Хайх зүйлээ бичнэ үү

7 мин

Д.Идэржаргал: Уур бухимдал, айдас түгшүүр гэх мэт хүчтэй сэтгэл хөдлөл төрүүлж байвал хуурамч мэдээлэл байх магадлал өндөр


18-35 насны 1000 гаруй залуусыг нэг дор цуглуулсан "Залуусын дуу хоолой" чуулганы эхний өдөр амжилттай болж өндөрлөлөө. Хоёр өдөр үргэлжлэх уг чуулганы хүрээнд залуучууд засаглал, улс төрийн оролцоо, ардчилал, авлига, бизнес эрхлэлтийг дэмжих зэрэг нийгмийн түлхүүр асуудлуудыг өөрсдийн арга хэлбэрээр илэрхийлж санал, бодлоо солилцож, дуу хоолойгоо нэгтгэж байна. 

"Залуусын дуу хоолой" өнөөдөр хоёр өөр байршилд зургаан өөр арга хэмжээг нэгэн зэрэг зохион байгуулсан бөгөөд Ublife сайт "Мэдээллийн агуулгыг ялган танихад суралцах нь: Хуурамч мэдээлэл, баримт, үзэл бодлын ялгаа" дэд арга хэмжээг сурвалжилсан юм. 


Д.Идэржаргал: Мэдээлэл авахад үнэгүй боловч мэдээллээс үүдэн гарч буй үр дагавар харьцуулшгүй үнэ цэнэтэй


Хэлэлцүүлэг эхлэхэд МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийн багш Д.Идэржаргал "Мэдээллийг ялган танихын ач холбогдол, хэрэгцээ шаардлага" сэдвээр илтгэл тавьсан юм. Тэрбээр илтгэлдээ хэд хэдэн чухал санааг онцолсныг товчлон хүргэж байна. 

Бид яагаад мэдээллийг ялган таних, баталгаажуулах шаардлагатай вэ? 

Тэрбээр "Мэдээлэл гэхээр хүмүүс зурагтаар үзээд сонингоос уншаад өнгөрдөг мэдээ мэт боддог боловч өнөө үед мэдээлэл бидний бүхий л сонголт, шийдвэрт нөлөөлж байна. Өөрөөр хэлбэл, мэдээлэл хүлээн авахад үнэгүй боловч мэдээллээс үүдэн гарч буй үр дагавар харьцуулшгүй үнэ цэнэтэй" гэлээ. 

Өнөөдөр бидний авч буй мэдээлэл уламжлалт мэдээллээс юугаараа ялгаатай вэ? 

  • Өмнө нь голдуу ном сурах бичиг, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, эрдэмтэн судлаачдаас мэдээлэл олж авдаг байсан бол өнөөдөр бид мэдээллийг хаанаас ч олох боломжтой болсон. 
  • Өмнө нь тогтсон горимын дагуу сэтгүүлчид, мэргэжилтнүүд бэлтгэн гаргаж байсан бол өнөөдөр хүссэн хүн бүхэн мэдээлэл бүтээх боломжтой болжээ. 
  • Өнөө үед мэдээлэл бүтээхэд ямар нэгэн онцгой ур чадвар шаардлагагүй болсон (гэвч үүнийг хүн бүр сэтгүүлч болсон гэж ойлгож болохгүй)
  • Өмнө нь мэдээлэл нь танин мэдүүлэх, соён гэгээрүүлэх, зугаацуулах, хяналт тавих гэх мэт зорилготой байсан бол эдүгээ мэдээлэлд эерэг, сөрөг (худал мэдээлэх, тархи угаах, гүтгэх, нөлөөлөх) аль аль үр дагавар холилдон оршиж байна. 
  • Орчин үед хэн ч, хэзээ ч, ямар ч зорилгоор мэдээлэл түгээж болох тул тэдгээрийг үнэн эсэхийг баталгаажуулах зайлшгүй шаардлагатай тулгарч байна. 

Д.Идэржаргал "Аливаа мэдээллийг хайж олох, үнэлэх, үр дүнтэйгээр ашиглах ур чадварыг мэдээллийн бичиг үсэгт тайлагдах (media literacy) гэж тодорхойлдог. Тэгвэл дэлхийн хамгийн том бизнес, технологийн компаниуд нэгдсэн P21 хэмээх ТББ мэдээллийн эрин зуунд амьдарч буй хүмүүсийн заавал эзэмших ур чадваруудыг нэрлэсэн. Тухайлбал, ерөнхий ур чадварт бүтээлч сэтгэлгээ, хамтын ажиллагаа, харилцаа холбооны ур чадвар, шүүмжлэлт сэтгэлгээ багтсан бөгөөд энэ дөрвөн ур чадварын суурь нь хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй харилцах, мэдээллийг ялган таних чадвар болж байна" гээд мэдээллийг үнэн, зөв эсэхийг дараах байдлаар шалгаж байхыг зөвлөлөө. 

Таны авч буй мэдээлэл баталгаатай эсэхийг хэрхэн мэдэх вэ? 

  • Эх сурвалжийг шалгах: Тухайн мэдээллийг хэн, ямар байгууллага бэлтгэж, түгээснийг харах 
  • Контент анализ хийх: Нэг талыг баримталсан эсэх, зөрчилдөж буй талуудын байр суурийг аль алиныг нь тусгасан уу, баримт нотолгоо байна уу гэдгийг нягтлах   
  • Уур бухимдал, айдас жигшүүр, инээдтэй гэх мэт сэтгэл хөдлөлийг бий болгож байна уу (хүчтэй сэтгэл хөдлөл төрүүлж байвал хуурамч мэдээлэл байх магадлал өндөр)
  • Хэл зүйг шинжил: Үг үсгийн алдаатай, мэдээллийн гарчиг сенсацилсан, өдөөн хатгасан өнгө аястай байвал хуурамч мэдээлэл байх магадлал өндөр
  • Вэб сайтын дизайнд анализ хийх: Домайн хаяг нь албан ёсных уу эсвэл хувь хүний блог байна уу, сайтын мэдээлэл нь тогтмол шинэчлэгддэг үү, бусад мэдээлэл нь ямар агуулгатай байна гэдгийг харах
  • Бусад эх сурвалж энэ талаар хэрхэн мэдээлж буйг шинжлэх (Итгэж болох мэргэжлийн хэвлэл мэдээллүүд энэ талаар юу гэж мэдээлж байгааг давхар нягтал)

Б.Намнандорж: Бүрэн зураг, бүтэн мэдээлэл авсны дараа дүгнэлт хийгээрэй  

"Remo Media"-ийн үүсгэн байгуулагч Б.Намнандорж "Хуурамч мэдээлэл гэж юу вэ, үүнийг хэрхэн таних вэ" сэдвээр ярьсан юм. 

Мэдээллийг ерөнхийд нь мэдээ, ухуулга, үзэл бодол, сурталчилгаа, энтертайнмент гэж тав ангилдаг. Харин бодит бус мэдээллийг (misinformation) хуурамч мэдээ, хов жив, ухуулга, шоглоом, дам яриа гэж хувааж болдог. Бодит бус мэдээлэл нь мөнгө олох, хандалт авах, үзэл бодол гуйвуулах, хувийн мэдээлэл цуглуулах зэрэг далд зорилгыг агуулах нь бий. Тиймээс аливаа мэдээллийг уншихдаа энэ нь зөвхөн мэдээлэх зорилго агуулж байна уу эсвэл намайг ятгах, ямар нэг бүтээгдэхүүн, үйлчилгээ зарах, үзэл бодолд нөлөөлөх далд санаа агуулж байгаа эсэхийг байнга эргэцүүлэх хэрэгтэй. 

Дараах шаардлагуудыг хангасан контентыг чанартай сэтгүүл зүйн бүтээл гэж үзнэ. Үүнд: Эх сурвалж нь баталгаатай, агуулга нь зөв, баримттай, шударга байдлыг хангасан, хариуцлага хүлээх эзэнтэй, төвийг сахисан байх.

Хэрхэн хуурамч мэдээлэлд хууртахгүй байх вэ? 

  • Нийгмийн сүлжээнд танихгүй хүнтэй найз болохгүй байх
  • Зорилго нь тодорхойгүй групп, хуудсуудад нэгдэхгүй байх 
  • Таны мэдээлэл авч буй фэйсбүүк хуудасны нэр өөрчлөгдсөн эсэхийг шалгах 
  • Зурган хайлт хийх (Tineye, Google image search зэргийг ашиглаж тухайн зураг анх хэзээ, хаана ашиглагдсаныг тогтоож болдог)
  • Тухайн мэдээллийг бичсэн сэтгүүлчийн бусад мэдээ, нийтлэлийг шалгаж үзэх 
  • Phishing буюу хувийн мэдээллээ хакердуулахаас сэргийлэх (дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл коммент дээр байгаа линк рүү дарж ороорой гэсэн урхиас зайлсхийх)
  • Гарчиг уншиж мэдээний агуулгыг дүгнэхгүй байх
  • Тухайн мэдээний он, сар, өдрийг шалгах (хоцрогдсон мэдээлэл байж болно)
  • Тухайн агентлагийн сайт руу орж байгууллагын нийтлэлийн бодлого, танилцуулга, холбоо барих хэсгийг нягтлах
  • Наргиа, хошин шог, егөөдөл эсэхийг шалгах

Ц.Тамир: Залуусын оролцоо чухал ч оролцохоос өмнө зөв мэдээлэлтэй байх нь илүү чухал

Хараат бус эрэн сурвалжлах төвийн хамтран үүсгэн байгуулагч Ц.Тамир "Баримт ба үзэл бодол" сэдвээр илтгэл тавив. 

"Сүүлийн 3 жилд Монголын хэвлэл мэдээллийн зөвлөлд 227 гомдол ирсэн. Үүнээс 119 бүтээлийг ёс зүйн алдаа гаргасан гэж үзсэн бөгөөд тэдгээрийн 52.4 хувь нь мэдээллийг нягталж, шалгаагүйгээс шалтгаалсан гэж дүгнэжээ. Өөрөөр хэлбэл, буруутай нь тогтоогдсон сэтгүүл зүйн хоёр контент тумын нэг нь баримтыг нягталж шалгаагүй гэсэн үг. Бид өнөөдөр ийм мэдээлэл дунд амьдарч байгаа учраас мэдээллийг нягтлах, баримтыг үзэл бодлоос салгаж ойлгох шаардлагатай байна" гэв. 

Баримт үзэл бодлоос юугаараа ялгаатай вэ? 

Тэрбээр "Нотлогдож болох зүйлийг буюу тодорхой цаг хугацаа орон зай дахь нотлогдохуйц зүйлийг баримт гэдэг. Харин үзэл бодол гэдэг нь хувь хүний үзэл бодол, байр суурь, үнэлэлт, дүгнэлт, таамаглалыг хэлнэ. Жишээ нь, Fact checking буюу мэдээллийг нягталж шалгах ажлыг зөвхөн өнгөрсөн болон одоо цагт хийж болдог. Гэтэл "2012 онд дэлхий сөнөнө" гэсэн мэдээлэл нь таамаглалын шинжтэй учраас баримт биш юм. Саяхан "Вагро өргөст хэмхнээс хуруу зай гарчээ" гэх мэдээлэл гарсан байсан. Доторх мэдээллийг нь уншаад үзвэл даршилсан өргөст хэмхнээс хуруу зай гарсан гэх иргэний гомдлыг мэргэжлийн байгууллага шалгаж байна гэсэн агуулгатай. Хуруу зай гарсан эсэх нь албан ёсоор тогтоогдоогүй байхад тухайн хэвлэл мэдээллийн байгууллага аль хэдийн гарсан мэт гарчиг өгсөн. Эндээс үзэл бодол, баримтын ялгааг харж болно" гэлээ.  

Тэрбээр илтгэлийнхээ төгсгөлд "Залуучуудын оролцоо чухал ч оролцохоос өмнө зөв мэдээлэлтэй байх нь илүү чухал. Цаашлаад хэрэггүй мэдээллийг тоохгүй өнгөрүүлэх, хуурамч мэдээлэлд оролцохгүй, цааш түгээхгүй байх нь орчин цагт эзэмшвэл зохих чухал чадвар юм. Гэвч мэдээллийн боловсрол энд хүрээд зогсохгүй. Энэ бол аливаа мэдээллийг эрж олоод, шүүлтүүртэйгээр боловсруулсны үндсэн дээр хариуцлагатайгаар үзэл бодлоо хуваалцах, бусдад түгээх зэргийг хамарсан цогц үйлдэл юм" гэв. 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2024.01.25
Алисагийн тэмдэглэл: Хэн нэгний танд зориулан илгээж байсан хамгийн гоё дуу юу вэ?
2
2024.01.10
Технологийн салбарт ажиллахад хамгийн таатай газраар Юнител групп шалгарлаа
3
2023.12.15
Миллениалуудын ажлын орчин | Ээлтэй, хүртээмжтэй МУИС
санал болгох
1
3 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
0
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.