Хайх зүйлээ бичнэ үү

6 мин

ГЭРЭГ: Humans of Ulaanbaatar


“Гэрэг” сэтгүүл “The New York Times”-тай хамтарсан “Адал явдалч, амьд, адармаат Улаанбаатар” тусгай дугаараа өнгөрсөн сард гаргасан билээ. Бид энэ дугаараар Улаанбаатарынхаа онцлогийг эргэн харахын зэрэгцээ дэлхийн хотуудад ч ямар асуудал тулгарч, тэд хэрхэн шийдэл эрж буйг зураглахыг зорьсон. Тэгвэл энэ долоо хоногт тус дугаарт багтсан нийтлэлүүдээ UB.LIFE сайтаараа уншигч Танд хүргэж байна.


Ө.Пүрэврагчаа

Би Хүмүүнлэгийн ухааны их сургуульд маркетинг, менеже­рийн мэргэж­лээр суралцдаг. Аялах дуртай болохоор байсгээд л ийш тийш явчихдаг талтай. Зүүн өмнөд Азийн улсуудаар их аялж байсан. Нэг газраа дор хаяж нэг сарын хугацаанд амьдарч, тэр газраа улам мэдэхийг хичээдэг. Гадаад явахдаа би биедээ байнга өөрийн эрхийг ойр авч явдаг. Бас ямар нэгэн ном. Ганцаараа аялахаас их олон хүн айдаг ч гэсэн бид хэзээ ч ганцаараа байхгүй шүү дээ. Тэр газраа найз нөхөдтэй болно, байнга хүмүүстэй тааралдана. Тиймээс надад аялах ямагт сонирхолтой байдаг. Зүгээр л “Сайн уу” гэхээс чинь маш том адал явдал эхэлж болно шүү дээ. Тиймээс аялал болгоноосоо би сайн найзтай, гоё дурсамжтай болдог.
Гадаадад танилцсан найзууд манай улсад ирэхэд эргээд уулзах үеүд бий. Манай хот их олон сайхантай. Ядаж л хаашаа л бол хаашаа алхаад хүрч болдог. Бас их дулаан, ойр мэдрэмж төрүүлдэг. Өнгөрсөн зун Польшоос ирсэн найз минь Монголд ирээд “Монгол Улс надад Азийн орон шиг санагдахгүй байна. Би яг эх орондоо яваад байгаа юм шиг санагдаж байна” гэж хэлж байсан. Хүмүүс л хотоо муухай болгоод байгаагаас биш Улаанбаатар амьдрахад их гоё хот. Азийн бусад орнуудаас ялгарах олон сайхан зүйлтэй гэдгээ мэдэрч, тэдгээрийгээ хадгалж үлдээсэй гэж хүсдэг.

Б.Сувд

Аав минь Цагдаагийн академид ажилладаг байхад манайх “Хуучин 48” гэж нэрлэгддэг орон сууцанд амьдардаг байв. Тэндэхийн хүүхдүүд миний адил Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнд тоглож өссөн. Олон төрлийн мод, буттай бас жижигхэн горхи урсана. Горхиноос шуудуу татаж төмс тарьдаг айлууд ч байсан. Троллейбус бол миний хамгийн дуртай нийтийн тээврийн унаа. Хотын зүүн захаас хүнгүй шахам троллейбусанд сууж аваад төв орж 40 мянгатын уугуул суугч буурал аавындаа очдог байсан юм. Яг одоо том том хотхонууд баригдсан Зайсангийн үерийн далангийн хавьд хөгшин аавынх маань хэдэн малтай амьдардаг, би тэнд зуны амралтаа өнгөрүүлнэ дээ. Нугын цэцгээр титэм хийгээд зүүчихсэн бяцхан охин одоогийнхоос хамаагүй өргөн, бас цэнгэг Туулын хөвөөнөө өдөржин тоглож, оройдоо хөгшин ээжийнхээ бүрсэн элгэн тараг, хөөрүүлсэн сүүг уучихаад нойрмоглон суудаг байлаа. Тиймээс миний хувьд Ботаник, Зайсан хавийн хуучин төрх сэтгэлд үлдсэн дээ.
Аяллын хөтөч болохоор сүүлийн хэдэн жил амьд­рал минь Сүхбаатарын талбай, XI хороолол орчмыг тойрон өнгөрч байна. Манайд гадаадаас ирсэн жуулчид Улаанбаатарт байх хугацаандаа хуучны барилга байшингуудыг хараад үүх түүхийг нь маш их сонирхдог. Гэвч түүхийн дурсгалт энэ барилгуудыг сэргээн засвар­лаж Улаанбаатарын аялал жуулчлалын бүтээг­дэхүүн болгодоггүй нь сэтгэл үнэхээр эмзэг­лүүлж байна. Хотын тухай хүмүүсийн дурсам­жийг үгүй хийх нь ирээдүйд үлдэх Улаан­баатарын үнэ цэнийг хугаслахтай адил юм.

Ц.Баасанжав

Намайг 1992 онд нийслэлийн анхны Засаг дарга болоход Улаанбаатар хот 760-аад мянган хүн амтай, Ажилчны, Октябрийн, Найрамдлын, Сүхбаатарын гэсэн дөрвөн районтай байсан. Яг ажил авах үед хувийн хэвшлийн байгууллагууд бэхжээгүй, улсын үйлдвэрийн газрууд хувьчлагдаж байлаа. Тухайн үед хамгийн хүндрэлтэй асуудал нь нийтийн тээвэр байв. Чех улсын тусламжаар ирж байсан улаан автобуснууд хуучраад үйлчилгээнээс хасагдаж эхэлсэн, 15 мянган төгрөгийн үнэтэй орос машинтай хүн цөөхөн, таксигүй, тийм л үе байсан даа. Гэхдээ тэр үед нийслэлийн иргэд маань их соёлтой байсан шүү. Зүлгэн дээр алхдаггүй, ил задгай бие засдаггүй, автобусны буудал дээр дарааллаараа зогсож унаандаа суудаг байлаа. Хот байгуулалтын тухайд гэр хороолол, орчин үеийн орон сууцны хорооллын харьцааг хатуу баримталдаг байв. Хөдөөгөөс хотод шилжин ирж байгаа насанд хүрсэн хүнээс 25 мянга, хүүхдээс 12 500 төгрөгийн хураамж авдаг байсан нь хүн амын шилжих хөдөлгөөнийг сааруулах нэг түлхэц болсон. Нийслэлийн хөгжлийг би 1994 онд хоёрхон үе шатад хуваан үзсэн юм. 1639-1778 он буюу энэ дөрвөн уулын дунд иртэл Монгол Улсын нийслэл 28 удаа нүүсэн учраас нүүдлийн соёл иргэншил төвхнөж байж. 1778 оноос хойш өнөөдрийг хүртэл суурин соёл иргэншилд шилжин амьдарсаар ирлээ. Үүнийг хөдөлшгүй баримтаар нотолж, Улаанбаатарын ойн гажуудлыг зассан нь миний хийсэн хамгийн том ажил.
Хүмүүст хэрхэн үйлчилж, ямар өнгө үзэмжтэй байгаагаас тухайн хотын соёл шууд мэдэгддэг. Мөн гудамжийг монгол хэлээр хаягжуулах хэрэгтэй. Хотоо ямар хэмжээнд байлгах нь иргэдээс ихээхэн хамаардаг. Хүн бүр эрвийх дэрвийхээрээ оролцож, хувь нэмрээ оруулж байж хот хөгжинө.

Кэвин Манэ

Би 2018 оны зургаадугаар сараас Монгол Улсад ажиллаж, амьдарч байна. Энд ирэхийн өмнө би 30-аад насны хямралд өртөж, амьдралдаа ямар нэгэн шинэ содон зүйл хийхээр шийдсэн. Тиймээс Азийн улс орнуудад очиж ажиллая, бусад улс орны соёлыг танин мэдэх сайхан боломж ч юм гэж бодсон. Гэхдээ би Монголд л очно гэх мэтээр ямар нэгэн улс орон зааж хэлээгүй. Зүгээр л намайг Монголд ажиллуулахаар сонгосон хэрэг.
Улаанбаатар хот одоо миний гэр болсон шүү дээ. “Супер үзэсгэлэнт” хот биш ч гэсэн амьдрахад таатай юм аа. Өмнө нь олон хүн надад “Монгол их бохир заваан, аюултай, хүмүүс нь ч найрсаг биш” гэж хэлж байв. Гэтэл одоо надад монгол хүмүүс их найрсаг санагддаг. Сайн найз нөхөдтэй болж, гадуур зугаалан, кино үзэж, спорт зааланд тоглох гэхчлэн цагийг сонирхолтой өнгөрүүлдэг. Гэхдээ би хувьдаа Улаанбаатар хотыг хүмүүст илүү ээлтэй байгаасай гэж хүсдэг. Дугуй унахад их аюултай тул дугуйн зам тавих хэрэгтэй. Бас зам, албан байгууллагуудын шат гээд их олон зүйл хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст хүндрэлтэй харагддаг юм. Цаг уурын нөхцөл хэцүү ч гэлээ мод ургамал аль болох их тарьж ургуулаасай, арчилж тордож сураасай гэж хүсдэг. Би архитектор мэргэжилтэй болохоор хуучин байшин барилгуудыг нураах сэдэв одоо их хүчтэй өрнөж, олон эсэргүүцэлтэй тулгарч байгаа нь сонирхол татдаг юм л даа. Би хэдийгээр Улаанбаатарын унаган иргэн биш ч гэсэн эртнээс өнөөг хүртэл тэсч, хотын өнгө үзэмжийг бүрдүүлж ирсэн түүхэн дурсгалуудыг хэрхэхээ сайтар бодож шийднэ гэдэгт итгэж байгаа шүү.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
14 цагийн өмнө
Хенри Кавилл анхны хүүхдээ өлгийдөн авах гэж байгаа гэнэ
2
15 цагийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
19 цагийн өмнө
Coachella 2024-д хүрэлцэн ирсэн оддын төрх
санал болгох
1
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
2
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино
3
2024.04.10
Таныг хувь тавилан гэж байдагт итгүүлэх 16 зурагт хайрын түүх

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.