Хайх зүйлээ бичнэ үү

9 мин

Гарааны бизнесээ АМЖИЛТАД хүргэсэн залуусын бусдадаа хүргэх ЧУХАЛ 20 зөвлөгөө


Хоёр өдрийн турш үргэлжилсэн "Залуусын дуу хоолой" чуулган амжилттай болж, өнөөдөр өндөрлөлөө. Монгол Улсын өнцөг булан бүрт ажиллаж, амьдарч байгаа 18-35 насны 1000 гаруй залуус оролцсон чуулганы хүрээнд залуучууд засаглал, улс төрийн оролцоо, ардчилал, авлига, бизнес эрхлэлтийг дэмжих зэрэг нийгмийн түлхүүр асуудлуудыг өөрсдийн арга хэлбэрээр илэрхийлж санал, бодлоо солилцож, дуу хоолойгоо нэгтгэсэн юм. Энэхүү арга хэмжээ зургаадугаар сарын 15, 16-нд “Blue Sky” болон “Туушин” зочид буудлын хурлын танхимд болж, нэгэн зэрэг олон чухал үйл явдал өрнөж, залуус ахмад үе болон дүү нартаа өөрсдийн дуу хоолойг нэгтгэн мэдээлэл хүргэж, нийгэмд болж бүтэхгүй байгаа асуудлуудыг өөр өөрсдийн хүрээнд хэрхэн шийдвэрлэж болох талаар санал солилцсон, үр дүнтэй чуулган боллоо.

Өнөөдөр буюу "Залуусын дуу хоолой" чуулганы хоёр дахь өдөр:

09:00-11:00

•Залуу сонгогчийн боловсрол
•Авлигын талаар ярилцъя
•Мультимедиа төв
•Залуусын бизнес эрхлэлт
•Богино хэмжээний кино цуврал
•Хог хаягдлаас баялаг руу

11:00-12:30

•Улс төрийн шинээр тодорхойлох нь
•Залуусын оролцоо: Эгэл бидний энгүй түүх

13:30-16:30

•Ардчиллын үнэт зүйл ба популизм
•Хураангуй хэлэлцүүлэг, нэгдсэн дүгнэлт
•Шагнал гардуулах үйл ажиллагаа
•Хаалтын үг
•Урлагийн үзүүлбэр зэрэг өнөөгийн нийгэмд хөндөх ёстой, бусдад мэдээлэл болохуйц чухал ач холбогдолтой хөтөлбөрийн дагуу, үйл ажиллагаа болж өндөрлөсөн юм.


UB.LIFE сайт “Залуу бизнес эрхлэгчид” хэлэлцүүлгийг онцолж байна. Энэхүү хэлэлцүүлэгт “РВЖ Капитал” компанийн дэд захирал Р.Эрдэнэтулга, “Монголын энтрепренёр эмэгтэйчүүд” ТББ-ын үүсгэн байгуулагч Э.Азжаргал, “Арт-Маргад” ХХК-ийн захирал Н.Билгүүнтөр, “Гилгэрэм” брэндийг хамтран үүсгэн байгуулагч Ч.Батцэцэг нар оролцож, туршлага, уналт, ололт амжилтаасаа хуваалцсан юм.

“Арт-Маргад” ХХК-ийн захирал Н.Билгүүнтөр: Бид хотод ч, хөдөө ч нэг л боломж, нөхцөл байдлаас гараагаа эхэлж байгаа

Би 2016 онд их сургуулиа төгссөн. Тухайн үед уул уурхайн салбар хэдий ашигтай ч нэр хүндийн хувьд уналтанд орсон байсан. Залуу хүний хувьд эх орноо хайрлах сэтгэл төрж, ухаж биш ургуулж эх орноо хайрлаж, хамгаалах нь зөв санагдаад хөдөө аж ахуйн бизнест хөл тавьсан л даа. Энэ салбар надад ч ойр салбар байсан юм. Хөдөөнөөс ирж сурч байгаа залуусын ихэнх нь сургуулиа төгсөөд хотод үлдэхийг илүүд үздэг. Гэтэл би яагаад хотыг биш хөдөөг сонгож, амьдрах болсон гэхээр бусдын урсгалыг дагаж биш сөрөхөөр шийдсэн. Нэг талаас өөрийгөө сорьж үзэхийн тулд орон нутагт амьдрахаар шийдсэн бол нөгөө талаас амар амгалан амьдралыг хүссэнтэй холбоотой. Хөдөө гэхээр л хүмүүс техник технологиос хол хөндий мэт санадаг. Энэ бол өрөөсгөл ойлголт шүү. Техник технологи хөгжиж байгаа өнөө үед хотод ч, хөдөө ч боломж адилхан нээлттэй бий. Нэг боломж, нэг нөхцөл байдлаас л бидний гараа эхэлж байгаа. Харин үүнийг яаж харах нь хувь хүний хандлага, харах өнцгөөс шалтгаална. Орон нутагт хүн ам цөөтэй тул анхандаа борлуулалт бага, хөрөнгө түгжигдэх эрсдэлтэй байсан ч бид үүнийг даван туулаад гарсан. Таны бизнес заавал хотод байх албагүй шүү дээ. Зам тээвэр хөгжсөн өнөө үед бизнесээ хөдөө эрхэлсэн ч борлуулалтаа хотод ч хийж болно.

“Маяара” брэнд, “Монголын энтрепренёр эмэгтэйчүүд” ТББ-ын үүсгэн байгуулагч Э.Азжаргал: Бизнес эрхлэгчид тууштай байх нь хамгийн чухал

Бизнесийн санаа хаана ч, ямар ч үед гарч болно. Цаг хугацааны тохироо нь бүрдэж, эр зориг байх юм бол хэн ч бизнесээ эхлүүлж болдог. Би ийм бизнес хийнэ гэж төсөөлөө ч үгүй явж байсан. Хоёр гаруй жилийн өмнө АНУ-ын тэтгэлэгт хамрагдаж, 20 улсын нэг нэг хүн АНУ-ын жижиг, дунд бизнестэй танилцсан юм. Энэ үеэр олон хүнтэй уулзаж явахад надтай хятадаар мэндчилж, хятад хүн гэж бодоод байсан л даа. Тэр үед байнга Монгол гээд л, Чингис хааныхаа тухай ярилтай биш дотроос нэг юм татаж, зулгаагаад сонин сэтгэгдэл төрдөг юм билээ. Буцаж ирэхдээ сонин мэдрэмжтэй ирсэн. Уг нь монгол эмэгтэйчүүдийн гарааны бизнес эхлүүлэх том хүсэл, мөрөөдөлтэй Америк явсан хүн чинь буцаж ирэхдээ Монголоо дэлхийд хэрхэн таниулж, сурталчилах вэ гэсэн бодол, сэтгэлийн шархтай ирсэн дээ. Улсаа гадаад оронд таниулъя гэхэд би зураач, судлаач, академик судалгаа ч хийдэггүй, дизайнер ч биш. Гэхдээ хүсэл, мөрөөдөл байхад хүн юуг ч хийж чаддагийг л ойлгосон. Тухайн үед мөнгөгүй байсан байсан болохоор байраа зарж, анхнб хөрөнгө оруулалтаа хийсэн. Одоо манайх Улаанбаатарт 4 салбартай, Америк руу удахгүй бүтээгдэхүүнээ гаргана, Өвөрмонгол руу гаргаад эхэлчихсэн байгаа. Хүмүүс бизнес эрхлэхээр их хэмжээний мөнгө орно гэж төсөөлдөг ч үнэндээ багахан мөнгөөр ч эхлүүлж болдог юм шүү. Улаанбаатарт бизнес эхлүүлээд явж байхад борооны дараах мөөг шиг олон газар нээгддэг. Тэр бол хуулбарууд л даа. Гэхдээ энэ нь сайн. Зах зээлийн өрсөлдөөнөөрөө шалгараад л явчихдаг учраас бизнес эрхлэгчид тууштай байх нь хамгийн чухал. Улаанбаатарт бизнес эрхлэхийн давуу тал нь хүний нөөц арвинтай, худалдан авах чадвар их. Бизнес эрхлээд арай томоор харахад Монголын зах зээл жижиг санагдаж эхэлнэ. Тэгэхээр илүү томоор сэтгэж, том зах зээл рүү ордог юм билээ. Би ч тун удахгүй хөдөө амьдарна. Яагаад гэвэл хөдөө, орон нутагт маш их боломж байдаг. Бид нар өөрсдөө мэдэхгүй, дээгүүр нь гишгээд л явж байдаг. Дээрээс нь өрсөлдөөн бага. Энтрепренёр хүмүүс орон нутагт хэрхэн бизнес эрхлэх талаар илүү нээлттэй, нүдээ нээгээд хараасай гэж хүсдэг. Тиймээс энд хуран цугларсан залуусыг орон нутгаа хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулаарай гэж уриалъя.

“РВЖ Капитал” компанийн дэд захирал Р.Эрдэнэтулга:  Монгол болон Америкийн старт-ап компаниудын хамгийн том ялгаа нь эко систем

Америкт хөрөнгө босгох, старт-апийг дэмжих эко систем нь Монголынхтой харьцуулахад арай илүү байдаг. Олон компани гарааны бизнесийг дэмжиж, хөрөнгө оруулалт хийдэг л дээ. Компаниуд 2-3 жилийн дотор хөлөө олж, том компанид өөрсдийгөө үнэлж, худалдах гарц ч бий. Эсвэл IPO хийж, анхны хөрөнгө оруулагчид нь өөрсдөө гарах жишээ ч байна. Мөн органик байдлаар “том” болоод зах зээл дээр том тоглогч болох боломжтой. Жишээлбэл, “google”, “facebook”-ийнхэн өөрсдийгөө хэзээ ч зараагүй, хөгжсөөр байгаад өнөөдрийн өндөрлөгт хүрсэн байна. Эдгээрээс харахад Монгол болон Америкийн старт-ап компаниудын хамгийн том ялгаа нь эко систем юм.  

“Гилгэрэм” брэндийг хамтран үүсгэн байгуулагч Ч.Батцэцэг: Монголын хууль, эрхзүйн орчин болоод нийгмийн тогтолцоо алдаатай

Монголын хууль, эрхзүйн орчин болоод нийгмийн тогтолцоо их алдаатай байгаа учраас бид нарт маш их хүндрэлтэй байдаг. Манайх органик саван үйлдвэрлэдэг. Гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэж, Америк руу экспортлох гэтэл гоо сайхны бүтээгдэхүүний органикийн тухай хууль байтугай гоо сайхны бүтээгдэхүүний тухай хууль байгаагүй. Манайд гоо сайхны бүтээгдэхүүний салбар нь ч байхгүй, гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгчийн ажлын код ч, мэргэжил ч байгаагүй. Энэ мэтчилэн эрхзүйн орчин нь бүрдээгүй түүхий салбар байсан. Одоо Монголд европын нэг үр дүнтэй төсөл хэрэгжиж байгаа. Энэхүү төслөөр өнгөрсөн 2 жилийн хугацаанд судалгаа хийж, Монголоос Европ руу экспортлох боломжтой бүтээгдэхүүнүүдийг нэрлэхэд чацаргана, арьс шир, гоо сайхны бүтээгдэхүүн, ноос ноолуур зэрэг 4-5 төрлийн бүтээгдэхүүн багтсан. Ингээд нөхцөл байдлыг харгалзан үзээд европын холбооноос Монголын натурал гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн кластерийг өнгөрсөн онд байгуулсан. Ингэж манай улсын гоо сайхны үйлдвэрлэгчид нэгдсэн. Эхлээд өрсөлдөгчидтэйгөө нэг ширээнд сууж, ярилцахад их эвгүй, санаагаа алдах гээд ч байгаа юм шиг санагдаж байлаа. Тэндээс нэг зүйлийг ойлгосон нь би ганцаараа юунд ч хүрч чадахгүй, ямар ч амжилтад хүрэхгүй гэдгээ мэдсэн. Нэгдэж чадсан нь маш том амжилт юм. Нийтийн эрх ашиг гэдэг миний эрх ашиг шүү дээ. ингээд л өөрийнхөө чадах зүйлс, шинэ санаа, ноу-хаугаа бусадтайгаа одоо ч хуваалцаж байгаа. Манай кластер маш амжилттай нэгдэж чадсан. Тун удахгүй бид нар бүтээгдэхүүнээ европын холбооны улс руу гаргана гэсэн зорилго тавьсан байгаа. Нийгэмд байгаа эко системийг эхлээд олж харах нь чухал. Үүнийг олж хардаг нүдтэй байх нь энтрепренёр хүний маш том чанар юм. Хэрвээ хүсэл мөрөөдөл, зорилго чинь ямар нэгэн салбар дээр байгаа бол замд чинь байгаа бүх чулууг тойрч гарахгүйгээр хамтдаа дамжлаад холдуулж яваарай.  

"Залуусын дуу хоолой" чуулганы энэ хэлэлцүүлэгээр дамжуулан залууст хүргэх зөвлөгөө юу вэ?


1.Бизнесээ эхэлсэн болон эрхлэхээр төлөвлөж байгаа залуус эхлээд зорилгоо зөв тодорхойлоорой. Хүнд гурван төрлийн зорилго бий.
•Identity goal- чи хэн бэ?
•Character goal-чи ямар байхыг хүсэж байна вэ?
•Short goal-стратегийн зорилго
Бид нар хамгийн эхлээд стратегийн зорилгоосоо эхэлж тодорхойлдог нь буруу. Хамгийн эхлээд чи хэн байхыг хүсэж байгаагаа тодорхойл. Үүний дараа хүмүүс чамайг юугаар чинь, ямар чанараар чинь мэддэг байхыг хүсэж байгаагаа тодорхойлох хэрэгтэй. Энэ бүхний дараа дээрх хоёр зорилгоо бүрдүүлэхийн тулд стратегийн ямар зорилт биелүүлэх, ямар мэргэжил эзэмшиж, ямар салбарт хүч үзэхээ тодорхойлох нь чухал.

2.Дэлхийн хэмжээнд сэтгэж, орон нутгийн хэмжээнд хий.

3.Их хэмжээний мөнгө байхгүй бол бизнес хийх боломжгүй гэдэг бодлоо авч хая.

4.Зориглоод хий, залуу хүн байна даа.

5.Маш их амбицтай бай. Гэхдээ амбицаа зөв ашигла.

6.Өөрийнхөө зан чанар, мөн чанараа сайн тань. Дотоод хүн чинь хэн бэ гэдэг асуултад хариул.

7.Үнэт зүйлээ ол. Чамайг аз жаргалтай байлгадаг зүйл юу гэдгийг мэдсэн цагт дуртай ажлаа аз жаргалтайгаар хийж чадна.

8.Гарааны бизнес эхлэх цэг нь хүн бүхэнд өөр өөр боловч хүрэх цэгт нь хязгаар үгүй.

9.Сурах цагтаа л яс суугаад сур. Цагийг хий дэмий битгий өнгөрөө. Хичээл цонхлоход битгий баярла. Хичээлээ л хий.

10.Амжилтыг дансан дахь мөнгөөр хэмжихгүй. Харин таны чадвар, мэдлэг, хувт хүний хөгжил хэр өссөн бэ гэдгээр л амжилтаа хэмжээрэй.

11.Яг одоо хаана байгаа нь биш хэсэг хугацааны дараа хаана хүрэх нь илүү чухал.

12.Бизнес эхлэх гэж байгаа бол тал бүрийн мэдлэгтэй байх хэрэгтэй.

13.Мэдэхгүй зүйлс их байгаагаа мэдрэх нь нэгэн төрлийн таашаал юм.

14.Сониуч бай. Заргач бай.

15.Гарааны бизнесийн хоёр дахь жил бол их хямралын жил байдаг. Үүнийг заавал даваад гараарай.

16.Хүсэл мөрөөдөл байгаа цагт юунд ч хүрч болдог.

17.Хөдөө, орон нутагт бизнес эрхлэх боломж маш их.

18.Хүн бүхний дотор өөр өөрсдийн дуу хоолой бий. Түүнийгээ олж, мэдрээрэй.

19.Ажилласан хугацаагаараа амжилтаа тооцох хэрэггүй. Үр дүнгээр нь амжилтыг тооцдог.

20.Хагас шизотой, тууштай, зоригтой байгаарай.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2023.10.11
Мөрөөдөж буй зүйлээ өөрийн болгохын тулд нүүр тулах ёстой 5 зүйл
2
2023.06.29
Мөнгөн хуримтлал үүсгэхэд туслах "365 хоногийн хадгаламжийн челленж"
3
2022.12.01
Баярын сард 'АМЬД ҮЛДЭХ' жор | Цаг хугацаа, мөнгө санхүү, сэтгэл зүйгээ хэрхэн бэлдэх вэ?
санал болгох
1
2 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
22 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
0
2
0
0
0
1
2

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.