Хайх зүйлээ бичнэ үү

15 мин

Д.Энхжаргал: Эмэгтэйчүүд халамж хүртдэг биш нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулдаг байх ёстой

“Оюу Толгой” ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлд Монголын талыг төлөөлсөн анхны эмэгтэй гишүүн болоод буй тэрбээр Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоог мөн үүсгэн байгуулаад завгүй явна.


Бизнес, санхүүгийн салбарт олон жил амжилттай ажиллаж ирсэн туршлагатай мэргэжилтнүүдийн нэг хатагтай Д.Энхжаргал “Women economic empowerment” төсөлд ментороор ажиллаж буй. “Оюу Толгой” ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлд Монголын талыг төлөөлсөн анхны эмэгтэй гишүүн болоод буй тэрбээр Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоог мөн үүсгэн байгуулаад завгүй явна. Өнөөг хүртэлх карьерийнхаа явцад ямар туршлага хуримтлуулж, түүнээ ямар замаар хуваалцаж буй талаар нь бид ярилцлаа.

-Таны ойрын үед хийж буй ажлуудын талаар яриагаа эхэлье гэж бодлоо. 

-Миний хувьд олон улсын байгууллагуудад банк, санхүүгийн зөвлөгөө өгөх ажил хийлээ. Төсөв санхүүгийн удирдлагын шинэчлэлийн стратетегийг олон улсын жишигт нийцүүлэн боловсруулах ажлыг Европын холбооны мэргэжилтнүүдтэй хамтран боловсруулж Сангийн сайдаар батлуулсан. Үүний үр дүнд Европын Холбооноос 50.6 сая еврогийн төсвийн буцалтгүй тусламжийг Монголын Засгийн газарт олгуулах шийдвэрийг гаргуулж чадлаа. Олон нийтийн ажлын хувьд хэд хэдэн эмэгтэйчүүдийн байгууллагын удирдах зөвлөлд ажилладаг. Сэтгүүлийн сэдэвтэй холбох юм бол “Монголын санхүү, банкны эмэгтэйчүүд” төрийн бус байгууллагыг байгуулаад тэргүүнээр нь ажиллаж байна. Гол зорилго нь эмэгтэйчүүдийг эдийн засгийн хувьд хэрхэн хүчирхэг болгох вэ, эмэгтэйчүүдэд санхүүгийн боловсрол олгоход төрийн бус байгууллагынхаа хувьд төр, хувийн хэвшилтэй хамтарч гурвалсан холбоогоор дэмжлэг туслалцаа үзүүлэхийг хичээж байна. Дараагийн нэг зүйл бол Монголын эмэгтэйчүүд заавал улс төрд манлайлна гэхээс илүүтэй эдийн засгийн салбарт идэвхтэй ажиллах, оролцох бололцоотой байна. Гадны орнуудын туршлагаас харвал, тухайлбал Японы Ерөнхий сайдын тавьж байгаа зорилт бол эмэгтэйчүүдээ эдийн засгийн үйл ажиллагаанд түлхүү оруулснаараа улсын эдийн засаг зогсонги байдлаасаа гарна, эдийн засгийн өсөлтийг эмэгтэйчүүдийнхээ хүчээр бий болгоно гэсэн зорилт тавьсан. Улмаар эмэгтэйчүүдээ эдийн засгийн хувьд хүчирхэг болгохын тулд тэднийг дахин сургалтад хамруулах асуудлыг ярьж байгаа. Монгол Улсын хүн амын 50-иас дээш хувь нь эмэгтэйчүүд байна. Гэвч 40-өөс дээш насны эмэгтэйчүүд энэ насандаа ажилгүй болох хандлага түгээмэл байна. Хоёрдугаарт, эмэгтэйчүүд хүүхэд гаргаад эргээд ажлын байрандаа ирэхээр ажлын байр нь алга болчихсон эсвэл тэр хугацаанд шинжлэх ухааны хурдтай хөгжлийг дагаад мэдлэг, чадвар нь тухайн ажлыг гүйцэтгэхэд хүрэлцэхгүй байх зэргээр хохирох тохиолдол байна. Иймд эмэгтэй хүний амьдралын туршид бид яаж тусалж болох вэ. Дундаж наслалтаар эрэгтэйчүүдээсээ харьцангуй өндөр эмэгтэйчүүд маань ахимаг насандаа хань ижлээ алдаад ганцаардах, тэтгэврийн ганц орлогоор амьдрах нь ядуурал руу түлхэх шалтгаан болохыг ч үгүйсгэх боломжгүй. Тиймээс Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбооны гол зорилго бол охин байх үеэсээ эхлээд эмэгтэй хүн эдийн засгийн, санхүүгийн хувьд яаж бие даан амьдрах вэ гэдэг санхүүгийн мэдлэг, боловсрол олгох, их сургууль, коллежид мэргэжилтэй болоод эх хүн болсон үедээ санхүүгийн бэрхшээлийг даван туулахад нь туслах зорилгыг тавьж байна.

-Шийдэх ёстой асуудлуудыг тодорхойлж, зорилгоо тавьсан та бүхний хувьд энэ хүрээнд ямар үйл ажиллагаа хийж байна вэ?

-Юун түрүүнд төрийн бус байгууллага болоод Санхүү, банкны эмэгтэйчүүдийн анхны чуулганыг хийхээр бэлдэж байна. Өдгөө Монгол Улс дахь банкны салбар гэхэд 15 мянга гаруй ажилтантай. Тэдний 80-90% нь эмэгтэйчүүд байна. Мөн арилжааны 14 банк байгаагийн дөрвийг нь эмэгтэй захирал удирдаж байна. Банк бус санхүүгийн байгууллага 600 орчим, хадгаламжийн 15 орчим байгууллага цаашлаад хөрөнгийн бирж, үнэт цаасны компаниуд гээд санхүүгийн байгууллагын тоо бараг 1000 орчим болжээ. Мөнгөгүйгээр, санхүүгүйгээр аливаа эдийн засгийн төсөл, бизнес хөгжихгүй. Тэгэхээр санхүүгийн үйлчилгээг хүртээмжтэй өгч байж, бодит салбар луугаа тэдгээр үйлчилгээг иргэд, бизнес эрхэлж байгаа эмэгтэйчүүддээ өгч чадвал тэр хэрээр эдийн засаг хөгжиж, тэлэх боломжтой байгаа юм. Санхүү, банкы эмэгтэйчүүдийнхээ анхдугаар чуулганаар бид гурван сэдвийг ярих гэж байна. Нэгдүгээрт, төр засаг буюу зохицуулалтын байгууллага болон Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо хамтраад эмэгтэйчүүдийг санхүүгийн үйлчилгээг хүртээмжтэй авах талаар ямар бодлого, ажил гүйцэтгэж байгаа вэ гэдгийг ярилцмаар байна. Эдгээр нь хүртээмжтэй байна уу, дутуу байвал хэрхэх вэ зэргийг төр, хувийн хэвшил, иргэний нийгэм хамтраад хэлэлцэнэ гэсэн үг. Хоёрдугаарт, олон нийтийн санхүүгийн мэдлэг, боловсролын тухай ярих нь чухал. Жишээ нь, Эрдэнэс Таван Толгойн хувьцаа иргэн бүрт бий боловч үүнийгээ хэзээ, ямар үнээр зарах, эсвэл үүнийгээ ашиглаад юу хийж болох вэ, хэрхэн эргэлтэнд оруулах вэ зэрэг анхан шатны мэдэгдэхүүн байхгүйгээс хөрөнгөө үргүй зарцуулах эрсдэл байна. Иймд санхүүгийн боловсрол ямар түвшинд байгаа юм, тэр дундаа алслагдсан бүсэд, мэдээллийн хүртээмж багатай нөхцөлд эмэгтэйчүүд маань хөрөнгөө удирдах хангалттай хэмжээний мэдлэгтэй байна уу гэдэг асуудлын хүрээнд ярилцах юм. Дутагдалтай тал дээр бид тусалъя, дэмжье гэж байгаа. Гуравдугаар асуудал нь санхүүгийн ямар ажил үйлчилгээнүүд байгаа вэ, энэ нь хүндээ хүрч байна уу. Сүүлийн үед жижиг, дунд үйлдвэрлэлийн тухай яригдаж байна. Цөөн хэдхэн хүн авчээ гээд. Гэтэл жижиг, дунд үйлдвэрлэл эрхэлж байгаа маш олон эмэгтэйчүүдэд өгсөн бол хэчнээн хүнийг ажлын байртай болгох байв. Мөн эмэгтэйчүүд эдийн засгийн хувьд илүү хүчирхэг болно шүү дээ. Тэгэхээр энэ боломжийн ядаж 50 хувь нь эмэгтэйчүүдийн бизнест зориулагдсан байх боломж, гарц байна уу, үйгүй юу гэдгийг ярих шаардлагатай. Хувийн салбаруудыг ч, ялангуяа арилжааны банк, даатгалын компаниуд, үнэт цаасны компаниудыг үйл ажиллагаагаа хүн амын 50 хувийг бүрдүүлж буй эмэгтэйчүүд, бүсгүйчүүдийн эрхэлж байгаа ажил, хөдөлмөрт зарцуулах ямар гарц, боломж байна гэдгийг нийтээрээ ярих ёстой.

-Таны хувьд өөрөө санхүүгийн салбартай хэрхэн холбогдож байсан бэ? Банк, санхүүгийн салбарт амжилттай ажиллаж ирсэн туршлагаасаа хуваалцаач?

-Би соц нийгмийн үеийн Сангийн сайд, Улсын банкны дарга нарын суралцаж төгссөн Эрхүү хотын Аж ахуйн дээд сургуульд элсч банк, санхүүгийн мэргэжлээр дүүргэсэн. Миний аав ээж, эгч, дүү цөм банкны хүмүүс шүү дээ. Тэр ч бас нөлөөлсөн. Төгсч ирээд Улсын банкны хорооны Улаанбаатар хотын салбарт нягтлан бодогчоор ажлын гараагаа эхэлсэн. Тэр үед дөнгөж ирсэн залуу боловсон хүчинд туслах, халамжлан хүмүүжүүлэгчийг томилж өсөн дэвжихэд нь тусалдаг байлаа. Надад ажлын анхны гараанд минь тусалж байсан энэ хүн бол одоо ч банк, санхүүгийн ахмад ажилтнуудын нэг н.Гантулга гэж хүн бий. Ер нь халамжлан хүмүүжүүлэх гэдэг энэ хөтөлбөр тухайн үед маш чухал үйл ажиллагаа байсан. Түүнгүйгээр би өнөөдрийн амжилтад хүрэхгүй. Одоогийнхоор бол энэ нь менторинг гэгдэх болсон. Энэ утгаараа Австралийн төгсөгчдийн хийж байгаа эмэгтэйчүүдийг чадавхижуулах төслийг би сонирхож ментороор оролцох болсон. Хэдий би 30 жил энэ салбарт ажиллаж байгаа ч энэ бүхэн Энхжаргалын л амжилт биш учраас өөрийн олж мэдсэнээ бусад бүсгүйчүүддээ харамгүй хайрлахад бэлэн байна гэдгээ илэрхийлсэн. Ер нь эргээд харахад Монгол Улсад хоёр шатлалтай банкны тогтолцоо бий болгох, орчин үеийн өнөөдрийн төв банкны суурь ялангуяа төв банкны мөнгөний бодлого, мөнгөний бодлогын үндсэн хэрэгслүүд, төлбөр тооцооны орчин үеийн мобайл банк, интернэт банкны үйлчилгээнүүд дээрээс нь зээлийн мэдээллийн сан, санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл, үндэсний төлбөр тооцооны зөвлөл байгуулах энэ бүх үйл ажиллагаанд манлайлж, санаачилж хамт олонтойгоо оролцож явсандаа баяртай байдаг. Мөн Монгол банкны Лондон дахь анхны төлөөлөгчийн газрыг нээж ажиллуулсан. Ингэснээрээ Монгол улсыг, ялангуяа монгол улсын санхүү, банкны салбарыг дэлхийн зах зээл дээр гаргаж чадсан гол гарц, дээр үед бол торгоны зам шиг тэрний эхлэлийг тавьсандаа би их баяртай байдаг. Ингэснээрээ бид Лондонд асар том, дэлхийн зах зээлтэй холбогдож чадсан. Лондонд Монгол улсын төлөөлөгчийн газрын ажил хийж байхдаа тэнд маш олон сайхан эмэгтэйчүүд амжилттай ажиллаж байгааг мэдэж авсан. Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас гэдэгчлэн тэд маань гадаадад сурч, боловсроод тэнд бие дааж олон улсын байгууллагуудад ажиллах, хувийн бизнесээ хийж улмаар Монголдоо хэрэгтэй зүйл хийе, туслая гэсэн хүмүүс байсан. Би тэднийгээ нэгтгээд Европ дахь Монгол эмэгтэйчүүдийн хөгжлийн холбоо гэж байгуулаад Европт ажиллаж амьдарч байгаа эмэгтэйчүүд хамтраад хүмүүнлэгийн ажил хийж хэд хэдэн төсөл амжилттай хэрэгжүүлсэн. 

-Эмэгтэйчүүдийн эдийн засгийн оролцоо нийгмийн хөгжилд ач тустай гэхчлэн бид их ярих болсон. Гэхдээ аливаа асуудал, түүнийг шийдээд бий болох бий боломжийг таних нь өөрөө мэдлэг, мэдрэмж шаарддаг. Тэгэхээр яагаад эмэгтэйчүүдийн идэвхтэй оролцоо шаардлагатай байгааг бодитоор хэлж өгөөч?

-Бид эмэгтэйчүүддээ итгэлийг өгөх хэрэгтэй. Эмэгтэйчүүд гэр бүлийнхээ чухал шийдвэр гаргагчид. Тэгэхээр өрхийн хэмжээнд санхүүгээ, эдийн засгийн гол шийдвэрийг гаргалцаж байгаагийн хувьд улс орны хөгжлийн түвшинд оролцох боломж байна шүү гэх урам зориг, эрх боломжийг таниулж, итгүүлэх хэрэгтэй байна. Манай эмэгтэйчүүд бизнес эрхлэхдээ чадварлаг байна. Мөн авсан зээлээ хамгийн сайн төлдөг гэсэн үр дүн монгол төдийгүй дэлхий дахинд байна.

-Хариуцлагатай гэж харж болох уу?

-Тийм. Маш хариуцлагатай. Яагаад гэвэл эх хүнийхээ хувьд, ээж хүнийхээ хувьд маш зөөлөн, уян хатан мөртлөө ажлыг хэрэгжүүлчихээд байдаг. Байгалиас заяасан увидас эмэгтэйчүүдэд байгаад байгаа. Тэгэхээр улс орны хөгжилд эмэгтэйчүүдийн дуу хоолой маш чухал. Ялангуяа, боловсролын салбар, эрүүл мэндийн салбар, дээр нь эдийн засгийн, санхүүгийн салбарт бол маш их бололцоо, чадавхи байгаа. Энийгээ л бид хэрэгжүүлэх хэрэгтэй байгаа. Дээр хэлсэнчлэн 40-өөс дээш насны эмэгтэйчүүд ажилгүй байгаад байгаа. Гэтэл тэд маань маш туршлагатай болчихсон байгаа. Нэгдүгээрт үр хүүхдээ хүмүүжүүлж, авч явах дээрээ чадвартай болчихсон, өрхөө аваад явж чадсан. Гэвч өнөөдөр яг би нийгэмдээ, эдийн засагтаа оролцъё гэхээр тэдэнд орон зай байхгүй байна. Уг нь компани бүр сайн засаглалын хүрээнд Төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ)-тэй, зөвлөл нь хараат бус мэргэжлийн гишүүдтэй, тал талын мэргэжил чадвар, авьяастай хүмүүсээр бүрдүүлэх шаардлагатай байгаа. Өнөөгийн нөхцөлд мэдлэгтэй, чадвартай, туршлага хуримтлуулчихсан 40-өөс дээш насны эмэгтэйчүүдээ энэ чиглэлд түлхүү оролцуулах боломж байгаа билээ. Ялангуяа, улсын үйлдвэрийн газар, төрийн өмчийн оролцоотой компани, банк, санхүүгийн байгууллагуудад ТУЗ-д дор хаяж 30 хувьд нь эмэгтэйчүүдээ бэлдье. Тэдэндээ засаглалын сургалт өгөөд, мэргэшлийн гэрчилгээг нь олгоод ТУЗ-д оруулдаг байвал компанийн засаглалд эмэгтэйчүүдээ оруулснаар улс орноо хөгжүүлэх юм. Заавал улсын их хуралд очиж суухаар хүчирхэг болно гэсэн үг биш.

-Таны хувьд одоогоор “Оюу толгой” ХХК-ийн ТУЗ-д ажиллаж байгаа байх аа?

-Тийм ээ. Би Монголын талыг төлөөлж ТУЗ-д сонгогдсон анхны эмэгтэй гишүүнээр ажиллаж эхлээд удаагүй байна. Энэ нь Төлөөлөн удирдах зөвлөлийн ажил хийж байгаа миний анхны ажил биш. Би Москвад байгуулагдсан олон улсын банкны ТУЗ-д, мөн Хяналтын зөвлөлийнх нь даргаар ажиллаж байсан туршлага бий учраас өөрийнхөө мэдсэнийг залуу үсгүйчүүдэд, 40-өөс дээш насны ажлын дадлага, туршлагатай болсон эмэгтэйчүүддээ өгч, түүгээрээ эмэгтэйчүүдийн чадварлаг төлөөллийг бий болгож, тэндээс компаниуд ТУЗ-дөө сонгодог боломжийг нээж өгөхийн төлөө ажиллаж байна.

-Ер нь компанийн ТУЗ-д эмэгтэй хүн байснаар компанийн засаглал илүү тогтвортой, бэхжих хандлагатай байдаг тухай судалгаа уншиж байсан юм байна.

-Дэлхийд нэртэй том компаниудын удирдах зөвлөлд эмэгтэйчүүд оролцсоноороо тухайн компанийн орлого нэмэгдэж, үнэ өссөн судалгаа нотлогдоод гарчихсан байгаа. Ийм учраас энэ санаачлагыг түгээх хөдөлгөөн дэлхий нийтэд явж байгаа. Бид удахгүй хөрөнгийн биржтэй Санхүү банкны эмэгтэйчүүдийн анхдугаар чуулганаараа санамж бичиг зурж, тунхаглал гаргаж бусдыгаа уриалах гэж байгаа. Англиар бол “diversity” гэж нэрлээд буй олон ургальч, олон талын төлөөллийг хангах нь орчин үеийн хандлага болсон. Ерөөсөө л төлөөлөн удирдах зөвлөлүүдэд дандаа эрэгтэйчүүд байсан бол тэнд эмэгтэй дуу хоолойг оруулах нь тухайн компанийн нийгмийн хариуцлагад ч тустай байдаг. Тэнд ажиллаж, амьдарч байгаа хүмүүсийн төлөө, компанийн нийгмийн хариуцлагыг дээшлүүлэхэд эмэгтэйчүүдийн дуу хоолой онцгой үүрэгтэй байдаг.

-Эмэгтэй хүн хүчирхэг, чадавхтай байна гэдгийг та юу гэж ойлгодог вэ?

-Энэ бол эмэгтэй хүн өөрөө бие дааж шийдвэр гаргах чадвартай, чадавхтай, туршлагатай болохыг хэлж байгаа юм. Эмэгтэйчүүд маань нийгмийн халамжийг хүртдэг хүмүүс биш, нийгмийн хөгжил өсөлтөд хувь нэмрээ оруулдаг байх учиртай.

Зайлшгүй шаардлагатай бол халамжаас хүртэхээс биш биеэ даасан чадавхитай иргэн болохыг хүчирхэг болно гэж хэлж болно. Тийм иргэн болгоход засаг төр, хувийн байгууллагууд, иргэний нийгмүүд хамтран ажиллах хэрэгтэй. Мэдээж хүн болгон тийм хүчирхэг байхгүй. Хүн болгон янз бүрийн нөхцөл байдалд өсч, торниж байгаа. Бид нийгмийн эмзэг, зорилтот бүлгүүдэд илүү туслах ёстой. Менторын ач холбогдол үүнд л оршиж байгаа шүү дээ. Манлайлагч эмэгтэйчүүд гэв гэнэт амжилтад хүрээгүй. Тэд ч бас олон саад, бэрхшээлийг туулсан байгаа. Тэгвэл даван туулсан арга, зам туршлагаас л өсч, өндийж байгаа охид, залуу бүсгүйчүүдэд хүртээх хэрэгтэй. Яагаад тэд бидний туулсан тэр хүнд, хэцүү замыг гатлах ёстой гэж? Аль болох бэрхшээл багатай замыг зааж, зөвлөх нь ирээдүй хойчдоо үзүүлэх үр нөлөө минь болно. Манлайлал гэдгийг үүгээр л үзүүлэх ёстой гэж би үзэж байгаа.

-Та өөрийн карьераас олж авсан онцлох гурван зүйлээ нэрлээч гэвэл та юуг хэлэх вэ?

-Биднийг хар багаас нь зааж хүмүүжүүлсэн зүйл бол ерөөсөө л зуун төгрөгтэй явснаас зуун найзтай бай. Хөнжлийнхөө хэрээр хөлөө жий. Улсын байна уу, хувийн байна уу, иргэний байна уу өмч хөрөнгийг нүдний цөцгий мэт хайрлан хамгаалж бай гэдэг байсан. Тэгэхээр бид энэ чинь улсын өмч юм чинь, энэ тэрнийх юм чинь гэх аминч үзэлгүй. Бусадтайгаа заавал хуваалцаж байж, бусадтайгаа хамт байж амжилтанд хүрнэ гэсэн зарчмаар өссөн. Яг л түүгээрээ бид нэг нь нийтийнхээ төлөө, нийт нь нэгнийхээ төлөө гэдэг ийм гурван том зарчмыг л барьж амьдардаг. Хэрвээ хүн өөрийн байгаа хөрөнгөдөө, тэрийгээ хэтрүүлэхгүй, өрөнд орохгүй, бусдыг хүнд байдалд оруулахгүйгээр бие дааж амьдраад л сурчих юм бол иргэдээ дагаад улс нь бас өр шир багатай, үр өгөөжтэй, тийм эдийн засагтай, нийгэм, улс бий болно.

-Таны хувьд улсынхаа төв банкийг төлөөлж Лондонд ажиллаж байхад монголчуудыг зах зээлд хэрхэн хүлээж авч байсан бэ? Мөн эмэгтэй хүн банк, санхүүгийн салбараа төлөөлөөд ирэхэд хэрхэн хүлээж авч байв?

-Англи улс бол түүх, уламжлал арвинтай өндөр соёлтой улс. Дэлхий дахинд Чингисийн их гүрний дараах агуу гүрнийг байгуулсан улсын хувьд Чингисийн нутгаас төлөөлөгч ирж байна гэж их бахархаж ярьдаг. Шууд ажил, бизнес ярихгүй ч түүхэн талаасаа Монголыг их хүндэтгэж үздэг. Үүнээс гадна эмэгтэй хүнийг Монгол улсаа төлөөлөөд ярьж байна гэхэд их сонирхдог, хүндэлж үздэг. Ядаж л эмэгтэй хүнийг удаан хүлээлгэдэггүй, бүсгүйчүүд эхлээд гэхчлэн соёлтой тул бидний тавьж байгаа асуудлуудыг шуурхай хүлээж авдаг байсан. Тэгээд Монгол Улсад болж байгаа үйл явдлууд, ялангуяа, хөрөнгө оруулалтын таатай орчинтой болохын тулд Засгийн газар юу хийж байгаа төдийгүй мөнгөний бодлого, санхүүгийн тогтвортой байдлын талаар хийж хэрэгжүүлж байгаа Монголбанкны ажлыг улирал бүр дэлхийн бүх том банкуудад ягштал ярьж, таниулдаг байсан. Ингээд Монгол улсдаа яаж хямд бага өртөгтэй, их хэмжээний хөрөнгө оруулалтыг татах вэ ажлыг хийсэн. Юун түрүүнд, хөрөнгө оруулагч банкуудын эхний асуултанд хариулах шаардлага гарсан. Тухайн үед бид хөрөнгө оруулалтын тухай ярьж байсан ч Moody’s, Fitch, S&P зэрэг дэлхийд нэр хүнд бүхий байгууллагуудаар зээлжих зэрэглэл тогтоолгоогүй байсан. Монгол улсынхаа зээлжих зэрэглэлийг тогтоолгох шаардлагатайг Монголбанкинд мэдээлж, олон улсын зэрэглэл тогтоодог байгууллагуудын төлөөллийг Монголдоо айлчлуулсан. Ингээд хөрөнгө оруулалт авчрах урьдач нөхцлийг хангах зорилгоор Монголбанк санаачлан хөрөнгө оруулалт зээлжүүлэлтийн Монгол улсын зэрэглэлийг тогтоолгож эхэлсэн нь гадаад хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх том амжилт болсон. Мөн Лондонд Европын сэргээн босголт хөгжлийн банктай үнэхээр тулж ажилласан. Тухайн үед энэхүү олон улсын банк нь зөвхөн Европ тивд үйл ажиллагаа явуулдаг, зүүн Европын орнуудын шилжилтийн эдийн засагт нь зээлээр дэмжин тусалдаг байсан. Тиймээс Монгол улс бол нэгдүгээрт ардчилсан улс, нөгөөтэйгүүр зах зээлийн нээлттэй эдийн засагтай, хөрөнгө оруулагчдад таатай орчинг бүрдүүлсэн, бизнес эрхлэх асар их боломжтой нээлттэй орон шүү гээд л Монголоо сурталчлан таниулдаг байсан. Тэгэхээр даяарчлагдаж байгаа энэ ертөнцөд Европоор хаасан хязгаарлагдмал бодлого бүү бариачээ гэдэг хүсэлт тавьж, лобби бүлэг байгуулснаар Монголыг дэмжих траст санг тус банкинд байгуулуулж чадсан. Ингээд траст сан тус банкны хувь нийлүүлэгч нарт Монголын талаархи нүдний мэлмийг нь нээж өгсөн. Энэ ажил маань одоог хүртэл үргэлжилж Европын сэргээн босголт, хөгжлийн банкны төлөөлөгчийн газар Улаанбаатарт нээгдэж, том жижиг бизнесүүдийг санхүүжүүлдэг, зээлжүүлдэг болсон. Мөн эмэгтэйчүүдийн бизнесийг ч дэмжих төслүүдээ эхлүүлсэн.


Гэрэг” сэтгүүл Олон улсын Эмэгтэйчүүдийн өдөрт зориулан "Эмэгтэйчүүдийг эдийн засгийн хувьд хүчирхэгжүүлэх нь" төслийн багтай хамтран бэлтгэсэн дугаар. Төслийн багтай холбоо барих: 

FBWEE Mongolia

E-mail: [email protected]

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2024.03.29
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмнэ
2
2024.03.18
Метроны зөвлөх үйлчилгээний тендерт 20 компани оролцож, саналаа ирүүлсэн байна
3
2024.02.29
Улаанбаатар хотод метро байгуулах олон улсын нээлттэй тендер зарлалаа
санал болгох
1
Уржигдар
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.