Хайх зүйлээ бичнэ үү

Австрали болон Монгол Улс дипломат харилцаа тогтоосноос хойш олон салбарт түншлэн, хамтын ажиллагаагаа өргөжүүлсээр ирсэн түүхтэй. Ялангуяа Австралийн засгийн газраас олгодог тэтгэлэгт хөтөлбөрүүд, боловсролын үйл ажиллагаа нь ирээдүйн чадварлаг боловсон хүчин, манлайлагчдыг бэлтгэхэд чухал хувь нэмэр оруулж буйг дурдах нь зүйтэй юм. Бид олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Австрали Улсаас Монгол Улсад суух Элчин сайд Дэйв Воусэнийг “Найман асуулт” буландаа урьж эдийн засаг, бизнесийн салбар дахь эмэгтэйчүүдийн оролцооны талаар ярилцлаа.

1. Та Австрали улсаас Монгол улсад суугаа Элчин сайдаар томилогдож ирээд удаагүй байна. Анхны сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

Танай оронд Австралийн Элчин сайдаар томилогдож ажиллах болсондоо маш их баяртай байна. Энэ бол миний хувьд нэр төрийн хэрэг юм. Монголчууд намайг их халуун дулаан угтаж авсан. Миний хувьд Монгол Улсад ажиллаж буй Австралийн сайн дурын ажилчин, тал нутагт аялахаар ирсэн австрали жуулчдаас Монголын тухай сэтгэл хөдөлгөм олон сайхан түүхийг сонссон. Австралийн бизнесийн байгууллагууд ч ажлын байрыг нэмэгдүүлэх, шинэ технологи нэвтрүүлэх, хөрөнгө оруулалт хийх замаар Монгол Улсын эдийн засагт бодит хувь нэмрийг оруулж байна. Миний бодлоор Австралид суралцаж төгсөөд эх орондоо буцаж ирсэн монголчууд Австралийн боловсрол, соёлыг эх орондоо түгээн дэлгэрүүлэхэд магадгүй элчин сайдуудаас илүү үүрэг гүйцэтгэж байгаа болов уу. Энэ утгаараа Австралид төгсөгчид маань хамгийн сайн элчин сайдууд байх. Түүнчлэн Монгол, Австрали хоёр улс эдийн засаг, газар нутгийн хувьд олон зүйлээр адил төстэй, алслагдсан орон нутгийн хүмүүст хүрч үйлчлэх тал дээр адил бэрхшээлүүдтэй тулгарч байгаа нь анхаарал татаж байна.

2. Австрали улсад Олон улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг хэрхэн тэмдэглэн өнгөрүүлдэг вэ?

Бидний хувьд Олон улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр чухал ач холбогдолтойг энд дурдах нь зүйтэй. Австраличуудын хувьд энэ өдөр утга учрыг тээдэг. Зарим хүмүүст энэ өдөр нь эмэгтэйчүүдийн гэр бүл, нийгэм, хувийн хэвшилд гүйцэтгэх хувь нэмрийг тодотгох боломжийг олгодог бол заримынх нь хувьд эмэгтэйчүүдийн эдийн засгийн оролцоо, манлайллыг нэмэгдүүлэхэд тулгарч буй саад бэрхшээлийг ойлгох, дэлхий нийтийн чиг хандлагыг танин мэдэхэд чухал ач холбогдолтой. Цаашлаад эмэгтэйчүүд гэр бүлийн хүчирхийлэлд түлхүү өртөж буйг энэ өдөр бидэнд сануулдаг. Австраличууд баярыг янз бүрээр тэмдэглэн өнгөрүүлдэг ч эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр бол зүгээр нэг амралтын өдөр гэхээсээ нийгэмд өөрчлөлт, шинэчлэлт хийх хэрэгтэйг сануулсан чухал өдөр юм. Ялангуяа эрчүүдэд илүү их зүйл хийх хэрэгтэйг сануулдаг.

3. Австрали улсад эмэгтэйчүүдийн эдийн засаг, бизнесийн салбар дахь оролцоо хэр байдаг вэ? Тэдгээрийг дэмждэг эсвэл хойш татаж буй ямар хүчин зүйлс байна вэ?

Австралид эмэгтэйчүүдийн бизнес дэх оролцоо харилцан адилгүй. Бизнесийн олон салбарт эмэгтэйчүүд ажиллах хүчний дийлэнхийг бүрдүүлж байгаа ч удирдах түвшин дэх тэдний оролцоо дутмаг байсаар байна. Австралийн гадаад хэрэг, худалдааны яамны хувьд авч үзвэл, хэдэн жилийн өмнө нийт ажилчдын 60 хувийг эмэгтэйчүүд бүрдүүлж байсан боловч удирдах албан тушаалтны дөнгөж 35 хувийг эзэлдэг байсан. 1980 оноос хойш бид шинээр хүн ажилд авахдаа жендерийн тэгш байдлыг хангахад их анхаарч ирлээ. Энэ өөрчлөлтийг хийхэд эмэгтэйчүүд болон эрчүүд хоёулаа нэлээд хүчин чармайлт гаргасан. Бид ажилчдын хандлагыг өөрчлөх, санамсаргүй гаргадаг хүйсээр ялгаварлан гадуурхалтыг өөрчлөх, алга болгоход чиглэсэн сургалтыг байнга зохион байгуулдаг. Мөн менежерүүдийн жилийн ажлын үр дүнг дүгнэхдээ эерэг манлайллыг чухал хэмжүүр болгон авч үздэг. Үүнээс гадна жил бүр жендерийн тэгш эрхийн манлайлагчийн шагналыг олгохоор шийдвэрлэсэн ба хамгийн эхний шагналыг энэ жилийн эмэгтэйчүүдийн эрхийн өдөр гардуулна. Мөн бид ажилд орохоор өргөдөл гаргагч, ярилцлагад оролцогсод болон шалгарсан хүмүүсийн хүйсийн тоон мэдээг байнга цуглуулж нийтэлдэг. Жил болгоны бүх ажилчдын санал асуулгаар стратегийн зорилтууд хэр амжилттай хэрэгжиж байгааг асуудаг бөгөөд жендерийн тэгш байдлыг дэмжих бодлогыг сурталчлах “Ажлын байран дахь жендерийн тэгш байдлын сүлжээ”-г бий болгон ажиллаж байна. Австралид жендерийн тэгш байдлыг хангахыг зорилго болгон ажиллаж буй олон байгууллага бий. Хийж буй өөрчлөлт шинэчлэл нь тухайн байгууллагын бизнесийн онцлогоос хамаарч харилцан адилгүй байдаг.  

4. Та ирэх гурван жилд Австрали, Монгол улсын хамтын ажиллагааны аль чиглэлд анхаарч, тэргүүлэх ач холбогдолтой анхаарч ажиллах вэ?

Миний ажлын тэргүүлэх чиглэлүүдийн нэг нь Оюу Толгой төслийн амжилттай хэрэгжилтийг хангах явдал. Энэхүү төслийн Монгол Улсын ирээдүйд үзүүлэх нөлөө хэмжээлшгүй их бөгөөд төсөл амжилттай хэрэгжсэнээр цааш цаашдын томоохон хэмжээний хөрөнгө оруулалтыг татах үндэс суурь болно. Оюу Толгой төслийн дотоодын нийлүүлэгчдээс худалдан авалт хийдэг, дотоодын хөдөлмөр эрхлэгчдээс ажиллах хүчээ бүрдүүлдэг, ялангуяа хүний нөөцийн менежмент, жендэрийн эрх тэгш байдлыг ханган ажилладаг зэрэгт нь би маш их сэтгэл хангалуун байгаа.  Энэ төслөөс орж ирж буй рояалти төлбөр болон бусад орлого нь Монголын засгийн газрын боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг олон нийтэд хүртээмжтэй хүргэхэд томоохон хувь нэмэр оруулж байгааг мөн хэлэх хэрэгтэй байх. Миний хувьд Австрали компаниудыг энэ зах зээл дэх бизнесийн боломжуудыг олж харан ашиглаасай гэж хүсэж байна. Монголын байгалийн баялаг, хүний нөөцийн чадамж нь маш их боломжийг олгож байна.  Гол зах зээлдээ ойрхон байх нь ч маш чухал. Бидний зүгээс Монгол Улсыг өрсөлдөх чадвартай байхад нь тууштай тусалж дэмжих бодлого барьж байна. Манай тэтгэлэгт хөтөлбөрүүд нь хүний нөөц болон ирээдүйн манлайлагчдын хөгжилд хувь нэмрээ оруулж байгаа бөгөөд эдгээр хөтөлбөрт оролцогчдын дунд  эмэгтэйчүүд олон байдаг. Бид аливаа ажлыг хийхдээ жендэрийн эрх тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүдийн манлайллыг дэмжих, хүний эрхийг хамгаалах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгардаг асуудлыг шийдэх зэрэг зарчмуудыг урдаа тавьж ажилладаг гэдгийг хэлэхэд таатай байна.

5. Та эмэгтэйчүүд эдийн засагт идэвхтэй оролцохын ач холбогдлыг юу гэж хардаг вэ?

Бүхий л салбарт эмэгтэйчүүдийн оролцоо сайтай улс хурдтай хөгжин цэцэглэдэг. Цэвэр худалдааны өнцгөөс авч үзэхэд ямар ч хүний оролцоо, манлайлалд ямар нэгэн саад байх ёсгүй. Тэр тусмаа эмэгтэйчүүдийн бизнес эрхлэлтэд нэмэлт хүндрэл бэрхшээл байх учиргүй. Бизнесийн зээл, санхүүжилтийн шийдвэрийг гаргахдаа өргөдөл дээр аль жендерийг дугуйлсан байна гэдэгт үндэслэх хэрэггүй шүү дээ. Удирдлагын түвшинд эмэгтэйчүүд, эрчүүдийн төлөөлөл тэгш бус байгаа нь биднийг бүх боломжоо ашиглахад саад учруулж байна. Жендерийн тэгш байдлыг сайжруулах нь бизнест маш чухал байна. Судалгаанаас харахад жендерийн тэгш байдал нь бодлого боловсруулалт, инновацийг хурдан хийх, гүйцэтгэлийг сайжруулахад эерэгээр нөлөөлдөг нь тогтоогдсон. Дээд түвшний удирдлагад эмэгтэйчүүдийн оролцоо хангалттай  байгууллагын гүйцэтгэлийн үзүүлэлтүүд эрэгтэйчүүд давамгай байгууллагуудаас илүү байдаг нь судалгаагаар тогтоогдсон байна. Хүн амынхаа тэн хагасын авьяас, ур чадвар, үзэл бодол, нөөц бололцоог ашиглаж чадахгүй байгаа орон хэзээ ч боломжит хөгжлийн төвшиндөө хүрч чадахгүй нь ойлгомжтой.

6. Бид таныг хөгжиж буй олон улс оронд ажиллаж байсан талаар сонссон. Таны ажиллаж байсан улс орнуудад нийтлэг ажиглагдсан охид, эмэгтэйчүүдийн өмнө тулгарч буй хамгийн эмзэг асуудлууд юу вэ?

Би Науру, Афганистан, Папайн Шинэ Гвиней, Лаос зэрэг олон оронд ажиллаж байсан, одоо Монголд ажиллаж байна. Эдгээр улс орон бүрт гайхамшигтай бүсгүйчүүдтэй уулзаж, хамтран ажиллаж байсандаа маш их баярладаг. Афганистанд л гэхэд охид, эмэгтэйчүүдэд байнга тулгардаг боловсролын хүртээмжгүй байдлыг төсөөлөхөд ч бэрх. Науру болон Папайн Шинэ Гвинейн түүхэнд эмэгтэйчүүд маш чухал үүрэг гүйцэтгэсээр ирсэн. Тухайлбал Номхон далайн зарим улсуудад үл хөдлөх хөрөнгө эмэгтэйгээс эмэгтэйд өв залгамжлагддаг ба эмэгтэйчүүд үргэлж энхийг сахиулагчийн үүргийг гүйцэтгэсээр ирсэн. Тэгэхээр эмэгтэйчүүдийн уламжлалт болон одоо гүйцэтгэж буй үүрэг улс орон бүрт харилцан адилгүй, ялгаатай. Манай улсад л гэхэд эмэгтэйчүүдийн үүрэг маш их (гэр бүл, хүүхдээ асрахын хажуугаар бүтэн цагийн ажил хийнэ) байхад эрэгтэйчүүдийн үүрэг роль урьд нь ямар байсан тэр чигээрээ л байна. Харин гэр бүлийн хүчирхийллийн асуудал улс орны хилээр хязгаарлагддаг гэж би
бодохгүй байна. Эрэгтэйчүүдийн гэр бүлийн орчинд гаргадаг буруу ааш авир эмэгтэйчүүдийг нийгэм, эдийн засгийн амьдралд оролцоод саад учруулж байна. Хүчирхийлэлд өртөж буй эмэгтэйчүүд үргэлж айдас дунд амьдарч байж яаж бизнес эрхлэх билээ? Энэ бол эрэгтэйчүүдийн анхаарлаа хандуулах ёстой гол асуудлуудын нэг мөнөөсөө мөн юм.

7. Австралийн тэтгэлэгт хөтөлбөр болон Эмэгтэйчүүдийн манлайлал хөтөлбөр нь манай улсад чадварлаг боловсон хүчнийг бэлдэх, ялангуяа эмэгтэй манлайлагчид төрөн гарахад их хувь нэмэр оруулж байгаа гэж үздэг. Хөтөлбөрийн ач холбогдлын талаар та юу хэлэх вэ?

Манай Эмэгтэйчүүдийн Манлайллын Хөтөлбөр бол ирээдүйн монгол манлайлагчдыг бэлтгэх, тэдэнд шаардлагатай ур чадвар, мэдлэг боловсролыг олгох зорилготой онцгой хөтөлбөр юм. Энэ хөтөлбөрт үе үеийн олон эмэгтэйчүүд (бас эрэгтэйчүүд) хамрагдаж чадсанд бид маш их баяртай байдаг. Австралийн Гадаад харилцаа, худалдааны яамны сайд “Чи дүрсэлж чадахгүй байгаа зүйлээ хэрхэн бүтээх билээ” гэсэн уриа үгээ үлгэр жишээ хүмүүсийн тухай яриа лекцэндээ байнга дурддаг. Эрдэмтдийн судалгаагаар эмэгтэйчүүд ажлын талбар дээр эсрэг хүйстнээс илүү эмэгтэйчүүдээсээ үлгэр дууриал авдаг нь тогтоогдсон байна. Аливаа хүн амьдралдаа суралцаж, үлгэр дууриал авах хүнтэй байх нь маш чухал. Үлгэр жишээ хүмүүсээсээ эмэгтэйчүүд зорилгодоо хүрч чаддаг юм байна гэсэн хүсэл эрмэлзэл, урам зоригийг олж авдаг. Эмэгтэйчүүд манлайлагч байснаар залуу охид бүсгүйчүүдэд үлгэр дууриалал үзүүлж, нийгэмдээ сайн сайхан зүйлийг хийж бүтээж чадах юм байна гэсэн урам зоригийг түгээж байгаа юм. Эмэгтэйчүүдэд энэхүү давамгай байдлыг олгож байгаад эрэгтэйчүүд эмзэглэх ямар ч шаардлагагүй бөгөөд харин ч эсрэгээрээ, тэд өөрсдийн байгууллагад болон ирээдүйн бодлого төлөвлөлт, төсөв батлах зэрэг улс орны томоохон ажил хэргүүдэд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд анхаарч ажиллах ёстой.

8. Та олон улсын эмэгтэйчүүдийн эрхийн өдрийг угтан манай уншигчдад хандаж юу хэлэх вэ?

Олон Улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр миний хувьд гэртээ гаргадаг зан байдал, Элчин сайдын яаман дахь манлайллаа эргэцүүлэх, эцэг хүний хувьд хүү, хоёр охиныхоо ирээдүйн төлөө юу хийж болох вэ гэдгийг эргэцүүлэх өдөр. Хүүхдүүдтэйгээ эрэгтэй болон эмэгтэй хүмүүсийн үүрэг ролийн тухай, мөн тэдний оролцоонд ямар саад бэрхшээл учирч болох талаар ярилцана. Бага насны охид яагаад эмч биш, сувилагч болох ёстой гэж боддог вэ? Яагаад бид охиддоо хүүхэлдэй, хөвгүүддээ дугуй авч өгөх ёстой гэж?
Олон Улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр өөрсдийн хандлага, ааш зан, бодол үйлдлийг эргэцүүлэх, ойлгох, засаж залруулах боломжийг бидэнд олгож байна. Эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай ялгаагүй илүү ихийг хийж чадна гэдгийг ойлгох өдөр. Энэхүү өдөр бүгдээрээ, ялангуяа Монгол Улсад, эмэгтэйчүүдийн идэвхтэй оролцоо, идэвхтэй манлайллыг хамтдаа тэмдэглэцгээе. Мөн өөр юуг өөрчлөх хэрэгтэй вэ гэдгийг ч тунгаан бодоцгооё.


"Гэрэг” сэтгүүл Олон улсын Эмэгтэйчүүдийн өдөрт зориулан "Эмэгтэйчүүдийг эдийн засгийн хувьд хүчирхэгжүүлэх нь" төслийн багтай хамтран бэлтгэсэн дугаараас хүргэж байна. Төслийн багтай холбоо барих бол:

E-mail: [email protected]


Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.