Хайх зүйлээ бичнэ үү

Ихэнх уншигчдад анх 2009 онд "Годог хүлээх зуур" шүлгээрээ илүү тод танигдсан "Өндөр Цогоо" гэгдэх үндэсний сэтгэлгээ, хэл соёлоо өөртөө гүн шингээсэн уран бүтээлч, яруу найрагч бол Д.Цогбадрах юм. Түүний хэгжүүн байрын төрх, хэзээ ч дахиж "Болор цом"-д оролцохгүй гэх яриа нь "буурь зааж" явааг нь илтгэнэ. Тэр өөрийгөө "яруу найрагч" гэж хэлүүлэх дургүй нэгэн. Ингээд түүнтэй ярилцсаныг хүргэе.


Яруу найрагч Цогоо ойрын үед юу хийж байна?

Би саяхан ХХ зууны нэрт яруу найрагчдын нэг Ч.Мягмарсүрэнгийн нэрэмжит "Хангайн цом" яруу найргийн наадамд оролцож, Архангай аймгийн Өндөр-Улаан суманд саатчихаад ирлээ. Тэр наадамд миний шүлгэн хүлэг маань сайн давхиж, түрүүлсэн. Бас дараагийн номын ажилдаа ороод байна.

Энэ жилийн "Хангайн цом" наадам өмнөх жилүүдийнхээс юугаараа онцлог байв?

Өнгөрсөн жилийг бодвол шалгарсан яруу найрагчдынх нь тоо цөөрсөн байна. Өнгөрсөн жил 30 гаруй найрагч байсан бол энэ жил 20 гаруй хүн шалгарсан. Энэ жилийн наадам миний дүгнэлтээр зохион байгуулалт сайтай боллоо. Өнгөрсөн жилийнх шигээ тухайн яруу найрагчийг шүлгээ уншсаны дараа оноог нь шууд өргөх зарчмыг баримталсан. Наадмыг П.Батхуяг, О.Содномпил, М.Баттөмөр нар шүүн тунгаалаа. Оноогоо шууд өргөх зарчмыг баримталсанд би их олзуурхаж байгаа шүү.

Найрагчдын ярьж буйгаар таны анхны түрүү гэх юм. Энэ үнэн үү?

Үнэн. Гэхдээ урьд нь хүүхэд байхдаа дүүргийн, нийслэлийн "Хүрэл тулга" наадамд түрүүлж байлаа. Тайзан дээр гарч шүлэг унших минь харьцангуй цөөхөн л дөө. Ихэнхдээ чөлөөт сэдвийн хүрээнд бүтээлээ сойж болох наадмуудад шүлгээ өгдөг. Харин сэдвийг нь тулгаж өгсөн наадмуудад шүлгээ сойх дургүй. Наадамд түрүүлчхээд тайзан дээр зогсож байхад бүгд хүндэтгэлтэй хүлээж авсан нь сайхан санагдсан.

Таны төрсөн нутаг усны талаар яриагаа үргэлжлүүлье?

Би Улаанбаатар хотын нэгдүгээр төрөх эмнэлэгт төрсөн. Миний аав Төв аймгийн Бүрэн сумын уугуул хүн. Улаанбаатар хотод амьдарч байгаа хүмүүс аль нутгийнх вэ гэж асуудаг. Тэр болгонд хотынх гэхээр хотын хүн гэж байдаггүй юм аа гэдэг. Тэгээд би аавынхаа төрсөн нутгийг хэлэх хэрэгтэй болдог л доо. Миний ээж Баянхонгор аймгийн Эрдэнэцогт суманд төрсөн. Харин миний эмээ удахгүй 100 насыг зооглох гэж байгаа буурай бий. Ер нь эмээдээ золгох, аавынхаа нутагт очих нэрийдлээр Бүрэн сумыг байнга зорьдог. Айраг сайхантай нутаг шүү.


Хэзээнээс эхэлж шүлэг тэрлэж эхэлсэн бэ?

Гурав, дөрөвдүгээр ангиасаа л бичиж эхэлсэн юм уу даа. Лааны гэрэлд, тооны дэвтэр дээр бичдэг байлаа. Талдаа ороогүй тооны дэвтрүүдийн гол цаасыг сугалж, бүгдийг нь нааж нэг дэвтэр болгож аваад бичдэг байсан. Дөмөгхөн бүтээл хийе гэж бодож эхэлсэн минь оюутны нэгдүгээр дамжаанаас л эхэлж дээ. Ерөнхийдөө 10 гаруй жил найргийн мөр хөөж явна.

Бороотой, цастай эсвэл намрын цагаар яруу найрагчид онгод арвинтай байдаг шиг санагддаг. Таны хувьд ямар цаг мөчид шүлэг бүтээлээ туурвидаг вэ?

Би навч унаж байгааг хараад шууд бал цаас гаргаж ирээд бичдэггүй. Магадгүй хаврын улиралд тухайн мэдрэмжээ бичнэ. Энэ миний онцлог л доо. Тухайн үеийн зураглалыг мэдэрчихээд л цааш алхдаг. Жишээ нь, өвлийн улиралд хаврын тухай бичнэ. Ер нь ганцаараа байх үедээ л шүлэг бичихийг чухалчилдаг хүн л дээ. Гэхдээ тэр мэдрэмжүүдийг бичнэ гэдэг том ажил. Жимс боловсорч ханаад ус руу тонгойх агшинг яаж буулгах вэ гэдэг нарийн мэдрэмж л дээ. Тиймийн тулд аль болох зүйрлэж, хүншүүлж бичих хэрэгтэй. Яруу найраг өөрөө илэрхий үнэн шүү дээ.

Хүмүүсийн хэлийг нь мэдэхгүй мөртлөө орчуулгагүй ойлгож болох зүйлс их байна. Өөрөөр хэлбэл байгалийн хэл. Магадгүй яруу найрагчид л тэр хэлийг төгс ойлгодог болов уу?

Байгалийн хэлээс гадна уран зураг, хөгжим зэргийг орчуулгагүй ойлгож болох юм. Гэхдээ яруу найраг тухайн хэлний төвшинд бичигддэгээрээ онцлог. Энэ утгаараа яруу найраг бол улс, үндэстний хэлний соёлд чухал нөлөөтэй. Олон хүний тодорхойлсноор яруу найраг мэдрэмжийн урлаг. Мэдрэмж гэх долоохон үсэгний цаана маш их зүйл нуугдаж байгаа. Урлагийн онгод, зөн гэдэг тухайн хүний сүнслэг чанартай шууд хамааралтай. Би хэн нэгний дүрстэй харилцаж байгаа ч сүнстэй нь л ярьж байдаг. Сүнслэг чанар гэдэг өөрөө мэдрэмжийн яс мод нь байх л даа. Яруу найраг, тэр дундаа дорнын яруу найраг хөгжимлөг, бадаглалт бичлэгтэй. Харин өрнө дахинд задгай бичлэгийн өнгө аяс ажиглагддаг. Тэгэхээр энэ хөгжимлөг бичиглэлд бүхий л илэрхийллүүдийг дүрсэлж бичнэ гэдэг нь мэдрэмж юм уу даа.

Яруу найрагч Х.Нямхишиг "Шүлэг бичихгүй амьдрах нь хавьгүй амар" хэмээсэн байдаг. Та үүнтэй үзэл бодол нэгдэх үү?

Нэг талаараа санал нэг байна. Нөгөө талаараа санал нийлэхгүй байна. Яруу найраг гэлтгүй аливаа зүйлийг эзэмшихийн тулд тодорхой цаг хугацааг зарцуулж, түүндээ шимтэх хэрэг гарна. Олон удаа алдаж байж сайн хийж сурдаг шиг. Үүнтэй л адилхан юм даа. Туулж ирсэн замаа ял гэж харах утгагүй л дээ. Гэхдээ яруу найраг дурлаад байх юм биш. Яруу найрагч болох гэж дурлаж гүйдэг хүмүүс их байна л даа. Миний ойр дотнын хэн нэгэн шүлэг бичвэл би залбирах л байх даа /инээв. Үнэхээр авьяас заяасан бол хэн ч хориод дийлэхгүй. Тавилан нь л тэр.

Таны үеийн яруу найрагчдын ихэнх нь бүлгэмд харьяалагддаг. Харин та бүлгэмд харьяалагддаггүй. Ингэх нь давуу талтай юу?

Би бүлгэмд харьяалагддаггүй болохоор бүлгэмтэй байхын сул талыг мэдэхгүй байна. Тэгэхээр давуу талыг нь ч бас мэдэхгүй. Би Орхон их сургуульд аялал жуулчлалын мэргэжил эзэмшсэн. Манай сургуулийн нэрэмжит "Орхоны уянга" гэж яруу найргийн наадам болдог байсан л даа. Тухайн үеэс л үеийнхээ нөхдийг мэднэ. Гэхдээ би өөрөө өөртөө шүлэг бичиж яваад 2010 онд анхны номоо хэвлүүлсэн. Нэгдүгээр дамжаанаасаа эхэлж Оросын алдарт зохиолч Антон Чеховын зохиолуудад шимтсэн. "Хархорин" захын хойд талын задгай талбайд хуучин ном худалдаалдаг юм. Одоог хүртэл байгаа. Тэр хавиар тэнэж яваад Чеховын номыг анх харж байлаа. Тэгээд түүний "Интоорын цэцэрлэг" хэмээх жүжгийн нэрээр анхны номоо нэрлэсэн.

Тэгвэл танд ганцаардах үе байсан уу?

Надад унших ном их байсан учраас ганцаардах зав байгаагүй. Яруу найрагт эрт, хожуу хөл тавьсан гэж ярих утгагүй. Тэд эрт орж ирлээ гээд юу хийсэн бэ гэдгээ бодох хэрэгтэй. Чимээгүй байлаа гээд үхчихсэн гэсэн үг биш шүү дээ.

Яагаад ч юм анхны бүхэн л дурсамжид тод үлдээд байх шиг санагддаг. Таны анхны ном хэр их зориг гаргасан шийдвэр байв?

Санамсаргүй явж байгаад л хэвлүүлчихсэн. Шүлгүүдээ "санах ой"-д хуулж аваад эгчийнхээ ажлын хэвлэгчээр хэвлэж гаргасан юм. Тэгтэл эгч маань ээж, аав хоёрт хэлчихэж. Тэгээд аав, ээж хоёр номоо хэвлүүлэх үү гэж асуухад нь зөвшөөрсөн. Миний гурван номыг хэвлүүлэхэд аав санхүүгээр тусалсан л даа. Тэгээд анхны номоо хэвлүүлэхээр болтол хавтасны арын зураг байдаггүй. Тэгэхээр нь талбай ороод зурагчин дагуулж, "Internom" орж зураг даруулсан. Сүүлийн хоёр номонд тийм зураг байхгүй. Ер нь тэр номын шүлэг нь л минийх юм даа /инээв/.

Анхны номоо хэвлүүлсний дараах Цогоогийн тухай ярьж болох уу?

Номоо хэвлүүлчихээд шүлгүүдээ уншаад өөрийгөө болоогүй байна гэдгээ мэдэрсэн л дээ. Түүнээс хойш хэсэгтээ л анир чимээгүй амьдарсан. Ийм сул байж болохгүй гэж өөртөө хатуу сануулсан л даа. Тэгээд 2015 онд "Зүүднээс гүн ертөнцөд" гэх хоёр дахь номоо хэвлүүлсэн. Хүмүүсийн зүгээс эерэг хандлагууд ирсэн. Тухайн жилдээ "Одоо цаг" гэх гурав дахь номоо гаргасан ч арай болоогүй юм шиг санагдаад 2017 онд дахиж эмхтгэсэн. Тэгээд ч номоо гүйлгээд оруулъя гэж бодож байгаагүй. Эцсийн эцэст бичиг л үлддэг юм байна лээ. Байшингийн тухай түүх нь байхгүй бол тэр байшин утгагүй шүү дээ. Тийм учраас урлагт сэтгэлгээ үлдэх байх гэж би боддог. Гэхдээ эргээд бодоход тухайн үед ном гаргасан нь оносон байна. Тэр үед би "Би" л байж. Тиймээс харамсах зүйл байхгүй.

Сүүлийн ном, анхны ном хоёрын жингийн зөрүү хэр вэ?

Сүүлийн номын цаасны чанар муу байсан. Учир нь маргааш нь миний төрсөн өдөр, нөгөөдөр нь “Болор цом”-д оролцох гээд яаруулчихсан юм л даа. Харин эхний хоёр номын цаасны чанар сайн байсан. Хэдий тийм ч гэсэн номууд хоорондоо ялгаатай. Хоосрох, огт бичихгүй байх үе ч надад байлаа. Энэ бүхний ард, цаг хугацааны эрхээр илүү цэгцтэй бичих болсон. Эхний номоо гаргахдаа гэнэн байсан бол одоо томоожсон гэж хэлж болно. Тэгэхээр жингийн хувьд асар их ялгаатай.

Антон Чехов 1860 онд төрсөн. Магадгүй таныг мод гэж төсөөлбөл хоёр зууны өмнөх салхи таны навчийг гэгэлзүүлдэг үү?

Хүн болгоныг нэг мод гэж төсөөлье. Өргөн нарийн, өндөр нам, хатаж буй, нахиалж буй гэх мэт. Тэгвэл салхи тэр моддод ялгалгүй хүртэх учиртай. Тиймээс түүний үлдээсэн бүтээлүүд бүхий л модны навчийг гэгэлзүүлж чадна. "Тэнгэрт ургадаг моддын, тэмдэгт навчин гэгэлзэхэд" гэж яруу найрагч Л.Өлзийтөгсийн шүлгэнд байдаг. Шүлэг бичнэ гэдэг зангиа зүүсэн хэн нэгэн ширээний ард суугаад өдөн бийрээр биччихдэг зүйл биш юм байна. Тэгэхээр буй юмс бүхэн нэгдэж байж л яруу найраг болох байх. Зайнаас харьцдаг зүйл бол биш. Гэхдээ үргэлжилсэн үгийн зохиолыг яруу найраг шиг бүтээдэггүй юм байна. Өөртөө тухтай орчин бий болгож, сууж хийдэг ажил. Би ойрноо үргэлжилсэн үгийн зохиол бичих гэж хичээж байгаа. Дүү нар араас гарч ирж байгаа юм чинь санаа зовох зүйл алга. Би яруу найраг гэх том далайгаас шанаганыхаа хэмжээгээр л хутгаж уулаа. Барагдашгүй их юм чинь шунаад яахав. Чехов намайг одоог хүртэл ховсдон татдаг. Тэр тусмаа л би түүний зохиолуудыг ахин дахин уншсаар л байгаа. Түүний дүр бүтээдэг, амьдралаас юмс олж чаддаг чадварыг нь сурах гэж их зовж байна даа.

Та Чеховын ямар зохиолд нь дуртай вэ?

Олныг нэрлэж болно л доо. Гэхдээ "Цагаан магнайт", "Жалганд", "Түшмэлийн үхэл" гэсэн гурван өгүүллэгийг нэрлэе.

Таны уншсан ном, зохиолуудаас хамгийн хайрлаж уншсан нь юу байв?

Бас л олныг нэрлэж болно л доо. Мэдээж Антон Чеховын зохиолууд байна. Нүсэр зохиол уншмаар санагдвал Достоевскийн зохиолууд эргүүлдэг. Монголоос С.Эрдэнэ, Д.Намдаг гуайн зохиолууд сэтгэлд ойрхон байдаг. П.Лувсанцэрэн, Д.Батбаярын зохиолууд бас наалдацтай шүү. Би 2004 онд нэгдүгээр дамжааны оюутан байхдаа багшийнхаа ширээн дээрээс цайвар хавтастай, "Суут 60 сэтгэгч" гэдэг нэртэй ном олсон юм. Тэр ном багшийнх байсан юм билээ. Тэгээд би гэртээ авч очоод хэд хоног уншсан. Манай Г.Аюурзана ах ч "амттай" орчуулсан байна лээ. Түүнээс хойш тийм ном олж уншихын хүслэн болсон доо. Тэр ном намайг өөрчлөгдөхөд их тус болсон.

Таны хувьд яруу найрагч гэж хэн бэ?

Хүн болгон л өөр өөрийн тодорхойлолт олж хэлэх байх. Олон афоризмууд бий. Гэхдээ би хувьдаа аль эрт тодорхойлчихсон. Миний хувьд "Өөрийнхөө анхны ойлгосон ойлголтод үнэнч явж байгаа хүнийг л яруу найрагч" гэж хэлнэ. Магадгүй би 10 жилийн дараа өөр зүйл ярина. Хүн гэдэг ийм л амьтан. Харин яруу найргийг би "илэрхий үнэн" гэж боддог. Ямар нэгэн байдлаар батлах шаардлага байдаггүй болохоор. Микеланжелогоос нэг хүн "Та яаж ийм гайхалтай баримлуудыг бүтээсэн юм бэ" гэж асуужээ. Хариуд нь тэр "Би зүгээр байгальд байгаа чулууны илүү хэсгийг аваад хаячихдаг" гэж хариулсан байгаа юм. Яг үүн шиг илүү хэсгээ гээж байж л яруу найрагруу дөхөх байх. Пуужин тийрэлтэт хөдөлгүүрийн тусламжтай агаар мандалд гараад, сансарт жингүйдэхдээ хөдөлгүүрээ хаядаг шиг.

Шүлэг бичдэг хүн бүр яруу найрагч биш гэж зарим нь ярих юм. Тийм гэж үзвэл та өөрийгөө яруу найрагч гэж хэлэх үү?

Одоогоос хоёр жилийн өмнө цайны газар сууж байтал намайг нүүр номоор таньдаг бололтой хоёр охин "Та яруу найрагч Цогбадрах мөн үү" гэж асууж байсан юм. Би хариуд "Цогбадрах байна аа" гэж хариулсан. Өнөөдөр хэн нэгэн тэгж асуувал би ижилхэн хариулт өгнө. Аливаа зүйл өөрийн орон зайгаа олохын тулд тодорхой цаг хугацааг туулах хэрэгтэй. Тэгэхээр би яруу найрагч гэж хэлэгдэхийн тулд миний шүлгүүд тодорхой цаг хугацааг туулах ёстой. Өөрөөр хэлбэл хойчийн хүмүүс л намайг тодорхойлог. "Уншигчид ирээдүйгээс ирдэг" гэсэн сайхан үг бий шүү дээ.

Сүүлд гарч ирж буй залуу шүлэгчдийн номыг уншдаг уу?

Уншихыг хичээдэг. Нэлээд зөв цэгцэрсэн хүүхдүүд номоо хэвлүүлж байна гэж дүгнэж байгаа.

Магадгүй тэдний үеийн нэгэн нь танаас зөвлөгөө авахаар ирвэл юу гэж зөвлөх вэ?

Хамгийн түрүүнд шүлгийг нь уншина. Надаас өөр ганц, хоёр хүнд уншуулаарай гэж хэлнэ. Гэхдээ миний зөвлөгөө айхавтар хол зөрөхгүй болов уу. Ер нь яруу найраг хүлээлттэй байх тусмаа хүчирхэг байдаг л даа. Номоо гаргана гэж бодоод яваад байдаг. Даанч боломж нь бүрдэхгүй. Гэвч шүлгүүд улам сайжирдаг. Хамгийн гол нь бичээд л байх хэрэгтэй. Жил тойроход л цус сэлбэгдэнэ. Ингээд бодохоор ном хэвлүүлэх мөнгө олдохгүй байна гэдэг сайн хэрэг.

Яруу найргийн хүрээлэл дунд "Бор шувуу" нисэлдээд байх шиг. Магадгүй цагаахан атаархлаас болдог болов уу?

Нэгдүгээрт, би дөчин нас гарчихаад одооны хориод насны залуустай тайзан дээр тэрсэлдээд зогсохгүй. Энэ бол тодорхой үнэн. Хүн гэдэг сүргийн амьтан. Тиймдээ сүргээс ирж буй олон янзын таашаалаас болоод нэгнээ мэдрэх мэдрэмж нь буурчихдаг. Тэгэхээр оюун ухаан нь давамгайлж, бодоход хүргэж байгаа юм. Яруу найргийг бодохгүйгээр, мэдэрч бичих ёстой л доо. Тэгэхээр "Бор шувуу" нисгэж байгаа нь нэгэнтэйгээ барьцалдаж байгаагаас ялгаагүй. Миний хувьд дүү нартайгаа тэрсэлдэхгүй. Тэдний орон зайг өөрсдөд нь үлдээнэ. Харин миний орон зайд хэн нэгэн халдах гэж оролдвол дуугүй сууж чадахгүй.

"Болор цом" наадмын талаар ямар бодолтой явдаг вэ. Шүлгээ сойж байв уу?

"Болор цом"-д 2017 онд анхны бөгөөд сүүлийн удаа оролцсон. Манай үеийн нэг яруу найрагч "Чи намайг юу гэж боддог вэ" гэж асууж байсан юм. Би хариуд "Чи энэ тайзнаас буугаад хаалганы цаана гарчих. Тэнд л яруу найраг байгаа" гэж хэлсэн. Тэр миний хэлснийг одоо болтол ойлгоогүй явж байгаа юм байна лээ. "Болор цом"-д авьяастай нь ч түрүүлж байлаа. Авьяасгүй нь ч түрүүлж байлаа. Янз бүрийн л юм болдог шүү дээ. Хэрвээ "Болор цом"-ыг чөлөөт уншлага болгоё гэвэл үзэгчээ дасгах гэж магадгүй 30 жил зарцуулах байх. Яруу найраг ямар азарга, дааганы уралдаан ч биш. Тэр наадамд өндөр ач холбогдол өгөх шаардлагагүй. Гэхдээ авьяастай хүмүүс үүнийг ойлгоод зайгаа барьчихдаг. Хэрвээ яруу найраг ярих гэж байгаа бол "Болор цом"-ын тухай ярих шаардлагагүй болов уу гэж бодож байна. Тийм болохоор надад хамааралгүй зүйл л дээ. Би дахиж оролцохгүй. Миний байх ёстой газар биш юм байна лээ. Би дахиж тайзан дээр тийм их гараад байхгүй. Ер нь "Иймэрхүү байвал зүгээр юм биш үү нөхөд өө" гэдгийг харуулах гэж саяхан хоёр яруу найргийн наадамд оролцлоо.


Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
0
7
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (4)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2019.08.20 103.229.122.57

Үзэл бодол зорилгодоо үнэнч байдагт баярлаж байна. Энэ тууштай зан тань маш гайхамшигтай юм өндөр амжилт хүсье хувийн амьдрал яахав дээ

0 Хариулах


Зочин 2019.08.18 66.181.161.9

negen ued amidrach bsan humuus bizde uchrin medehgui bj uy gej huni amidrald oroltsdog uymde

0 Хариулах


Зочин 2019.08.08 202.126.88.237

"Цогбадрах байна аа". ...

0 Хариулах


Зочин 2019.08.08 66.181.179.144

Би Лхагвадуламын нөхөр гэж худлаа цуурч явдагаа болиорой. Яг сэтгэцийн өвчтэй хүн л хаа хамаагүй хүүхнийг өөрийнхөө эхнэр гэж ярьж явна шүү

7 Хариулах