Хайх зүйлээ бичнэ үү

6 мин

Эцэг эхчүүд хүүхдээ утаснаас хол өсгөхийн тулд мэргэжлийн зөвлөх хөлсөлж байна


ДЭМБ өнгөрсөн дөрөвдүгээр сард анх удаа таваас доош насны хүүхдүүдийн электрон төхөөрөмжтэй (гар утас, таблет, компьютер, зурагт гэх мэт) харьцах цагийн хязгаар болон унтах, дасгал хийх зөвлөмжийг гаргасан билээ. Дэлхий нийтийн хэмжээнд бага насны хүүхдүүдийн дунд таргалалт, сэтгэл зүйн хямрал зэрэг электрон төхөөрөмжийн зохисгүй хэрэглээнээс үүдэлтэй өвчлөл, хор уршиг нэмэгдэх хандлагатай байгаа нь олон нийтийн санааг зовоож байна. 

Тэгвэл эцэг эхчүүд хүүхдээ утаснаас хол өсгөхийн тулд мэргэжлийн хүмүүст хандах нь эрс нэмэгдэж, энэ төрлийн бизнес хүчээ авч байгаа талаар Нью-Йорк Таймст нэгэн сонирхолтой нийтлэл гарчээ. 


Хүүхдүүд олон цагаар дэлгэц ширтсэнээс үүдэн төрөл бүрийн сөрөг үр дагавар гарч байгааг баталсан судалгааны үр дүнг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд тогтмол мэдээлж, олон нийтийн сэрэмжлүүлэх болсон. Үүнтэй холбоотойгоор эцэг эхчүүд ухаалаг утаснаас өмнөх эрин үе рүү "буцах"-ыг хичээж эхэллээ. Гэвч бодит байдал дээр хүмүүс ухаалаг утас гарч ирэхээс өмнө амьдрал нь ямар байсныг ч төсөөлж чадахгүй байгаа тул мэргэжлийн хүмүүст хандах нь олширчээ. Ялангуяа хүүхдээ дэлгэцээс хол өсгөн хүмүүжүүлэх тухай асуудал хамгийн их хөндөгдөх болсон бөгөөд көүч буюу зөвлөх үйлчилгээ үзүүлдэг мэргэжлийн хүмүүс гэр бүл, сургууль, цэцэрлэгийн орчинд ажиллах нь нэмэгдэж байна. 

Ронда Москович Охайо мужийн Колумбус хотод эцэг эхчүүдэд зөвлөх үйлчилгээ үзүүлдэг. Тэрбээр боловсролын салбарт 30 гаруй жил ажилласан туршлагатай нэгэн боловч хүүхдүүдийг дэлгэцээс хол өсгөж хүмүүжүүлэхтэй холбоотой сургалт, семинар өмнө нь хэрэг болж байгаагүй хэмээн ярьсан байна. 

Түүний хэлж буйгаар ухаалаг утасны хэрэглээнээс үүдсэн асуудал чинээлэг гэр бүлүүдийн дунд хамгийн түгээмэл байна гэжээ. Оройн хоолыг гэр бүлээрээ тойрч сууж идэх ёстой ч ихэнх тохиолдолд хүүхдүүд нь инстаграмаа шалгаж, эцэс төгсгөлгүй YouTube-ийн бичлэг үзэж байгаа нь эцэг эхчүүдийн санааг зовоож байгаа аж. Тэр бүү хэл гар утасны хэрэглээнээс болж хүүхдийн гавлын ясны хэлбэрт өөрчлөлт орж, "эвэр" хэлбэрийн яс ургаж байгаа талаар хэвлэлүүд мэдээлж байна

"Биднийг хүүхэд байхад гар утас байгаагүй. Тиймээс эцэг эх маань үүнийг хэрхэн зохистой ашиглах талаар зааж сургаагүй. Томчууд бид л өөрсдөө зохистой хэрэглээнд суралцсан хойноо үр хүүхдүүддээ үлгэрлэнэ шүү дээ"

Хоёр хүүхдийн эх, 43 настай Жули Вассерстром Московичид хандаж зөвлөгөө хүсчээ. Сэтгэл зүйч надаас "Та ширээний ард сууж байхдаа дэлгэц ширтэхгүй шүү гэж хүүхдүүддээ захидаг атлаа компьютерийнхаа хажууд утсаа тавьчихсан байдаг юм биш биз гэж асуусан" хэмээгээд цааш үргэлжлүүлэн "Биднийг хүүхэд байхад гар утас байгаагүй. Тиймээс эцэг эх маань үүнийг хэрхэн зохистой ашиглах талаар зааж сургаагүй. Томчууд бид л өөрсдөө зохистой хэрэглээнд суралцсан хойноо үр хүүхдүүддээ үлгэрлэнэ шүү дээ" гэв. 

Тэрбээр дижитал төхөөрөмжүүдийг хутга, халуун зуухтай зүйрлэж ярив. "Та хүүхдэдээ зуух яаж зөв хэрэглэхийг зааж өгөхгүйгээр гал тогоо руу оруулахгүй шүү дээ. Эсвэл юу ч хэлэхгүйгээр тэдэнд хутга өгнө гэж үү? Халуун зуух, хутга, сошиал медиа аль нь ч бай та хүүхдэдээ үлгэр дуурайл болж, түүнийг хэрхэн зохистой, зөв ашиглахыг зааж өгөх хэрэгтэй" гэсэн юм.  

Глория Дегаетано Сиэтл хотод хувийн зөвлөхөөр ажилладаг. Хүүхдүүдээ дэлгэцээс хол өсгөхийг эрмэлзэж, мэргэжлийн хүмүүсийн тусламжийг эрж буй хүмүүсийн тоо төсөөлснөөс өндөр байсан тул тэрбээр Эцэг эхчүүдэд зөвлөгөө өгөх институтыг байгуулж, 500 гаруй көүчийг мэргэшүүлэх сургалтад хамруулжээ. Эдүгээ Дегаетано нэг цаг зөвлөгөө өгөхөд авах төлбөр нь жижиг хотуудад 80 доллар, том хотуудад 125-250 долларын хооронд хэлбэлзэж байна. Эцэг эхчүүд ихэвчлэн 8-12 удаагийн уулзалт төлөвлөдөг ба дийлэнх үйлчлүүлэгчид нь хүүхдийнхээ болон гэр бүлийнхээ "дэлгэцэд донтох" эмгэгийг даван туулахаар түүнд ханддаг гэсэн юм. Харин Дегаетаногийн санал болгодог эмчилгээ, жор нь тун энгийн байх аж. Жишээ нь, тэр үйлчлүүлэгчиддээ тогтмол дасгал хөдөлгөөн хийхийг зөвлөдөг. 

Дегаетано нэг цаг зөвлөгөө өгөхөд авах төлбөр нь жижиг хотуудад 80 доллар, том хотуудад 125-250 долларын хооронд хэлбэлзэж байна.

Эмили Черкин мөн л Сиэттл хотод амьдардаг бөгөөд дээрхтэй төстэй шалтгаанаар карьераа өөрчилжээ. Тэрбээр өмнө нь дунд сургуульд багшилдаг байсан ба дэлгэцийн хэт их хамааралтай болсон хүүхдүүддээ санаа зовсон ээж аавууд Черкинээс зөвлөгөө хүсэж эхэлсэн байна. Ингээд тэрбээр ойролцоох сургуулийн багш, сурагчдаас судалгаа авахад төсөөлж байгаагүй дүр зургийг харж, энэ төрлийн үйлчилгээний зах зээл байгааг олж мэдэв. Черкин багшийнхаа ажлыг орхиж хоёр шинэ бизнес эхлүүлсэн ба нэг нь дэлгэцийн зохистой хэрэглээний талаар зөвлөх үйлчилгээ, нөгөө нь “Screentime-Alternative” буюу хүүхдийг дэлгэцээс холдуулж, төрөл бүрийн дасгал хөдөлгөөн, тоглоом тоглох боломжийг олгодог орчин юм байна. 

Насанд хүрэгчид ч утсаараа оролдож, өөрсдийгөө зугаацуулж дадсан. Хүүхэд нас нь утасгүйгээр өнгөрснийг тэд хэдийн мартсан байдаг. Хүүхдүүдээсээ таблетийг нь хураагаад авчихвал бүх л өдөржин тэдэнтэй юу хийхээ мэдэхгүй байна гэж гайхширсан эцэг эхчүүд олноороо ханддаг тухай Чикаго хотод зөвлөх үйлчилгээ үзүүлдэг Кара Поллард ярьсан юм. "Би тэдэнд хүүхэд байхдаа юу хийдэг байснаа санахыг хичээ гэж зөвлөдөг. Эхэндээ бага зэрэг хэцүү, тухгүй байх нь бий. Гэхдээ юу хийдэг байснаа эргэж санах хэрэгтэй" хэмээн Поллард туршлагаасаа хуваалцав. 

Утасгүй амьдрах тангараг 

21-р зууны эцэг эхчүүд гар гараа барьж зогсоод хүүхэд нь наймдугаар ангид ортол гар утас хэрэглэхгүй гэсэн тангарагийг олон нийтийн өмнө өргөж байна. Wait Until 8th pledge нэртэй вэб сайт ч нээгдэж, гар утаснаас татгалзсан эцэг эхчүүд Concord Promise, Turning Life On support community зэрэг групп, нэгдлүүд бий болж байгаа тухай Нью-Йорк Таймс мэдээлжээ. Тэд насанд хүрэгчдийн гар утасны зохистой хэрэглээг олон нийтэд сурталчилж, өөрсдөө ч хүүхдээ өсөж том болтол ухаалаг утаснаас татгалзахаар шийджээ. 

Тэдний нэг нь Сюзанна Бакли юм. Түүний охин тавдугаар ангид сурдаг. Бакли "Би охиндоо коллежид орсон хойноо л сошиал медиа ашиглаж болно гэж захидаг юм" гэлээ. Бакли гар утаснаас татгалзах хөдөлгөөнийг зохион байгуулж байгаа ба одоогоор 50 гаруй эцэг эх түүний санаачилгад нэгдэж, тангараг өргөөд байгаа аж. 

"Хүүхэд амьтадтай цагийг өнгөрүүлснээр олон зүйлд суралцдаг. Хамгийн гол нь амьтад одоо цагт амьдарч чаддаг учраас хүүхдүүдэд гайхалтай үлгэр дуурайл болдог" гэжээ.

Портланд хотод зөвлөх үйлчилгээ үзүүлдэг Ричард Халперн "Гар утас, дэлгэц эцэг эхчүүд нэн тэргүүний асуудал болоод байна. Гэвч надад хандаж буй хүмүүсийн олонх нь зүгээр л залгуураа салгаад, бүх зүйлээс ангижирна гэж боддог. Яг үнэндээ ганц үүнээс татгалзах хангалтгүй. Энэ бол амьдралын хэв маягаа өөрчлөх тухай асуудал юм. Би тэдэнд нохой, муур тэжээхийг зөвлөдөг. Хүүхэд амьтадтай цагийг өнгөрүүлснээр олон зүйлд суралцдаг. Хамгийн гол нь амьтад одоо цагт амьдарч чаддаг учраас хүүхдүүдэд гайхалтай үлгэр дуурайл болдог" хэмээжээ. 

Эх  сурвалж: The New York Times 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.04.19
Монгол хэл бичгийн шалгалтын дүн гарлаа
2
2024.04.10
Бүгд найрамдах Казахстан улсад бакалавр, магистр, докторын хөтөлбөрт суралцуулах сонгон...
3
2024.04.08
АНХААРЛАА хэрхэн буцааж авчрах вэ?
санал болгох
1
16 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
2
Уржигдар
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
3
Уржигдар
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.