа. Тийм улс орнууд эргэн тойронд маань зөндөө, сайхан л хөгжицгөөж байна. Тэгэхэд шийдсэнсэн бол хаан маань өдийд аль хэдийнэ сургагдаж бэлтгэгдээд хорин хэдэн нас хүрчихсэн, яг энэ цаг үед бүрэн эрхээ хэрэгжүүлж эхлэх гээд байж байх байсан ч юм бил үү. Тэр ямар ч гэсэн улсаасаа, ард түмнээсээ хулгай хийчихлээ гэх хар хэл амд өртсөн нэгэн байхгүй байсан биз.

Шинэ Үндсэн хуулийг баталсан АИХ-ын чуулганы хуралдааны үеэр Ч.Пүрэвдорж (3 дахь эгнээнд зүүн гараас эхнийх нь) Р.Барсболд, Н.Гаравсүрэн, Б.Нямбуу, Д.Сүрэнхорлоо, Л.Пүрэвдорж, Э.Алтангэрэл, Б.Чимидхишиг, Д.Дамбийжанцан, Б.Норжин, Т.Галсан нарын депутатуудын хамт-Сонин л санал байж. Хариуцлага, хяналттай холбоотой Таны хэлэх гэсэн санааг тодруулмаар байна?

-Парламент бол хууль тогтоох, төлөөлөх, хянах үндсэн үүрэгтэй. Гэтэл хянах функц нь хэрэгжиж, ард түмний хүсэл зоригийг илэрхийлж чадаж байна уу? Эзэнгүй төр, төргүй улс болчихлоо гэж их ярьдаг. Энэ юуг үгүйлээд байна гэхээр төрийн хэргийг удирдахад олон нийтийн оролцоог сайн хангахгүй, улмаар хариуцлага дутагдсаар буйг хэлж байгаа хэрэг. Тэрчлэн “Засгийн эрх ард түмний мэдэлд байна” гэсэн Үндсэн хуулийн зарчим нэхэгдэж буйн баталгаа. Үндсэн хуульд эх орондоо иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх зорилт тавьсан. Иргэний нийгмээр дамжуулан иргэд төр засгаа удирдахад оролцож, хяналтаа тавьж, хариуцлагаа нэхнэ гэж тооцоод энэ зарчмыг суулгасан. Гэтэл  иргэний нийгэм цогцлоох зорилт бодолцсон хэмжээнд хүртэл төлөвшиж чадахгүй байна. Тиймээс хоёр танхимтай парламентын тогтолцоо бүрдүүлэх нь хариуцлага, хяналтыг зохих ёсоор хэрэгжүүлэхэд хамгийн зохимжтой арга хэрэгсэл бөгөөд сүүлийн 20 гаруй жил хуримтлагдсан бүх мухардлаас гарч, шуудран хөгжих  боломж нээгдэх нэгэн чухал гарц байхыг үгүйсгэхгүй.

-Хоёр шаттай парламентай байх өөр ямар үндэслэл байна вэ?

-Аравтын тогтолцоо, Их хуралдайгаас эхлээд төрийн удирдлагад иргэдээ өргөн хүрээнд оролцуулдаг уламжлал манай төрийн түүхэнд бий. Их Монгол улсын үед Их хуралдай, Богд хаант Монгол Улсын үед Улсын дээд, Доод хурал байсан, дөнгөж саяхан АИХ, УБХ-тай байсан туршлага бэлхнээ байна. Тиймээс хоёр танхимтай парламент бол манайд цоо шинэ, огт боломжгүй зүйл биш.

Нийтийн хөрөнгийг шударгаар ашиглан, төрийн үйлчилгээг иргэдэд тэгш хүргэх нь төрд ажиллагч хэн бүхний үүрэг, хариуцлага. Шударга ёс, тэгш ёс,  хариуцлага гэдгийг төрийн хэргээс арчаад хаячихсан мэт болж, бүр тэнд хулгай нүүрлэсэн аятай болсон нь олон нийтийн жигшил, зэвүүцлийг хүргэж байна. Хийсэн үйлдлийнхээ төлөө хариуцлага хүлээх, түүнийг нь олон нийт хянаж, төрийг удирдах хэрэгт оролцох нь хэн бүхний мэдэх зайлшгүй шаардлага юм. Одоогоор энэ онолыг яриад л байхаас биш хэрэгжүүлэх арга механизмыг орхигдуулсаар байна. Төрийн хэрэгт олон түмний оролцоог нэмэгдүүлэх, хяналт болоод хариуцлагыг сайжруулах талаар гоё гоё тодотгол хэлж, газар сайгүй ярьцгаасаар л байна. Гэтэл хэрхэн, яаж хэрэгжүүлэх вэ гэдэг бодлогын асуудлыг санаатай, санамсаргүй орхичихдог. Тэр бүхнийг бусад олон асуудалтай нь хамт цогцоор, нэгэн зэрэг шийдэх арга бол хоёр танхимтай парламентай болох явдал юм.
Хоёр танхимтай парламент харилцан хяналттай, олон түмний өргөн төлөөлөлтэй учраас өнөөдрийнх шиг намууд нь төрийн тогтолцооны оройд гарах үзэгдэл арилж, Парламент маань нийт улс төрийн тогтолцооны баттай цөм болно. Шударга ёс тогтож, төрийн тогтвортой байдал хангагдана. Парламентын олон түмэнтэй холбогдох хүрээ болон хяналт нэмэгдэх учраас худалдагдах, авлигадуулах, хувийн болон бүлгийн ашиг сонирхолд автах мэт бусармаг явдлыг зогсооход гол үүрэг гүйцэтгэнэ. Түүнчлэн бидэнд одоо учраад буй “баялгийн хараал” гэгчийг даван туулах бололцоо гарна гэж төсөөлж байна. Яг үнэндээ, манай улсад тохиож буй бүхий л хүндрэл бэрхшээлийн уг сурвалж нь энэхүү “баялгийн хараал” гэгчээс үүдэлтэй бөгөөд биднийг төр засаг маань удирдаад байна уу, аль эсхүл мөнгө гэгч гайхал төрийг төлөөлөгчдийг удирдаад байна уу гэдгийг ялгахад төвөгтэй болчихлоо л доо.

Парламентын дээд танхимд зөвхөн улс төрийн намаас бус иргэний нийгмээс, хувь иргэд, тэдний эвслээс нэрээ дэвшүүлсэн хүмүүс сонгогдон орох бололцоотой. Дээд танхим жилд цөөн удаа хуралддаг, байнгын ажиллагаатай Доод танхимдаа хяналт тавьдаг, хариуцлага нэхдэг, төрийн өндөр албан тушаалтнуудыг сонгодог, баталдаг, эгүүлэн татдаг, огцруулдаг, Доод танхимын баталсан хуулийг шаардлагатай гэж үзвэл хүчингүй болгодог гэх мэт үүрэгтэй байж болно. Ард түмний зүгээс төрд тавих хяналт  сайжирснаар жинхэнэ мерит зарчмаар төрийн түшээд шилэгдэж, зөв хүн нь зөв газраа байрших үндсийг тавих, тэднээсээ хариуцлагыг шударгаар нэхэх бололцоо бүрдэнэ.

-Өртөг зардал нэлээд их гарах юм биш үү?

-Мөнгөний нүдээр биш, улс төр, эдийн засгийн утгаар нь өргөн хүрээнд харах хэрэгтэй. Парламент бол угаасаа өртөг ихтэй бүтэц. Манай парламент 76 гишүүнтэй боловч мөнөөх “дордуулсан долоогийн” гайгаар ердөө 20 гишүүн хууль батлах бололцоотой болсон.  Үндэстэн дамнасан корпорац, олигархиудын ашиг сонирхол хүч түрсэн нийгэмд шийдвэр гаргагч 20 хүнд нөлөөлөх тийм хэцүү биш. Эрдэнэт, Оюутолгой, Тавантолгой, Цагаан суварга, Салхит, Хотгор шанагын гэх мэт орд газруудынх шиг буруу шийдвэрийг парламентын гишүүдэд гаргах зардалтай зүйрлэж болох уу?! Иймэрхүү хүчин зүйлийг бодолцсон байдаг биз, мэргэжлийн хүмүүсийн гаргасан тооцоогоор манай парламентын гишүүдийн тоо 140-өөс дээш байх ёстой гэдэг. Тэгээд ч хоёр танхимтай парламентын Дээд танхим нь байнгын биш ажиллагаатай учраас харьцангуй бага зардал гарна.

-Ярилцлага өндөрлөх дөхөж байна. Та бол зохиолч хүн. Саяхан танд Монголын Зохиолчдын Эвлэлийн “Утга зохиолын төлөө” шагнал гардуулсан байна лээ. Энэ талаар болон таны уран бүтээлийн талаар товч сонирхъё.

-Хэдхэн сарын өмнө “Амьдралын төгөл” гэдэг шүлгийн 6 дахь номоо гаргасан. Мэргэжлийн хүрээнд яруу найрагч нөхөд маань нааштай хандаж байна. Би Дорно дахины утга зохиолын онолч, нэрт зохист аялгууч Эрдэнэ мэргэн бандида, Ханчин хамбо Жамъянгарав гэгээний 4 дэх үеийн хүн л дээ. Тийм болохоор гэгээний зохиол бүтээлийг орчин цагийн шинжлэх ухааны эргэлтэд оруулах, олон түмэнд хүргэх талаар мэргэжлийн эрдэмтэдтэй хамтран боломжийнхоо хэрээр ажилладаг. Түүнийг маань бодолцсон биз, МЗЭ “Утга зохиолын төлөө” шагналаа надад хүртээсэнд ном зохиолд хүндэтгэлтэй ханддагийн хувьд их баярласан. Нас ахиж яваа ч хийж бүтээхийн их урам авсан. Сайн нөхдийнхөө итгэлийг алдахгүйг бодно оо.  
-За ингээд ярилцлагаа өндөрлөж, сүүлийн асуултыг танд үлдээе.

-Бид хүндхэн цаг үеийг туулж явна. Гэхдээ Монгол Улс минь хөгжиж байгаа. Эрчтэй хүчтэй, эрдэмтэй номтой сайхан залуу үе өсөж байна. Эх орон минь улам их хөгжин цэцэглэнэ гэдэгт би баттай итгэдэг. Хоёр танхимтай парламенттай болж, төрийн удирдлагад ард түмний хяналтыг жинхэнэ ёсоор тогтоож, хариуцлага тооцож чаддаг тогтолцоо бүрдүүлэх нь бидний нэн тэргүүний зорилт юм шүү. Ингэснээр бид засгийн эрхийг ард түмэн мэднэ, газрын хэвлийн баялаг бол ард түмний өмч гэсэн Үндсэн хуулийнхаа тунхаглалыг амьдралд бодитойгоор хэрэгжүүлж Эх орондоо эзэн хүний ёсоор сайхан амьдрах боломж нээгдэнэ гэдгийг дахин хэлье.

-Баярлалаа. Таны эрдэм судлал, уран бүтээлийн ажилд их амжилт хүсье.

                                                                                                                                        Ярилцсан Ж.Баярсайхан


Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Уржигдар
EMUI 14 шинэчлэлээр Huawei утасны аппликейшн хэрэглээ ямар ч асуудалгүй болно
2
Уржигдар
Кайли Женнер жүжигчин Тимоти Шаламегээс жирэмсэн болсон гэх цуурхал гарчээ
3
4 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
санал болгох
1
20 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0