Хайх зүйлээ бичнэ үү

6 мин

Ганц бие хятад эрчүүд өдрийн 1450 доллараар найз бүсгүй 'хөлсөлж' байна


Хятад улс 1979 оноос хэрэгжүүлж эхэлсэн "Нэг хүүхдийн бодлого"-оо 2015 онд албан ёсоор халсан билээ. 36 жил үргэлжилсэн энэ бодлогын уршгаар Хятадын хүн амын хүйсийн бүтцэд ихээхэн өөрчлөлт, ирэх жилүүдэд хор уршгийг нь амсах эрсдэлтэй нүүр тулаад байна. 

Хятадад 30 гарсан ч гэрлэж чадаагүй эрчүүдийг "Shengnan" хэмээн нэрийддэг бөгөөд хүйсийн тэгш бус харьцааны улмаас 2020 он гэхэд ганц бие эрчүүдийн тоо 20 сая давна гэж мэргэжилтнүүд тооцоолж байгаа юм. Америкийн улс төрийн эдийн засагч Николас Эберстадт "Хүн ам зүйн ирээдүй" номондоо 2030 он гэхэд 30-аад насны хятад эрчүүдийн 25 хувь нь гэрлээгүй байна гэж таамаглажээ. 

Тиймээс хятад эрчүүд гэр гийгүүлэгчээ олохын тулд урьд урьдынхаасаа илүү хичээл зүтгэл гаргах шаардлагатай болоод байна. Тэд эхнэр олохын тулд нэлээд их мөнгө зарцуулахын сацуу бүтэлтэй, бүтэлгүй олон янзын арга туршиж үздэг аж. 

1 сая доллар зарцуулсан ч заяаны ханиа олж чадсангүй 

2015 онд 40 гаруй насны, чинээлэг бизнесмэн ирээдүйн эхнэрээ олохын тулд Шанхайн нэгэн болзооны агентлагт ханджээ. Тэрбээр үйлчилгээний хөлсөнд 7 сая юань ( бараг 1 сая доллар) төлж, тохирох бүсгүйг (нас, биеийн өндөр, царай зүс) улс даяар хайсан боловч бүтэлгүйтсэн гэнэ. Ингээд тэрбээр тус болзооны агентлагийг шүүхэд өгч, нэлээд шуугиан дэгдээжээ. 

99 ширхэг iPhone бэлэглэсэн ч "ҮГҮЙ" гэсэн хариу сонсжээ 

Эхнэрийн эрэлд гарсан эрчүүдийн бүтэлгүйтсэн жишээ үүгээр тогтохгүй. Гуанжоу хотод амьдардаг нэгэн програмист залуу хайртай бүсгүйдээ 99 ширхэг iPhone бэлэглэж, гэрлэх санал тавьсан ч татгалзсан хариу авсан байна. Бүтэлгүйтлийнх нь талаар хүмүүс цахим орчинд ярилцаж, сэтгэлээр унасан залууд бүр ч нэрмээс болсон аж. 

Энэ мэтчилэн эрчүүд уламжлалт болон орчин үеийн аргуудыг ашиглан эхнэртэй болохоор хичээнгүйлэн зүтгэж байгаа ч тэр бүр амжилт олдоггүй байна. Тухайлбал, өмнө нь Хятадын уламжлалт томоохон баяруудын нэг болох Цагаан сар нь шинэ хүнтэй танилцах боломжийг олгож байсан бол өнөө цагт энэ арга төдийлөн хэрэгжихээ больжээ. Үүний оронд онлайн болзоо, Wechat гэх мэт мессежний аппликейшн хүчээ авч байгаа юм. 

Ганц бие эрчүүд багийн зохион байгуулалтад орж, үйл ажиллагаа явуулахад тохиромжтой газруудыг хөлслөн болзооны эвэнт зохион байгуулах нь нэмэгдэж байгаа аж.

"Сүүлийн жилүүдэд болзооны хэв маяг улам бүр нээлттэй болохын зэрэгцээ баруун орнуудынхтай төстэй болж байна. Залуу үеийнхэн эцэг эхийнхээ зөвлөгөөг бус зүрх сэтгэлээ дагадаг болсон. Иймдээ ч тэдэнд илүү их сонголт байна" гэж Жун Ли ярьжээ. Тэрбээр Сүжоу хотод амьдардаг, ганц бие 20 гаруй насны бүсгүй билээ. Ганц бие эрчүүд багийн зохион байгуулалтад орж, үйл ажиллагаа явуулахад тохиромжтой газруудыг хөлслөн болзооны эвэнт зохион байгуулах нь нэмэгдэж байгааг Жун Ли анзаарсан хэмээв. 

Харин зарим нь бүсгүйчүүдийн сонирхлыг татахын тулд сэтгэл зүйч, стилистэд ханддаг гэнэ. Гэтэл өөр нэг хэсэг нь эцэг эхийнхээ эхнэртэй болохыг шаардсан "залхаан цээрлүүлэлт"-ээс зугтаж Hire Me Plz гэх мэт аппликейшн ашиглаж, хуурамч найз бүсгүй хөлсөлдөг ба энэ үйлчилгээ нь нэг өдрийн 10 мянган юань буюу 1450 доллар хүртэл үнэтэй байдаг гэжээ. 

Эрчүүд гэр бүлийн амьдрал зохиохын тулд санхүүгийн хувьд тогтвортой байх ёстой гэсэн уламжлалт хандлага хадгалагдсаар байгаа хөдөө орон нутагт эхнэртэй болно гэдэг бүр ч хүнд даваа гэнэ. Хэдийн нөхөрт гарсан, 32 настай Хон Ян "Охинтой нь гэрлэх тухай цухуйлгахад ихэнх хадам ээжүүд байр худалдаж авсны дараа л дараагийн алхмаа ярилцана гэж гэдийдэг. Сүүлийн жилүүдэд орон сууцны үнэ огцом өссөний нэг шалтгаан нь энэ юм" гэлээ. 

Иймэрхүү санхүүгийн асуудлаас болж эрчүүд гэрлэлтээ хойшлуулах нь элбэг бөгөөд эцэстээ энэ нь нөхөр хайсан бүсгүйчүүдэд ч дараас болдог байна. Учир нь эрчүүд амьдралаа төвхнүүлж, санхүүгийн баталгаатай болсныхоо дараа өөрөөсөө олон насаар дүү, залуу бүсгүйчүүдийг сонирхдог аж. Сүүлийн жилүүдэд гэр бүл бололцож буй хүмүүсийн насны зөрүү 10-20 жилээр хэмжигдэх болжээ. 

Эрчүүд амьдралаа төвхнүүлж, санхүүгийн баталгаатай болсныхоо дараа өөрөөсөө олон насаар дүү, залуу бүсгүйчүүдийг сонирхдог тул 30 гарсан бүсгүйчүүдэд ч нөхөр олоход хэцүү болдог байна.

"Нөхөр болох тохиромжтой хүн олно гэдэг 30 гарсан бүсгүйчүүдэд тун хэцүү. Боломжийн эрчүүд нь өөрөөсөө дүү, царайлаг эмэгтэйчүүдийг хүсэмжилдэг" гэж Хон Ян нэмж хэлсэн юм. 

Нөгөөтэйгүүр өндөр боловсрол эзэмшиж, санхүүгийн хувьд бие даасан ч ганц бие байгаа эмэгтэйчүүдийг хүмүүс "гологдсон эмэгтэй" гэж ярьдаг тухай Шанхайд амьдардаг Хитер Ма ярьсан байна. 

Гэр бүл зохиоход эцэг эхийн шахалт ч багагүй дарамт учруулдаг тухай Сүжоу хотод амьдардаг, 39 настай Рожер Жоу дурджээ. Тэрбээр "Үр хүүхэд нь нас биед хүрсэн ч гэр бүлийн амьдрал зохиоход эцэг эхчүүд тодорхой хэмжээгээр хариуцлага хүлээх ёстой гэж боддог. Тийм болохоор хүүхдээ хүнтэй суу, болзоонд яв, хуримаа хийхэд бэлд гэж шахдаг" хэмээв. 

Гэрлэлтийн асуудалд эцэг эхчүүд оролцсоноор асуудлыг улам бүр төвөгтэй болгодог байна. "Эцэг эхчүүд сохор болзоо зохион байгуулах нь одоо ч түгээмэл" гэж 32 настай ганц бие бүсгүй Мелинда Ху ярив. Хүү эсвэл охин нь хүнтэй суух насан дээрээ гэр бүлтэй болж чадахгүй бол эцэг эхийг нь таньж мэддэг хүмүүс нь шүүмжилж эхэлдэг. Ийм дарамтаас зугтсан эцэг эхчүүд сохор болзоонд ч болов явж 30 хүрэхээсээ өмнө гэр бүлтэй болохыг шавдуулдаг аж. 

Ганц бие хүүхдийнхээ зарыг нааж буй эх (Шанхай хот)

Иймэрхүү шалтгаанаас үүдэж гэрлэлтийн "захууд" хүртэл бий болжээ. Иймэрхүү үйл ажиллагаа явуулдаг захуудын хамгийн том нь Шанхай хотод байх аж. Эцэг эхчүүд гараар бичсэн зар байрлуулах бөгөөд тэнд хүүхдийнхээ боловсрол, орлого, зан чанар гэх мэт нарийн ширийн мэдээллүүдийг бичдэг гэнэ. Зарим эцэг эх ийм газраар хэдэн жилийн турш тогтмол эргэлдсэн ч амжилт эс олох нь бий. 

Эцэст нь, насан туршийн хамтрагчаа олоход санхүүгийн тогтвортой байдал гэх мэт хүчин зүйлээс илүүтэй хайр сэтгэлийг чухалчлах нь зүйтэй гэсэн дүгнэлтэд хүрч байна. Жун Ли ч гэрлэх гэж яарахын оронд чин сэтгэлээ түүнд зориулж, хайрлах эрийг хүлээх болно хэмээн ярьжээ. 

Эх сурвалж: BBC

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
3 цагийн өмнө
Бээжингийн олон улсын автомашины үзэсгэлэнд юу үзүүлэв?
2
Өчигдөр
Энэ өдөр түүхэнд: Оцон шувууны тухай хачирхалтай 15 баримт
3
Уржигдар
Кайли Женнер жүжигчин Тимоти Шаламегээс жирэмсэн болсон гэх цуурхал гарчээ
санал болгох
1
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
4
0
1
0
0
0
1

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.