Хайх зүйлээ бичнэ үү

10 мин

Фото сурвалжилга: Миллениалуудын ажлын орчин ямар харагддаг вэ? (№5)


“Миллениалуудын ажлын орчин” булангаар энэ удаа Зориг сангийн “Залуусын тогтвортой ажил эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-ийн төгсөгч залуучуудыг онцолж байна. 

21 жилийн түүхтэй Зориг сан залуусыг хөгжүүлэх, чадавхжуулахад чиглэгдсэн төрөл бүрийн төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлдэг билээ. Өнгөрсөн хугацаанд 2600 гаруй оюутан, залууст тэтгэлэг олгож, 4200 гаруй залуусыг хөтөлбөрт хамруулж, 280 гаруй нийгмийн хөгжлийн төслийг хэрэгжүүлээд байна. Тус сан жилд 12-14 хөтөлбөрийг тогтмол хэрэгжүүлдэг бөгөөд тэдгээрийн нэг нь 2019 оноос хэрэгжиж буй “Залуусын тогтвортой ажил эрхлэлтийг дэмжих хөтөлбөр” юм. Уг хөтөлбөр нь залуусын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж, тогтвортой ажлын байр, орлоготой болоход нь туслах зорилготой. 

Хагас жил үргэлжилдэг тус хөтөлбөрт хамрагдсан залуус ажилд ороход нэн шаардлагатай болон ажлын байранд түгээмэл хэрэглэгддэг ур чадваруудыг богино хугацаанд эзэмшиж, бодит ажлын туршлага олж авдгаараа ач холбогдолтой юм. Хөтөлбөрийн эхний элсэлтэд 19 залуу хамрагдсанаас 15 нь эдүгээ тогтмол болон гэрээт ажлын байртай болжээ. Тэдний төлөөлөл болсон залуус хэрхэн ажиллаж буйг сонирхуулж байна. 

“Залуусын тогтвортой ажил эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-ийн хоёр дахь элсэлт зарлагдсаныг энэ дашрамд дуулгая. ЭНД дарж дэлгэрэнгүй мэдээллийг аваарай. 


Х.Мөрөн, 21 настай (Make Green компанийн байгаль орчны мэргэжилтэн) 

- Та өөрийн ажил, мэргэжлийн онцлогийг уншигчдад тайлбарлаж өгнө үү?

МУИС-ийг байгаль орчныг хамгаалах технологи мэргэжлээр төгсөөд 2019 оны хоёрдугаар сараас хойш байгаль орчны зөвлөх үйлчилгээ үзүүлдэг “Make green” компанид байгаль орчны мэргэжилтнээр ажиллаж байна. Манай байгууллага байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ, ногоон байгууламжийн нөхөн сэргээлт, байгаль орчны зөвлөх үйлчилгээ үзүүлдэг. Миний мэргэжил байгальд ойр ажиллаж, судалгаа хийдгээрээ онцлог. Тухайлбал, уул уурхайн компанийн үйл ажиллагаа хүрээлэн буй орчны ургамал, ус, амьтан, байгалийн тогтцод хэрхэн нөлөөлж буй тодорхойлж, улмаар байгаль орчинд ээлтэйгээр үйл ажиллагаа явуулах, нөхөн сэргээх тал дээр зөвлөгөө өгч, хяналт тавьдаг. Хэдийгээр Монгол улс хөгжиж буй орон ч гэлээ зөв тооцоолж, хяналт тавьж чадвал байгаль орчны тэнцвэрт байдлыг алдагдуулахгүйгээр уул уухайн үйл ажиллагаа явуулж, хөгжих боломж бий гэдгийг мэргэжлээрээ ажиллаж эхэлснээсээ хойш илүү гүнзгий ойлгож, тэр хэрээрээ эзэмшсэн мэргэжилдээ дурлаж байна. 

- Өөрийн ажлын ширээг яагаад ингэж тохижуулах болсон бэ?

Ер нь өдөр тутмын ажилд минь хэрэгтэй зүйлс бүгд компьютерт байдаг учраас ширээн дээрээ харьцангуй цөөн эд зүйлстэй. Энэ нь ч надад амар, тав тухтай байдаг юм. 

- Ажлын ширээ, оффисынхоо хамгийн онцгой зүйлээсээ хуваалцаж, түүх өгүүлбэл?

Зориг сангийн “Залуусын тогтвортой ажил эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-т хамрагдахад өгсөн аяга дурсгалтай санагддаг. Шинэ ажилд орсноос хойш энэ аяганаасаа салаагүй дээ (инээв). Хөдөө явсан ч аваад л явдаг. Мөн энэ хөтөлбөрт хамрагдсанаар их сургуульд заадаггүй, амьдралд хэрэгтэй олон чадварыг эзэмшсэн. Жишээ нь, CV болон мэйл бичихэд суралцсан нь шинэ ажилд орох цаашлаад өдөр тутмын ажлаа амжилттай явуулахад их тус болсон. 

Б.Дашням, 23 настай (SBN телевизийн сэтгүүлч, орчуулагч) 

- Та өөрийн ажил, мэргэжлийн онцлогийг уншигчдад тайлбарлаж өгнө үү?

МУИС-ийг Олон улсын харилцааны мэргэжилтнээр 2018 онд төгссөн. Одоо SBN телевизийн мэдээний албанд сэтгүүлч, орчуулагчаар ажилладаг. Би багаасаа л сэтгүүлч болохыг мөрөөддөг хүүхэд байсан. Ах маань эрэн сурвалжлах сэтгүүлчээр ажилладаг байсан нь ч тодорхой хэмжээгээр нөлөөлсөн болов уу. ЕБС-аа төгсөөд их сургуульд сэтгүүлч мэргэжил эзэмшихээр элссэн боловч гэр бүлийнхний зөвлөгөө, “шаардлагын” дагуу олон улсын харилцааны анги руу шилжиж орсон юм. Энэ мэргэжлээрээ дөрвөн жил сурч, төгссөн ч ажлын талбарт гараад өөрийнхөө сонирхол, мөрөөдлийг дагасан даа. Гадаад мэдээний сэтгүүлч, орчуулагчийн ажил аливаа мэдээллийг баталгаатай эх сурвалжаас, үнэн зөв, хурдан шуурхай орчуулж, олон нийтэд хүргэх чадварыг шаарддагаараа онцлог. 

- Өөрийн ажлын ширээг яагаад ингэж тохижуулах болсон бэ?

Сүүлийн үед сэтгүүлчдийг үг үсэг, дүрмийн алдаатай бичдэг, утга, найруулгын алдаа гаргадаг гэж шүүмжлэх болсон. Би ажлын байран дээр гараад удаагүй, залуу мэргэжилтэн учраас дээрх алдааг гаргахгүй байх үүднээс олон төрлийн толь бичгийг ашигладаг. Жишээ нь, Я.Цэвэлийн Монгол хэлний товч тайлбар толь, Оксфордын англи - англи толь бичиг, хятад - монгол хэлний толь бичиг ширээн дээр минь байнга байдаг юм. 

- Ажлын ширээ, оффисынхоо хамгийн онцгой зүйлээсээ хуваалцаж, түүх өгүүлбэл?

Байнга биедээ авч явдаг үзгээ хамгийн онцгой зүйл гэж хэлнэ дээ. Оюутан байхдаа Монгол - Энэтхэгийн хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд Энэтхэгийн Элчин сайдын яамнаас зохион байгуулсан эрдэм шинжилгээний хуралд оролцож, хоёрдугаар байр эзэлсэн юм. Тэгэхэд энэ үзэг шагналтай хамт дагалдаж ирсэн. Олон зүйлд сургасан, өгөөжтэй эрдэм шинжилгээний хурал байсан болохоор энэ үзэг надад их утга учиртай санагддаг. 

ЗурагТайлбар



Э.Уранчимэг, 24 настай (World Vision олон улсын байгууллагын Хүүхэд Ивээн тэтгэх хөтөлбөрийн ажилтан)

- Та өөрийн ажил, мэргэжлийн онцлогийг уншигчдад тайлбарлаж өгнө үү?

Би МУБИС-ийг нийгмийн ажилтан мэргэжлээр төгссөн. Одоо “Дэлхийн зөн” олон улсын байгууллагын хүүхэд Ивээн тэтгэх хөтөлбөрт ажилладаг. Манай байгууллага Монголд байгаа эмзэг бүлгийн хүүхдүүд, тэдний эцэг эх, гэр бүлийнхэнд туслах, амьжиргааг дээшлүүлэх, эрсдэлээс хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Харин хүүхэд ивээн тэтгэх хөтөлбөр нь тухайн орон нутагт амьдарч буй эмзэг бүлгийн хүүхдүүдэд дэмжлэг үзүүлэхийг зорьдог. Харин би тухайн бүртгэлтэй хүүхдэд шаардлагатай дотоод болон гадаадын ивээн тэтгэгчдийг холбон зуучлах, хоорондын харилцаа холбоо, захидлыг орчуулах, шаардлагатай хөтөлбөр, үйл ажиллагааг зохион байгуулах үүргийг гүйцэтгэдэг. Амжиргааны түвшин доогуур, эцэг эх нь архины хамааралтай байдлаас болж сурч, хөгжих боломжоо алдаж буй хүүхдүүдийг олж, дэмжих нь манай хөтөлбөрийн гол зорилго юм. 

- Өөрийн ажлын ширээг яагаад ингэж тохижуулах болсон бэ?

Би өглөө ирээд “За би ажил хийж байна шүү” гэж биш, дуртай зүйлээ хийж байгаа шүү гэсэн сэтгэхүйгээр ажилдаа хандахыг хичээдэг. Мөн ширээн дээрээ олон бичиг цаас, материал овооруулж тавихыг хүсдэггүй. Ядаж л сэтгэлд “Өнөөдөр хийх ажил их байна” гэсэн мэдрэмжийг төрүүлнэ шүү дээ. Тиймээс хийж дуусгасан л бол холбоотой бичиг, цаасыг бүрэн цэгцэлж, цааш архивладаг Ширээгээ аль болох цөөн зүйлтэй, минимал байлгахыг хүсдэг. 

- Ажлын ширээ, оффисынхоо хамгийн онцгой зүйлээсээ хуваалцаж, түүх өгүүлбэл?

Найзынхаа бэлэглэсэн Кэрол С.Дүэкийн Mindset буюу “Хандлага” номыг дурдмаар байна. Ямар ч ажил дээр гарсан тухайн хүнийг мэдлэг, ур чадвараас гадна хандлага нь тодорхойлдог. Мөн хүмүүс сэтгэлгээний цар хүрээнээс хамаарч тогтмол эсвэл өсөн дэвжих сэтгэлгээг өөртөө суулгасан байх бөгөөд хүн өөрөө хичээж чадвал өсөн дэвжих сэтгэлгээг өөртөө бий болгож, өөрийгөө сайжруулах боломж нээлттэй байдгийг энэ номоос олж уншсан.

Г.Тэмүлэн, 26 настай (Оюу Толгой ХХК-ийн МТ инженер) 

- Та өөрийн ажил, мэргэжлийн онцлогийг уншигчдад тайлбарлаж өгнө үү?

Хурдацтай хөгжиж буй 21-р зуунд мэдээллийн технологи хүмүүсийн амьдралын салшгүй хэсэг болсон. Харин миний мэргэжил хүмүүсийн амьдрах, ажиллах орчин нөхцөлийг хангах, аюулгүй ажиллагааг сайжруулахад чиглэгдсэн гэж хэлж болно. Багаасаа техникт дурлаж, технологийн нарийн нягт холбоосыг сонирхон судалж, зогсолтгүй суралцаж ирсэн минь Оюу толгой компанид байгууллагаа төлөөлж ажиллах боломжийг нээж өгсөн гэж боддог. Миний ажиллаж буй “After service” компани суурилуулж өгсөн тоног төхөөрөмж, програмын хэрэглээтэй холбоотой үйлчилгээг үзүүлдэг. 

- Өөрийн ажлын ширээг яагаад ингэж тохижуулах болсон бэ?

Ерөнхийдөө Оюу Tолгой компанийн оффисын ажилчдын ширээ ийм байдаг. Миний хувьд олон өнгийн, илүү эд зүйл, замбараагүй байдалд дургүй учраас зөвхөн ажилд хэрэгтэй Hardware болон олон хэрэглэгчтэй харилцах явцад ажлаа хольж, мартахгүйн тулд богино тэмдэглэл бичихэд хэрэгтэй наалддаг цаасыг бэлдэж тавьдаг. 

- Ажлын ширээ, оффисынхоо хамгийн онцгой зүйлээсээ хуваалцаж, түүх өгүүлбэл?

Миний ажлын ширээ дээр байгаа онцгой зүйл гэвэл намайг энэ хүртэл явах замыг нээж өгсөн хөтөлбөрийн аяга юм болов уу. Япон улсад сурч төгсгөөд Монголдоо ирэхэд ажлын туршлагагүй учраас шинэ ажилд ороход хүндрэлтэй байсан. Харин Зориг сангийн “Залуусын тогтвортой ажил эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-т хамрагдах боломж гарч, улмаар Оюу Толгой компанид ажилд орсондоо баяртай байдаг.

Б.Оюунномин, 24 настай (Карьер хөгжлийн төвийн үнэлгээний мэргэжилтэн) 

- Та өөрийн ажил, мэргэжлийн онцлогийг уншигчдад тайлбарлаж өгнө үү?

Би ШУТИС-д хүний нөөцийн менежментийн чиглэлээр мэргэжил эзэмшсэн. Одоо Карьер хөгжлийн төвд үнэлгээний мэргэжилтнээр ажиллаж байна. Манай төв Франц улсад төвтэй “Централ тест” байгууллагын тестийг албан ёсны эрхтэйгээр Монгол улсад оруулж ирдэг. Одоогийн байдлаар мэргэжил сонголт, ур чадварын, сэтгэл хөдлөлөө удирдах чадварын гэх мэт 11 өөр төрлийн тестийг ашиглаж байна. Түүнчлэн ЕБС-ийн хүүхдүүдэд мэргэжлээ зөв сонгоход нь туслах зорилготой төрөл бүрийн эвэнт, сургалт зохион байгуулдаг. Харин би үйлчлүүлэгчдийн тестийн тайланг гаргаж, тухайн хүний гарт очиход бэлэн болгож бэлтгэдэг юм. 

- Өөрийн ажлын ширээг яагаад ингэж тохижуулах болсон бэ?

Карьер хөгжлийн төвд ороод удаагүй байгаа болохоор бүрэн тохижиж амжаагүй л байна. Ширээгээ аль болох цэгцтэй байлгахыг хичээдэг ч хааяа ажил ихтэй үеэр эмх замбараагүй болчихдог юм. (инээв)

ЗурагТайлбар


- Ажлын ширээ, оффисынхоо хамгийн онцгой зүйлээсээ хуваалцаж, түүх өгүүлбэл?

Дурдвал их олон зүйл бий. Тухайлбал, манай оффист байдаг модлог ургамал, хүний нүүрний хэлбэрийг дуурайлган хийсэн чимэглэл хамгийн их таалагддаг. Бидний зөвлөгөө өгч буй хүн бүр дахин давтагдашгүй онцлогтой гэдгийг энэ зураг надад сануулдаг юм. Мөн үүдний хэсэгт байрлах ажилчдын зурагтай “Талархлын самбар” дулаахан, дотно мэдрэмж төрүүлдэг дээ. 

ЗурагТайлбар


Б.Маргад, 28 настай (Зориг сангийн хөтөлбөрийн зохицуулагч) 

- Та өөрийн ажил, мэргэжлийн онцлогийг уншигчдад тайлбарлаж өгнө үү?

Би МУИС-ийг улс төр судлаач, нийгмийн ухааны багш мэргэжлээр төгссөн. Анх Зориг сангаас хэрэгжүүлдэг Байгаль Орчны Манлайлал Хөтөлбөрт хамрагдаж, улмаар хөтөлбөрийн зохицуулагчаар ажилд орж байлаа. Одоо тав дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд орон нутагт хэрэгжүүлдэг гурван хөтөлбөрт ажилладаг. Мөн М.Маралмаа бид хоёр 2019 оноос хойш “Залуусын тогтвортой ажил эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-ийг хариуцан ажиллаж байна. Энэ нь гурван жилийн хугацаатай хэрэгжих хөтөлбөр бөгөөд нийт зургаан удаагийн элсэлт авах юм. Бид төгсөөд удаагүй, ажил идэвхтэй хайж буй залуу мэргэжилтнүүдийг сонгож, ажилд орохоос өмнө болон ажлын байранд шаардлагатай ур чадваруудыг эзэмшүүлэх, цаашлаад ажиллахыг хүсэж буй мэргэжлийн салбар, байгууллагад нь дадлага хийлгэх, боломжтой бол тухайн байгууллагад үндсэн ажилтнаар үлдээх боломжийг эрэлхийлж ажилладаг. 

- Өөрийн ажлын ширээг яагаад ингэж тохижуулах болсон бэ?

Би ажлын орчинд цэвэрхэн, эмх цэгцтэй байдлыг эрхэмлэдэг. Хийх ажлаа компьютер дээр хөтлөхөөс илүү календарь, дэвтэр дээр бичиж, тэмдэглэх дуртай. Яг одоо онцлох зүйл гэвэл миний хүүгийн зурагтай Март 8-ны мэндчилгээ, Орон нутгийн байгаль орчны манлайлал хөтөлбөрийн анхны жилийн оролцогчидтой авахуулсан зураг л байна даа. 

ЗурагТайлбар



- Ажлын ширээ, оффисынхоо хамгийн онцгой зүйлээсээ хуваалцаж, түүх өгүүлбэл?

Манай оффист үе үеийн хөтөлбөрт хамрагдаж байсан залуусаас дурсгасан олон зүйлс байдаг. Эдгээрийг өдөр бүр харахад сэтгэлд их дотно, тухайн үед хамрагдаж байсан залуус шууд л санаанд ордог юм. Оффисын хэмжээнээс хамаараад өлгөж чадаагүй дурсгалтай олон зүйл бас хадгалаастай байгаа. (Инээв)

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.01.25
Алисагийн тэмдэглэл: Хэн нэгний танд зориулан илгээж байсан хамгийн гоё дуу юу вэ?
2
2024.01.10
Технологийн салбарт ажиллахад хамгийн таатай газраар Юнител групп шалгарлаа
3
2023.12.15
Миллениалуудын ажлын орчин | Ээлтэй, хүртээмжтэй МУИС
санал болгох
1
18 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
0
4
1
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Ataarhagch 2020.02.17 66.181.161.18

Yagaad busad ni iiim bolomj baidaggui yum. Bi nygtlangaar 3.8 tai tugssun. Tegsench bi nybo hiih durgui bi office manager hiih durtai daanch office manager ajil ni oldohgui bna. Eregtei geheer ajild avahgui yum yaatsan niigem ve

0 Хариулах