Хайх зүйлээ бичнэ үү

17 мин

Гэрэг: Humans of Ulaanbaatar


Ажиллаж буй салбартаа хоёргүй сэтгэлээр хандаж, улсынхаа хөгжил цэцэглэлтэд өөрийн хувь нэмрээ оруулж яваа дайчин дөрвөн бүсгүй “Humans of UB” буланд маань оролцлоо. Тэдний хүсэл мөрөөдөл болон хийж бүтээж буй ажлынх нь түүх, замнал танд урам зориг өгнө гэдэгт итгэлтэй байна.

1. О.БАЙГАЛЬ “IWFCI” МОНГОЛ САЛБАР БАЙГУУЛЛАГЫН ТУЗ-ЫН ДАРГА 

Хүмүүс намайг хийлч Байгаль гэдгээр мэдэх нь элбэг. Ер нь тоглолтоо хийгээд олон нийтэд танигдаж, ил гарч эхэлсэн үе маань 24, 25 настай байх хугацаа. Ид залуу, гоё нас шүү дээ. Гэхдээ тухайн үед урлагийн эмэгтэйчүүд манлайлал үзүүлэхэд бэрх байсан. Харахад сайхан юм шиг хэрнээ олны нүдэн дээр ажиллаж, хөдөлмөрлөнө гэдэг хувь хүний нэр хүндэд халдах, нийгмээс ирж байгаа дарамт, шахалтыг давж гарах нь залуу хүний хувьд амаргүй. Мэдээж бусад нийгмийн зүтгэлтнүүдтэй харьцуулшгүй боловч миний хувьд хүнд тусч байсан. Харин тэр үед Францын нэрт сэтгэгч, зохиолч Симон Де Бовуарын “The Second Sex” буюу “Дайвар хүйстэн” номыг уншсанаар миний амьдралыг өөрчлөхөд их нөлөөлсөн шүү. Тэр үеэс би эмэгтэйчүүдийн тэгш эрх, шилэн таазны нөлөөллийг бууруулахад ажиллаж, ямар нэг байдлаар дуу хоолойгоо хүргэнэ гэж шийдсэн. Гэр бүлийнхэн маань олон жил болор, шаазан эдлэлийн компани ажиллуулсан. Тус компанидаа би их залуугаасаа эдийн засгийн оролцоотой явж ирсэн. Тэгээд бизнесийн чиглэлээр суралцаад Сингапурт байх хугацаандаа эмэгтэйчүүдийн асуудлыг хөндсөн хурал, олон улсын үйл ажиллагаанд идэвхтэй оролцсон юм. Ялангуяа одоо тэргүүлж буй “IWFCI” байгууллагын маань Малайзын салбарын үүсгэн байгуулагч эмэгтэйтэй хамтарч ажилласан, тэр хүн бол миний ментор гэж болно. Эмэгтэйчүүд нийгмийн идэвхтэй болж байгаа давалгааг бид ойлгох, хэн нэгэн үүнийг хийж эхлүүлэх хэрэгтэй гэдгийг тэндээс ойлгосон. Ингээд Монголд байгууллагаа үүсгэж удирдах зөвлөлийн таван гишүүн, бодлогын зөвлөлийн долоон гишүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байна. 

“IWFCI” буюу “Олон Улсын Эмэгтэйчүүдийн Худалдаа, Аж Үйлдвэрийн холбоо” нь 1992 онд Австралийн Мельбурн хотод Диана Абруззи гэж эмэгтэйн санаачлагаар байгуулагдсан. Одоо дэлхийн 16 оронд салбар байгууллагатай ажилладаг юм. Гол нь эдийн засаг дахь эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, үүгээр дамжуулаад улс орны болон дэлхийн эдийн засгийн тэлэлтэд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, цаашлаад бизнесийн болоод улс төрийн түвшинд эмэгтэйчүүдийн шийдвэр гаргалт дахь оролцоонд дэмжлэг үзүүлдэг байгууллага. Сүүлийн жилүүдэд дэлхийн улс орнуудад ч тэр олон улс дамнасан эмэгтэйчүүдийн хамтын ажиллагаа хүчтэй өрнөж байгаа. Тэгэхээр бид дотроо өөрийнхөө бизнесийг өргөжүүлэх, нийгэм дэх харилцаа холбоогоо нэмэгдүүлэх, цаашлаад олон талт нөлөө бүхий үйл ажиллагаа явуулахад бидний хамтын ажиллагаа хамгийн чухал. Тиймээс аливаа зүйл дээр ерөөсөө эмэгтэйчүүд бие биенээ дэмжих, хоёр дахь гол хүчин зүйл нь бие биенийгээ хүлээн зөвшөөрөх шаардлагатай. Цаашлаад бид хавсарсан байдлаар хамтарч ажиллавал улам илүү хүчтэй, хурдтай хол явж чадна. Үүний төлөө л бид ажилладаг. Жишээлбэл, манай “IWFCI” байгууллагын үйл ажиллагаатай холбоотойгоор танилцаад, хамтраад бизнесээ эхлүүлсэн эмэгтэйчүүдийг дурьдаж болно. Түүнчлэн манай олон улсын салбар байгууллагууд Австрали, Малайз, Сингапурын салбар байгууллагын эмэгтэйчүүдтэй монгол эмэгтэйчүүд хамтраад хийж байгаа төслүүд  хүртэл бий болсон. Өнгөрсөн намар бид Ерөнхий сайдын ивээл дор олон улсын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн дээд хэмжээний чуулга уулзалтыг хийлээ. Энэ чуулга уулзалтын дараагаар хамтарч бизнесээ босгосон, шинэ санаагаа амьдрал дээр хэрэгжүүлсэн эмэгтэйчүүдийн жишээнүүд нэмэгдэх хандлагатай байгаа. Энэ л боломжийг өргөжүүлэх, нээж гаргаж өгөх нь бидний ажлын үндсэн чиглэлийн нэг юм. Ер нь хамтарна гэдэг бол бүх зүйлийн эхлэл. Мөн дундаж насны, дараачийн түвшинд ахихыг хүсэж, тухайн салбартаа манлайлахыг зорьж байгаа эмэгтэйчүүдийг чадавхижуулах ажил хүчээ авч байна. Энэ ч үүднээс манай байгууллагын хувьд саяхан Мельбурны их сургууль болон Мельбурн хотын захирагчтай уулзаж манлайллын хөтөлбөр хэрэгжүүлэх талаар ярилцсан юм. Ингээд “IWFCI” байгууллагын маань олон улсын бүх салбар байгууллагын гишүүдийг оролцуулсан Эмэгтэйчүүдийн манлайлал хөтөлбөрийг Мельбурны их сургуулийн Бизнесийн сургуультай хамтран хэрэгжүүлэхээр болоод байна.

2. Б.ӨЛЗИЙБАЯР “АРД КАПИТАЛ” ҮНЭТ ЦААСНЫ КОМПАНИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ

Би гадаадад төгсөж ирчихээд хөрөнгийн зах зээлд боломж байгааг анзаарч, Монголдоо хөгжүүлэхээр сэтгэл шулуудан ажиллаж эхэлсэн. Санасныг бодвол тийм амар байгаагүй. Ард иргэдийн дунд ч хөрөнгийн зах зээлийн ойлголт маш муу байсан. Санхүүгийн салбарын зах зээлийн 95 хувийг банкны салбар эзэлчихсэн. Үлдсэн 5 хувь нь даатгал, үнэт цаасны зах зээлд хамаарагдаж байна. Зориг гаргаад энэ салбарт ажиллах болсондоо одоо ч би гайхдаг. Залуу хүний шийдэмгий байдал болон энэ зах зээлийн байдлыг дотроос нь биш гаднаас нь нэлээд анзаарч, ажигласан минь нөлөөлсөн байх. Өөрийгөө их тоож байсан юм байлгүй. Намайг хууль дүрэм нь хоцрогдчихсон, хувьцаа эзэмшигчдийн эрх зөрчигдчихсөн талбар угтсан. Өөрчлөлт хийхийн тулд бусадтайгаа хамтарч, мэргэжлийнхний дуу хоолойг чангатгах хэрэг гарсан юм. Намайг энэ зах зээлрүү орж ирэхэд “Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо”,“Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх холбоо”, “New market club” гэсэн гурван холбоо байсан. Тухайн холбоод маань бүгд хэлэлцээд нэгдэхээр болж, “Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо”-ндоо буюу 1995 оны ууган холбоондоо төвлөрсөн. Бусад хоёр холбоогоо татан буулгасан юм.  Ингээд шинэ удирдах зөвлөлөө байгуулж, брокер, үнэт цаасны компаниудаа оруулсан. Хуучин удирдлагаас холбооны гэрчилгээ, дүрэмтэй ганц хавтас л өгч байлаа. Одоо манай холбоо тухайн үетэйгээ харьцуулахад газар тэнгэр шиг ялгаатай болсон доо. Одоо л энэ салбарын хонгилын үзүүрт гэрэл харагдаж байна. 2012 оноос эхлээд шинэ үнэт цаасны зах зээлийн хуулийн төсөл дээр ажиллаж, холбооны төлөөлөл ажлын хэсэгт орсон. Бид нар хуулиндаа хүртэл мэргэжлийн холбооны тухай заалтыг оруулж чадсан. Хуулийн дагуу өөрийгөө зохицуулах байгууллага болсон. Хөрөнгийн зах зээл дээр үйл ажиллагаа явуулдаг бүх мэргэжлийн байгууллагын төлөөлөл холбоонд маань байна. 2009 онд компаниа авч байхад брокерийн компаниуд гадаад арилжаа хийдэггүй байсан. Монголдоо анх удаа 2010 онд гадаад арилжаа хийсэн л дээ. Маш амжилттай болсон. 2010 оны аравдугаар сард “Энержи Ресурс” компани “МMC” нэрээр Хонгконгийн бирж дээр гарч, 750 сая ам.доллар босгосон. Монголчуудын хувьцаа эзэмших эрмэлзэл ч нэмэгдсэн. 

Өнгөрсөн хугацаанд Монголын уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулдаг 40 гаруй компани гадаадын хөрөнгийн биржүүд дээр гарсан. Монголчууд өөрсдөө тухайн компаниудынхаа хувьцааг авч, хөрөнгө оруулсан шүү дээ. Намайг санхүүгийн салбарт анх ажиллахад эмэгтэйчүүдийн төлөөлөл бага байсан. Өнөөдрийн байдлаар харахад хөрөнгийн зах зээлийн гол оролцогч байгууллагуудын захирлын албан тушаалд эмэгтэйчүүд давамгайлж байна. Манай монгол эмэгтэйчүүд маш чадвартай. Бусад орныхонтой харьцуулсан ч тэр. Би гаднын олон хүмүүстэй ажиллаж, харьцахад тэд нар “Монгол эмэгтэйчүүд ямар мундаг юм бэ. Хамгийн найдвартай итгэж болох түнш нь эмэгтэйчүүд” гэдэг. Маш хариуцлагатай, ажилсаг, дайчин. Үнэхээр мундаг. Өөртөө итгэх итгэлээ л алдаж болохгүйг ойлгосон доо. Холбооны удирдах зөвлөл болон энэ салбарт ажиллах хугацаандаа би Монгол Улсад аливаа салбарын бодлого алдагдсан, төрийн залгамж халаагүй болсон гэдгийг ойлгосон. Аль ч нам гарсан бодлогынхоо хүрээнд үйл ажиллагаа нь хэвийн явагддаггүй, тодорхой алсын хараагүй болчихжээ. Үүнийг л цэгцлэх ёстой. Хамгийн
гол нь тухайн салбар буюу мэргэжлийн холбоод нь төр, засагтаа дуу хоолойгоо хүргэх ёстой юм билээ. Түүнээс биш зүгээр суугаад бодлого гаргахыг хүлээнэ гэж байхгүй. Хувийн хэвшил ёстой мөнчигрөөрөө явж байна шүү дээ. Иймээс л манай салбар зах зээлийнхээ төлөө нэгдмэл зорилготой болсон. Хамтарч, нэгдэж ажиллахад хувь хүний амбицийг л дарах ёстойг ойлгосон. Ингэж төртэйгөө хувийн хэвшил нь ойлголцож чадсаны үр дүнд өнгөрсөн жил хамгийн их IPO хийсэн. Түүхэн дээд амжилтаа тогтоолоо. 2018 онд 241 тэрбум төгрөгийн хувьцааны арилжаа хийлээ. Энэ нь 2012 оны рекордыг 45 хувиар эвдсэн үзүүлэлт юм. Мөн 2018 онд таван шинэ IPO, нэг нэмэлт хувьцаа буюу нийт 6 удаагийн хөрөнгө татсан. Зургуулаа амжилттай болсон. Нэг жилд хамгийн олон IPO хийсэн түүхэн амжилт гаргалаа. Шинэ бизнесийн төлөөллүүд бий болж байна. Урьд нь хувийн, гэр бүлийн бизнес их байсан бол одоо компаниуд ашгийг зөвхөн өөртөө биш бусадтай хуваалцдаг болсон. Нэг ёсондоо нийтэд нээлттэй, хариуцлагатай, баялгийн хуваарилалтыг дэмждэг, далд эдийн засгийг нээлттэй болгодог компаниуд бий болж байна. Өнгөрсөн онд компани маань маш амжилттай ажиллалаа. “Сүү” компанийн бондыг олон нийтэд санал болгоход Голомт манайх хоёр андеррайтераар ажилласан. Ноднин хэд хэдэн хаалттай бонд босгосон. Даатгалын компаниудад хамгийн их хөрөнгө босгож өгсөн үнэт цаасны компани боллоо. Саяхан “Ард кредит” ББСБ-ын IPO-ийн үндсэн андеррайтераар маш амжилттай ажиллалаа.  Хувьцааны анхдагч зах зээлийн захиалгад нийт 1,763 хувь хүн, аж ахуйн нэгж оролцож нийт 7,3 тэрбум төгрөгийн үнэт цаас худалдан авах санал ирүүлсэн бөгөөд энэ нь олон нийтэд санал болгосон татан төвлөрүүлэх доод дүнгээс 3 дахин давсан үзүүлэлт байлаа. Энэ оны сүүлчээр өөр нэгэн сонирхолтой компанийн хөрөнгө босгохоор ажиллаж байна. Санхүүгийн салбарт хөрөнгийн зах зээлийг ядаж 20 хувь болтол нь хөгжүүлэх зорилготой. Андеррайтерийн гол хариуцлага нь компанид хөрөнгө оруулалт босгоод хаях биш хөрөнгө оруулагчиддаа чанартай бүтээгдэхүүн санал болгох, хөрөнгө авсан компанидаа хяналт тавих, хэлсэн амандаа хүрэхэд нь ташуур болохоор ажилладаг. Хөрөнгө оруулагчидын хөрөнгийн үнэ цэнийг унагахгүйгээр ажиллах нь бидний үүрэг. Цаашдаа уул уурхайн салбар ч хөрөнгийн зах зээлрүү орж ирэхийг хүсдэг. “Эрдэнэс таван толгой”-н үлгэр домог болох гээд байгаа 1072 хувьцааг хурдхан шиг арилжаалах хэрэгтэй. Иргэд хувьцааныхаа үр шимийг хүртэх ёстой.

3. А.НАМУУН “ХӨСӨГ” БРЭНДИЙГ ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧ

“Хөсөг” төслөө өнөөгийн хэмжээнд хүрэх чинээний төсөөлөл, амбицгүйгээр тун даруухан эхэлж байлаа. Монгол бүтээгдэхүүний чанар, дизайн, өнгө аясыг сайжруулах, эргэн тойрон дахь эмэгтэйчүүддээ тусалъя гэсэн залуу хүний гэнэн хүсэл, эрмэлзлээс үүдэн төслөө эхлүүлсэн юм. Тухайн үед суралцаж байсан судалгааны сэдэвтэй холбоотойгоор эхэлсэн ажил маань санаандгүй байдлаар өргөжин, өнөөдөр эх оронд минь тулгараад байгаа зарим нэг асуудлын хүндрэл шийдлийг олоход, салбарын туршлага оролцоо шаардагдсан, стратегийн чиглэлтэй үйл ажиллагаа болон тэлжээ. Бид тухайн үедээ эмэгтэйчүүдийнхээ төлөө, нийгмийн хариуцлагаа ухамсарласан  social enterprise хэлбэрийн үйл ажиллгааны загвараар ажилладаг,  байгаль эхдээ хор хөнөөлгүй, мал аж ахуйн гаралтай түүхий эдийг  боловсруулсан материалаар хийгдсэн, өдөр тутамдаа хэрэглэж болохуйц, Монголд бүтээгдсэн натурал бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд гаргах анхныхаа үзэл баримтлалыг гаргаж байлаа. Бид 6 жилийн дараа буюу одоо л хэд хэдэн бүтээгдэхүүн дээрээ түүхий эдийн чанарын сертификаттай стандартын шаардлага хангасан эцсийн бүтээгдэхүүнийг бий болгож, одоо л экспортод чиглэсэн үйл ажиллагааны маань эхлэл тавигдаж байна. Өөрөөр хэлбэл, “Хөсөг” төсөл өнгөрөгч 6 жилийн турш ихийг суралцсан,  сургалтын жилүүдийг өнгөрөөлөө. Одоо л бид 6 жилийн өмнө баатарлагаар дуугарч байсан зорилго болох эмэгтэйчүүдээ дэмжих, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний хөгжилд хувь нэмрээ оруулсан экспортын бүтээгдэхүүнийг бий болгох зорилгоо биелүүлж байна. Үүний үндэс суурь болсон түүхий эдийн бэлтгэлийг хангаж чаддаг хамгийн туршлагатай баг хамт олон болон түүхий эд бэлтгэн боловсруулагч, үйлдвэрлэгч хамтрагчидтайгаа нэгдэж чадлаа. 

“Хөсөг” төслийн үр дүнд бий болсон бүтээгдэхүүн бүр нь бизнес санааны үндсэн дээр бус, сэтгэл шингэсэн инноваци бүхий бүтээгдэхүүн болж гарч байгаа нь энэ бүгдийг бий болгох үндэс суурь болсон юм болов уу. Энэ хугацаанд хамгийн сайн ойлгосон зүйл бол бэрхшээл гэдэг үг нь өөрөө “Ахь, Дэвш” гэсэн үгийн хураангуй юм байна. Бэрхшээл байгаа бол өнгөрснөө эргэн харж, аль хэсэгт анхаарлаа хандуулаагүйгээ олж, засахын тулд өөрөө ханцуй шамлан орох хэрэгтэй юм байна. Гарцыг хайх биш бэрхшээлтэйгээ тулгарч, ярилцаж, зэмлүүлж, бүр ташуурдуулж үзэх хэрэгтэй юм шиг санагддаг. Хамгийн гол нь холыг харсан алсын зорилго минь биднийг бэрхшээлийг давах боломж, гарцаа олох хүч болдог. “Хөсөг” нэрийн бүтээгдэхүүнийг хараад хүн бүхэн “Happy nature, happy animal, happy producers, happy customers” гэсэн утгыг ойлгодог байхыг хүсэж байна. Төслийн хүрээнд олон байгуулага, хамт олон, хүмүүстэй хамтран ажиллаж байна. Холыг харж, том зорилготойгоор бусадтайгаа хамтарч чадсан нь асуудлыг хэдийнэ ардаа орхин амжилттай үйл ажиллагаагаа явуулж байгаа нь ажиглагдсан. Харин өнөө маргаашийн ашиг, хувийн амбицдаа анхаарах нь хөгжлийг удаашруулдаг юм шиг санагддаг. Ажилд орж буй залуучуудыг харахад ч өнөөдрийн цалингаа голж, ажилдаа гүн орж, сэтгэлээсээ хандахгүй байх нь эргээд тухайн хүндээ санхүүгийн болоод туршлагын хувьд өсөлт бага байдаг. Бүхнийг “зоосны нүдээр” бус сэтгэл зүрхээ зориулж, өөрийн мөрөөдлөө одоогийн ажилдаа уялдуулан идэвхитэй ажиллавал санхүүгийн хувьд ч, туршлагын хувьд ч ирж буй үнэлэмж их байдаг. Ер нь хүн хийж буй зүйлдээ хайртай байхад л хувийн болоод гэр бүлийн, эрүүл мэндийн ямар ч асуудлыг инээгээд туулдаг юм шүү. Төслийнхөө ачаар Монголынхоо олон сайхан эмэгтэйчүүдтэйгээ хамтран ажиллаж, туршлагаас нь хуваалцах, суралцах алтан боломж үргэлж олддог. Уулзалт бүрийн дараа “Монголын минь эмэгтэйчүүд үнэхээр мундаг шүү” гэдэг үгийг байнга хэлэх болдог, бүр байнга шүү. Түүхээ сөхөөд бодсон ч монгол эмэгтэйчүүд “Мандухай сэцэн хатад шүү дээ”.

4. Ж.ЗОЛЗАЯА “SMS” ТӨВИЙН ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧ

Би маркетингийн салбарт ажиллаад 10 гаруй жил болсон байна. Энэ салбарт ажиллаж эхлэхэд залуучуудад зориулсан арга хэмжээ, цуглаж уулздаг зүйл байгаагүй. Энэ орон зайг олж хараад найз Ариунаатайгаа нийлээд Монголын топ аж ахуйн нэгж руу холбогдож “Залуу маркетеруудын зангиагүй уулзалт” зохион байгуулснаар бидний аялал эхэлсэн юм. Уулзалтын үр дүнд анхны 7 гэдэг шиг анхны 11 гишүүнтэйгээр “Залуу маркетер клуб”-ээ байгуулсан. Бүгд тусдаа ажилтай ч 7 хоног бүр уулзаж, үйл ажиллагаагаа явуулсаар 3 жилийн хугацаанд бид нар давхардсан тоогоор 10 мянган залуусыг цуглуулж, салбартаа жинхэнэ “бужигнуулж” явсан даа. Үйл ажиллагаагаа улам өргөжүүлж, орон нутагт салбараа байгуулж, бодлогын түвшинд ажиллах, бизнес эрхлэгчдийг бодитоор дэмжих хэрэгтэй байсан учраас “Монголын үндэсний маркетингийн холбоо”-г үүсгэн байгуулсан түүхтэй. Мэргэжлээ сурталчлах, маркетеруудыг нэгтгэх дэлхийн чиг хандлагатай хөл нийлүүлэн ажиллах, хамтын ажиллагаагаа сайжруулах зорилгоор жил бүрийн 10 дугаар сарын 20-ны өдрийг Монголын Маркетеруудын өдөр болгон зарлаж, төр засгаас албан ёсоор тэмдэглэлт өдөрт оруулж, батламжилж өглөө. Холбооны маркетингийн салбарт хийсэн хамгийн том ажлуудын нэг энэ юм. Харин “SMS” төв маань холбооноос хэрэгжүүлсэн төсөл нь юм. “SMS” төвийг байгуулах санаа 2014 онд төрж, сайжруулалт хийсээр 2016 оны төгсгөлд хөрөнгө оруулагч маань төсөлтэй танилцаад 536 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж байлаа. Бид нар “Startup marketing space” буюу “SMS” төвөө 2017 оны наймдугаар сарын 30-нд нээж байсан. Одоо 28 компани, 60 гаруй гишүүн өдөр тутам үйл ажиллагаа явуулж байна. Бүгд өөр өөр компани боловч бид нар “SMS family” буюу нэг гэр бүл. Манай төв залуучуудад зориулсан бүх зүйлийг нэг дор шийдэж өгснөөрөө онцлог. Том хүний цэцэрлэг юм. Учир нь бизнес эрхэлж байгаа залуус энд нэгдэж, бие биенээсээ суралцах орчныг нь бүрдүүлж чадсан. Манайх стартап болон ЖДҮ эрхлэгчдийг дэмждэг, мэргэжлийн чиг баримжаа дутагдаж буй залууст бүх төрлийн зөвлөх үйлчилгээг үзүүлдэг. Манай төвөөр нэг жилийн дотор 20 мянга орчим хүн үйлчлүүлж, 180 удаагийн арга хэмжээ зохион байгуулсан байна. Залуучууддаа мөрөөдлөө биелүүлэх газрыг нээсэн гэж манайхан ярьдаг. Одоо том мөрөөдөөд, хамтдаа зорилгынхоо төлөө ажиллах үлдлээ. “SMS”-ийнхэн бид нар дэлхийн хэмжээний том компанийг бий болгох зорилготой аз жаргалтайгаар ажлаа хийдэг хамт олон. Манайхан гарааны бизнесийг эхэлж байгаа бизнес гэж ойлгоод байна. Стартап гэдэг нь өмнө байгаагүй юм уу, байсан дээр нэмээд шинэ санаатай, шинэ дэвшилттэй, инноваци шингэсэн, том амбицтай, зорилготой компани юм. Тиймээс энэ ялгааг эхнээс нь сайн ойлгож байж энэ салбарт орж ирэх хэрэгтэй. Энэ соёлыг түгээж, дэлгэрүүлэх нь бидний үүрэг. Гарааны бизнес эхэлж байгаа залуучууд задгай сэтгэж байгаа нь сайн ч анхнаасаа сахилга баттай, хуулийн хүрээнд ажилладаг, байгууллагын соёлыг бий болгохгүй бол “Зуун компанийн 99 дампуурч, нэг нь амжилттай явдаг” гэдэг шиг алдагдал хүлээх, дампуурах магадлал өндөр. Мөн хүмүүс тууштай биш байгаа нь их анзаарагддаг. Би эцсийг нь хүртэл тууштай байх ганц зарчим баримталдаг. Тийм болохоор ч хөрөнгө оруулагч компани маань надад итгэсэн байх. Мөн харилцаа гэдэг бол мөнгөөр хэмжээлж болшгүй капитал. Энэ олон жилийн турш маш олон хүмүүстэй харилцаж явахдаа Монголд залуучуудад зориулсан ийм орон зай хэрэгтэйг мэдэрсэн учраас ажил хэрэг болгох зориг шулуудсан. Хийж чадах итгэл төрсөн. 

Нийслэл болон орон нутгийн ялгааг бага ч болтугай арилгахын тулд “SMS” төвөө Дорнод, Өмнөговь, Дархан, Эрдэнэтэд байгуулахаар болсон. Цаашдаа үргэлжлүүлэн салбарууд байгуулагдана. Нэгдсэн системээр, нэг цагт зэрэг мэдээ мэдээлэл цацагдаж, ямар ч хоцрогдолгүйгээр орон нутгийнхандаа мэдээлэл, боломж түгээнэ. Манайхан гадны франчайз л нэвтрүүлдэг шүү дээ. Яагаад Монгол дотроо монгол франчайз нэвтрүүлж болохгүй гэж. Цаашлаад Казахстанаас эхлээд стан орнуудад салбараа байгуулах төлөвлөгөөтэй. Хамтын оффисийн чиглэлээр гарааны бизнес эрхлэгчдийг дэмжих төвийн үүсгэн байгуулагчдийн дунд би ганц эмэгтэй нь. Эмэгтэй хүмүүс алхам алхмаар уйгагүй урагшилдаг бол эрчүүд шууд том алхам хийж эрсдэл гаргах зоригтой байдаг. Тэд нар нэг бол өндрөөс маш хүчтэй унана эсвэл маш том амжилт гаргана. Эмэгтэйчүүд илүү тооцоотой, хариуцлагатай, жижиг зүйлд ч ач холбогдол өгдөг, гярхай, нарийн ширийн зүйлсийг зохицуулах чадвартай байдаг юм шиг санагддаг. Орчин цагийн монгол эмэгтэйчүүд өөртөө маш их итгэлтэй болсон. Аль ч салбарт гүйцэтгэх захирлын албан тушаалд эмэгтэйчүүд байна. Гэр бүл, үр хүүхэд эмэгтэйчүүдийн карьерт нөлөөлдөг ч бидэнд маш их эрх чөлөө бий. Би саяхан хоёр сар гаруйн хугацаанд Зүүн өмнөд азиар яваад ирлээ. Бидэнд байдаг шиг хангалттай эрх чөлөө, орон зай тэнд үгүйлэгдэж байх шиг санагдсан. Тиймээс монгол эмэгтэйчүүд хоорондоо нэгдэж, дуу хоолойгоо нийлүүлвэл асар их хүч гарна. Эмэгтэйчүүд бид ч гэлтгүй зорилго нэгтэй хүмүүс өрсөлдөх бус хамтдаа салбар, салбараа хөгжүүлээд явбал ганцаараа явснаас асар их зүйлийг хийж чадна гэж боддог.

"Гэрэг” сэтгүүл Олон улсын Эмэгтэйчүүдийн өдөрт зориулан "Эмэгтэйчүүдийг эдийн засгийн хувьд хүчирхэгжүүлэх нь" төслийн багтай хамтран бэлтгэсэн дугаараас хүргэж байна. Төслийн багтай холбоо барих бол:

FB: WEE Mongolia
E-mail: [email protected]

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
13 цагийн өмнө
Амралтын өдрүүдийн зурхай IV.27-IV.28
2
14 цагийн өмнө
HYBE-ээс Мин Хэжин энэ бүх хугацаанд бөөд ховсдуулсан байсан гэжээ
3
15 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
санал болгох
1
15 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
2
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2019.03.28 202.131.225.150

Humans of New york ntr shig aguulgiig ni aldagduulalguigeer goy hiiyaa

0 Хариулах