Хайх зүйлээ бичнэ үү

25 мин

Д.Цогтбаатар: ГХЯ бол арын хаалгаар ороод сүүл мушгисхийдэг хүмүүсийнх биш, тэргүүний сэтгэлгээтэй манлайлагчдын ажиллах газар

Гадаад харилцааны салбарт ажиллахыг хүсдэг, болж өгвөл дипломатч болохыг мөрөөддөг уншигчид наашаа суугаарай.


Өчигдөр, өнөөдөр, маргаашийн аяар хувирч өөрчлөгддөггүй эрх ашиг гэх зүйл дэлхий дээрх улс орон бүрт төрөлх чанар, заяагдмал хувь тавилан мэт оршин байдаг. Орчин цагийн монголчууд бид өөрсдийгөө хүчирхэг хоёр их гүрний дунд хадны завсар хавчуулагдсан халиуны зулзага мэт балчираар төсөөлөвч жижиг орны зовлонг олон улсын харилцааны лангуун дээр жаргалаар арилжих гадаад бодлогын дүнд талбиун тал нутагтаа эгэл жирийн өдрүүдийг эрх чөлөөтэй өнгөрүүлсээр ирэв. Монгол төрийн дэлхийтэй харилцах өнө хэтийг харсан бодлого үе үеийн дипломатчдын оюун бодол, ур чадвар, хамгийн чухал нь хэнээс ч үл шалтгаалах туйлбартай зангаргаар гуйвалтгүй хэрэгжиж байна. Эрхэлж буй ажлынхаа нарийн түвэгтэйд түүртэхгүй эмх цэгц, сахилга бат, дэг соёлыг гадаад байдал, үг яриа, үйл хөдлөлөөрөө илэрхийлдэг зарчимтай, тэр хэрээр хэн хүн өндөр дээд босгоор нь алхаж чаддаггүй Гадаад харилцааны яам гэдэг нь бүхий л улсад бий. Аливаа улсын өөртөө итгэлтэй залуус энэ албанд мэдлэг боловсролоо сорих хүсэл эрмэлзлээр жигүүрлэж байдаг нь дипломат алба юм. 

Гадаад харилцааны салбарт ажиллахыг хүсдэг, болж өгвөл дипломатч болохыг мөрөөддөг уншигчид наашаа суугаарай. Илүү дутуу чимэггүй мэдээллийн хөтөлбөрүүдийг л хамгийн их тогтож хардаг тулхтай үзэгчид ч олон улсын харилцааны сэдэв, Монголын дипломатчдын яриа хөөрөөнд анхаарлаа хандуулалгүй өнгөрөөдөггүй тул Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар бидний урилгын хариуд нэг цаг төлөвлөн хүлээж авахад нь аль болох олон асуудлыг хөндөж ярилцахыг зорьлоо. 

-Тантай хамт социализмын үеийн орос 14 дүгээр дунд сургууль төгссөн хүнтэй сая тааралдлаа. “Онц сурдаг, шинжлэх ухааны төрлийн хичээлүүддээ гойд, тэгээд эмч болно гэж ярьдаг хүүхэд байсан” гэж Таны талаар хуучилна лээ. Та яагаад олон улсын харилцааны мэргэжил эзэмшихээр болчихсон юм бэ?

-Би физик, математик, химид их дуртай хүүхэд байлаа. Ээж маань эмч, бактериологч хүн учраас химидээ илүү дурлана. Гэрт ээж орос хэл дээр бичигдсэн анагаахын шинжлэх ухааны ном, сэтгүүл их авчирдаг байсан учраас хичээлийн хөтөлбөрөөс гадна үзэж харах, судалж сонирхох боломж миний хувьд арай өргөн байж. Аравдугаар ангид орсон хойноо ч эмч болно гэж бодсоор явсан. Улсын шалгалт нэлээд дөхсөн хойно эдийн засагчийн мэргэжил эзэмшихээр шийдэж байлаа. Их сургуулийн уралдаант шалгалт болохоос ердөө гуравхан сарын өмнө шийдвэрээ огцом өөрчилсөн эрсдэлтэй алхам ч юм шиг. Хүүхэд зангаараа л явж дээ. Тэгээд математик суурьтай конкурстээд МУИС-ийн банк санхүүгийн ангид элсэн орохоор болдог юм. Гэтэл Гадаад харилцааны яамнаас Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуульд суралцах хүүхдүүдийг шалгаруулж, миний элсэлтийн оноо болон хувийн хэргийг судлаад намайг сонгосныг дуулгасан. Хожим сонсоход одоо Женевт олон улсын хүний эрхийн байгууллагад ажиллаж байгаа Бат-Эрдэнэ гэж ах тухайн үед оюутан байхдаа яаманд дадлага хийж байхад нь хүүхдүүдийн хувийн хэрэг судлуулж л дээ. Тэгэхэд минийхийг их анхааралтай авч үзсэн юм билээ. Яамнаас “ОУХДС-д явуулна, Кампуч улсын (тэр үед Камбожийг “Кампуч” гэдэг байв) кхмер хэл судална” гэв. Би нэлээд гайхлаа. Тэгэхэд ээжийн маань эгч МУИС-ийн багш хүн л дээ, “Миний хүү ОУХДС-иа сонго, Кампуч бол бидэнтэй адил дорнын соёлтой, нэг шашинтай улс шүү дээ” гэхэд нь их сонирхож, тэгээд л явах болсон. 

-Тэр үед боловсон хүчний бодлого ямар мундаг байгаа вэ. Хэний ч танихгүй жирийн нэг хүүг элсэлтийн шалгалтад үзүүлсэн амжилт, дунд сургуулийн багш нарынх нь зүгээс сурлага, хүмүүжлийг тодорхойлсон хувийн хэргээр нь сонгоод тухайн цаг үеийн социалист систем даяар дархлагдсан хамгийн шилдэг сургуульд илгээж байдаг?

-Тэр үед боловсон хүчний бодлого одоогийнхоос нарийн байж. Аав минь автобусны жолооч, ээж маань эмч байлаа. Би тэгж сонгогдоогүй бол миний эцэг эхэд хүүгээ Москвагийн ОУХДС-д явуулахад нь дэмжих өндөр албан тушаалын ганц ч танил байсангүй. Ер нь аль ч цаг үед төрийн тусгай байгууллагын сонгон шалгаруулах зарчим тийм л байх ёстой.

Тэд чинь зүгээр л тэнгэрийн амьтад. За, энэ яаманд ч үнэхээр мундаг толгойтой, өндөр боловсролтой хүмүүс ажилладаг юм байна, миний мэддэг гурав дөрвөн гадаад хэл бол юу ч биш юм байна гэж бэргэж сүрдээд л.

-Гадаад харилцааны яаманд ажилд орно гэдэг хүүхэд бүрийн дураараа мөрөөдөхөд ч хүршгүй том газар байлаа. Эх орны хамгийн шилдэг охид, хөвгүүд зүрхэлж хаалгыг нь татах ёстой газар л гэж ойлгож, тэр хэрээр тусгай статуст нь хүндэтгэлтэй ханддаг шүү дээ. Таныг ОУХДС-ийг төгсөж ирэхэд өнөөгийн бидний хувьд домог болон яригддаг Ц.Гомбосүрэн, Л.Эрдэнэчулуун зэрэг дипломатч ГХЯ-нд ид ажиллаж байж. Та дөнгөж атташегаар ажлаа эхэлж байх үеийнхээ талаар дурсахгүй юү?

-Хамгийн түрүүнд бичиг баримт боловсруулж сурсан. Ах нар том том хавтастай баримт ширээн дээр авчирч тавиад л “Янзал” гэчихнэ. Тэр нь эмхэлж цэгцлээд архивт бэлэн болгох, он сар болон агуулгаар нь товъёоглохыг хэлж байгаа хэрэг. Шинэ залуу ажилтан энэ бүхнийг хийж байхдаа маш их зүйлтэй уншиж танилцаж, судалж мэдэж авдаг. Ялангуяа оюутан байхдаа яаманд дадлага хийх хугацаандаа Сүх-Очирын Болд, Лувсангийн Эрдэнэчулуун нарын бэлтгэсэн гадаад орны төрийн тэргүүн нарын уулзалтын баримт бичгүүд, захидлын төсөл зэргийг анх удаа үзээд ах нарын мэдлэг чадварыг шүтэж байгаа юм чинь. Тэднийг одоо л би сүрхий нэрлээд байгаагаас биш, тэр үед бол юун уулзаж ярилцах вэ. Тэд чинь зүгээр л тэнгэрийн амьтад. За, энэ яаманд ч үнэхээр мундаг толгойтой, өндөр боловсролтой хүмүүс ажилладаг юм байна, миний мэддэг гурав дөрвөн гадаад хэл бол юу ч биш юм байна гэж бэргэж сүрдээд л. Дадлагаас дадлагын хооронд би ерөөсөө ийм л дипломатч болъё гэж хичээл номондоо улам их шамдах урам зориг авч сургуулиа ч амжилттай дүүргэсэн. Миний санаанаас 1994 онд сургууль төгсөж ирээд уншиж байсан Ю.Цэдэнбал даргын Малайзын Элчин сайдтай уулзсан ярианы тэмдэглэл гардаггүй юм. Тэгэхэд Монголд маань ардчилсан нийгэм тогтож байсан учраас Бал даргын социализмын үеийн уулзалт ярианы тэмдэглэл түүхэн сонирхолтой баримт байхгүй юу. БНМАУ-ын үеийн гадаад бодлого маш нарийн судалгаатай, өндөр тооцоолол, алсын хараатай байсныг тэгэхэд олж хараад олзуурхаж байлаа. Монгол Улсын өнөөгийн гадаад бодлогын суурь нь тийм нарийн байсан учраас бидэнд өвлөн үргэлжлүүлэх залгамж чанарын хүчтэй өгөгдлүүд байдаг. Өмнөх үед төлөвшсөн гадаад бодлогын суурин дээр шинэ цагийн дипломат бодлогын үндсэн чиглэл, цоо шинэ зарчмууд зангилагдсанаас биш гаргалгаа хийдэг арга хэрэгсэл өөрчлөгдөөгүй. Гадаад бодлого л бол гадаад бодлого байдаг зарчимтай юм.

-Таныг ГХЯ-нд ажиллаж эхлэхэд удам дамжсан дипломатч хэр олон байв. Энгийн гэр бүлээс гаралтай хүмүүстэй харьцуулахад ядаж л өссөн төрсөн орчноосоо шалтгаалаад тэд дипломат албанд хэдэн алхмын түрүүнд учраа олчихдог байв уу?

-Манай дээд курсэд тухайн үеийн ГХЯ-ны сайдаар ажиллаж байсан хүний хүүхэд сурдаг байсан. Ядаж л гэрэл зургийн цомогтоо Нью-Йоркод авахуулсан зурагтай байх нь мэдээж. Яаманд удам дамжсан дипломатч мэр сэр ажилладаг байсан. Гэхдээ социализмын үед дипломат албанд ажилчин ангиас гаралтай тэргүүний сурагчдыг шилж оруулах бодлоготой байсан юм шүү. Тэр зарчмаар над шиг хүмүүст боломж гарч ирсэн гэж боддог. 

-ГХЯ-нд анх ажиллаж эхлэхдээ төрийн ёслол, дипломат дэг жаягийн туршлагагүйгээс эвгүй байдалд орсон, сургамж болж үлдсэн, энгийнээр хэлбэл хөгтэй тохиолдол Танд байдаг уу?

-Оросын Гадаад яамны харъяа Москвагийн ОУХДС гэдэг чинь туршлагатай дипломатч, Элчин сайд нар хичээл ордог, хүнийг ямар ч тохиолдолд алдаа мадаг гаргах магадлал багатай, биеэ эвтэйхэн аваад явчихаар болтол нь сургачихдаг газар л даа. Тэр орон зайд хүн ном үзэхээс гадна дипломат орчинд цочирдоод байхааргүй бэлтгэгдчихдэг юм билээ. Ерөөсөө аливаа шилдэг сургууль гэдэг сайн хөтөлбөр, номын сан, сургалтын орчноос гадна шилдэг багш нар цугласан газар учраас газар газраас сурлагаараа сонгогдож ирсэн оюутнууд тэр орчинд бүрэн чанагдаад төгсдөг юм байна даа гэж би одоо ч боддог. Залуу хүн гэдэг чинь зөвхөн хичээлээр хязгаарлахгүй хичээлийн бус цагийн арга хэмжээнүүд, дотуур байран дахь амьдралын хэв маягаас ч хүмүүжлээ төлөвшүүлж, маш ихийг сурч боловсорч байдаг шүү дээ.

Хөгтэй явдал гэвэл, зочид гэнэтийн гэмээр асуултууд тавьсан нь санаанд орж байна. “Танай хонь яагаад цагаан байдаг юм бэ” гэж асуух нэгэн байхад, “Хоёр бөхтэй тэмээ хэдэн шүдтэй вэ” гэж асуусан нь ч бий. Гадаадын нэгэн хунтайж айлчлахад гадаа арга хэмжээ зохиолоо. Хөтөлбөр уртын дуугаар өндөрлөхийг зарласны дараа хунтайж наранд нэлээд зогсоод халууцсан болоод ч тэр үү, “Уртын дуу хэр уддаг бол” гэж надаас асууж билээ. 

-Албан ёсны уулзалтын орчуулга хийж байгаа танай яамны залуучуудыг харахад зарим нь нэлээд мэргэшчихсэн, зарим нь ч нэлээд тэвдүү харагддаг. Таны анхны орчуулгууд хэр эвгүй байв?

-Кхмер, тай хэл дээрх албан ёсны уулзалтуудад би ер нь орчуулаагүй юм байна. Гэхдээ олон улсын хурлуудын үеэр хэрэглэх тохиолдол цөөнгүй гарч байсан.  Ихэвчлэн орос, англи хэлээр орчуулж байсан. Зарим дарга дуусахгүй урт өгүүлбэрээр, эсвэл гүнзгий утга агуулдаг философийн чанартай юм ярихад санааг нь гүйцэж тэмдэглээд, түүнийгээ орчуулахад жаахан хүнд байдаг юм. Сүүлдээ орчуулгын ажилдаа зүгшрээд ирэхээр тухайн оронд түгээмэл хэрэглэгддэггүй ховор нандин үг оролцуулаад л орчуулдаг болно шүү дээ.

-Орчин цагт нэгээс олон гадаад хэл төгс эзэмшсэн байх нь боловсролтой сэхээтэн хүмүүст байдаг л зүйл болж ирлээ. Тиймээс дэлхий дахинд дипломат ажилтан ямар байх тухай ойлголт илүү нарийсаж байгаа болов уу?

-Дипломат ажилтан гэдэг орчуулагч биш. Ажлаа явуулахад шаардагддаг ур чадваруудын нэг нь л орчуулах юм. Дипломатч гэдэг чинь тухайн орон, бүс нутгийн соёл, түүх, улс төр, эдийн засгийн тогтолцоог нарийвчлан судалж мэргэшсэн хүмүүс. Ялангуяа аливаа орны улс төрийн шийдвэр гаргах механизм, шийдвэрийг нь нөхцөлдүүлж байгаа улс төрийн төлөвшил, соёл, чиг хандлагыг мэддэг байх ёстой. Тухайн орноос манай улс руу чиглэсэн бодлого ямар байх, тодорхой асуудал дээр ямар байр суурь баримтлахыг нь ойлгож, харин бид тэдэн рүү ямар бодлого явуулж байж байр суурийг нь манай эрх ашигт нийцүүлэх боломжтойг гаргаж ирдэг хүмүүсийг дипломатчид гэдэг шүү дээ. Гадаад улс манайхаас өөр байр суурьтай байхад шийдвэрийг нь яаж өөрийн улсын эрх ашигт дүйцүүлэх, үгүй ядаж дөхөм байдлаар гаргуулах вэ, үүний тулд хэрхэн нөлөөлөх нөөц боломж байгааг том зургаар нь харах тухайд л дипломатчид ажилладаг гэсэн үг. 

ГХЯ-ны зүгээс үргэлж нэг л зарчим, нэг л байр суурийг баримталж ирсэн.

-Гадаад харилцааны яам бол улс орны эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааны арга хэрэгсэл бас болдог. Гадаадын хөрөнгө оруулагчид  үндэсний том компаниудтай өөр өөрсдийн шугамаар ярьж тохироход хүч хүрэхгүй том төслүүд манайд байдаг шүү дээ?

-Мэдээж. Монгол Улс тун саяхан зурвасхан боловч маш эрчтэй, маш хурдтай хөгжиж, дэлхийд гайхууллаа. 17-20 хувиар өссөн эдийн засаг гэвэл Азербайжан, Катар, Монгол гурав л байсан. Тэр үед яасан бэ гэвэл, зах зээлд дөнгөж шилжсэний дараах хүнд үед монголчуудад тусалж дэмжиж байсан олон хөрөнгө оруулагчид, донор улсууд манай эдийн засагт хамтран ажиллах, томоохон төслүүдэд оролцохыг хүсэхэд манай улс үл ойшоон гонсойлгоод явуулчихаж байсан түүх бий. Эдийн засаг өссөн зурвас үеийн дараа манай нөхцөл байдал яаж хямрав, өр ширэндээ яаж баригдав. Тэгээд эргээд л нөгөө гонсойлгоод явуулсан улсуудаасаа гуйгаад очсон. Харин эдийн засгийн өсөлтдөө бялуурч хяналтаа алдсан үед ийм байдлаар эргэж буцах магадлалыг урьдчилж хэн тооцсон бэ, ирээдүйд эрсдэлтэй тулбал хэрхэх төлөвлөгөөг хэн боловсруулаад ажиллаж байсан бэ, гомдоосон талуудаасаа юм гуйх нүүрийг Монгол Улсад хэн хадгалж үлдсэн бэ гэвэл, манай дипломат албаныхан шүү дээ. ГХЯ-ны зүгээс үргэлж нэг л зарчим, нэг л байр суурийг баримталж ирсэн. Хүнд цагт хамт байсан хөрөнгө оруулагч, донор улс орнуудыг үл ойшоох бүү хэл, эд биднийг ямар хэмжээнд хүндэтгэж авч үзэж байна, бид тэдэнд ижил хариу үзүүлэх учиртайг шийдвэр гаргагчдад цаг ямагт анхааруулж ирсэн. Тиймээс энэ бүх хугацаанд гадаадад суугаа манай ЭСЯ-ны ажилтнууд өөрсдийн зүгээс тавьж болох бүх анхаарлаа тэдний зүгт таслаагүй. Олон улсын арга хэмжээнүүдэд оролцохдоо Монголын хувьд чухал улс орнуудыг дэмжсэн байр суурь илэрхийлэхээс авахуулаад боломжит бүх найрсаг харилцааг идэвхжүүлж байлаа. Зөөлөн бодлогоор ингэж харилцаагаа анхаарч, аварч үлдэнэ гэдэг дипломатч нараас маш уйгагүй хүчин чармайлт шаардсан ажил байдаг юм. Хямралыг даван туулахад дэлхийн хамтын нийгэмлэгийн улс орнууд Монгол Улсыг хүлээн авах шалтгаан нь манай ГХЯ байсан гэж би бардам хэлнэ. Дипломат хүн дипломат арга хэрэгслээр эх орныхоо эрх ашгийн төлөө ийм л ажлыг гүйцэлдүүлдэг.

-Та бол яах аргагүй мэргэшсэн дипломатч. Гэхдээ та бас улстөрч. Та улс төрийн томилгоогоор төрөлх яамандаа сайд болж ирэхэд энэ салбар Таныг хэрхэн угтаж авсан бол. Боловсон хүчний чанар, чадавх нь хэр хүмүүстэй ажиллаж байна вэ?

-Тийм ээ, энд би ногооноороо шахам орж ирээд олон хүнээс ихийг сурсан. ГХЯ бол намайг ажил амьдралын их далайд бүрэн бэлтгэж өгсөн, миний хувьд төрөлх гэж хэлмээр газар. Энд хэн ч өчүүхэн зүйл ярьдаггүй. Манай улсын бодлого, хөгжил, аюулгүй байдал гэдэг чинь том бүс нутгийн, ахиад нэг алхахад олон улсын харилцааны тогтвортой байдлын салшгүй хэсэг юм. Тэгэхээр энэ харилцаа, уялдаа холбоог өөрсдийн зүгээс болон бусдын талаас гээд олон өнцгөөс бодитоор ойлгож, томоор харах боломжийг өгдөг. ГХЯ хүнд ийм чадварыг олгож, ингэж ч төлөвшүүлдэг газар. Яамандаа долоон жилийн дараа сайдаар томилогдоод ирэхэд манайхан бүгд намайг таньж байгаа нь, заримтай нь олон жил хамт ажилласан маань сайхан байсан. Бусад яаманд ажиглагддаг дутагдалтай зүйл манайд ч бий болж. Тиймээс би ирсэн цагаасаа нэг л зүйлийг дарга, ажилтан бүгдэд хэлж шаарддаг. “Манайх бол энэ улсын хамгийн тэргүүний уураг тархи, сэтгэлгээтэй хүмүүс зүтгэж ирсэн монгол төрийн түүхэнд онцгой яам. Арын хаалгаар орж ирээд сүүл мушгисхийгээд явж байдаг хүмүүс байж таарахгүй. Эх орноо олон улсын түвшинд төлөөлөх манлайлагчид л байх ёстой шүү” гэж. Заримынх нь ундууцлыг төрүүлдэг ч байж магадгүй. Хамт олны бүгдэд яг адилхан таалагдаж удирдана гэж байдаггүй. Хамгийн гол нь чиглэл гаргаад түүндээ хамт олныг нэгтгэхэд л байдаг. Тусгай алба гэхээр л гаднаас “цус” сэлбэхгүй хаалттай, хүний нөөцийн өрсөлдөөнөөс ангид, дээгүүр дэвж амьдрахыг хүссэн ганц нэг нөхөд байдаг л юм. Тэгж болохгүй. Жинхэнэ ур чадвартай нь ажиллах ёстой. 

Ажлын шалгуурт унах, үнэнд гүйцэгдэх хүртлээ тийм хүмүүс амжилттай ч юм шиг харагдаж хэсэг явах нь байх.

-Оюутны ширээнээс дөнгөж өндийсөн цагаасаа босгоор нь алхаж, ахмад дипломатч нарт хүлээн зөвшөөрөгдөх хүртлээ мэргэшин туршлагажиж, Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөхөөс хожим их улс төрд орж, эргээд төрөлх яамаа удирдан ажиллаж буй хүн бол Та, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар.108 жилийн түүхтэй дипломат албаны түүхэнд “Арын хаалгаар орж ирээд сүүл мушгисхийгээд явж байдаг хүмүүс байж таарахгүй” гэж сайд нь сануулж хэлэх хүртэл ГХЯ-ны боловсон хүчний нөхцөл байдал өөрчлөгджээ. Нөлөө бүхий улстөрчдийн оролцоотойгоор ийм арын хаалга бий болсон гэж жишээ нь би боддог. Харин яагаад, хэзээнээс эхэлсэн гэж Та үздэг вэ?

-Зах зээл, чөлөөт нийгэм гэдэг зүйл хувь хүмүүст өөрсдийгөө бодит байдлаас давуулж үнэлэх, бусдад өөрийгөө дөвийлгөж рекламдах боломж олгодог юм уу гэж анзаарагддаг. Ажлын шалгуурт унах, үнэнд гүйцэгдэх хүртлээ тийм хүмүүс амжилттай ч юм шиг харагдаж хэсэг явах нь байх. Манай яаманд яаж ийгээд ороод ирлээ гэхэд олон улсын түвшний анхаарлыг татах санал санаачилга гаргах, бусдын олж хараагүй өнцгөөс бодож сэтгэх ажлын шаардлагаас хэр удаан бултаж чадах вэ дээ. Би өөрөө энгийн атташегаас эхлээд энэ залуучуудын одоо явж байгаа замаар явж ирсэн хүн. Энд хичээж зүтгэсэн хүнд ахиж дэвжих боломж байдаг. Монгол Улсаа том гүрнүүдэд хүлээн зөвшөөрүүлэх ухаалаг бодлогуудыг гаргаж чадахгүй хүн манайд хол явах ямар ч боломжгүй. ГХЯ тусгай алба учраас дипломат албаны шалгалтаа өгчихсөн, төрийн албан хаагчийн тангаргаа өргөчихсөн ажиллаж байгаа залуусыг үр дүн гаргаж чаддаг болтол нь дэмжин тусалж, чадавхжуулаад авах нь зүйн хэрэг. Арын хаалга, танил талаар хүн ажилд авдаг тогтолцоо хэдийнээс эхлэв гэж шүүн хөөх хэцүү байна. Социализмын үед ГХЯ-нд цус ойртолт боллоо гэх шүүмж мэр сэр сонсогддог л байсан. Одоо энэ үзэгдэл байхгүй биш байна. Лав л дипломатчийн хүүхдээс сайн дипломатч болсон нь цөөнгүй шүү. Манай яам Монголын чадварлаг иргэдэд хаалттай биш нээлттэй байх учиртай. Тэдний эрүүл өрсөлдөөн дунд орших ёстой. Түүнээс биш яаж ийж байгаад орчихсон, ганц үг бэлдчихэж чаддаггүй нөхөд хов жив хутгаж, бусдыг “гадных” хэмээн гадуурхаж “цэмцэгнэн” суудаг газар байж таарахгүй. Тийм хүмүүст бол энд хэцүү дээ. 

-Дипломат төлөвшилтэй хүн улс төрд, ялангуяа сүүлийн үеийн популизм түгэн дэлгэрсэн орон зайд өөрийнхөө төлөвшлөөр ажиллахад түвэгтэй байх. Жишээ нь, Танд тун ч тавгүй мэдрэмж төрдөг үү?

-Тийм тал бий. Популизм дөнгөж эхэлж байхад үүний эсрэг тууштай байр суурь баримталсан ганц яам чинь ГХЯ шүү дээ. Гадаадын хөрөнгө оруулалт, зээл тусламжийг олж ирэх гэж хамгийн түрүүнд манай яам л учрыг нь олж аятай, эвтэй яриа хөөрөө өрнүүлдэг. Гадаадын хөрөнгө оруулагчийн нэг доллар, зээл тусламжийн нэг доллар ямар их үнэ цэнээр, хэр их хөдөлмөр, хичээл зүтгэлээр Монголд ирдэг вэ. Монголоос хамаагүй том эдийн засагтай улс орнууд бидэнтэй зэрэгцээд уулзалт хийгээд, учраа яриад хөрөнгө татах гээд явж л байдаг. Гэтэл тэдэнтэй өрсөлдөөд, Монголыг хөрөнгө, зээл тусламжийн урсгалаас хоцроочихооргүй шийдвэрт хүргэсний дараа орж ирсэн хөрөнгө мөнгийг голж чамлаад л, тусламж үзүүлсэн, хамтарч ажилласан талаа хөөж туугаад унахаар хамгийн түрүүнд ГХЯ-нд маш эмзэг тусдаг. Тэр гаднын түншүүдийн гомдлын хариуд юу гэх вэ, яаж эргүүлэх вэ гэдэг дахиад л бидний ажил болж байдаг. Тийм ч учраас популизмд хамгийн эмзэг өртөмхий салбар бол ГХЯ. Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа Иелийн их сургуулийн нэгэн профессорын бичсэн ном уншсан юм. Түүнд бүхнийг тооцож, тоон аргаар бодож боловсруулж болдгийг өгүүлсэн байв. Хэдэн оны усан үзмээс хамгийн сайн дарс гарахыг математикийн аргаар бодож болдгийг хүртэл шүү. Нийгмийн ухааны ухагдахууныг хүртэл тоонд суурилж байж болох хамгийн бодитой хандлагыг нь тооцоолдог шүү дээ. Түүнээс санаа авч 2009 онд би Гадаад бодлогыг эдийн засагжуулах хөтөлбөрийг боловсруулж, яамны зарцуулж буй төсвийн нэг төгрөгөөр бид хэдэн төгрөг олж, улсын төсөвт татаж байгааг тоонд, баримтад суурилан тооцдог механизмтай болгосон. Үүнээс өмнө юу хийвэл гадаад бодлого эдийн засгийн болох вэ гэдэг ямар ч тооцоолуур байгаагүй, тиймээс ямар өгөгдөхүүн ашигладгийг ч мэддэгүй л байсан. ГХЯ-ны газрууд, ЭСЯ бүрт нэвтрүүлсний дүнд яамны зарцуулж буй нэг төгрөг нь 7 төгрөг болж /тухай үеийн урдчилсан тооцоогоор/ ирдэг гэсэн тооцоо гарсан. Тэр үед би энэ дүнг буцаагаад, АНУ-ын Засгийн газрын Мянганы сорилын сангаас авсан 250 сая долларын санхүүжилтийг  нэмж тооцуулснаар дээрх үзүүлэлт эрс нэмэгдэж байсан жишээтэй. Яг л тэр үед буюу 2009 онд Монголд 2005 оноос эхлэлтэй популизмын хийрхэл хойшид газар авах нь, уул уурхайн салбарт орж ирсэн гадаадын хөрөнгө оруулалт дайжих юм байна гэдгийг ГХЯ мөн тооцож чадсан. Тэгээд Монгол Улсыг цаашид хөгжүүлэх альтернатив хувилбарыг бид бодож эхэлсэн. Уул уурхайн биш хөрөнгө оруулалт, технологийн судалгаа хийхийг бүх ЭСЯ-ддаа даалгаж байв. Ингээд 2012 он хүртэл хэн, хаана, ямар хугацаанд Монголд юу оруулж ирж чадах төлөвлөгөөг Элчин сайд нараараа өөрсдөөр нь хийлгүүлэн ажилласан. Тэр үед Монголын эдийн засагт тээг саад учруулахыг нь урьдчилж хараад популизмыг сөрсөн бодлогыг хийж эхэлсэн юм. 

Энэ яамнаас гараагаа эхэлж, одоо хамт олноо удирдан чиглүүлж байгаа сайдын хувьд яамныхаа хамт олны хамгийн эмзэг, хүнд үед нь би тэднийхээ Монгол Улсын төлөө ажиллаж байгаад нь эргэлзэж бас чадахгүй. Би гаднын хүн биш.

-Турк дэх манай консулын газрын ажилтан жолоочийн хамт мансууруулах бодис тээвэрлэн ХБНГУ руу явж байгаад баригдсан нь өнгөрсөн сарын эхээр дуулиан дэгдээсэн. ГХЯ-ны сайдын хувьд Таны зүгээс энэ оны нэгдүгээр сард олон улсын тусгай байгууллагатай хамтарч ажиллагаа эхлүүлснээс хойш илэрсэн анхны хэрэг явдал гэж үүнийг ойлгосон маань зөв үү. Д.Цогтбаатар сайд өөрөө мэргэшсэн дипломатч, салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн хүн байтлаа дипломатч нарын орооцолддог энэ төрлийн гэмт хэргийг таслан зогсоох, Монголын дипломат албанд өөриймсгөөр цэвэрлэгээ хийх тал дээр сэтгэл тавьж ажиллаагүй гэх шүүмжлэл гарсны хариуд Та юу хэлэхсэн бол. Олон нийт Танаас хавьгүй эрс шийдэмгий, ёстой л нөгөө попын баатруудынх шиг сэтгэл хөдөлгөсөн хариулт сонсохыг хүссэн ч байж магадгүй?

-Олон хүний урмыг хугалж, сэтгэлийг зовоосон тун ч тааруухан үйл явдал болсныг нийгэм цочирдон хүлээж авсныг би ойлгож, дипломат албаныхныг маань буруушаасныг зөвтгөж байгаа. Энэ яамнаас гараагаа эхэлж, одоо хамт олноо удирдан чиглүүлж байгаа сайдын хувьд яамныхаа хамт олны хамгийн эмзэг, хүнд үед нь би тэднийхээ Монгол Улсын төлөө ажиллаж байгаад нь эргэлзэж бас чадахгүй. Би гаднын хүн биш. Манай яам хэрэг явдал гарахаас өмнө болзошгүй эрсдэлийг илрүүлэх ажлуудыг эхлүүлчихсэн байсан. Би 2008 онд ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга болоод ирэхэд тамхины наймаа хавтгайрчихсан байсан. Тэр үед ажилтнуудтай хийх гэрээнд шинэ гэрээний тогтолцоог нэвтрүүлэн чангатгаж, гадаадад томилогдох хүмүүсийн цалин хөлсийг ч дорвитой нэмсэн. Түүнээс хойш 2016 он хүртэл манай ГХЯ-ны үндсэн ажилтнуудын дотроос гадаадад томилогдсон нэг ч хүн гэмт хэрэгт холбогдоогүй. Энэ бол дүрэм журмыг өөрчилж, хариуцлага сахилгыг чангатгасны үр дүн. 2016 онд манайхтай өөр яам нэгдэхэд ГХЯ-нд орж ирээд тэтгэвэртээ гарсан хүн нэг удаа хэрэгт холбогдсоноос өөр манай үндсэн хүмүүст холбоотой хэрэг дахиж гараагүй. 2008 оноос тодорхой байсан 69 хүний нэрийг бид хуулийн байгууллагад шалгуулахаар өгөөд байна. Эд бол зөвхөн ГХЯ-ны ажилтнууд биш, дийлэнх нь УИХ, Засгийн газар болон өөр олон байгууллагын хүмүүс, тэр дундаа өндөр албан тушаалтнууд байсан хүмүүс ч хүртэл бий. Би ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллах хугацаандаа хэрэг түвэгт холбогдсон нэг ч хүнийг, дахин хэлье нэг ч хүнийг ажилд буцааж аваагүй. Харин ажлаа 2012 онд өгснөөс хойш тэдгээр хүмүүс эргэж орж ирсэн нь байдаг. Мэдээж энэ нь яамны хариуцлагын тогтолцоо, хамт олны сэтгэхүйд эергээр юу гэж нөлөөлөх вэ дээ. Буцаад ажилдаа орчихдог л юм байна шүү дээ гэж бодоцгоож эхэлнэ. Тиймээс назгайрах суурь тавигдаж гэж бодож байгаа. Одоо тэдгээр хүмүүсийг халж эхэлсэн. Туркийн хэрэг явдал гарахаас дөрвөн сарын өмнө ийм хэрэг гарвал таслан зогсоох, холбогдох этгээдүүдийг баривчлах нөхцөлийг бүрдүүлэхээр ажиллаж байсан. ГХЯ дипломат байгууллагын ажилтнууддаа урьдчилан сэргийлэх заавар өгдөг, хатуу чанга гэрээ байгуулдаг ч гэсэн мансууруулах төрлийн үйлчилгээтэй бараа тээвэрлэх, зөөх эрсдэл гарах магадлалтайг таамаглаад байна гэж бодъё.  Хэрэв бидний оронд Та байсан бол энэ асуудлаар хэнд хандах вэ?

-Хуулийн байгууллага, тусгай албадад.

-Тийм. Бусад орны ч ГХЯ-нд дипломатч нартай нь холбоотой асуудал, бэрхшээл гардаг. Гэхдээ аль ч улсын ГХЯ-нд мөрддөг, хянадаг, таслан зогсоодог арга хэрэгсэл нь байхгүй шүү дээ. Эрсдэлийг төсөөлж байсан учраас бид энэ оны нэгдүгээр сарын 15-наас хууль хяналтын байгууллагад хандаж, тэд цааш нь өөрсдийнхөө сүлжээгээр олон улсын тусгай албадтай хамтраад шалгах ажил явуулж байсан. Цаашдаа ч улс дамнасан, гэмт бүлэглэлийн шинжтэй ийм хэрэгт манай ажилтнууд холбогдох аваас тэднийг гишгэх газаргүй болгоно. Бид сая Европын холбооны улсуудтай яриад гэмтнүүдийг гишгэх газаргүй болгоход харилцан туслах, хамтрах чиглэлээр олон ажил тохиролцсон. 

-Монголын тусгай албадын дотроос Тагнуулын ерөнхий газрын нэр хүнд түүнийг удирдаж байсан хүн эрүүдэн шүүх ажиллагаанд оролцсон байж болзошгүй дуулиан хийгээд гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдэд сүржин ажиллагаа явуулсан зэрэг үйл явдлуудаас улбаатай нэлээд унаж байна уу гэж бодож болохоор. Та өөрөө бас л нэг тусгай албаны тэргүүний хувьд ТЕГ-ын талаар ямар байр суурьтай байдаг вэ?

-Би төрдөө итгэдэг. Унасан боссон, суларч доройтсон, мандан бадарсан бүхий л түүх нь бидний эх орны, Монгол Улсын түүх. Алдаа гарсан бол хариуцлагаа ухамсарладаг, түүнийг засаж залруулаад урагшилдаг байх ёстой. Унасан дээр нь төрөө өшиглөөд хэн хожих вэ? Харин одоо хар даа, алдаа завхралыг хэн ч нуухгүй хэлэлцээд, засаж залруулах гээд хичээж зүтгээд байгаа нь монгол төрийн хэчнээн ил тод, зөв зарчимтайн илэрхийлэл биш гэж үү. Дарга, цэрэг хэн ч бай алдаа нь ил, шийдэл нь ч ил байгаа нь ардчилсан тогтолцооны давуу тал шүү дээ. 

-Танай яамнаас томилогдоод баригдсан хоёр ажилтны нэг нь Таны жолоочоор тодорхой хугацаанд ажиллаж байсан хүн. Тэгэхээр тэр бол Таны хувьд зан байдлыг нь ойр гадарлах нэгэн байж таарна. Хэрэг явдлын талаар анхны мэдээллийг Та авч, түүний нэрийг сонсоход хэр цочирдсон бол?

-Би үнэхээр цочирдсон. Энэ яаманд удирдах ажил хашихаар хоёр удаа ирсэн нийт хугацаанд надад Дипломат байгууллагын үйлчилгээ эрхлэх газраас ээлж дараалан нийт таван жолооч хуваарилсан байдаг. Би бүгдтэй нь ажилласан. Тэр хүн манай яамны Дипломат үйлчилгээ эрхлэх газарт 25-26 жил ажиллаж, 4 сайд, олон Элчин сайд, дарга нарт хуваарилагдан ажиллаж байсан хүн. Тэр хүнийг тийм юм хийчихнэ чинээ хэний ч санаанд орохооргүй л хүн санагдана. Өнгөрсөн жилийн гадаад томилгоонд уг нь ороогүй хүн. Турк явахаар томилогдсон жолооч гэнэт явахаа болиод /ийм тохиолдол бараг гардаггүй/  оронд нь түүнийг явуулсан юм билээ. 

-Германд баривчлагдсан хүмүүсийн талаар болон, өгч байгаа мэдүүлгүүдээс нь задалж болох зарим мэдээллийг хуваалцаж болох уу?

-Мөрдөн байцаалтын явцын талаар надад ямар ч мэдээлэл ирдэггүй.

Турк, англи хэлтэй, шалгуурт тэнцэх ажлын туршлагатай ажилтнуудаас сонгож томилох боломжтой.

-Туркэд консулын ажилтнуудыг шинээр томилно. Тэднийг ГХЯ-наас томилох уу?

-ГХЯ маань бусад яамдын болон УИХ-ын Гадаад харилцааны хэлтэстэй хамтарч ажилладаг. Зарим улсад тэднээс сэлгүүлэн томилох явдал байдаг. Тэгэхээр турк, англи хэлтэй, шалгуурт тэнцэх ажлын туршлагатай ажилтнуудаас сонгож томилох боломжтой.

-Та бид хоёрын ярилцлагыг ирээдүйд ГХЯ-нд ажиллах, дипломатч болох хүсэл зорилготой олон залуу уншина. Та тэдэнд өөрийгөө бэлтгэх тал дээр, сургууль сонгох тухайд ямар зөвлөгөө өгөх вэ?

-Хувь хүний өөрийнх нь хичээл зүтгэл, хандлагаас маш их зүйл шалтгаална. Ер нь бол барууны их, дээд сургуулиудын стандарт ойролцоо, өндөр түвшнийх байдаг. Гэвч тэнд олиггүй сураад ирсэн нөхдүүд байж л байгаа. Ердийн сургуульд маш сайн хичээгээд, багшийн эрдмээс байж болох дээд хэмжээгээр аваад ирсэн нь ч байдаг. Тэгэхээр хувь хүний л асуудал. Америк, Австрали, Европын нэр хүндтэй сургуулиуд, за манай Москвагийн ОУХДС гэсэн том сургуулиуд хов хоосон төгсгөдөггүй, хүнд өгч чадах минимум нь дажгүй боловсрол болдог нийтлэг сайн тал ажиглагддаг. Манай яам Москвагийн ОУХДС-тай одоо ч дотно харилцаатай бөгөөд жил бүр цөөн хүүхэд сургаад, төгсөхөөр нь авч ажиллуулахыг хичээдэг. Гэвч хөдөлмөрийн зах зээлээс хэн чадалтай, шилдэг боловсон хүчин байна, түүнд төрийн албаны шалгалтаа өгөөд, манай дипломат албаны шалгаруулалтад тэнцээд ГХЯ-нд ажиллах боломжийг бүрэн нээлттэй олгодог юм. 

Хамгийн их уншилттай
1
2024.02.23
Шибатаяма ояката: Хакүхог дэвжээ удирдах чадваргүй гэж үзсэн
2
2024.02.25
Бүсгүйчүүдэд үзэн ядагддаг 9 төрлийн залуу
3
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
холбоотой мэдээ
1
2024.03.12
Будапештын тэмдэглэл
2
2024.02.19
Хөрөг | Наддаа чи минь нар байлаа
3
2024.02.02
Б.Тэмүүлэн: Харилцагч юу хүсэж байна вэ гэдгийг хамгийн түрүүнд бодох нь бидний гол зор...
санал болгох
1
18 цагийн өмнө
Саналын хайрцаг руу будаг асгаж, шатаахыг завдсан иргэдэд эрүүгийн хэрэг үүсгэжээ
2
20 цагийн өмнө
АНУ-ын номын сангууд номын төлбөрийн оронд муурын зураг авахыг зөвшөөрчээ
3
4 өдрийн өмнө
Эрчүүдийн зүрх сэтгэлд хамгийн гүн тусах 22 романтик кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
0
0
0
0
0
0
3

Сэтгэгдэл бичих (13)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

zochin 2020.02.15 66.181.183.10

harin ta bolon tanii ueiinhen ene yamiig er ni ene ulsiig ar uvriin haalga tanil tal ,avilgaar dampuuruulsan . huuchin bol yag tanii yaridag shig baisan shuu . ta l iim odoogiinh shig ariin haalganii uur bolgoson shuu .. deer ueiin ahmaduudiin hiisen saihan zuiliig bitgii uuruu hiisen yum shig yari.

0 Хариулах


Болормаа 2020.02.15 5.228.174.27

Хэвлэлийн пиар хийдэг авгай нь шене утасдаад ... одоо бодлход би сошиалаар алаад нгье л гэсэн байхдав. Дандаа секс жиргээд, бегс беер жиргэдэг Од авгайдаа хэлээрэй гэж еерт нь хэлсжн чинь гелийгеед таг. Цогтбаатар одоо еерее дугнэлт хийгээд манай яамнаас мэргэжлийн бус авгайчуулаа зайлуулаачээээ

0 Хариулах


Zochin 2020.02.15 66.181.189.129

Tiiml ym bol hun shig tolilgoo hoi

0 Хариулах


Баярмаа 2020.02.14 66.181.189.39

Төрсөн эцэг хүү 2, төрсөн эгч дүү 2 гээд дан дарга, сайд, гишүүдийн хүүхдүүд л танай яаманд байдаг шүү дээ! Бас хар тамхинд өөрөө, гэр бүл холбогдсон хүмүүс одоо болтол ажиллаж л байна! Та одоо худлаа ярилгүй явж үз!!!

0 Хариулах


Irgen 2020.02.14 103.26.194.250

Er ni bol tiim l gazar baih yostoi bolovch ta nar uursduu hogiin shaaruudaar duurgechihee biz dee, bitgii hudlaa surhii hunii dur esge

0 Хариулах


Zochin 2019.07.08 122.201.21.32

Duuren ariin haalga darga nariin MAN-iin nuuts amraguud ah duu turul turugsud shudee Tsogtbaataraa minii duu unenee hel

0 Хариулах


Зочин 2019.07.08 122.201.21.32

Teren dund ni yag shudargaar ajillaj zaluuchuudaa demjij ywj baigaa mash tsuun hed baigaa busad ni bol asuudaltai.

0 Хариулах


Zochin 2019.07.07 202.126.89.238

Гадаад хэргийн яаманд хvний неецийн бодлого гэж ер нь байдаг юмуу!!! Гадны ямар ч хэл мэдэхгvй, бvр монголоор ч зев бичиж чадахгvй хvн Италид атташе болоод явчихдаг л юм байна лээ.

0 Хариулах


Зочин 2019.07.08 122.201.21.32

Yag Zuw Zugeer hamaatan sadanuud ni. Nuuts amrag ohin ni bas baigaa Eslol turiin diplomat alband. Tsogtbaatartai hamt umnuh yamnaas ni hamt irsen ohin baigaa. Geh metchilen tsaashaa yrij bas bolno.

0 Хариулах


Zochin 2019.07.06 192.82.64.21

Ooriigoo doviilgoson, sagsuu, yamar ch chadalgui malchik. Zaluudaa orchuulga hiine gej ooroo bitgii hel orooliig sandargadag mash muu heltei huu baij bilee. Mongoloor zuv yarij chadahgui hun chin yaj orchuulahav dee. Odoo ingeed yarij suuhyg ni harahad chadalgui deeree bas hudalch yum baij shuu gej bodloo. Hamgiin tom chadvar ni darga nart suga doligonoj, ooriigoo doviilgoh chadvar yum daa. Ene hunii ued manai diplomat albany ner hund ih unalaa daa. Mash muu, hulchgar hudalch negen boljee. Ooriinhoo ueiin naiz zaluusaa dandaa horloj, duroolj garch irsen hun dee.

0 Хариулах


Зочин 2019.07.04 66.181.181.56

Цогтбаатар өөрийнхөө сонгуулийн сурталчилгаанд явсан ямар ч орос хэлгүй нөхрийг Москва дахь МУ ЭСЯны элчин зөвлөхөөр явуулсан бгаа.нэрийг нь Цогтбаатараас асуугаарай, шударга сайд хэлнэ биз.хар тамхины жолооч Эрдэнэбаяр ч гэсэн Цогтбаатарын өөрийх нь явуулсан хүн

1 Хариулах


Зочин 2020.02.15 5.228.174.27

Энэ элчин сайдын яаманд орос хэлгуй нэг ч хун байхгуйшдэ . Шалгаад уз

0 Хариулах


Зочин 2019.07.04 122.201.21.189

Огцороочээ балиар хар тамхины наймаачин

0 Хариулах


Zochin 2019.07.04 103.26.195.247

Төрийн албанд нэг ч өдөр ажиллаж үзээгүй нөхдүүд сонгуулийн сурталчилгаанд яваад л шанд нь газар, хэлтсийн даргаар томилогдсон. Энэ хүн сайд байж ямар худалч юм бэ. Ард түмнийг юу ч мэдэхгүй сохор гэж бодоод байгаа юмуу. Угаасаа МАН ямар ч кадргүй болсон гэдгээ өнгөрсөн сонгуулийн дараах хууль бус томилгоо харуулсан.

0 Хариулах


Зочин 2019.07.04 103.229.121.73

Аль нам кадртай вэ?

0 Хариулах


977654345778 2019.07.03 66.181.161.21

Бусдаас түрүүнд хар тамхи зөөж тэргүүлж байгаа вм байна л даа удирдаге чхгүй бол саыд байж магадгүй ...гэж улсууд хадаад өайх шиг байна. м

0 Хариулах


Зочин 2019.07.03 202.126.88.178

Энд хамт сургалтанд явж байна, гхя-ны нэрээр өөрийгөө чимсэн, сагсуу, шоудсан, ямарч мэдлэг байхгүй нөхдүүд л явж байна шд, эд нарыг тэгээд тэргүүний боловсролтой гэх гээд байна уу, ярианаас нь бол шалгалт өгөөгүй л юм байна

0 Хариулах


Зочин 2019.07.08 122.201.21.32

Shalgalt ugduggui yum. Yahaw ternii pro day biee unelj boloh baih kk

0 Хариулах