Хайх зүйлээ бичнэ үү

6 мин

Дэлхийн эмэгтэйчүүд: Тэд сарын тэмдэг ирсэн үед юу хэрэглэдэг вэ?


Сарын тэмдэг бол эмэгтэйчүүдийн бэлгийн бойжилт, нөхөн үржихүйн мөчлөгийн нэг хэсэг. Гэвч эртнээс "биений юм" хэмээх ойлголт ярихад "хориотой", ичмээр, нууж далдалдаг сэдвүүдийн нэг байсаар ирсэн. Зарим улсад эмэгтэйчүүдийн сарын тэмдэгтэй холбоотой хорио, цээрүүд ч байх нь бий. 

Харин орчин цагт уг сэдвийг нээлттэй хөндөж, эмэгтэйчүүдийн сар бүр туулдаг сорилтыг илүү тав тухтай, аюулгүй байлгах тал дээр анхаарах болжээ. Хэдийгээр нь энэ нь зөвхөн сарын тэмдэг, ариун цэврийн хэрэглэлийн тухай яриа мэт боловч үүний цаана эдийн засгийн чадамж, байгаль орчин, хог хаягдал, боловсрол олж авах боломж гэх мэт олон асуудал хөндөгддөг. 

1. Их Британи, Лондон хот 

27 настай Хилари сарын тэмдгийн үеэр олон дахин ашиглах боломжтой ариун цэврийн хэрэглэл сонгодог болжээ. Тэрбээр "Би байгаль орчны асуудлаас болж олон дахин хэрэглэх боломжтой ариун цэврийн хэрэглэл сонгох болсон. Хог хаягдлаа багасгахын тулд шүү дээ. Ингэхдээ голдуу даавуу, хулс зэрэг байгалийн гаралтай материалаар хийсэн хэрэглэл авдаг. Эдгээр нь тав тухтай бас байгаль орчинд ч ээлтэй. Азаар би тав тухыг харгалзаж үзэх хэмжээний боломжтой нөхцөлд амьдарч байна" хэмээн ярьжээ. 

2. Их Британи, Манчестер хот 

40 настай Клэйр 'Menstrual cup' буюу сарын тэмдгийн аягыг сонгожээ. Энэ нь ариун цэврийн хэрэглэл, тампонтой харьцуулахад хэрэглэхэд бага зэрэг төвөгтэй байж мэдэх ч тоолж барамгүй олон давуу талтай. Клэйр "Байгаль орчинд ээлтэй учраас би энэ бүтээгдэхүүнийг сонгосон. Хог хаягдлаа багасгахын тулд амьдралын хэв маягаа өөрчилсөн гэж хэлж болно" хэмээжээ. 

Дашрамд дурдахад, сүүлийн жилүүдэд сарын тэмдгийн аяганы хэрэглээ хурдтай нэмэгдэж байна. Ариун цэврийн хэрэглэл, тампоныг орлох 'Menstrual cup' буюу сарын тэмдгийн аяга нь байгаль орчинд ээлтэй, санхүүд хэмнэлттэй, эрүүл мэнд, ариун цэврийн ач холбогдолтой шийдэл юм. 

Хэрэв та энэ талаар дэлгэрэнгүй ойлголт авахыг хүсвэл дараах нийтлэлийг уншаарай. 'Menstrual cup' буюу сарын тэмдгийн аягатай холбоотой мэдвэл зохих бүх зүйл

3. Австрали, Мельбурн хот 

27 настай Стеф сарын тэмдэг ирсэн үед арин цэврийн хэрэглэл, тампон зэргийг хослуулан хэрэглэдэг аж. Тэрбээр "Би өөрийнхөө дуртай брэндүүдийн хэрэглэл, тампоныг супермаркетаас худалдаад авчихдаг юм. Заримдаа худалдаж авахаа мартчихвал найз залуу маань надад ариун цэврийн хэрэглэл авахаар дэлгүүр ордог. Азаар тэр иймэрхүү зүйлээс нэг их ичиж, тавгүйрхдэггүй юм" гэв. 

4. Пакистан улс, Исламабад хот 

"Ээж минь надад сарын тэмдгийн үеэр хувцасны өөдөс хэрэглээрэй гэж хэлсэн. Учир нь бидэнд ариун цэврийн хэрэглэл худалдаж авах боломж одоогоор алга. Хувцас ашиглах нь тийм ч тухтай биш. Бас хүмүүс миний сарын тэмдэг ирснийг мэдчих вий гэж би байнга санаа зовдог" хэмээн 16 настай Саба ярьжээ. 

5. Уганда улс, Караможа муж 

23 настай Лепера Жоис сарын тэмдэг ирсэн үед ямааны арьсан банзал өмсдөг гэнэ. "Би энэ ямааны арьсыг байнга хэрэглэдэг. Учир нь ямааны арьс олдоц сайтай, худалдаж авахын тулд мөнгө төлөх шаардлагагүй. Хэрэв хуучирвал би дахиад л шинийг хийгээд авчихна. Учир нь манайх олон ямаатай. Анх эмээ маань хэрхэн ямааны арьсаар банзал хийж, сарын тэмдгийн үеэр хэрэглэхийг зааж өгч байлаа. Нэг үгээр хэлбэл, энэ нь бидний уламжлалт ариун цэврийн хэрэглэл гэсэн үг" гэв. 

6. Замби улс, Монгу дүүрэг 

22 настай Лимпо үнээний хатсан аргалыг ариун цэврийн хэрэглэлийн оронд ашиглаж байна. "Аргалыг яг ч шууд тавина гэсэн үг биш л дээ. Зорж хэлбэрт оруулаад давуунд ороож тавьдаг юм. Энэ арга надад таалагддаг. Учир нь дан даавуу тавьснаас илүү их шингэнийг өөртөө шингээдэг юм. Мэдээж хэрэг бүрэн тав тухтай, аюулгүй байдаг гэж хэлж чадахгүй л дээ. Өөр сонголт байхгүй болохоор л үүнийг ашигладаг юм. Гэхдээ аргал хэрэглэх нь олон хүмүүсийн төсөөлдөг шиг хэцүү биш" гэжээ. 

7. Замби улс, Монгу дүүрэг 

Харин 45 настай Нована нунтагласан аргал хэрэглэдэг гэнэ. "Хэрэв би боломжтой байсан бол ариун цэврийн хэрэглэл сонгох байсан. Учир нь бид аргалаар нэг удаагийн хэрэглэл хийх гэж багагүй цаг зарцуулдаг. Харин бэлэн ариун цэврийн хэрэглэлийг хэрэглэхэд амархан шүү дээ. Энэ аргыг эмээ маань олон жилийн өмнө зааж өгч байлаа. Бүр ариун цэврийн хэрэглэл гэж байдгийг ч мэдэхээс өмнө шүү дээ. Гэвч мөнгө хомс, зориулалтын ариун цэврийн хэрэглэл үнэтэй учраас сарын тэмдгийн үед ингэж аргалахаас өөр аргагүй байдаг юм" гэсэн юм. 

8. Малави улс, Касунгу хот 

Малави улсад эмэгтэйчүүд сарын тэмдгийн үед нянда (nyanda) хэмээх бөс даавууг хэрэглэлийн оронд тавьдаг юм байна. "Няндаг ашиглах нь эрүүл ахуй, ариун цэвэр талаасаа бага зэрэг асуудалтай байдаг. Гэвч бидний зарим нь дотуур хувцас ч худалдаж авах боломжгүй байна. Тиймээс зарим тохиолдолд даавууны урт, нимгэн хэсгийг ураад бэлхүүсээрээ ороож зангиддаг юм" гэлээ. 

9. Балба улс, Кавре муж 

ЗурагТайлбар


"Дэлгүүрт худалдаалагддаг ариун цэврийн хэрэглэл үнэтэй бас байгаль орчныг бохирдуулдаг" хэмээн 32 настай Сангита ярина. Тэрбээр "Манайх шиг засаг захиргаатай газарт хог хаягдал боловсруулах төлөвлөгөө, дүрэм, журам байхгүй. Тиймээс хэрэглэсэн ариун цэврийн хэрэглэлийн ёс журмын дагуу устгахгүй бол усны эх үүсвэрийг ч бохирдуулах эрсдэлтэй. Урт хугацааны үр дүнг нь бодож үзвэл гараар хийсэн, олон дахин ашиглах боломжтой ариун цэврийн хэрэглэл илүү аюулгүй" гэсэн байна. 

10. Замби улс, Казунгула дүүрэг 

"Сарын тэмдэг ирсэн өдрүүдэд би хөлбөмбөг тоглодоггүй, спортоор ч хичээллэдэггүй. Чөлөөтэй гүйж, найзуудтайгаа тоглож чаддаггүй юм. Энэ үед голдуу китенге (эмэгтэйчүүдийн янз бүрийн аргаар өмсдөг Африкийн даавуу) өмсдөг. Сарын тэмдэг ирсэн үед хөвөнгийн талбайгаас багахан хөвөн тасалж аваад ариун цэврийн хэрэглэлийн оронд ашигладаг" гэж 19 настай Дорис ярьсан байна. 

11. Уганда улс, Караможа муж 

Уганда улсад сарын тэмдэг ирсэн үед эмэгтэйчүүд жижиг нүх ухаад шингэн гарч дуустал тэндээ суух нь хамгийн энгийн бөгөөд өргөн дэлгэрсэн аргуудад тооцогддог байна. "Энэ арга амар санагддаг юм. Тэгээд ч эмэгтэйчүүд бүгд ариун цэврийн хэрэглэл худалдаж авах боломж хомс байдаг. Мөн гэнэт сарын тэмдэг ирсэн үед дэлгүүр орж, хэрэглэл худалдаж авах цаг гарахгүй шүү дээ. Гүйвэл шингэн нэвтэрч, хүмүүст мэдэгдэх учраас дэлгүүр явснаас нүх ухаад тэндээ суучихвал илүү амар" хэмээн 44 настай Мунюс ярив. 

Зарим буурай хөгжилтэй орны эмэгтэйчүүд зориулалтын ариун цэврийн хэрэглэл авах санхүүгийн боломжгүйн улмаас хэрэглэлийг хэрхэн өөр зүйлсээр орлуулж буйг эдгээр жишээнээс харж болно. Дашрамд дурдахад, эмэгтэйчүүдийн сарын тэмдгийн асуудлыг хөндсөн “Period. End of Sentence” кино энэ жил Оскарын Шилдэг богино хэмжээний баримтат киноны төрөлд шалгарсан билээ. 

Кинонд Энэтхэгийн Хапур дүүрэгт нэгэн төрлийн машин ашиглаж өртөг багатай ариун цэврийн хэрэглэл хийж бусдад ч боломжийн үнээр худалдаж буй эмэгтэйчүүдийн тухай өгүүлдэг. Судалгаанаас үзэхэд Энэтхэгт охидын 20 хувь нь бэлгийн бойжилтын насанд хүрмэгцээ сургуулиа орхидог нь сарын тэмдгийн тухай уламжлалт ойлголт болон ариун цэврийн хэрэглэлийн хүртээмжтэй холбоотой байдаг аж. 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2024.01.25
Алисагийн тэмдэглэл: Хэн нэгний танд зориулан илгээж байсан хамгийн гоё дуу юу вэ?
2
2024.01.10
Технологийн салбарт ажиллахад хамгийн таатай газраар Юнител групп шалгарлаа
3
2023.12.15
Миллениалуудын ажлын орчин | Ээлтэй, хүртээмжтэй МУИС
санал болгох
1
4 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
3
3
5
92
2
19
7

Сэтгэгдэл бичих (2)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2021.03.09 162.158.119.8

ta nar denduu jargaltai bgn bishuu

0 Хариулах


damn 2020.06.25 172.69.45.135

sad af naasan.

0 Хариулах