Хайх зүйлээ бичнэ үү

7 мин

Дэлхийн улс төр | Түүх бүтээж буй эмэгтэйчүүд


Дэлхий дахинаа улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоо улам идэвхтэй, илүү жинтэй болсоор байна. Өдгөө парламентдаа хамгийн олон эмэгтэй гишүүнтэй улсыг 47 хувийн үзүүлэлтээр Исланд улс тэргүүлж байгаа бол Францын Засгийн Газрын гишүүдийн тал хувь нь эмэгтэй Ерөнхий Сайд байгаа юм. Эмэгтэйчүүд шийдвэр гаргалтад урьд урьдынхаас илүү өргөн хүрээнд орлоцох болсны илрэлийг хамгийн сүүлд буюу өнгөрсөн арваннэгдүгээр сард бүрдсэн АНУ-ын 116 дахь Конгрессийн танхимын бүрэлдэхүүнээс харж болно. Түүхэнд хамгийн олон гэгдэх 127 эмэгтэй сонгуульд ялалт байгуулж тэдний дунд анх удаа сонгогдсон өөр, өөрийн гэсэн онцлог жимтэй лидерүүд цөөнгүй бий. 

Илхан Омар (Хамгийн анхны мусульман шашинт эмэгтэй)

Иргэний дайн эхлэхээс өмнө Сомали үзэсгэлэнтэй, тэнд амьдрах нь ч ер бусын жаргалтай байжээ. Гэвч найман настай Илхан Омар нэг л өдөр үймээн, бужигнаант орчныг үзэж тэдний гэр бүл Кени рүү нүүснээр цагаачдын хотхонд дөрвөн жил амьдарчээ. Гэр бүлийнхэн нь түүнийг “Яагаад” гэч хочлон дууддаг байж. “Учир нь би яагаад энэ бүхэн болж байгаа, яагаад би ямар нэг зүйл хийх ёстой гэхчлэн бүх л зүйлийг яагаад гэсэн асуулттай хүлээж авдаг байсан” гэв. Тэр одоо ч өөрөөсөө, хүрээлэн буй орчноосоо, юм бүхний цаад учир шалтгааныг эрж, асуудаг явдаг ажээ. 

Багадаа ээжийгээ алдаж, төдөлгүй эмээ нь ч бас бурхан болсон тул Илхан олон эрчүүд дунд өсчээ. Тэдний яриа хөөрөг сонсч, оролцож гэр бүлээ авч явахдаа ч бүгд ижил тэнцүү оролцоотой байсан тул хүйсийн ялгаа, заагийг тэр төдийлөн онцолж авч үздэггүй аж. Эсрэгээрээ чиний чадах зүйл байгаа л бол, чадахгүй ч байсан ер нь бүхий л хамтын ажилд бүгд оролцох ёстой гэсэн ойлголт гэр бүлд нь бат суусан байжээ. 

Ингээд 12 настай байхад нь тэд Америкт нүүж ирсэн байна. Мэнхаттаны гудамжаар хурдалж байсан машины цонхоор эрээн, мяраан граффити үзэгдэж, задгай хаясан хог, орон гэргүй хүмүүс гудамжинд унтаж байсанд Илхан цочирдож “Ааваа, таны амласан кинонд гардаг Америк энэ биш байна” гэж тэр хэлжээ. 

Мэдээж Сомалид эсвэл Кенид хар арьстай, мусульман шашинтай байх нь хэзээ ч асуудал болж байсангүй. Харин Америкт энэ бүхэн чиний хаанаас гаралтай, чи хэн гэдэгт маш их хамаатай бөгөөд ийм ойлголттой нийгэмд дасан зохицох нь амар байгаагүй нь гарцаагүй. Ийм болсон нийгэм, хүмүүсийг ч буруутгах аргагүй бөгөөд энэ хүмүүст өөрийн гэсэн туулсан түүх бий. Тиймээс энэ хүмүүс болон орчин цагт нүүж ирсэн магадгүй надтай ижил олон, олон гэр бүлийнхний дунд холбоос, гүүр болох нь миний хийх зүйл гэж Илхан ухамсарласан байна. 

Тэрбээр Миннеаполис хотод нэр дэвшсэн юм. Харьцангуй либерал үзэлтэй, дэвшилтэт сэтгэхүйтэй гэгддэг ч энд мөн л сонгуульд өрсөлдсөн Илхан Омарыг эмэгтэй гэж онцгойлон авч үзэх хандлага байсаар байлаа. “Эмэгтэй хүн санал авахын тулд хөөрхөн байх ёстой гэдэг үг хүртэл сонсч байлаа. Ер нь улс төр гэдэг эрчүүдийн хийдэг л ажил учраас намайг 10 хувийн санал авах юм бол баярлах хэрэгтэй гэж байсан” гэж дараа нь ярьсан юм. Түүнчлэн “Эмэгтэй өрсөлдөгчдөөс гэр бүл, ажил үйлсээ хэрхэн хослуулах вэ гэж асуух нь элбэг. Гэвч нэр дэвшиж байгаа олон ааваас яагаад ажил, амьдралаа хослуулах тухай нь асуудаггүй юм бэ” гэсэн нь нэгийг бодогдуулна. Энэ бүх сөрөг асуулт, дайралтыг үл харгалзан довтолсоор Илхан Омар олонхийн саналаар сонгогдож Америкийн түүхэнд цоо шинэ хуудсыг нээгээд байгаа юм. 

Александриа Оказио-Кортез (Конгресст сонгогдсон түүхэн дэх хамгийн залуу эмэгтэй)

Үзэсгэлэнтэй, залуу эмэгтэй хэвлэлийн “од” болохыг бид олонтаа харсан ч улстөрч бүсгүйн дуулиантай үйлдлүүд өдөр бүр хэвлэл, мэдээллийн сэдэв болж байгаа нь Оказио-Кортезийн зорьмог үйлдлүүдийн илрэл гэж болно. Сонин, телевиз гээд бүх л медиа түүний тухай өгүүлэхийн зэрэгцээ тэрбээр маш идэвхтэй Инстаграм хэрэглэгч. Кампанит ажлынхаа үеэр төдийгүй шинээр сонгогдсон сэтгэгдэл, үзэл санаа бүхнээ ил тод хуваалцдаг нь түүнийг дэмжих шалтгаан болдгийг үгүйсгэхгүй. 

Нью-Йоркийн 14-р дүүрэг бол хамгийн өрсөлдөөнтэй тойргуудын нэг. Эндээс олон жил сонгогдсон, туршлагатай улстөрчийг ил давуу ялснаараа 29 настай Александриа Оказио-Кортез АНУ-ын түүхэнд Конгресст сонгогдсон хамгийн залуу эмэгтэй болоод байгаа юм. Берни Сандерсийн Ерөнхийлөгчийн кампанит ажилд оролцсоноос өөрөөр нийгмийг хамарсан идэвх, оролцоо гаргаж байгаагүй ч шинэ эриний “бүтээгдэхүүн” тэрбээр шинэ үеийнхнийг дагаад ирж буй өөрчлөлт, үзэл санааны хандлагын түүчээ болж байр сууриа илэрхийлж буй. 

Пуэрто Рико гаралтай, ядруухан амьдралд өссөн ч сайн боловсрол эзэмшихийн төлөө бүх хүчээ дайчилж, ээж нь ч түүнийг гайхалтай дэмжсээр иржээ. Сонгогдоод буй дүүрэгтээ амьдарч, ердөө жилийн өмнө хүртэл баранд зөөгч хийж байсан бүсгүй тулгамдаад буй асуудлууд, тэдгээрийн гарц шийдэл, оршин суугчдын хүсэл эрмэлзлийг ч юу юунаас илүү мэднэ гэдэгтээ итгэлтэй байдаг. Төлөөлөгчөөр сонгогдсон эхний өдрөө үг хэлэхдээ “Томоохон бизнесийн ашиг, сонирхлыг илэрхийлэгчид энэ танхимд олон байна. Гэвч эгэл ажилчдын төлөөлөл хаана байна? Үзэл санааны тэмцэгчид хаана байна? Дүүрэг, орон нутгийн жинхэнэ манлайалагчид хаана байна?” гэсэн нь Твиттерт л гэхэд хамгийн олон хүн үзсэн видео болсон юм. 

Олны хайр, хүндэтгэлийг булаасан түүнийг ирэх Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хэрэгтэй гэсэн хүлээлт, олны сэтгэгдэл интернэтийг шуугиулж буй. Гэхдээ тэр одоогоор албан ёсны байр суурь илэрхийлээгүй байгаа юм. 

Дэб Хааланд (Хамгийн анхны уугуул Америк эмэгтэй)

АНУ-д 1789 оноос хойш Конгресс үйл ажиллагаа явуулах болж түүнд 12 мянга гаруй гишүүн сонгогдож байжээ. Тэдний ердөө 300 орчим нь уугуул Америкчууд байсан бөгөөд бүгд эрэгтэй хүмүүс байв. Тэгвэл энэ жил Дэб Хааланд гэх Нью Мексикийн уугуул эмэгтэй Конгресст сонгогдоод байна. 

Конгресст суудалтай болох түүний энэ алхам яах аргагүй түүхэн тохиол бөгөөд уугуул индиан Америкчуудад ердөө 1924 оноос иргэншил олгож эхэлсэн ба түүний сонгогдсон Нью Мексикт бүр 1962 оноос энэ ажил эхэлсэн. Нэгдсэн улсад оршин суух, төрийн үйлчилгээ авах эрхээ баталгаажуулаад 100 жил хараахан болоогүй тэдний хувьд их гүрний шийдвэр гаргалт, нийтийг хамарсан хэлэлцүүлэгт оролцож, дуу хоолойгоо хүргэх нь хялбар биш. Харин энэ бүх давааг Дэб Хааланд туулж өдгөө түүхийн нэгэн хуудсын эзэн болоод байгаа юм. 

Дэб өмнө нь Нью Мексик дэх Ардчилсан намын дарга байжээ. Хорь гаруй жил олон нийтийг зохион байгуулж, дуу хоолойг нь сонсч, уламжилж ирсэн тэрбээр индиан иргэдийн асуудлыг энэ Конгресст шийдвэрлүүлэхээр ажиллаж байна. Эрүүл мэндийн үйлчилгээ, сургалтын чанар болон тогтвортой ажлын байр бий болгоход тэр анхаарч ажиллана гэжээ. Түүнчлэн уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой асуудлуудад ямагт анхаарч ирсэн түүнийг “National Geographic” сэтгүүл хүртэл онцлон бичжээ. Хүрээлэн буй орчин, цаг уурын байдал нь уугуул индиан иргэдийн хувьд яах аргагүй амьдралд нь хамгийн ач холбогдолтой зүйлсийн нэг билээ. 

Иргэдийн сонгох эрхийг баталгаажуулах асуудалд Дэб мөн төвлөрч буй. Уур амьсгалын өөрчлөлт илүү мэдрэгдэж байгаа ч, уугуул иргэдийн хувьд ажил хэрэгч санал боловсруулах чадвар дулимаг учраас тохиолдсон бэрхшээлээ шийдвэрлүүлж чаддаггүй гэжээ. Тиймээс төлөөлөл байхгүй тэдний хувьд дуу хоолойг нь илүү үр дүнтэй хүргэх нь чухал байна гэсэн юм. 

Түүнчлэн түүний санаачлагыг энэ удаа сонгогдсон олон эмэгтэй дэмжин ажиллахаар болжээ. Учир нь, энэ бол цөөн хэдэн уугуул иргэний асуудал биш тэдний амьдрал бусдадаа ч бас нөлөөлөл үзүүлнэ. Түүнчлэн олон эмэгтэй, тэр дундаа хар арьст, уугуул, залуу, гей гээд цоо шинэ уур амьсгал бүхий “анги” бүрдсэн нь ямар ч асуудалд олон талт байдлаар хандах, өргөн хүрээнд шийдвэр боломжтой байна гэдэгт тэр найдаж байгаагаа хэлжээ. 


Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
20 цагийн өмнө
Энэ өдөр түүхэнд: Оцон шувууны тухай хачирхалтай 15 баримт
2
Уржигдар
Кайли Женнер жүжигчин Тимоти Шаламегээс жирэмсэн болсон гэх цуурхал гарчээ
3
Уржигдар
FdB Awards-2024-ийн Шилдэг 30 хуримын зураг
санал болгох
1
19 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
1
0
0
0
0
0