Хайх зүйлээ бичнэ үү

Чи муу сурагч байлаа гээд цаашид ч тийм байна гэсэн үг биш шүү дээ.

TedX-ийн хамгийн залуу илтгэгч, “Мөрөөдөлд хүрэх зам” ТББ-ын тэргүүн Э.Дөлгөөнтэй амжилтын тухай болон түүний үзэл бодлын талаар ярилцлаа. 

-“Мөрөөдөлд хүрэх зам 4” үйл ажиллагаа зургаан сард зохиогдсон. Өмнөх өдөрлөгүүдээс юугаараа онцлог болсон бэ?

-Өмнө нь бид илтгэгчдийг уриад тэдний туршлага, туулсан амьдралыг яриулж залууст урам зориг, сэдэл өгдөг байсан. Сүүлд зохион байгуулагдсан “Мөрөөдөлд хүрэх зам” үйл ажиллагааны гол онцлог нь тэр дороо үр дүнгээ өгөхөд оршсон. Гадаадад суралцах арга замыг шат дараалалтайгаар заасан. Туршлагатай мэргэжлийн багш нар, хэлний төвүүд бидэнтэй хамтарч ажилласан. “FARO” сургалтын төв “Хэрхэн Австрали руу тэтгэлэгтэй суралцах вэ?” сэдвийн хүрээнд илтгэл хэлэлцүүлж, материал бүрдүүлэх бүх үе шатыг тайлбарлан, хэрэгтэй гэсэн арга замуудыг заасан. Нэг үгээр хэлбэл илүү нарийн зүйлсийг зааж өгсөн гэхэд болно. Үүгээрээ илүү бодит онцлог үйл ажиллагаа болж өнгөрсөн. Мэдээж танхимд суугаа үзэгчид бүгд Австрали явахыг хүсэхгүй. Тиймээс бид залуусийн хамгийн их сурч, мэдлэг боловсролоо дээшлүүлэхийг хүсдэг томоохон орнуудыг сонгож авсан юм. Сүүлийн үед хувь хүний хөгжлийн талаар олон эвент зохиогдох болсон. Мэдээж амжилттай явах хамгийн эхний алхам өөрийгөө сэдэлжүүлэх. Гэхдээ бид энэ талаар хангалттай илтгэл, хэлэлцүүлэг сонссон. Одоо дараагийн алхам юу вэ гэдэг чухал болсон байна.

-Танай үйл ажиллагаанд арван жилийн сурагчид их хамрагддаг. Гадагшаа суралцах хүсэлтэй сурагчид байхаас гадна эх орондоо боловсрол эзэмшихийг илүүд үздэг хүмүүс бий. Эдгээр сурагчдын хувьд элсэлтийн ерөнхий шалгалт нэлээд том даваа. Өндөр оноо авч хүссэн их дээд сургуульдаа, хүссэн мэргэжлээрээ сурна гэдэг чухал шүү дээ. Өөрийг чинь ЭЕШ-ийн оноогоороо Нийслэлд 11-р байранд орж байсан гэж дуулсан. Энэ туршлагаасаа хуваалцаач? 

-Би дунд анги хүртлээ хичээлдээ маш муу сурдаг байлаа. Мэдээж өөртэйгөө ажилласан. Чи муу сурагч байлаа гээд цаашид ч тийм байна гэсэн үг биш шүү дээ. Өөрийгөө өөрчлөх, мэдлэг чадвараа нэмэгдүүлэх боломж хүн бүрт бий. Аливаад хувь хүний мэдлэгээс гадна тактик чухал байдаг. Би сурагчдад ЭЕШ-ийн материалыг цагтаа хэрхэн амжиж дуусгах, мэдэхгүй байгаа тестүүдээ хэрхэн буудвал онох магадлал их байх зэрэг ерөнхий тактикийг тайлбарлаж байсан.

-Хичээлдээ гойд сайн байгаагүй хүү өөртөө шинэчлэл хийж, энэ бүхнийг эхлүүлэх болсон эргэлтийн цэг юу байв. Яагаад “Мөрөөдөлд хүрэх зам” ТББ-ыг үүсгэн байгуулсан бэ? 

-Би хичээлдээ муу сурахаас гадна маш тарган хүү байлаа. Дээр нь шүдний аппараттай (инээв). Олон хүний өмнө ярьж чаддаггүй, хаалттай нэгэн байсан. 9-р ангидаа бүр 100 кг хүрсэн. Хүүхдүүд намайг 0.1 тонн гэж хочилдог байв. Мэдээж өсвөр насны хүүд хэцүү санагдах нь ойлгомжтой. Бид хэдий хүнийг байгаагаар нь хайрлах хэрэгтэй гэх сургаалийг өдөр бүр сонсдог ч, амьдрал дээр тэр болгон хэрэгждэггүй гэдгийг сайн мэднэ. Хүнийг хүн чигээр нь харж, сайхан муухайгаар нь ялгахгүй харьцдаг хүн ховор. Хүүхдүүд уг нь хамгийн хар муу санаагүй байх учиртай. Гэтэл өнөөдөр хүүхэд хүртэл нэгнийгээ гоочилж байна шүү дээ. Тиймээс би арчаагүй байхыг хүсээгүй. Өдөр бүр дасгал хөдөлгөөн хийсээр зуны гурван сарын хугацаанд илүүдэл жингээ хаяж чадсан. Түүнчлэн хичээл сурлагадаа анхаарч эхэлсэн. Намар болоход хүмүүс намайг таниагүй (инээв). Би бага багаар найз нөхөдтэй болж, олон өөрчлөлт мэдрэгдсэн. Хүмүүсийн өмнө гараад үзэл бодлоо сандрахгүй хэлдэг болсон. Тиймээс би надтай адил өөртөө итгэлгүй хүүхдүүдийг тэдний хүндэлдэг хүмүүстэй нь уулзуулж, урам зориг, сэдэл өгөхөөр шийдэж “Мөрөөдөлд хүрэх зам” ТББ-ыг үүсгэсэн.

-Бага багаар найз нөхөдтэй болсон гэлээ шүү дээ. Хүмүүс гэнэт л хүрээлээд эхлэхээр ямар санагдсан бэ?

-Гэнэт хүмүүсээр хүрээлүүлэхээр сонин л доо (инээв). Чи хэзээ ч турахгүй гэж байсан хүмүүс жилийн дараа чамтай найзлах гээд ирвэл эвгүй санагдах нь мэдээж. Залуучуудын хандлага маш буруу байгаа гэдгийг эндээс ойлгосон. Энэ түгээмэл хандлагыг өөрчлөхийг хүсдэг учраас цаашид эерэг мессеж өгөх олон үйл ажиллагаа зохионо гэж боддог. Хүн хамгийн гол нь эерэг, зөв бодолтой байх хэрэгтэй. Нэгэнт болоод өнгөрсөн зүйлээс болж бусадтай таагүй харьцах нь тийм ч зөв шийдвэр биш. Мэдээж худлаа санагдаж улам ганцаараа баймаар санагдсан үе бий. Гэхдээ хойш алхах биш, илүү нээлттэй, эерэг харьцсан учраас тэдгээр хүмүүсийн хандлага бага ч болов өөрчлөгдсөн гэж боддог. Хэн нэгэнд хар буруу саналгүй энгийн харьцах сайхан шүү дээ. 

-Сэтгэлгээ хэр амархан өөрчлөгддөг гэж боддог вэ. Өдөр хоногийг хий дэмий өнгөрүүлдэг залуусийг хэрхэн өөрчлөх боломжтой бол?

-Сэтгэлгээ гэдэг зүйл дадал зуршилтай холбоотой гэж би боддог. Хэрэв зөв дадал, зөв зуршилтай байвал сэтгэлгээ өөрчлөгдөх боломжтой. Гэвч хүний сэтгэлгээг өөрчилнө гэдэг ид шид шиг амархан бүтэх зүйл биш. Сүүлийн үед боловсролын эвент маш их зохиогдох болсон. Энэ нь залууст зөв дадлыг бий болгоход тусалж буй хэрэг юм. Өөрчлөлт бага багаар бий болно. Тэгээд л энэ бүх зүйлийг эхлүүлсэн. Миний хувьд танхимд хэдэн хүн байх нь чухал биш. Мянган хүн эсвэл бүр таван хүн ч байж болно. Ярьсан зүйл, зохиож буй үйл ажиллагаанд минь ирсэн ядаж ганц хүн зөв сэдэл, зөв өөрчлөлтийг өөртөө бий болгож, мөрөөдөлдөө хүрэх замаа олоосой гэж хүсдэг.

-Энэ бүхнийг анх эхлүүлэхэд багагүй хүндрэл гарсан байх?

-Байгууллагууд өмнө хийсэн үйл ажиллагаа дээр үндэслэж тусалдаг. Арга ч үгүй юм. Асар их хүсэл, зорилго өвөрлөсөн хэдий ч туршлага байхгүй 18 настай хүү, Идэрээ найзтайгаа энэ ажлыг эхлүүлж байлаа. Анхны эвентээ зохиох гээд олон компанитай уулзсан боловч бүгд татгалзсан. Ганц дэмжсэн нь “Элит” сургууль. Хувь хувиасаа мөнгө гаргаж, маркетинг дээрээ өөрсдөө ажилласаар ард нь гарсан. Анхны юм болгон хүнд байх нь ойлгомжтой шүү дээ. Хүнд байсан гээд зогсож болохгүй гэдгээ л мэдэж байлаа. Үргэлжлүүлэн дараа дараагийн үйл ажиллагаагаа шинэлэг, сонирхолтой хийх гэж оролдсон. Гурав, дөрөв дэх эвентүүд дээр ивээн тэтгэгч байгууллага олоход илүү амар болсон. Учир нь бидэнд туршлага байсан. Анх эвент маань 300 орчим хүн хамруулсан. Эдгээр хүмүүсийн сэтгэгдэл өндөр байсан учраас дараа дараагийн үйл ажиллагаанд маань олон хүн хамрагдсан гэж ойлгодог. 

-TedX-д илтгэл хэлэлцүүлсэн хамгийн залуу илтгэгч болсон шүү дээ. Анх урилга хүлээж авахад ямар санагдсан бэ. Ямар сэдвийн хүрээнд илтгэл хэлэлцүүлэв?

- Миний хувьд “Бидний оролдлого, бидний ирээдүй” сэдвийн хүрээнд илтгэл хэлэлцүүлсэн. Мэдээж надаас хавь илүү амжилттай яваа, олны танил, бизнесмен хүмүүстэй нэг тайзан дээр гарч илтгэл хэлэлцүүлэх боломж олдоно гэдэг асар их хариуцлага юм. Туршлага, туулсан замын хувьд хамаагүй илүү, мундаг хүмүүстэй хамт TedX-ийн тайзан дээр гарсандаа үргэлж баярладаг. Баяртай байсан хэдий ч, айдас мөн адил байсан. Анх 44-р сургууль дээр илтгэгчээр уригдаж байлаа. Маш их сандарч байсан. Одоо ч гэсэн илтгэл хэлэлцүүлэхдээ бага зэрэг сандардаг. Гэхдээ би энэ сандралыг сонсож буй хүмүүсийг хүндэлж буй хэрэг гэж ойлгодог. 

-Ойрын зорилго юу вэ. Хэтийн төлөвлөгөө болон мөрөөдлөөсөө хуваалцана уу?

-Би өөрийгөө боловсруулах тал дээр илүү анхаарч байгаа. Улам бүр төлөвших хэрэгтэй байна. Монгол хүн IQ-гийн түвшингээрээ дэлхийд 5-т ордог боловч IQ-гээ ашиглаж чаддаггүйгээрээ доороосоо 5-т ордог. Иймээс бид өгөгдлөө ашиглахад суралцах хэрэгтэй. Боловсролыг дээдэлдэг залуус массыг эзэлсэн цагт бидний ирээдүй өнгөлөг байж чадна. Би залуучуудыг хүнлэг дээр нь мэдлэг боловсролтой байгаасай гэж хүсдэг. Үүний тулд хүн бүр дор бүрнээ хичээж, суралцах учиртай. Монгол залуус дахин нэг хувьсгал хийх цаг нь болсон. Энэ бол оюуны хувьсгал. 

Бэлтгэсэн: Х.Хулан 


Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
1
4
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (4)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

DR. PRADHAN 2019.08.12 197.210.29.118

Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: [email protected] whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад [email protected] хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802

0 Хариулах


Зочин 2019.08.10 66.181.161.78

mundagg

0 Хариулах


munkhzul 2019.08.10 66.181.161.78

mundag bnaaa odoogiin zaluus

0 Хариулах


Зочин 2019.08.10 66.181.161.78

Amjilt husiye mundag zaluu bn

0 Хариулах