Хайх зүйлээ бичнэ үү

“Ийм жаахан хүүхэд код бичиж чадах уу” гэдэг асуултыг эцэг эхчүүд хамгийн их асуудаг хэмээн Э.Сүндарь ярьсан юм. Тэрээр багаасаа математикийн хичээлд дурладаг хүүхэд байсан бөгөөд хожим “Кидс Код Академи”-ийг үүсгэн байгуулахдаа хүүхдүүд зөвхөн програмчлал, код бичихдээ сайн байх биш үүнд чин сэтгэлээсээ дурлаж, кодоор дамжуулан өөрийн үзэл бодол, дотоод ертөнцийг илэрхийлж сураасай гэсэн зорилго өвөрлөжээ. 

Миний бие ч мөн эцэг эхчүүдийн адил долоон настай хүүхэд код бичиж чадах эсэхийг, програмчлалыг нийгмийн ухааны хичээлтэй холбосны ач холбогдол, хүүхдүүд яагаад 16 наснаасаа өмнө код бичиж үзэх хэрэгтэй гэх мэт асуултын хариуг мэдэхээр тус академийг зорьсон юм. 

-Чухам яагаад хүүхдүүдэд код бичихийг заахаар шийдсэн бэ?

- Бидний зорилго бол програмчлалаар дамжуулж хүүхдүүдэд зорилгоо олоход нь туслах юм. Би багаасаа математикт маш дуртай хүүхэд байлаа. Тиймээс сургуулиа төгсөөд МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухаан, Инженерчлэлийн сургуульд хэрэглээний математикийн чиглэлээр элсэж орсон. Суралцах хугацаандаа  Германы Бремений их сургуульд судалгааны ажил хийхээр болсон юм. Тэнд очоод би нэгдүгээрт, математикийг хэрэглээ талаас нь хангалттай судлаагүй, хоёрдугаарт, мэргэжлээ ирээдүйн зорилготойгоо огт холболгүй их сургуульд орсноо ойлгосон. Үүгээр ч зогсохгүй надад инженерийн мэдлэг, програмчлалын чадвар, судалгаа хийх чадвар маш их дутагдаж байгааг мэдэрсэн. Барууны орнуудад бакалаврын түвшинд ч оюутнуудыг маш сайн судалгаа хийлгэж, өөрсдийг нь бие даалгаж, хөгжүүлэх замаар тэднийг их сорьдог юм байна лээ. Хамтран үүсгэн байгуулагч Opendoor Foundation байгууллагын боловсролын  зөвлөх Н.Ариунаа маань олон жил ахлах ангийн сурагчидтай ажиллаж, их сургуулийн элсэлт, мэргэжил сонголтын зөвлөгөө өгч байсан бөгөөд мөн адил асуудлуудыг олж харсан тул бид “Кидс Код Академи”-ийг байгуулах шийдвэр гаргасан. 

Манай Б.Дагва, М.Ананд гээд хоёр залуу инженер багш яг ийм зорилгоор манай багт нэгдсэн. Б.Дагва багш техник хангамж, хөгжүүлэлтийн чиглэлээр КТМС-ийг төгссөн, М.Ананд багш МУИС-ийн Физик Электроникийн сургуулийг төгсөөд одоо багшлахын зэрэгцээ магистртаа суралцаж байна. Багш нар маань өөрсдөө физикийн хичээлд, програмчлалын хичээлд дурлаж байсан шиг хүүхдүүд маань эдгээр шинжлэх ухаанд дурлаасай гэж хүсдэг. 

Монгол Улс математикийн олон улсын олимпиадаас медаль авдаг орон. Гэтэл дийлэнх хүүхдүүд нь математикийн хичээлээс айдаг, дургүй байдаг. Програмчлалыг ч бас хүүхдүүд би чадахгүй, ухаантай хүмүүсийн хийдэг зүйл гээд орхигдуулах вий гэхээс айдаг.

- Хүн бүр математикч болох албагүй гэдэг шиг хүүхэд бүр програм, инженерчлэлийн мэргэжил эзэмших шаардлагагүй болов уу. Гэхдээ хүүхдүүд код бичиж сурснаар юу олж авах вэ, ямар ач холбогдолтой вэ? 

- Програм бичиж сурснаар нэгд, хүүхэд маш их тэсвэр хатуужилтай болдог. Учир нь програмчлалд эхний туршилтаар ажилладаг зүйл гэж байдаггүй. Олон удаа уйгагүй оролдож, сайжруулж байж үр дүнд хүрдэг. Цаашлаад хүүхэд цэгцтэй сэтгэх, асуудлыг олон талаас нь харах, шийдэл хайх чанарыг програм бичиж сурснаар өөртөө төлөвшүүлдэг.

Үүнээс гадна надад бодож явдаг нэг эмзэглэл бий. Монгол Улс эдийн засгийн чадамж, боловсролын чанараараа өндөр хөгжилтэй орнуудаас хол хаягдсан хэрнээ математикийн олон улсын олимпиадаас медаль авдаг орон шүү дээ. Гэтэл дийлэнх хүүхдүүд нь математикийн хичээлээс айдаг, дургүй байдаг. ЭЕШ-ын дүн ч жил ирэх бүр муудах хандлагатай болж, багш нарын санааг зовоож байна. Энэ нь манай боловсролын систем математикийн боловсролыг хоёр туйлаар нь олгож байгааг харуулж байна. Цөөн хэдэн хүүхэд нь мундаг сайн байгаад үлдсэн нь математикийг орхигдуулдаг. Програмчлалыг бас хүүхдүүд би чадахгүй, ухаантай хүмүүсийн хийдэг зүйл гээд орхигдуулах вий гэхээс айдаг. Хүүхэд бүр 16 наснаасаа өмнө алгоритм боловсруулж, код бичиж үзээд би чадах юм байна шүү гэсэн итгэлийг эрт олж аваасай гэж хүсдэг. 

- Тэгвэл яагаад программчлалыг нийгмийн ухааны хичээлтэй холбож заахаар шийдэв? 

-Хүүхдэд 2-5 насанд нь юу зааж, сонирхуулснаас үүдэж авьяас чадвар нь тодорч, сонирхол нь хөгжиж эхэлдэг. Юу илүү сонирхоно тэрийгээ илүү сайн хийж чаддаг. Гэтэл бидний ажиллаж буй 3-5-р ангийн хүүхдүүдийн төсөөлөн бодох чадвар аль хэдийнэ хайрцаглагдчихсан байна. Сургалтын үеэр хүүхдүүд олон сонирхолтой алгоритм боловсруулж сурдаг ч түүгээрээ яг юу хийхээ мэддэггүй. Иймд саяхан бид "Өсвөрийн судлаач: Coding Bootcamp" үйл ажиллагааг зохион байгуулж, хамрагдсан 12-14 настай хүүхдүүд нийгмийн ухааны судлаач менторуудын удирдлага дор өөрсдөд нь ямар асуудал тулгарч буйг судалж, үр дүнг ашиглан, 3 хоногт сурсан кодоороо өөрсдийн дүгнэлт бүхий анимэйшн бүтээсэн. Өөрөөр хэлбэл, програмчлалыг нийгмийн ухаантай холбосноор хүүхдүүд кодоор дамжуулж өөрийн үзэл бодол, дотоод ертөнцийг илэрхийлж, мэдлэгээ нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд ашиглаж сурдаг.

Програмчлалыг нийгмийн ухаантай холбосноор хүүхдүүд кодоор дамжуулж өөрийн үзэл бодол, дотоод ертөнцийг илэрхийлж, мэдлэгээ нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд ашиглаж сурдаг.

Түүнчлэн шинжлэх ухааны салбар хоорондын зааг улам бүр багасаж, STEAM буюу Science, Technology, Engineering, Arts, Mathematics төрлийн сургалтуудын тухай их ярьдаг болсон. Эрдэм шинжилгээний өгүүллийн сан болох “Web of Science”-д 2017 хэвлэгдсэн нийт өгүүллийн 50 хүртэлх хувийг салбар дамнасан судалгааны өгүүллүүд эзэлж байсан. Технологийн салбараас сайн инженер, математикч, судлаач төрүүлэх боломжтой. Харин байгаль, нийгэмдээ ээлтэй хүмүүнлэг шийдвэр гаргадаг, дэлхий дээр амьдарч буй хамгийн орлого багатай 2 тэрбум хүнийг яаж дээш нь гаргах вэ гэж боддог инженер, судлаачдыг гаргах хэцүү. Иймээс нийгмийн ухааны салбарыг зайлшгүй програмчлал, инженерчлэлтэй хослуулах шаардлагатай юм. 

- "Өсвөрийн судлаач: Coding Bootcamp" үйл ажиллагааны талаар дэлгэрүүлбэл?

- "Өсвөрийн судлаач: Coding Bootcamp" үйл ажиллагаа 4 хоног үргэлжилж, хүүхдүүд 12 цаг програмчлалын хичээл үзэж, 5 цаг менторуудтайгаа хамтарч төслөө боловсруулсан. 12-хон цаг үзээд програмчлал сурах уу гэж эцэг эхчүүд асууж байсан. Гэтэл үр дүнд нь тэд нарийн төвөгтэй код ашиглаж 1 минутын анимэйшн бүтээж чадсан. Хүүхдүүд өөрсдийн бүтээлээ хараад “ямбий” болчихлоо гэж байсан ч 7 хоногийн өмнө огт чаддаггүй байсан зүйлээ сурсандаа урамшиж байсан. Энэхүү онцгой үйл ажиллагаа богино хугацаанд эрчимтэй явагддаг шалтгаан нь хүүхдүүд юм сурахын тулд 10 жил хүлээх шаардлагагүй, өдөр бүр суралцаж болдог юм байна гэдгийг ойлгуулах юм шүү дээ. 

Хүүхдүүд өөрсдийн бүтээлээ хараад “ямбий” болчихлоо гэж байсан ч 7 хоногийн өмнө огт чаддаггүй байсан зүйлээ сурсандаа урамшиж байсан.

- Хүүхдүүдийн бүтээсэн ямар анимэйшн таны анхаарлыг хамгийн их татсан бэ? 

- Хүүхдүүд хог хаягдал, хотжилт, хүүхдийн эрх, цахим аюулгүй байдал, үе тэнгийн дээрэлхэл зэрэг сэдвүүдийг хөндсөн. Цахим дээрэлхэлийн асуудлыг хоёр баг сонгосонд би их олзуурхсан. Цахим орчинд хүүхдүүд өдөр бүр бие биенийгээ дээрэлхдэг, ёс бус үг бичдэг, зургийг нь авч дарамталдгийг хүүхдүүд ментортоо ярьж өгөөд үүнээсээ үндэслэн анимэйшн бүтээсэн. Мөн хүүхдийн эрхийн сэдвийг сонгосон баг сонирхолтой кэйс танилцуулсан. Хүүхдүүд автобусанд суугаад явж байхад хөгшин хүмүүс янз бүрээр хэлж босгодог нь тэднийг эмзэглэж, стресстэхэд хүргэдэг юм билээ. Сургуульдаа явахад такси барих мөнгө байхгүй, аав ээж нь хүргэж өгөх боломжгүй, алхахад дэндүү хол учраас хүүхэд автобусаар зорчихоос өөр аргагүй байдаг. Гэтэл томчууд аятайхан харилцахын оронд элдэв муу үг хэлж гомдоодгийг хүүхдүүд хэлж байсан. 

-Хүүхдүүдийн бүтээсэн анимэйшн-

- Тэгвэл үндсэн сургалт юугаараа онцлог вэ, насны ангиллын хувьд? 

-Бид хамгийн бага бүлэгтээ 7-8 настай хүүхдүүдийг хамруулдаг. Цэцэрлэгийн саваагүй, тоглодог наснаасаа гэнэт гарч сургуулийн ширээний ард өдөржин сууж хичээл хийх нь багачуудад хүнд санагддаг. Харин бид тоглоомоор дамжуулж агуулгаа хүргэдэг учраас хүүхдүүд маш дуртай хүлээж авдаг. Харин 9-11 насны хүүхдүүдэд арай ахисан түвшний агуулга заадаг. Ийм жаахан хүүхдүүд код бичиж чадах уу гэж хүмүүс их асуудаг. Манай сургалт компьютер гэж юу болох, бидний эргэн тойронд хэр их компьютер байдаг, тэдгээртэй бид яаж харьцдаг, автоматжуулсан ухаалаг төхөөрөмжүүд хүний амьдралд ямар үүрэг гүйцэтгэдгийг ойлгуулахаас эхэлдэг. Яваандаа алгоритм бичихийг хүүхдийн сэтгэхүйн хөгжилд тааруулж заадаг. Мөн найман 7 хоног үргэлжилдэг 16 цагийн сургалтын нэг удаагийн хичээлд сурагчид эцэг эхтэйгээ хамт суудаг. Хүүхдүүд хийж байгаа зүйлээ аав ээждээ харуулж тэндээсээ маш их таашаал авдаг. 

Найман 7 хоног үргэлжилдэг 16 цагийн сургалтын нэг удаагийн хичээлд сурагчид эцэг эхтэйгээ хамт суудаг. Хүүхдүүд хийж байгаа зүйлээ аав ээждээ харуулж тэндээсээ маш их таашаал авдаг.

Нөгөөтэйгүүр, бид хүүхдийг хариуцлагатай байх, гэрийн даалгавраа онлайнаар авч бие дааж хийх гэх мэт дадал суулгахыг зорьж байна. Эдгээр хүүхдүүд 6-12 жилийн дараа ЕБС-аа төгсөөд их сургуулийн хичээлийг онлайн орчинд судлах шаардлагатай нийгэмд орно. Тиймээс одооноос бие дааж суралцах нь чухал. 

- Хүүхдүүдтэй ажиллахад нийтлэг ажиглагддаг дутагдалтай болоод давуу тал юу вэ? 

- Би үүнийг хүүхдүүдийн дутагдалтай тал биш нийгмийн дутагдалтай тал гэж харж байна. Хүүхэд 14 нас хүртлээ эцэг эх, боловсролын системийн үр дүн байдаг хэлэхэд буруудахгүй. Нийтлэгээр нь үзвэл монгол хүүхдүүд сэргэлэн, хөрвөх чадвар сайтай. Мөн мэдээлэлтэй, түүнийгээ боломжийн хэмжээнд боловсруулсан байдаг. Харамсалтай нь анги дэвших тусам чөлөөтэй ярих, өөрийгөө илэрхийлэх, бусадтай харилцах, хамтран ажиллах чадвар нь хумигдчихдаг юм уу гэж санагдсан. Яагаад та нар ярьдаггүй юм бэ, оролцдоггүй юм бэ гэхээр та нар л чимээгүй бай, дуугүй суу гэсээр байгаад ийм болгочихсон шүү дээ гэдэг. Өмнө нь боловсролын системд багш нар миний хийснийг зөв, дагаад хий гэдэг байсан бол одоо миний хийснээс өөрөөр хий, өөрөөр сэтгэ гэдэг шаардлагыг хөдөлмөрийн зах зээлд тавьж байна. Гэвч монгол хүүхдүүд үүнд бэлэн биш байна.  

Өмнө нь боловсролын системд багш нар миний хийснийг зөв, дагаад хий гэдэг байсан бол одоо миний хийснээс өөрөөр хий, өөрөөр сэтгэ гэдэг шаардлагыг хөдөлмөрийн зах зээлд тавьж байна. Гэвч монгол хүүхдүүд үүнд бэлэн биш байна.  

- Хэдхэн жилийн дараа гэхэд хөдөлмөрийн зах зээл бүхэлдээ өөрчлөгдөнө гэсэн хүлээлттэй байна. Таны харж буйгаар хүүхэд их сургуульд орохдоо ямар чадваруудыг эзэмшсэн байх ёстой вэ? 

- Их сургуульд орж буй хүүхдүүдээс нэн тэргүүнд зорилготой юу, түүнийхээ төлөө тууштай явах сэтгэлийн тэнхээ байна уу үгүй юу гэдгийг л харах болов уу. Түүнчлэн бие дааж судалгаа хийх, өөрөө өөрийнхөө төлөө хариуцлага хүлээх чадвартай байх зайлшгүй шаардлагатай. Аав ээж нь мөнгийг нь төлөөд сургаад байдаг гэтэл хүүхэд яг хэний төлөө сураад байгаагаа бүрэн ойлгоогүй байх нь элбэг. 

- Тэгвэл одооноос ямар чадварыг эзэмшвэл ирээдүйн хөдөлмөрийн зах зээлтэй хөл нийлүүлж чадах вэ?

- Дэлхийн Эдийн Засгийн Форумаас ирэх 30 жилд ажлын байранд хамгийн их хэрэгцээтэй байх чадваруудыг тодорхойлсон байдаг. Үүнд бүтээлч байдал, хамтарч ажиллах, эрсдэл даван туулах, шүүмжлэл сэтгэлгээ зэрэг багтсан байсан. Хамгийн энгийн жишээ татъя л даа. Интернэтээс нэг мэдээ олж уншлаа гэж бодоход үүнийг хэн бичив, ямар зорилгоор нийтлэв, зар сурталчилгаа мөн үү, дурдсан баримтууд нь үнэн үү гэдгийг олон талаас нь бодож, тунгаах нь шүүмжлэлт сэтгэлгээний нэг чадвар юм. 

-Танай сургалтад хамрагдаж буй хүүхдүүд хүйсийн хувьд хэр тэнцвэртэй байна вэ?

- Манай анхны анги найман хүү, хоёр охиноос бүрдэж байсан. Эцэг эхчүүд манай охин үүнийг сонирхдоггүй юмаа гэж хэлдэг. Бодит байдал дээр эцэг эхчүүд ч, хүүхэд ч өөрөө сонирхдог эсэхээ мэдээгүй байдаг. Иймээс бид "Өсвөрийн судлаач: Coding Bootcamp" үйл ажиллагааг зохион байгуулахдаа 25 охин, 25 хөвгүүнийг сонгож, хүйсийн тэнцвэртэй байдлыг хадгалсан. Сургалтын дараа эдгээр 50 хүүхдээс судалгаа авахад 49 нь дахиж програмын хичээл үзэхийг хүсэж байна, ирээдүйд гүнзгийрүүлж судалмаар байна гэж хариулсан. Охид програмчлалыг сонирхдог уу үгүй юу гэдгийг эндээс харж болно. Цаашлаад олон улсын жишгийг харвал компьютер, програмчлалын чиглэлээр суралцаж буй охид тэтгэлэг авах, ажлын байран дээр гарахад илүү их боломж олгодог. 


Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
28
1
12
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2019.02.12 112.72.12.3

ineedtei yum

3 Хариулах


Зочин 2019.03.20 103.242.45.141

Mongolian bull

0 Хариулах


Зочин 2019.03.20 103.242.45.141

https://www.youtube.com/watch?v=Lapkq_vmI6g

0