Хайх зүйлээ бичнэ үү

11-р сарын 29-нд "Corporate Convention төв"-д тоглолтоо хийх гэж байгаа Гинжинтэй хийсэн ярилцлагыг хүлээн авна уу. Трап урсгалаар уран бүтээлээ туурвидаг реппер Ginjin буюу Г.Гарьд өөрийн уран бүтээл, үзэл бодлын тухай энд хуваалцлаа.

-Та өөрийн тайз, уран бүтээлийн нэрийн тухай ярьж өгнө үү?

-Би өмнө нь EZ-Loc гэдэг нэртэй байсан. Хүмүүс энэ нэрийг хэлэхэд их хүндрэлтэй, зарим нь буруу хэлдэг байсан. Өөрийгөө танилцуулаад хэлэхэд ч гэсэн хүмүүс ойлгохгүй дахин лавлаж асуудаг нь бага зэрэг хэцүү байсан. Тэгээд "монголжуу", хэлэхэд амархан нэртэй болохоор шийдсэн. Гинж гэдэг нь ерөнхийдөө хип хоптой үргэлж холбоотой байсаар ирсэн. Хип хопчид гинжээр гангардаг нь бараг л соёл шиг болчихсон. Би ч өөрөө зүүх дуртай. Тийм учраас алт, мөнгөн гинжин гэж нэрлэдэг шиг би өөрийнхөө нэрийг Гинжин болгож өөрчилсөн. Нэрээ солих үедээ өөртөө бага зэрэг өөрчлөлт хиймээр, бүхнийг шинээр эхэлмээр санагдаж байсан. Тэгэхээр Гинжин гэж нэрийг өөртөө өгснөөр бүхнийг шинээр эхэлсэн гэж хэлж болно. 

-Тэгэхээр нэрээ өөрчилсний дараа таны уран бүтээлийн хэв маягт ч бас өөрчлөлт орсон уу? 

-Хэв маягт өөрчлөлт ороогүй. Гэхдээ илүү сайжирч, чанаржсан гэж хэлэх нь зөв байх. Суурь нь анх байсан хэв маягаараа байгаа. 

-Та юунд хамгийн их догдолж сандардаг вэ? 

-Хамгийн их догдолдог зүйл гэвэл маш олон хүний өмнө гарах эсвэл маш чухал гэж бодсон тоглолтод оролцохын өмнө. Гэхдээ догдлохоосоо илүү сандардаг. Одоо ч гэсэн сандардаг хэвээрээ л байгаа. Сандраад тайзан дээр гараад дуулж эхэлсний дараа гэхдээ сандрал маань аяндаа алга болчихдог. 

-Тайзан дээр гарахдаа хамгийн их сандарч байсан үе хэзээ вэ?

-Одоогоор хамгийн их сандарсан гэвэл дуучин Болдын тоглолтын тайзан дээр гарсан үе юм байна. 

-Шинэ уран бүтээлээ гаргахад ямар мэдрэмж төрдөг вэ. Үгээр илэрхийлж, зүйрлэвэл? 

-Тухайн уран бүтээлийг сонсогчдод хурдан хүргэхийг маш их хүсдэг. Ямар нэг дуу хийгээд, тэр нь надад маш их таалагдсан байх юм бол гялс клипийг нь хийгээд, гялс хүмүүст хүргээд, хүмүүсээс ирэх хариу үйлдлийг харахыг хүсдэг.

-Хамгийн анх удаа өөрийнхөө бүтээлийг дуусгаад сонсоход яг юу мэдрэгдэж байсан бэ? 

-Бас л хурдан хүмүүст хүргэхийг хүсэж байсан. Энэ тал дээр би жаахан тавьтаргүй. Бусад уран бүтээлчид шинэ уран бүтээлээ дуусгачхаад цаг товлож хүмүүст хүргэх гэх мэт төлөвлөгөөтэй ажилладаг шүү дээ. Харин би тэгж төлөвлөдөггүй. Дуугаа хурдан цацах гээд бусдыгаа яаруулах явдал их болдог. 

-Мэдээж өөр дуу хөгжим сонирхдог хүмүүсийн хувьд аливаа урсгал цоо шинэ, үл мэдэх ертөнц шүү дээ. Та манай уншигчдад трап гэх урсгалын талаар огт мэдэхгүй хүмүүст ярьж өгч байна гэж бодоод тайлбарла гэвэл юу гэх вэ?

-Мэдэхгүй хүмүүст трап гэдэг урсгалыг яг ийм, тийм гэж хэлэх хэцүү. Яагаад гэвэл ямар нэг хөгжмийн урсгалыг "old-school", "new-school" гэж хуваадаг. Одоогийн "old-school" нь 2000-аад оны дуунууд гэж тооцогдоно. Гэхдээ тэдгээр дуунууд тухайн үедээ "new-school" байсан. Тэр үед 90-ээд оны дуунууд нь "old-school" байсан. Тэгэхээр яг үүнийг "old-school" гэнэ, үүнийг "new-school" гэнэ гэдэг шиг тийм томьёо трап урсгалд байдаггүй. Харин анх яаж үүссэн бэ гэдэг нь бол хар тамхитай холбоотой. Хар тамхи хийдэг газрыг трап гэж нэрлэдэг. Хамгийн анхны трап урсгалын дуу анх 90-ээд онд хар тамхины тухай сэдэвтэйгээр бүтээгдэж байсан. Харин одоо бол ерөнхийдөө "new-school" дуунуудыг трап гэж нэрлэх болов уу гэж бодож байна. Тэгэхээр мэдэхгүй хүмүүст одоо цагийн "new-school" хип хопыг трап гэж ойлгуулах нь зөв байх. 

-Монгол сонсогчдын хөгжмийн талаарх мэдлэгийн цар хүрээ хэр байгаа гэж боддог вэ? 

-Миний хувьд энэ тал дээр бага зэрэг сэтгэл дундуур байдаг. Энэ интернетийн эрин үед хүмүүс өөрсдөө хөгжмийн талаар мэдээллийг хайж олж авах нь хомс юм шиг санагддаг. Ер нь сонсогчид нь хөгжихгүй байгаа. Хөгжихгүй байгаагаасаа болж уран бүтээлчид нь дараа дараагийн уран бүтээлээ хийхэд хүндрэлтэй, саад ихтэй болж ирдэг. Илүү шинийг эрэлхийлж, шинэлэг зүйлсийг хийж хүмүүст хүргэхээр хөгжөөгүй сонсогчдоос болж уран бүтээлчид үргэлж муу нэр зүүдэг. Уран бүтээлчдийн хувьд сонсогчдын цар хүрээ, хөгжил маш чухал. Нэг талаараа уран бүтээлчид сонсогчдыг манлайлж, шинэ зүйл рүү хөтөлж явах ёстой. Харин сонсогчид нь үүнийг дагаад хөгждөг байх ёстой. Гэхдээ сонсогчид нь харилцан уран бүтээлчдээ дэмждэг байх хэрэгтэй. Тэгж байж шинэ уран бүтээл хийхэд нь зоригжуулна. Миний хувьд монголчууд бага зэрэг хоцрогдмол байгаа учраас ийм зүйл байдаггүй гэж боддог. 

-Таны хувьд үлгэр дуурайлал авдаг гадаадын уран бүтээлч хэн бэ? 

-Одоохондоо тийм хүн байхгүй. Хэн гоё хөгжим хийж байна түүнээс л үлгэр дуурайлал авдаг даа. Хэнээс ч үлгэр дуурайлал авч болно шүү дээ. Эмэгтэй дуурийн дуучнаас хүртэл үлгэр дуурайлал авч болно. 

-Та трап урсгалыг анх хэрхэн олж мэдэж байсан бэ? 

-Трап урсгалыг анх 2008 онд алдартай реппер "Gucci Mane"-ээс мэдэж авч байсан. Тэр үеэс яг ойлгож, мэдэрч эхэлсэн. 

-Та хөгжим хийж эхлээгүй байх үедээ юу хийдэг байсан бэ? 

-Би Тайвань улсад аялал жуучлал, зочид буудлын менежментээр суралцаж төгссөн. Уран бүтээлээ хийхийн хажуугаар "Corporate Hotel"-д зохион байгуулагч хийдэг байсан. Мөн тодорхой хугацаанд "Vibe FM 105.5"-д хөтлөгч хийж байсан. Хөгжмөөс өөр ажил нээх их хийж байгаагүй. Үргэлж хөгжимтэй холбоотой байсан. 

-Зарим хүмүүс трап урсгал, бас иймэрхүү үг, клиптэй дуунуудыг муу нөлөөтэй гэх мэтээр ойлгодог. Энэ тал дээр таны бодол?

-Хөгжим болгон соён гэгээрүүлэх албагүй. Монголчууд урлаг гэдгийг хүмүүсийг сайн сайхан руу хөтөлж, соён гэгээрүүлдэг байх ёстой гэж ярьдаг. Гэхдээ урлаг дэлхий даяар хэзээ ч тийм байгаагүй. Урлагийг урлаг чигээр нь л харах хэрэгтэй. Бүх дуу сайн сайхныг дуулах албагүй. Гэхдээ миний хувьд мөнгө, шоу цэнгээн дуулдаг ч гэсэн аль болох олон сэдвийг хөндөхийг хичээдэг. Жишээлбэл, би өнгөрсөн өвөл хорт утааны тухай дуу хийсэн гэх мэтчилэн тухайн үедээ ямар дуу хиймээр байна түүнийгээ дагаж хийдэг. Зөвхөн хэдхэн сэдэвт баригдсан зүйл байхгүй. Аль болох хайрцгаасаа гарч сэтгэхийг хичээдэг. Ер нь хайрцаг гэж байдаггүй гэж бодохыг хичээдэг. 

-”Golden Melody Awards”-т оролцож байсан гэсэн. Тэр тухай дэлгэрэнгүй ярихгүй юу?

-Энэ нь Тайвань улсаас зохион байгуулдаг хөгжмийн шагнал гардуулах арга хэмжээ. Онцлог нь гэвэл зөвхөн Тайвань гэлтгүй өөр олон улсаас хүмүүс их оролцдог. Мөн Sony, Billboard гэх мэт бүх томоохон лэйбл компани, продакшнуудын төлөөлөл болсон хүмүүс ирдэг. Хэрвээ энэ фестивальд сайн оролцох юм бол олон том компаниудтай холбоо тогтоох боломжтой байдаг. Тийм учраас их хэрэгтэй фестиваль болсон гэж би хувьдаа боддог. 

-”Playtime” фестивалийн том тайзан дээр дуулсан шүү дээ. Тэр үед ямар байсан бэ?

-Тэр үед гоё байсан. Яагаад гэвэл би “Playtime”-ийн фэн нь, бас зун болгон очих дуртай. Олон жил дараалан явж байсан. Миний хувьд хамгийн том тайзуудын нэг. Дуугаралт, хөгжим гээд ер нь бүх юмаараа монголын хэмжээнд супер байдаг учраас тэнд дуулах надад кайфтай байсан. 

-Та өөрийгөө хувь хүн талаас нь юу гэж тодорхойлох вэ?

-Ер нь бол би бага зэрэг чимээгүй талдаа хүн. Сайн танилцаагүй хүмүүстэй хамт байхдаа их чимээгүй байдаг. Харин бие биенээ сайн мэдсэний дараа би бараг хамгийн далдага нь байдаг байх. Ер нь чимээгүй, ярихаасаа илүү дотроо их юм боддог. Тийм болохоор зарим хүмүүст дуугүй, даруухан юм шиг харагддаг байх. 

-Дууны үг бичих санаа яаж орж ирдэг вэ?

-Янз бүрээр л орж ирдэг. Дуугаа хийхдээ ч бас янз бүрээр хийдэг. Заримдаа аяа сонсож байгаад үгээ бичих үе байна. Бичсэн үгэн дээрээ ая тааруулж хийлгэх үе ч байна. 

-Улаанбаатар хотын залуу иргэн болж амьдрахад ямар санагддаг вэ? 

-Улаанбаатар хот бол мэдээж өлгий нутаг минь учраас би маш их хайртай. Зун цагт бол бүр ч илүү дуртай. Улаанбаатар хот залуу хүн амьдрахад тохирсон хот байх гэж боддог. Хөл хөдөлгөөн ихтэй, яг монголчууд төвлөрсөн газар учраас залуу байгаа дээрээ эндээ л бусадтайгаа алалцаж, энэ их хөл хөдөлгөөн дунд орших хэрэгтэй. 

-Уран бүтээлч залуу хүний хувьд эмзэглэж явдаг зүйл юу вэ? 

-Өчнөөн л зүйлд эмзэглэнэ дээ. Ер нь бол монгол улсын хоцрогдмол байдал, шударга бус олон үйл явдлуудад эмзэглэдэг. Хамгийн гол нь монгол хүмүүс ухаантай мөртлөө түүнийгээ ашиглаж чадахгүй байдагт их эмзэглэдэг. 

-Танд ирж байсан хамгийн үнэн шүүмжлэл, сургааль юу байсан бэ? 

-Яг одоо толгойд сайн орж ирэхгүй байна. Гэхдээ хүмүүс намайг зөндөө шүүмжилдэг л дээ. Тэр дундаас нээрээ ч тийм юм уу даа гэж бодож байсан шүүмжлэл бол толгойд орж ирэхгүй байна. Гэхдээ зарим хүмүүс яг оноод хэлж байсан шүүмжлэлүүд олон бий.

 -Уран бүтээлч хүнд заавал байх ёстой чанар гэвэл та юуг хэлэх вэ?

-Уран бүтээлч хүн тууштай мөн өөрөө өөртөө үнэнч байх ёстой. Өөрийгөө л алдаж болохгүй. Бусдад таалагдахын тулд тэдний юу сонсдогт нийцүүлж хийх гэх мэт өөрийгөө худалдаж болохгүй. Өөрийнхөө яг юу хийхийг хүссэн түүнийгээ л хийж байж тэр хүний онцлог гарч ирнэ. 

-Таны хамгийн өөрийнхөөрөө байж чаддаг газар юу вэ? 

-Дуу бичлэгийн студи. Ялангуяа миний таньдаг, хамааралтай студид байхдаа илүү өөрийнхөөрөө байдаг. 

-Видео клип хийхэд ямар хугацаанд төлөвлөж, хэр их ажиллагаа ордог вэ?

-Янз бүр. Нүсэр их ажил орсон видео клип байна, гялс бүтсэн клип ч байна. Ерөнхийдөө видео клип хийх том ажил л даа. Бүх юмыг нь цуглуулах, клип хийх хүмүүсийнхээ зав боломжийг тааруулах, клипэнд орж байгаа хэрэгслүүдээ мөн цуглуулах гээд их ажил болдог. Одоо цагт сонсогчид чихээрээ бус нүдээрээ сонсдог болчихсон болохоор клип байнга хийж байх ёстой юм байна гэдгийг ойлгосон. Тийм болохоор цацаж байгаа дуунуудаа аль болох клиптэй цацна гэж бодож байгаа.

 -Та тайвшрах үедээ эсвэл гоё дуу сонсъё гэж бодсон үедээ ихэвчлэн ямар урсгалын дуу хөгжим сонсдог вэ?

-Би монголын зохиолын дуунуудаас бусад бүх л төрлийн дуу хөгжим сонсдог. Ялангуяа америкийн "country" дуунуудад дуртай. Гэхдээ ойрд нээх сонсоогүй. Яг тайвшрах үедээ сонсдог хөгжим гэвэл тухайн үеийн нөхцөл байдлаасаа л болдог юм байна. Жишээлбэл гэртээ байж байгаад сонсъё гэх юм бол голдуу хип хоп сонсдог. Харин гадуур найзтайгаа ч юм уу тайван байх үедээ хааяа бага зэргийн уянгын мөртлөө час час хийсэн хүнд хэмнэлтэй рок сонсох дуртай. Хааяа инди хип хоп эсвэл инди рок сонсох дуртай.

- Та өөрийгөө хэрхэн хөгжүүлдэг вэ? 

-Өөрийгөө хөгжүүлэхийн тулд илүү олон төрлийн зүйл сонсож, сэтгэн бодох чадвараа илүү нээхийг хүсдэг. Мөн өөрийгөө хөгжүүлэхэд тусалдаг зүйл гэвэл кино байна. Би маш их кино үздэг. Кино үзэж мэдлэгийн цар хүрээгээ илүү тэлдэг. 

-Монголд ижил урсгалаар уран бүтээл хийдэг хүмүүсийг сайн таних уу? 

-Ер нь бүгдийг нь танина. 

-Хоорондоо уулзаад суухад шинэ хөгжим, уран бүтээлийн тухай яриа их өрнөж байна уу эсвэл өөр үү?

-Хөгжим бараг ярьдаггүй. Би хөгжмийн талаар яг хамтардаг хүмүүстэйгээ илүү ярьдаг. Өөр хүмүүст хэлчих юм бол бэлэн будаа идчихнэ шүү дээ. 

-Манай сайтад "Санал болгох нь" гэдэг булан байдаг. Та уншигчдад өөрийн дуртай дуу, кино, ном зэргийг санал болгож болно.

-Би нээх олон ном уншиж байгаагүй. Амьдралдаа хоёр ном бүтэн уншиж дуусгаж байсан. Хоёулаа Жорж Орвеллын ном. Харин санал болгох гэвэл "1984" гэдэг номыг хэлмээр байна. Энэ ном 1984 оны Англи улсыг харуулдаг. Өнөө үед болж байгаа үйл явдлуудыг урьдчилан таамаглаад биччихсэн юм шиг ном бий. Киноны хувьд Квентин Тарантиногийн бүх киног үзээрэй гэж зөвлөе. Хөгжим гэвэл яг тэрийг сонсоорой гэж хэлмээргүй байна. Юу дуртайгаа л сонсоорой.

-Тэгвэл Тарантиногийн сүүлд гаргасан киног үзсэн байх. Танд ямар санагдсан бэ? 

-Үнэхээр гоё байсан. Яг л Тарантиногийн стиль байсан. Ялангуяа төгсгөлийн хэсэг нь надад маш их таалагдсан. Гэхдээ зарим хүмүүс киноны дундаас гарч яваад байсан.

 -Та одоо ямар сэдвээр уран бүтээл гаргахыг хүсэж байна вэ? 

-Би хүмүүсийн дуулаагүй сэдвээр дуулахыг их хичээдэг. Удахгүй цацагдах гэж байгаа нэг дуу маань бага зэрэг хайрын тухай хөндсөн. Гэхдээ урьд өмнө нь дуулж байгаагүй талаас нь хийж байгаа.

 -Дуу хөгжим болгон соён гэгээрүүлэх албагүй гэж та түрүүн хэлсэн шүү дээ. Та энэ тухай илүү дэлгэрэнгүй ярьвал?

-Урлаг бол урлаг. Ямар нэг зүйлд баригдах ёсгүй. Энэ нь урлагийн онцлог. Зөвхөн хөгжим гэлтгүй кино ч гэсэн адил. Хүмүүс яах гэж аймшгийн кино хийдэг билээ. Аймшгийн кино ч соён гэгээрүүлэх зорилготой биш шүү дээ. Ер нь дэлхий дээрх долоон тэрбум хүн болгон өөр зүйлээс кайф авч, өөр зүйлээс хэрэгцээгээ хангадаг. Бүгд адилхан байх нь утгагүй шүү дээ. Тийм учраас л хүн болгон өөр зүйлээс таашаал авдаг. Жишээ нь миний дууг сонсоод ямар утгагүй юм бэ гэж бодож байгаа ч гэсэн тэрнээс кайф авч байгаа хүмүүс байгаа. Би тэд нарт зориулж хөгжим хийж байгаа л гэсэн үг. 

-Уран бүтээлч болсны дараа дуу хөгжим таны хувьд юу болж өөрчлөгдсөн бэ? 

-Дуу хөгжим зөвхөн миний ч биш хүн болгоны салшгүй нэг хэсэг болсон. Дуу хөгжимгүйгээр амьдарч чадах хүн байгаа болов уу даа гэмээр. Яагаад гэвэл хүн болгон ямар нэгэн байдлаар өдөр бүр хөгжимтэй тааралдаж байдаг. Хөгжим хаа сайгүй бий. Хүн болгон өглөө гэрээсээ гараад орой гэртээ ирэх хүртэл хөгжимтэй тааралдаж байдаг учраас салшгүй нэг хэсэг нь байдаг. Бүр ус, агаар, хөгжим гэж хэлж болохоор болчихсон шүү дээ. Миний хувьд ч мөн адил хөгжим миний салшгүй том хэсгүүдийн нэг. 

-Таны дуунуудын доор зарим жаахан хүүхдүүд, залуус хараалын үг их оруулсан сэтгэгдэл үлдээдэг шүү дээ. Тэр тухай та юу гэж боддог вэ? 

-Тийм хүмүүс дэлхийн хаана ч байдаг байх. Тэд нарыг буруутгах ч арга байхгүй. Гэхдээ буруу зөвийг нь хэл гэвэл мэдээж тэд нарын буруу. Хэзээд тийм хүмүүс оршин тогтносоор байх болно. Магадгүй тэд нар хөгшин болоод ухаараад "би ч тэнэг байж дээ" гээд бодох үе байна байх. Гэвч дараагийн шинэ үеийнхэн гарч ирэхэд бас л тийм хүмүүс хэвээр байсаар байна. Жишээ нь би амьдралдаа хөгжим гэдэг багцыг сонгосон. Харин тэр хүмүүс тэр багцыг дагалдаж ирдэг зүйл. Ер нь намайг доромжилж янз бүр болно гэдгийг би урьдаас мэдсэн байх ёстой байх л даа. Тийм хүмүүс ямар нэгэн дууг сонсоод "энэ чинь юу гэж байгаа билээ" гэж бодож тунгаахаас илүү гар нь хурдан ажилладаг байх.

 -Трап хөгжмийг сонсдог зарим залуус өөрсдөө мөн энэ урсгалаар уран бүтээл хийхийг зорьдог. Та тэр залууст хандан юу гэж хэлмээр байна?

-Хөгжим хийнэ гэж зорих юм бол түүндээ тууштай байх хэрэгтэй. Би үүнийг дандаа хэлдэг. Тууштай байхаасаа өмнө хийх гэж байгаа зүйлээ энэ миний хийх зүйл мөн үү гэдгийг олж мэдэх хэрэгтэй. Тэгж байж л тууштай байж, ямар нэгэн үр дүнд хүрнэ. 

-Хүмүүс хөгжмөөр нэгддэг шүү дээ. Тэгвэл ямар нэгэн трап, хип хоп фестиваль арга хэмжээний тухай зарим хүмүүсийн сөрөг хандлага ихээр ажиглагддаг. Тэр хүмүүст яаж эерэг хандлагыг бий болгох вэ? 

-Мэдээгүй, үзэж хараагүй зүйлдээ битгий итгэж бай гэж хэлмээр байна. Түрүүн миний санал болгосон "1984" гэдэг ном дээр энэ тухай маш тодоор харуулсан байдаг. Аливаа зүйлд сохроор битгий итгэж бай. Жишээ нь жил бүрийн тав, зургаан сар гараад ирэхээр "Playtime" наадмыг хүмүүс муулж эхэлдэг. Тэнд очиж үзээгүй мөртлөө битгий муулж бай гэж хэлмээр байна. Яг үнэндээ "Playtime" бол Монголын хамгийн гэгээлэг, хөгжмөөр хүмүүсийг холбосон фестиваль шүү дээ. Ер нь хөгжим байгаа газар ямар нэг муу муухай зүйл байдаггүй юм. Хөгжим хүмүүсийг хөглөж байдаг зүйл болохоос доройтуулах зүйл огтхон ч биш. 

-Таны байнга бодож явдаг хамгийн том зорилго юу вэ? 

-Зорилго гэхээсээ илүү хэд хэдэн мөрөөдлүүд байна. Дэлхий даяар намайг мэддэг, дэлхийн том тайзан дээр гарсан уран бүтээлч болохыг ер нь бүгд хүсдэг байх. Мөн цаашлаад бизнесмэн болохын хүсдэг. Өөрийн гэсэн хувцасны бренд компани үүсгэх зорилготой. Бас би хоол хийх дуртай. Тийм болохоор өөрийн гэсэн ресторантай болохыг хүсдэг. Ер нь хүссэн зүйлсээ хийгээд амьдарна гэдэг миний том зорилго юм даа.

 -Танд амьдралын дүрэм бий юу? 

-Амьдралын дүрэм гэвэл шударга байх. Ялангуяа өөрөө өөртөө шударга байх. Ямар нэгэн бизнес дээр шударга бус тохиолдол байна. Зарим нэг нөхцөл байдлаас болж хүмүүст шударга бус хандах ч тохиолдол байна. Гэхдээ хамгийн гол нь өөрөө өөртөө шударга байх ёстой. 

-Трап урсгалын уран бүтээлчид бусад урсгалын уран бүтээлчид шиг нас ахисан ч цааш үргэлжлүүлж уран бүтээлээ хийгээд явах боломжтой байдаг болов уу? 

-Мэдээж боломжтой. Яагаад гэвэл аливаа хөгжим хувьссаар байдаг шүү дээ. Трап ч гэсэн хувьссаар байгаа. Жишээлбэл 90-ээд оны трап шал өөр байсан. 2000 оных ч өөр байсан. 2007 онд намайг трап хөгжим сонсож эхлэхэд дахиад л өөр болчихсон байсан. Одоо бүр өөр, үглэхээсээ илүү дуулалттай болчихсон байна. 2029 онд ямар болсон байхыг мэдэхгүй. Шинэ үеийнхэн шинэ трапыг гаргаж ирдэг учраас шинэчлэгдсээр байх болно.

 -Та ч мөн дагаж шинэчлэгдээд уран бүтээлээ хийсээр байна гэж боддог уу? 

-Би хэзээ ч хөгжмөөс салахгүй. Гэхдээ өөрөө хэдэн нас хүртлээ дуулахаа сайн мэдэхгүй байна. Би дуулахаа больсон ч гэсэн арай өөр байдлаар хөгжимд хувь нэмрээ оруулсаар байна байх гэж бодож байна.

 -Таны "Toos to Zoos" тоглолт удахгүй болох гэж байна. Тэр тухайд?

-11 сарын 29-нд миний бие даасан анхны цомгийн баяр болон Лойчихсон бүлгийн 10 жилийн ой тохиож байна. Энэ чухал өдөр LOIGANG, Lumino, Vanquish, Big Gee, Desant, Enerel Vandebo, Mrs M, Choidog, Speedy, Lil Thug E, UB Comedy гээд олон чухал зочид хүрэлцэн ирэх болно. Мөн "Choco Metropolis Club"-т "After party" болох юм. Их доргио үдэш болох болно. Мөн тоглолтын үеэр Stardust брэндтэй хамтарсан тоглолтын мерчандайз зарагдахын хажуугаар тасалбараа үзүүлээд 20% хөнгөлөлт эдлэх боломж нээгдэнэ. Анхны бие даасан тоглолт, цомог болон Лойчихсон бүлгийн 10 жилийн ой бүгд энэ өдөр тохиож байгаа болохоор сэтгэл маш их хөдөлж байна. Хөгжим сонирхогч залуус бүгдээрээ хүрэлцэн ирээрэй.

Та бүхэн тоглолтын тухай дэлгэрэнгүйг ЭНД дарж сонирхоно уу.

-Цаг зав гаргаж ярилцсанд маш их баярлалаа. Таны цаашдын уран бүтээлд амжилт хүсье.

Ярилцсан: С.Мөнхзул


Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
0
18
2
0
0
0
4

Сэтгэгдэл бичих (4)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Sardscre 2019.11.29 192.82.75.85

Bas ali gazraas toorch irsen alialagch we mongoloos aril

2 Хариулах


Зочин 2019.10.09 59.153.87.38

Goy uuriinhuuruu zaluu shv

0 Хариулах


mr.5000 2019.09.18 202.126.89.172

Trap king

0 Хариулах


WTF 2019.09.18 155.94.243.145

wtf? bas l tuurstun huuhed bn shoo

12 Хариулах