Хайх зүйлээ бичнэ үү

Анх фэйсбүүк хуудастаа богино хэмжээний хөгжилтэй бичлэг оруулан ажлын гараагаа эхэлсэн "Mesmerism"-ийн үүсгэн байгуулагч Д.Ганцогт өдгөө дэлгэцийн гурван бүтээлд найруулагчаар ажиллаж, өөрөө гол дүрүүдийг бүтээжээ. Түүний ярилцлагаас та зогсолтгүй хөдөлмөрлөж, зоригтой байж чадвал юунд ч хүрч, амжилттай ажиллаж чадна гэдгийг ойлгох болно. Д.Ганцогттой ажлынх нь тухай болон хувийн амьдралынх нь талаар цөөн хором ярилцлаа. 

-Нээлтээ хийгээд удаагүй байгаа ”Диваажинд хүрэх зам" киноны талаар асуултаа эхэлье. Өөрийгөө үзэгчдэд танилцуулсан Таны өмнөх кинонуудтай харьцуулахад арай хүнд жанрын кино болсон санагдсан.  Яагаад ийм сэдэвтэй кино сонгон хийх болсон бэ?

-Бид залуу хүмүүс учраас юм болгоныг туршиж үзэж байна л даа. Эхлээд бид "Орк" гэдэг нэртэй инээдмийн кино хийж, дараа нь“IPTV”-д контент оруулахад ямаршуу байх бол гээд “IPTV” болон "Nomadia pictures"-тэй хамтарч "Сүүлчийн монита” контентыг хийж үзсэн. Энэ удаад бид аction, drama төрлийн кино хийлээ. Цаашдаа олон ангит кино хийх төлөвлөгөөтэй байна. Бид залуу байгаа учраас бүх төрөл жанраар кино хийж өөрсдийгөө сорьж, туршлага хуримтлуулахыг зорьж байгаа.

-Сүүлд бүтээсэн киноных нь тухай үзэгчид ямар сэтгэгдэлтэй байна вэ?

-Киног сэдэвлэн бүтээнэ гэдгийг мэдэх нэг нь мэднэ. Өмнө нь маш олон сэдэвлэсэн кино гарч байхад шүүмжилдэггүй байсан хэрнээ манай киног гарахад Германы кинотой маш адилхан гэж шүүмжилсэн. Үндсэн зохиол нь 1988 онд хийгдэж байсан “Луйварчид“ гэдэг киноных юм. Тэр киноны дараа Япон улсад “Heaven’s door” гэдэг нэртэй кино, мөн Герман болон Англи улсад энэ зохиолоор кинонууд хийгдэж байсан. Монголчуудын хамгийн сайн мэддэг ганц кино нь Германд хийгдэж байсан нь юм шиг байгаа юм. Эдгээр кино бүгд нэг зохиолоос сэдэвлэсэн учраас мэдээж адилхан байж таарна шүү дээ. Киног 100 хувь гэж авч үзвэл 30 хувь нь обьектын хувьд төстэй гарах нь тодорхой. Тэр бүхнийг нэгбүрчлэн шүүмжилж байсныг хараад зохион байгуулалттайгаар шүүмж бичиж байна даа гэж бодогдсон. Үзэгчдээсээ бид нар залуууран бүтээлчдээ дэмждэг байгаасай гэж хүсдэг. Гэхдээ шүүмжилдэг хүмүүс нийгэмд оршиж байгаагийн ачаар бид бусдаас ялгардаг юм болов уу гэж боддог. Бид сайн уран бүтээл хийхийн тулд суралцаж л явна шүү дээ.

-Киног сэдэвлэн бүтээнэ гэдгээ уншигчдад дэлгэрэнгүй хэлэхгүй юу?

-Сэдэвлэн бүтээнэ гэдэг нь хамгийн анх зохиогдсон зохиолыг нь кино зохиол руу задалж, бичин хөрсөн дээрээ буулган орон, оронд өөрөөр бүтээнэ гэсэн үг. Манай киноны хувьд бусад оронд хийгдсэн дэлгэцийн бүтээлүүдтэй харьцуулахад гол дүрийн хоёр залуу далай үзэхээр шийдэж байгаа нь адилхан ч бусад хэсэг нь өөр. Ерөнхийдөө үндсэн диалог болон үйл явдлыг зохиолоос авдаг. Гэхдээ биднийг далай үзэхээс өөрөөр хийсэн ч хүмүүс адилхан л гэх байсан болов уу. 

-Залуу уран бүтээлчийн хувьд Та шүүмжлэл болон магтаалын алийг нь илүү хүртэж байна вэ?

-Магтаалыг илүү их хүртэж байгаа. Шүүмжлэл мэр сэр байдаг ч шүүмжлүүлнэ гэдэг чинь гоё шүү дээ. Гэхдээ би шүүмжлэлийг эмзгээр хүлээж авдаггүй. Бид одоо л шүүмжлүүлэх хэрэгтэй. Яагаад гэвэл залуу байна, дөнгөж уран бүтээл хийж сурч байна. Зарим хүн биднийг кино хийх болоогүй, Монголын кино урлагийг гутаана гэх мэтчилэн элдвээр хэлж байхад нь их гайхдаг байлаа. Бид шууд л мундаг кино хийж чадахгүй шүү дээ. Ямар ч зүйлийг дахин давтаж байж л сайн хийж чаддаг болно. Кино хийж эхэлж байх үед та нар чадахгүй гэж урам хугалж байсан хүмүүс ч байна. Тэд юуны төлөө тийм үйлдэл гаргадаг гэдгийг би ойлгодоггүй. Өөрсдөө хөгжих дургүй юм уу, урам зориггүй амьдардаг юм уу сайн мэдэхгүй байна. Нөгөө талаас 100 хувь атаархлын үүднээс тэгдэг байж магадгүй. 

-Та дэлгэцийн бүтээл болгоноо өөрөө найруулдаг шүү дээ. Өмнөх хоёр кино нь инээдмийн, романтик төрлийн кино байсан энэ удаад адал явдалт киног найруулахад, бас жүжиглэхэд ямар ялгаатай  байсан бэ?

-Маш хэцүү байсан ч бид их зориглосон. Зургадугаар сарын нэгэн ойртож байсан учраас бид инээдмийн кино хийчихвэл хүмүүс их үзэхээр санагдаж байсан ч өмнө нь хийсэн жанраасаа арай өөр “аction”, “drama” төрлийн кино бүтээж, туршлага хуримтлуулахыг хүссэн. Нэг юмаараа л нүдээд байвал хөгжихгүй юм болов уу гэх үүднээс гурав дахь дэлгэцийн бүтээлээ хийсэн. Үнэхээр хэцүү байсан ч  манай “Монгол HD” телевиз “BRB” болон “Хуур Music Festival”-тай энэ кинондоо хамтарч ажилласандаа маш их баяртай байгаа. Кино хийхэд хамгийн чухал нь продюсер байдаг. Учир нь Монголын зах зээл бага, үзэх хүн цөөхөн. Жишээ нь, Монгол гурван сая гаруй иргэнтэй ч кино үзэх үзэгчдийн тоо нэг сая дотор л эргэлдэж байдаг учраас киног “продюсерлэнэ” гэдэг маш их эрсдэлтэй. Гэхдээ залуу үе биднийгээ дэмжсэнд нь эдгээр компанид үнэхээр их талархаж байгаа. Хамран ажилласан компаниуд цааш, цаашдаа олон залуусыг дэмжинэ гэдэгт итгэлтэй байна. 

-"Орк" болон "Диваажинд хүрэх зам"  зэрэг киноны романтик хэсгүүдэд яагаад Мөнхүүш ахыг тоглуулалгүй өөрөө тоглосон бэ?

-Би уг нь дүрээ солиод үзвэл сонирхолтой байх болов уу гэж бодоод Мөнхүүшд "Чи даруухан дүрд тоглочих, би өөр дүрд ормоор байна хоёулаа сольё" гэж хэлсэн ч Мөнхүүш "Үгүй ээ, би cool дүрд тоглоно гэсэн" /инээв/ Тэгэхээр нь би "Дахиад л найз нь уянгын, хайр дурлалын хэсэг дээр явах нь байна шүү дээ" гэхэд Мөнхүүш "Би нэг тийм савхи өмсдөг cool дүрд л тогломоор байна гэсэн". Эцсийн байдлаар ярилцаад би уянгын дүрд тоглохоор шийдсэн.

-Хайр дурлалтай хэсэгт тоглоход эхнэр тань яаж хүлээж авсан бэ. Ийм хэсэгт тоглоход хэцүү байдаг уу?

-Би тэр хэсгүүдээ үзэж чадахгүй ичээд байдаг юм аа /инээв/. Киноны нээлтэд эхнэртэйгээ хамт сууж байгаад үзэхэд үнэхээр эвгүй байсан. Манай хүн “Чи хэдий урлагийн хүн ч гэлээ ганцхан намайг л хайрлаж, ганцхан минийх л байх ёстой” гэж хайрыг үнэхээр нандинаар боддог байхгүй юу. “Хэдийгээр энэ нь кино ч гэсэн би чамайг харамлаж, бага зэрэг гомдож байна” гэж хэлсэн. Мэдээж хүн л юм чинь гомдож л таарна шүү дээ /инээв/.

-Хэрвээ та үзэгчийн оронд байсан бол өөрийн хийсэн бүтээлүүд тань өөрт тань хэр их таалагдах байсан бол? Хангалттай сайн хийж чадсан гэж бодож байна уу?

-Гадаад кинонуудтай жишиж үзвэл өндөр түвшинд хийж чадаагүй нь үнэн. Гэхдээ бид нар шиг дөнгөж хорин хэдтэй залуучууд өөрсдөө хийсэн гэхэд маш том багийг бүрдүүлэн тийм өнгө, гэрэлтүүлэг, зураг авалттай, чамгүй сайн кино болсон гэж бодож байгаа. Бид нарт нас болон цаг хугацаа маш их байна. Таван жилийн дараа бид ямар түвшинд хүрсэн байхыг одоо төсөөлөхөд мэдээж эрт. Одоо байгаагаасаа илүү сайжирна гэж итгэж байна. Өнөөдөр бид "Mesmerism"-ийг үүсгэн байгуулаад дөнгөж хоёр жил болж байгаа ч гурван уран бүтээл хийсэн. Гурвууланд нь л ингэж кино хийхгүй ээ гэсэн сөрөг шүүмжээс илүү та нар чадаж байна, сурч байна, сайжирч байна гэсэн комментууд илүү байсан. Анх "Орк"-ыг хийж байхад хүмүүс гоё байна гэсэн. “Сүүлчийн монита”-г хийхэд ямар хөөрхөн болчихсон юм бэ гэж байсан. Харин сүүлд бүтээсэн "Диваажинд хүрэх зам" киноны хувьд үзэгчдээс та нар үнэхээр хурдан сайжирч байна шүү гэсэн сэтгэгдлүүд их ирсэн. Энэ бүгд бидэнд төсөөлшгүй их урам зоригийг өгдөг. Хүмүүсийн  анзаардаггүй маш олон зүйл кинонд байдаг. Өнгө, гэрэл, хөгжим, жүжиглэлт, дүрүүдэд хэнийг яаж сонгох вэ гэх мэтчилэн цогцоороо маш том хэмжээний ажил. Залуу хүмүүс гэхэд тийм ч муу бүтээлүүд хийсэн гэж бодохгүй байна

-Нууц биш бол нэг кино хийхэд хэр их хөрөнгө, мөнгө ордог вэ. Жишээ нь “Орк” болон  “Сүүлчийн монита” зэрэг кино зардлаа нөхөж, хангалттай ашиг олж чадсан уу?

-Манайх хаа очиж шатдаггүй газар шүү дээ. /Инээв/ Анх кино хийнэ гэхэд зарим нь шал дэмий гэсэн. Монгол киног хүмүүс нэг их үздэггүй, хүн ам цөөтэй, зах зээл нь асуудалтай шатаад л дуусна, харин богино хэмжээний бичлэгээ хийгээд явсан нь дээр гэж их хэлж байсныг сонсоод айдастайгаар эхэлсэн. Урлагууд дотроос хамгийн чухал нь кино урлаг гэдэг учраас арай ч чадахгүй юм болов уу ч гэж их бодсон. Бас болоогүй “Фэйсбүүк”-ийн хоёр пацаан кино хийнэ гэж юу байсан юм гэж биднээс ахмад хүмүүсээс их шүүмж орж ирж байсан ч арван жилийн “фэн”-үүд маань “Бид танай хамт олныг дэмжинэ ээ, кино хийвэл заавал үзнэ, шатаахгүй” гэж урам өгч байлаа. Тэгээд л бид хэдий болтол бичлэг хийгээд л явах билээ гээд анхны киногоо хийхээр зориглосон. Хэрвээ хангалттай ашиг олж чадах юм бол цаашдаа кино хийнэ, эсрэгээрээ байх юм бол ахин кино урлагт хүч үзэхгүй гэж шийдэцгээсэн. Гэсэн ч манай анхны уран бүтээлийг өсвөр насныхан маш их үзсэн нь бидэнд хангалттай байсан. Энэ нь бид ирээдүйн үзэгчдээ өөрсдөө бэлтгэж байна гэсэн үг шүү дээ. 30-аад насныхан буюу бид нараас дээш үеийнхний “Фантастик продакшн", ”Хувьсал продакшн”,”U филм” зэрэг продакшн өөрсдийн гэсэн үзэгчидтэй болцгоочихсон. Бид нарын хувьд зөвхөн өсвөр насныхныг татаж чадахгүй байгаа хоосон зах зээлийг ашиглаж чадвал маш том амжилт учраас тэдэн рүү чиглэн уран бүтээлээ туурвидаг. Тэд чинь өөрсдөөсөө мөнгө харамладаггүй үеийнхэн шүү дээ./Инээв/

-Монголын зах зээлийг дэлхийн зах зээлтэй харьцуулахад хамаагүй жижигхэн гэж урлагийнхан ярьцгаадаг. Зөвхөн кино, контент хийгээд давхар бизнес ч юм уу өөр ажил хийхгүйгээр амьдрахад хэр хүрэлцээтэй байдаг вэ? 

-Хэтэрхий шуналтай биш л бол хүрэлцээтэй шүү дээ. Манай хамт олны хувьд кино хийхийнхээ хажуугаар"Mesmerism" пэйж хуудастаа богино хэмжээний олон бичлэг хийсэн. Тэр болгондоо бид хөгжөөд л явж байна. Гэхдээ хөгжихийн тулд мэдээж хөрөнгө мөнгө хэрэгтэй, тиймээс бичлэгтээ үзэгчдэд үл анзаарагдам байдлаар бараа, бүтээгдэхүүн сурталчилдаг. Тэгж олсон мөнгөө дараагийн бичлэг хийх урсгал зардалдаа зориулж, үлдсэнийг нь бусад хэрэгцээндээ зарцуулна. Бидэнд ер нь дажгүй боломжууд их орж ирдэг. 

-"Mesmerism" пэйждээ анхны бичлэгээ оруулж байх үе, дэлгэцийн уран бүтээлээ театрын дэлгэцээс анх үзсэн мөч хоёрын аль нь илүү таны сэтгэлийг догдлуулсан бэ. Тэр үеийнхээ сэтгэл хөдлөлөөс хуваалцаач.

-Хоёулаа л их сэтгэл хөдөлгөсөн. Гэхдээ "Орк"-ыг эцсийн байдлаар үзэж "render" дарчихаад кино хийж чадсан гэдэгтээ  үнэхээр итгэж чадахгүй байсан. "Орк" бас тийм лаг кино биш л дээ. Гэхдээ бид нарын хувьд бол дажгүй л кино байхгүй юу. Зургаан сарын турш хийсэн бүтээлээ эвлүүлэн эцсийн байдлаар үзээд Мөнхүүш болон эвлүүлэгч залуутайгаа нийлээд гурвуулаа бие биедээ “Ингээд кино хийчихлээ шүү дээ” гэж хэлсэн. Тэр үнэхээр гоё мэдрэмж. Харин "Mesmerism"-ийн анхны гараа гэвэл, нэг ч “like”-гүй пэйж хуудастаа “Дүүгийн ёолкны мөнгө” гэдэг нэртэй бичлэгээ маш өнгөлөг, гоё аялгуутай болгохыг хичээн оруулж байх үед айх, ичих хоёр зэрэгцэж байсан ч чамлахааргүй хандалт авч чадсан. Яагаад гэвэл өмнө нь бид хоёр олон улсын хүүхдийн “Найрамдал” төвийн багш байлаа. Олон амрагчтай зуслан шүү дээ. Хүүхдүүд маань манай пэйжийг маш сайн дэмжиж өгсөн. 

-Цаашдаа олон ангит кино хийж үзнэ гэж хэлсэн. Ямар төлөвлөгөөтэй байгаа вэ?

-Нэг ангит киноноос хэд дахин илүү хэцүү, цаг хугацаа, хөрөнгө мөнгө ч их шаардагдах ажил шүү дээ. Тийм учраас бага зэргийн айдастай байгаа ч олон ангит кино хийж үзнэ гэж төлөвлөснөөрөө байна. Одоохондоо хэзээ хийхээ арай шийдээгүй. Бидэнд яг одоо олон ангит болон нэг ангит киноны санаа байгаа, аль чадахаа сонгоод удахгүй дахин киноны ажилдаа орно доо. 

-Олон ангит киноноос ер нь хэр их ашиг олох боломжтой байдаг вэ?

-Олон ангит киног хийж дууссаныхаа дараа телевизүүдэд шууд зарах, эсвэл IP TV-д хувь эзэмшин оруулж болдог. Гэхдээ телевизэд боломжийн үнээр зарчих юм бол илүү олон хүнд хүртээлтэй гэсэн үг. Бид олон ангит кино хийвэл телевизэд зарах бодолтой байгаа. 

-Өөрийгөө ирээдүйд ямар түвшинд хүрнэ гэж боддог вэ. Яг кино урлагт амьдарна гэж боддог уу?

-Бид өөрсдийгөө маш хурдан ажиллаж байна гэж бодож байгаа. Цаашдаа хурдхан нэг бүтээл хийчихье гэхээсээ илүү чанарыг эрхэмлэн ажиллана гэсэн зорилготой болсон. Жишээ нь бид өмнөх уран бүтээлүүдээ зургаан сар хийдэг байсан бол дараачийн уран бүтээлдээ нэг жилийн хугацаа тавьж, илүү сайжруулахаар төлөвлөж байна. Бас би удахгүй аав болно. Мэдээж маш сайн аав болохыг хүсэж байна. Учир нь сайн л аав болохгүй бол Мөнхүүш бид хоёроос маш олон өсвөр насныхан үлгэр дууриал  авдаг. Энэ нь бид хоёрын хувьд маш том хариуцлага. Тиймээс сайхан гэр бүлтэй, сайн аав болохынхоо хажуугаар нийгэмдээ хэрэгтэй хүн болохыг хүсдэг. Хөдөлмөрлөж чадвал хүн юунд ч хүрч чаддаг гэдгийг бусдад харуулмаар байна. 

-Таны бодлоор Монголын кино урлаг дэлхийн тавцанд гарахад юу дутагдаж байна вэ?

-Баг хамт олон байж магадгүй. Орчин үед Монголд хамгийн хэцүү ажил бол хүнтэй ажиллах болчихоод байна шүү дээ. Хүнээр ажил хийлгүүлнэ гэдэг үнэхээр хэцүү, наад зах нь цаг барихгүй, хүний өмнөөс ажиллаж байгаа юм шиг аашилна, ялангуяа залуучууд нь маш уйдамтгай, хариуцлагагүй, хийсэн ажлаа дуусгалгүй хаяад явчихдаг талтай. Ядаж л цаг барьж чадахгүй байна гэдэг хамгийн том асуудал шүү дээ. Надад ч гэсэн тийм үе байсан ч одоо илүү хариуцлагатай болж сурч байгаа. Гэхдээ монголчууд нэг үеэ бодвол баг, хамт олон болж сурч байх шиг. Би баг хамт олон гэж ямар байдгийг “Фантастик продакшн”-аас хардаг. Яаж тэгж гоё баг бүрдүүлсэн бэ гэдгийг нь их судалдаг. Тийм болохоороо л тэд ингэж мундаг уран бүтээлүүдийг туурвиж чаддаг болов уу.

-Та нартай мөр зэрэгцэн бичлэг хийж байгаа залуус чамгүй олон байгаа. Маш богино хугацаанд бүрэн хэмжээний нэг биш бүр гурван кино хийсэн танай хамт олны амжилтын нууц юунд оршиж байна вэ?

-Бид нар зөвхөн нэг зүйл рүүгээ чиглэдэгт оршдог байж магадгүй. Бусад залуус бичлэг хийнгээ хажуугаар нь давхар өөр ажил хийгээд байдаг шүү дээ. Манайх зөвхөн "Mesmerism“-ээ төлөвлөгөөтэйгээр ажил болгосон. Өглөө нэг цагт цугларч, орой нэг цагт тарцгааж ар гэр, эрүүл мэндээ ч заримдаа үл хайхран ажилдаа анхаарлаа хандуулдаг. Мөн бид үнэхээр зоригтой байж чаддаг. "Яадаг юм бэ, юу ч байсан хийгээд үзье, хүмүүс юу гэж хэлэх нь ямар хамаатай юм бэ" гээд л. Монголд ер нь муулуулна гэдэг бараг л жам ёсны зүйл болчихсон. Тэрийгээ мэдсээр байж шантардаг хүмүүсийг би их гайхдаг. Монголчуудын хамгийн сайн чаддаг зүйл нь бараг хэн нэгнийг муулах шүү дээ. /Инээв/ Яг үнэндээ хэн нэгэн хүн намайг муулах үед энэ муу ямар зэвүүн байна аа гэж боддог мөртлөө би өөрөө ч гэсэн өмнө нь хүн муулдаг л байсан байхгүй юу.  /Инээв/ Гэхдээ одоо тэгэхээ больсон. 

-Хамгийн их үлгэр, дууриалал авдаг олны танил хүн тань хэн бэ?

-"Фантастик” продакшны ах нар байна. Ер нь хөдөлмөрлөж байгаа, муу ч, сайн ч байсан ямар нэгэн юм хийгээд явж байгаа хүмүүсээс үлгэр дууриал авч, тийм хүмүүсийг хараад өөрийгөө их зоригжуулдаг даа.

  

-Одоо яриагаа таны хувийн амьдралын тань талаар үргэлжлүүлцгээе. Удахгүй аав болох гэж байгаад тань баяр хүргэе! Аав болно гэхээр ямар мэдрэмж төрж байна вэ?

-Баярлалаа, аав болно гэдэг чинь маш том хариуцлага шүү дээ. Урьд нь би юу ч үгүй байсан бол одоо ядаж л байртай, машинтай болох хэрэгтэй. Хүүхдээ сайхан орчинд зөв хүмүүжүүлж, эрүүл өсгөх хэрэгтэй гээд энэ бүгд цөм аавын хариуцлагын асуудал. Тэгэхээр одоо байгаагаасаа хоёр бүр гурав дахин илүү хөдөлмөрлөж бүхнийг бүтээх шаардлагатай байх. Эрэгтэй хүн аав болоод буурь суурьтай болно гэдэг шиг миний хувьд тэр нь одоо л яг жигдэрч эхэлж байна. 

-Ирээдүйд гэр бүл болон ажил мэргэжлээ хэрхэн зохицуулна гэж боддог вэ?

-Манай эхнэр миний ажлыг маш сайн ойлгодог. Анхандаа бид хоёр их маргалддаг байсан. Эхнэр маань надад цаг гаргасангүй гэж их гомдоллодог байлаа. Би тэр үед эхнэртээ "Би ажиллаж байж цалин мөнгөтэй болж амьдралаа аятайхан авч явна. Тэрнээс биш нялуураад л байж байвал юунд ч хүрч чадахгүй, чи намайг ойлгож байж хоёулаа сайхан амьдарна, хэрвээ ажлыг минь ойлгож чадахгүй бол хоёулаа мөр мөрөө хөөсөн нь дээр" гэж шуудхан хэлчихдэг байсан. Гэхдээ би аль чадахаараа цаг зав гаргадаг тэрийг маань ч манай хүн маш сайн ойлгодог болсон. Гэр бүлийн амьдралд хайр чухал ч гэлээ итгэл, ойлголцол тэрнээс ч илүү чухал юм болов уу гэж боддог болсон.  

-Танай хуудаст  "Сайн охин ба сайхан охины ялгаа" гэдэг бичлэг байдаг шүү дээ. Амьдрал дээр энэ хоёр шинжийг хоёуланг нь агуулсан эмэгтэй хүн байдаг болов уу? 

-Сайн охин, сайхан охины шинжийг хоёуланг нь агуулсан охид зөндөө байгаа. Манайх бичлэгээрээ дамжуулан инээдмийн мөртлөө нийгэмд байгаа сэтгэл хөндөх, жишээ нь өрөвдөлтэй зүйлүүдийг харуулж байдаг. Муухай ч гэсэн нуулгүй хэлэхэд ядуу буурай оронд хошин шог хурдан хөгждөг гэдэг шүү дээ. Дөнгөж гарч ирж байхдаа бид аль болох хөгжилтэй байдлаар бичлэгүүдээ хийдэг байсан. Хүмүүс ч их үздэг байлаа. Яагаад гэвэл өнөөгийн нийгэмд болж бүтэхгүй байгаа нь дийлэнх, тэр бүгдийн төлөө хямраад байвал, хямраад л байна. Харин одоо бид хөгжилтэй хэрнээ хажуугаар нь хүүхэд залуустаа зөв үлгэр дууриал үзүүлэх бичлэгүүдийг хийх гэж хичээдэг болсон.  



-Сайн нөхөр, сайн эр хүн гэж Таны бодлоор ямар хүнийг хэлэх вэ. Та өөрийн цензуртээ таарсан сайн нөхөр, найз залуу байж чаддаг уу?

-Би өөрийн кинондоо романтик сценүүдийг  бодож сэтгэдэг ч гэлээ амьдрал дээрээ тэрэн шигээ байж чаддаггүй /Инээв/. Манай хүн байнга надад "Чи кино шигээ амьдар л даа" гэж хэлдэг байхгүй юу. /Инээв/ Би тэр үед нь "Уран сайхны кино бодит амьдралаас өөр шүү дээ хайр аа" гэдэг. Гэхдээ би эхнэрээ чин үнэнчээр хайрладаг, худлаа зүйл огт байхгүй, шууд л үнэнээ хэлчихдэг. Одоохондоо сайн нөхөр байх шалгалтаа өгөх үйл явц үргэлжилж байна даа. Харин сайн эр хүний тухайд би ямар нэг юманд хэт туйлшраад байдаггүй учраас гайгүй эр хүн юм болов уу гэж өөрийгөө дүгнэдэг. Залуучууд пи си, архи, хүүхэн аль эсвэл мөнгөнд хэт их туйлширдаг шүү дээ. Би нэг хэсэг айхтар пи си тоглоод уйдчихсан хүн. Оюутан байхдаа найз нөхөдтэйгээ шоу, цэнгээнээр явж үзээгүй биш үзсэн. Тэгэхээр бүгдийг нь үзчихсэн болохоор хаа очиж тэдгээрийн хор нь надаас аль эрт гарчихсан юм болов уу гэж бодогддог юм. Ер нь бол охиддоо хандаж хэлэхэд хор нь гарчихсан хүн зүгээр шүү. Хүнтэй суухгүй удаан байж байгаад хэтэрхий даруухан залуутай суучихлаа гэж бодъё, нөгөө залуу нь нэг ажилд ороод ажлынхантайгаа анх удаа пи си тоглож үзээд донтчихвол тэр хүн нь хэчнээн мундаг ухаантай байсан ч хобби, сонирхол гэдэг чинь хүчтэй зүйл шүү дээ. Тэгэхээр нэг удаа архи амсаад үзчихдэг тэрнээсээ гарч чаддаггүй, нэг пи си тоглоод бас гарч чадахгүй байснаас бүх юмыг сонирхоод үзчихсэн, хэмжээг нь тааруулж сурчихсан эр хүн ч гэлтгүй эмэгтэй хүн их зүгээр байдаг юм болов уу гэж боддог.  

-Одоогийн залуус бие биенээ сайн таньж мэдээгүй байж хурдан дотносож эрт гэр бүл зохиодог. Энэ тал дээр та ямар бодолтой байдаг вэ? 

-Манайх цагдаагийн газруудтай хамтарч ажилладаг юм. Тэдгээрээс гэр бүлийн талаар бичлэг хийлгэх санал их ирдэг л дээ. Сүүлийн үед салалт үнэхээр өндөр байгаа шүү дээ.Тэрэнд сэтгэл их эмзэглэж явдаг. Салж байгаа хүмүүсийн хэнийх нь зөв байх нь ямар ч хамаагүй, хамгийн гол нь хүүхэд хохирч байна. Яг үнэндээ хүүхдээ хохироож байгаа аав, ээж хоёрт арчаагүй байна л гэж хэлмээр байдаг. Тэр хүмүүс "Болдоггүй юм аа, Цогтоо юманд чинь учир гэж байдаг юм”,  "Бид хоёр энэ хэвээрээ амьдраад хүүхэд хэрүүлд өсвөл яах юм бэ" гэх мэтчилэн салах гэж байгаа шалтгаанаа хэлцгээдэг нь яг үнэндээ шалтаг гэж би боддог. Өөрсдөө хүүхэд байгаагүй юм шиг үр хүүхдэдээ тэгж хандаж болохгүй шүү дээ. Салалт их байгаагийн бас нэгэн шалтгаан нь миний түрүүн хэлсэн шиг хор нь хараахан гадагшлаагүйтэй холбоотой байж болох юм. Сайхан гэр бүл болъё гээд амьдрал зохион хүүхэдтэй болтол гарч зугаацмаар, гэр дотор өөрөөс нь шалтгаалах анхаарал халамжаас залхдаг,  тэгээд л хүүхдэд тавих хайр халамжаа хязгаарлах нь тодорхой. Үүнээсээ болоод гэр бүлийн хүнтэйгээ "Би ингэж байх албатай юм уу, би ганц л амьдарна" гээд л муудалцаж эхэлнэ. Тэгэхээр юм юмыг туршиж үзэж хороо гаргасныхаа дараа хүүхэдтэй болох ёстой болов уу. 

-Таны хувьд яг одоо жинхэнэ хайрыг мэдрээд явж байгаа байх. Жинхэнэ хайраа олсон цагтаа эр хүн хэр их өөрчлөгддөг бол? 

-Үнэхээр их өөрчлөгддөг. Жишээ нь аймаар том бакь биетэй, ойртвол цохиод унагаачихмаар залуучууд хүртэл хайртай хүнийхээ хажууд байхдаа хоолой нь шингэрч нялхраад, хөөрхөн хүүхэд шиг болчихдог шүү дээ. Тэгэхээр би эмэгтэй хүнийг эрэгтэй хүнээс илүү хүчтэй юм байна гэж боддог юм. Эр хүн үнэхээр хайртай хүнийхээ хажууд зүгээр л шалбааг шиг болдог. Бас эмэгтэй хүн эрэгтэй хүнийг сайн чиглүүлдэг юм шиг санагддаг. Эмэгтэй хүн эрэгтэй хүний эрх ашгийг хэт их боогоод байх юм бол асуудал үүснэ. Хэн хэнийхээ эрх ашиг руу халдахгүйгээр бие биенээ ойлгож байх хэрэгтэй юм болов уу. Эмэгтэй хүнд сонголт олон байдаг шүү дээ. 

-Дөнгөж ажлын гараагаа эхэлж, хийж бүтээх гэж хичээж байгаа залуу хүмүүстээ зааж зөвлөх зүйл юу байна вэ?

-Хүний өмнөөс амьдарч байгаа юм шиг шалтаг тоочихоо болих хэрэгтэй гэж хэлмээр байна. Албатай юм шиг шалтаг тоочдог залуус зөндөө байдаг. Чи өөрөө ажиллаж байж л амжилтад хүрнэ. Монголд хариуцлага хүлээдэг хүн байдаггүй. Бас нөгөө талаар хүмүүс хэтэрхий их ажилд дарагдахаараа шантарч эхэлдэг. Яг үнэндээ монгол хүмүүсийн хувьд бие мах бодь нь ядарсандаа шантардаг биш, харин бусдын хэлсэн эерэг биш сөрөг үгсээс болж няцдаг. Жишээ нь, үнэхээр ажил ихтэй байж байгаад гэртээ орж ирэхэд нь ойр дотны хүмүүс нь зэмлэж оройтож ирсэнд нь уурлахын оронд зүгээр л хөдөлмөрлөж байгаа нэгнээ үнэлж, урам өгч байх хэрэгтэй. Хамт ажиллаж байгаа хүмүүс ч ялгаагүй. Жишээ нь багийх нь нэг хүн алдаа гаргалаа гэхэд алдаа гаргасан хүндээ л сануулах нь зөв. Монголчууд болохоор шал хамааралгүй хүнд очоод манай багийн тэр хүн алдаа гаргаснаас болоод бид асуудалд орчихлоо гэж ярьдаг. Энэ нь маш том алдаа юм болов уу гэж боддог. Тэгэхээр нэг баг бол нэг баг шиг байж, өөрөө сонгож багтаа оруулсан л бол  хэчнээн алдаа гаргасан ч нэгэндээ итгэж дахин боломж олгож байгаарай гэж зөвлөмөөр байна.

-Залуустаа тэр киног заавал үзээрэй гэж зөвлөх кино юу байна вэ?

-Би ерөнхийдөө маш олон кино үздэг хүн байхгүй юу. /Инээв/ Үнэхээр гоё хөдөлмөрлөх урам зориг өгдөг, хөдөлмөрлөснийхаа ачаар амжилтад хүрч байгаа кинонууд их гоё санагддаг. Дээхнэ үеийн хүмүүс кино үзээд уярч уйлдаг байсан бол орчин цагт гадаадынхан баярлаж уйлдаг кино их хийдэг болчихсон байна. Бид ч бас тэдгээрээс суралцана гэж бодож байгаа. Жишээ нь, миний хамгийн сүүлд үзсэн "Bоhemian Rhapsody" гэдэг киноны юу нь гоё санагдсан бэ гэвэл төгсгөл хэсэгтээ дуугаа дуулах мөчид хүмүүс өмнөөс нь баярлаад уйлаад байгаа байхгүй юу. Тэр бол яах аргагүй баярын нулимс.  Яг тэрэн шиг өрөвдөж уйлуулдаг биш, баярлуулан огшоож уйлуулдаг кинонуудыг залуусыгаа үзээсэй гэж хүсэж байна. Бид ч бас тийм киноны зохиол бичих гэж хичээж байгаа. 

-Ярилцсанд маш их баярлалаа.

Ярилцлага хийсэн: Г.Энхтуул


 


Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
0
11
0
0
0
0
3

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.