Хайх зүйлээ бичнэ үү

7 мин

Эмили Стийл: #MeToo хөдөлгөөн бол бусдыг сонсох нь ямар чухал болохыг, хүмүүсийн түүх ямар хүчтэй вэ гэдгийг нотолсон үйл явдал


Ub.life сайт болон 'Гэрэг' сэтгүүлийг эрхлэн гаргагч 'Анлимитэд медиа групп' нь АНУ-ын 'The New York Times' сонинтой хамтран ажиллаж байгаа билээ. Энэ хүрээнд бид өнгөрсөн долоо хоногт 'Гэрэг' сэтгүүлийн “Women Today” тусгай дугаарыг гаргаж, нээлтийн хэлэлцүүлгийг өрнүүлсэн. 

Энэ арга хэмжээнд  'Анлимитэд медиа групп'-ийн урилгаар Нью-Йорк Таймсын сэтгүүлч Эмили Стийл хүрэлцэн ирж, дэлхий нийтийн хэмжээнд эмэгтэйчүүдийн өмнө тулгарч буй асуудал, #MeToo хөдөлгөөний талаар үзэл бодлоо хуваалцсан юм. 

Тэрээр 2017 оны эхээр 'Fox News'-ийн алдарт хөтлөгч Билл О’Райлитай холбоотой бэлгийн дарамт, хүчирхийллийн хэргийг эрэн сурвалжилж, цуврал нийтлэл гаргаж байсан билээ. Энэхүү нийтлэлээс улбаалан ажлын байран дахь бэлгийн дарамт, хүчирхийллийг олон нийт анхааралдаа авч, жирийн эмэгтэйчүүд ч өөрсдөд нь тохиолдсон хэргийн талаар ам нээж эхэлжээ. Мөн оны сүүлээр дэлхий нийтийг хамарсан #MeToo хөдөлгөөн өрнөснийг уншигчид мэдэж байгаа биз ээ. 

Эмили Стийл бэлгийн дарамт, шахалттай холбоотой хэргийг олон нийтэд гаргаж тавьснаараа 2018 онд Пулицерын шагнал хүртжээ.


Эмили Стийл сэтгүүлийн нээлтийн үеэр үг хэлэхдээ "#MeToo хөдөлгөөн бол ганцхан эмэгтэйчүүдийн асуудал биш юм. Энэ бол хүмүүс бие биенээ хүндэтгэх, эрх тэгш байх тухай асуудал. Нөгөөтэйгүүр, бид бусдыгаа сонсох нь ямар чухал болохыг, хүмүүсийн түүх ямар хүчтэй вэ гэдгийг нотолсон бодит жишээ" хэмээгээд дараах түүхийг хуваалцсан юм. 

"Нэг эмэгтэйн дуу хоолой ямар хүчтэй байдгийг нотолсон нэгэн түүхийг та бүхэнд ярьж өгөхийг хүслээ. #MeToo хөдөлгөөн өрнөхөөс ойролцоогоор жилийн өмнө 'Fox News'-ийн алдарт хөтлөгч Билл О’Райлигийн хуульч манай Нью-Йорк Таймсын хуульч руу ярьж, өмнө нь Билл О’Райлигийн талаар хэн ч гомдол гаргаж байгаагүй атал та бүхэн огт болоогүй явдлын талаар бичиж байна хэмээн гомдол мэдүүлсэн. Мөн энэ үйл ажиллагаагаа даруй зогсоож, нийтлэлтэй холбоотой бүх тэмдэглэл, баримт, и-мэйлээ хадгалж байгаарай. Удахгүй бид шүүхэд хандана гэж мэдэгдсэн юм. Билл О’Райли бол 'The O'Reilly Factor' шоуны хөтлөгч, жилд 25 сая долларын орлого олдог хүчирхэг, нөлөө бүхий хүн шүү дээ. 

Билл О’Райли

Гэтэл яг тэр үед Венди Уолш хэмээх эмэгтэй над руу холбогдсон юм. Тухайн үед Билл О’Райлигийн шоу ч маш алдартай, олон үзэгчтэй нэвтрүүлэг байсан бөгөөд Венди Уолш түүний шоунд хэд хэдэн удаа зочноор оролцож байсан. Гэвч тэр нэг л өдөр шоунд үзэгдэхээ больж, олны нүднээс зугтах болсон. Тиймээс би и-мэйл бичиж, түүнд чухам юу тохиолдсон талаар тодруулахыг хүсэв. Уолш сэтгэл судлаач хүн учраас эхэндээ намайг бэлгийн дарамттай холбоотой сэтгэл зүйн тайлбар авахаар холбогдсон гэж ойлгосон. Харин би Билл О’Райлигийн шоу хийгээд түүнд тохиолдсон явдлын талаар тодруулахыг хүсэхэд тэрээр болсон явдлын талаар надад тайлбарласан юм. Тэрээр шоунаас гарахаас өмнө нэгэн удаа Билл О’Райлитай хамт оройн зоог барьж л даа. Энэ үеэр О’Райли түүнд маш өндөр цалинтай ажил санал болгож, зоог өндөрлөсний дараа түүнийг өөрийн байрлаж буй зочид буудлын өрөөндөө ирэхийг хүссэн аж. Гэхдээ Уолш татгалзсан хариу өгснөөр уг ажилд орж чадаагүй гэв. Тэрээр уг түүхийг надад ярьсныхаа дараа энэ тухай хэзээ ч олон нийтийн өмнө ам нээхгүй гэсэн. Учир нь хүмүүс хоёр охинтой, ганц бие ээжийн ярианд итгэхгүй, цаашлаад энэ нь түүний ажил, карьерт сөргөөр нөлөөлнө гэж Уолш эмээж байв. Тухайн үед би түүнтэй дахиж холбогдоно гэдгээ хэлээд салсан. 

Венди Уолш: Дараа дараагийн удаа эмэгтэйчүүд ийм үйл явдалтай учирвал татгалзах, хүсэхгүй байна гэж хэлэх бүрэн эрхтэй бас чадалтай гэдгийг ойлгуулахын тулд энэ алхамыг хийж байна

Бид багаараа Билл О’Райлигийн хэрэгтэй холбоотой кэйсүүдийг олон сарын турш судалсан. Бидний олж тогтоосноор Билл О’Райли хамгийн багадаа таван эмэгтэйд бэлгийн дарамт учруулж, дараа нь энэ тухай огт ам нээхгүй гэдэг болзолтойгоор тэдгээр эмэгтэйчүүдэд олон сая доллар төлсөн байв. Эдгээр эмэгтэйчүүдээс ялгаатай нь Венди Уолш О’Райлигийн бэлгийн дарамтын талаар ярих боломжтой, хүсэлтэй байсан хэрэг. Гагцхүү бид түүнийг ятгах л хэрэгтэй байлаа. Би маш олон удаа залгаж асуусан боловч Уолш татгалзсаар л байсан. 

Нэг удаа би түүний явдаг хичээлийн танхимын гадна манаж хүлээсний эцэст түүнтэй уулзах боломж гарсан юм. Уолш өөрт тохиолдсон явдлаа олон нийтэд ярих хэрэгтэй. Учир нь түүний үг олон хүнд хүрнэ, олон хүнд нөлөөлнө гэдгийг би түүнд хэлсэн. Эцэст нь тэрээр Билл О’Райлигийн бэлгийн дарамтын талаар ярихаар зөвшөөрөхдөө "Би охидтой хэрхэн зөв харилцах ёстой вэ гэдгийг хөвгүүдэд ойлгуулахын тулд мөн өөрийн дуу хоолойгоо ямагт илэрхийлж байх ёстой гэдгийг хоёр охиндоо мэдрүүлэх гэж энэ алхамыг хийж байна. Үүнээс гадна дараа дараагийн удаа эмэгтэйчүүд ийм үйл явдалтай учирвал татгалзах, хүсэхгүй байна гэж хэлэх бүрэн эрхтэй бас чадалтай гэдгийг ойлгуулмаар байна" гэж билээ. 

Венди Уолш

Хэдэн сарын дараа нийтлэл маань ч гарсан. Хамгийн гол нь Билл О’Райлигийн ажилладаг байсан 'Fox News' түүний хэргийг олон жилийн турш нуун дарагдуулж, хохирогч эмэгтэйчүүдийг дуугүй байлгахын тулд нийт 45 сая доллар төлсөн гэдгийг бид эрэн сурвалжлах явцдаа олж илрүүлсэн юм. Нийтлэл гарсны дараах олон нийтийн дургүйцэл, эсэргүүцлээс үүдэж Билл О’Райли ажлаасаа халагдсан. Мөн жирийн эмэгтэйчүүд ч Билл О’Райли, О’Райли гэх мэт хаштаг ашиглан олон нийтийн сүлжээнд өөрт тохиолдсон явдлуудаа хуваалцаж эхэлсэн нь хамгийн гайхалтай. Хэрэв нэг л эмэгтэй зориг гаргаж өөрийнхөө түүхийг хуваалцвал энэ нь дараа дараагийн эмэгтэйчүүдэд ам нээх, өөрийгөө илэрхийлэх боломж олгодгийг бид энэ түүхээс харж болно" гэсэн юм. 


“Women Today” тусгай дугаарын нээлтийн үеэр "Асуудлыг шийдвэрлэхэд эмэгтэйчүүдийн оролцоо" хэлэлцүүлэг өрнөсөн юм. Тус хэлэлцүүлгийн үеэр Эмили Стийлийн өгсөн хариултыг товчлон хүргэж байна. 

- Залуучууд, эмэгтэйчүүд нийгэмд дуу хоолойгоо хүргэхийг, оролцохыг хүсдэг ч хаанаас эхлэхээ мэдэхгүй байх нь бий. Тэгвэл таны хувьд оролцоо чухам хаанаас эхэлж, юугаар үр дүн нь хэмжигддэг вэ? 

- Энэ асуултын хүрээнд хоёр зүйлийг онцлон хэлэхийг хүсэж байна. Нэгд, хүнд зовлон бэрхшээл тохиолдох үед үүнийг зөвхөн тухайн хувь хүнд тохиож буй зовлон, ичгэвэртэй явдал гэж хүлээж авдаг. Гэтэл ихэнх тохиолдолд энэ нь нийтийг хамарсан асуудал байх нь олонтаа. Үүнийг ойлгож мэдэхийн тулд хууль, нийгмийн  тогтолцоог анзаарч харах хэрэгтэй. Хоёрт, олон нийтийн сүлжээний тусламжтайгаар бидний хоорондоо харилцдаг, асуудал шийдвэрлэдэг арга барил шинэ түвшин рүү гарч байгааг хэлэх нь зүйтэй. Жишээ нь: #MeToo хөдөлгөөн, агаарын бохирдлын асуудлуудыг дурдаж болно. 

- Монголд төдийгүй олон улсад олон нийтийн анхаарлыг хандуулах зорилготой олон төрлийн кампанит ажил өрнөж байна. Тэдгээрийн дотор #MeToo шиг олон улсыг хамарсан амжилттай кампанит ажил ч бий эсрэгээрээ амжилтгүй болсон ч байгаа. Тэгэхээр кампанит ажлын үр нөлөөг хэрхэн тооцох вэ, үр дүнд хүрэхэд юун дээр анхаарах ёстой вэ, өөрийн ажлын жишээн дээр тулгуурлан тайлбарлаж өгнө үү?

- Би хийгээд манай хамт олон сэтгүүлч мэргэжилдээ маш их хайртай хүмүүс. Мөн Нью-Йорк Таймсын нийтлэлүүд хараат бус, бие даасан байж чаддаг учир нийгэмд хүчтэй, нөлөөтэй. Гэхдээ бидний хийж чадах гол зүйл бол иргэдийг баримтад тулгуурласан, бодитой мэдээллээр иргэдийг хангах юм. Харин үүнийг хэрхэн ашиглах нь иргэдийн өөрсдийнх нь эрх билээ. 

- Сүүлийн үед #MeToo хөдөлгөөн хэтэрхий их явчихлаа, эмэгтэйчүүдийн ажил эрхлэх боломжид хүртэл сөргөөр нөлөөлж байна гэж яриа гарч байна. Эрэгтэй, эмэгтэй хүмүүс хоолонд хамт орж, ажил ярих гэхээр буруугаар ойлгогдох хэмжээнд хүртэл хавтгайрч байна гэж үзэх хүмүүс ч байна. Та энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ? 

- Ийм асуулт их ирдэг л дээ. #MeToo хөдөлгөөн өрнөснөөс хойш хууль, эрхзүйн хүрээнд томоохон өөрчлөлт гарсан уу, дэлхийн даяар эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл бүрмөсөн алга болсон уу гэвэл мэдээж үгүй. Ерөөс бидний анхаарч буй гол асуудал бол хүний суурь эрхийг хангах тухай юм. Энэ тал дээр #MeToo хөдөлгөөн тодорхой хэмжээгээр үүргээ гүйцэтгэж байгаа гэдэгт итгэдэг. 

Хамгийн их уншилттай
1
2024.02.23
Шибатаяма ояката: Хакүхог дэвжээ удирдах чадваргүй гэж үзсэн
2
2024.02.25
Бүсгүйчүүдэд үзэн ядагддаг 9 төрлийн залуу
3
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
холбоотой мэдээ
1
2023.12.22
The New York Times | “Turning Points-2024” сэтгүүлээс алдаж үл болох 10 нийтлэл
2
2023.05.30
"The Little Mermaid" кино болон анимейшнээс харж болох 10 сонирхолтой ялгаа
3
2022.12.22
“Turning Points-2023” сэтгүүлээс заавал унших 10 МОНГОЛ НИЙТЛЭЛ
санал болгох
1
16 минутын өмнө
Нохойтой харьцах нь хүнийг тайвшруулж, төвлөрөхөд тусалдаг болохыг тогтоожээ
2
30 минутын өмнө
Playlist: Оройн цагаар сонсоход тэс ондоо мэдрэмж төрүүлэх 12 дуу
3
21 цагийн өмнө
Саналын хайрцаг руу будаг асгаж, шатаахыг завдсан иргэдэд эрүүгийн хэрэг үүсгэжээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
2
1

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.