Хайх зүйлээ бичнэ үү

Улаанбаатарын хөл үймээн ихтэй, үйл явдлууд хурдтайгаар ар араасаа хөврөх энэ л хотод шинэлэг хөг, гайхамшигтай хэмнэл болсон газар нээгдсэн нь “FatCat” жазз клуб билээ. Амьдралаас сонсож болох бүхий л аялгууг түгээж, дулаахан таатай мэдрэмж төрүүлэхүйц энэ клуб нээгдээд жил ч хүрээгүй атал хэн хүнгүй мэддэг, зорьж очдог газруудын нэг болжээ. Монголдоо цор ганц байнгын тоглолт, хөтөлбөртэй байдаг жазз клубийг үүсгэн байгуулагч, нарийн бүрээч Г.Хонгортой “FatCat”-ын тухай болон өнөөдөр анх удаа нийтэд цацаж байгаа жазз клипийнх нь тухай сонирхолтой яриа өрнүүлснээ хүргэж байна.

“FatCat” нээгдээд жил ч болоогүй байгаа ч Улаанбаатарын хамгийн “күүл” газрын нэг болж амжжээ. Ер нь энэ төслийн санаа анх яаж гарсан бэ?  

“FatCat” нээгдээд яг найман сар болж байна. Ерөнхий санаа маань бараг дөрвөн жилийн өмнө гарчихсан, монголдоо жазз клуб байгуулвал их гоё юм байна гэж бодсон. Монголд таван жилийн өмнө “GMUB” жазз төсөл эхэлсэн. Энэ төсөлд анх жазз хөгжим сурахаар элсээд монголдоо жазз клубтэй болчихвол хөгжимчдөд ч, сонсогчдод ч хэрэгтэйг ойлгосон. Тэгээд 2017 онд Герман руу жазз фестивальд явах үеэрээ тэндэхийн жазз клубуудээр орж, судлаад монголдоо байгуулахаар шийдсэн дээ.

Германд ямар жазз клубээр орж туршлага судалсан бэ?

Би Германы “Unterfahrt”, “Vogler” гээд хоёр гурван алдартай жазз клубээр орж урам зориг авсан. Тэнд харж байхад жазз клубт тоосго заавал байх ёстойгоос гадна арк заавал байдаг юм билээ. Бүх алдартай жазз клубийн интерьерт тоосго болон арк байдгийг анзаарсан. Хамгийн анхны санаагаа Нью-Йоркт байдаг “Village Vanguard” гэж алдартай жазз клубээс авч байлаа. Зөвхөн зургийг нь харж байсан ч олон санааг тэндээс авсан. Мөрөөдөж, төсөөлж байсан зүйлээ бодит ажил болгочихоор үнэхээр сайхан юм билээ. Би жазз клубуудээр явж байхдаа ийм газартай болчихоод хүмүүст хөгжим тоглож өгөхийг хүссэн. Үзэгчид нь маш сайхан хүлээн авч, алга ташаад л...

Жазз клубээ олон хүний дэмжлэгтэй нээсэн гэж сонссон. Ороход үүдний самбарт нэрс нь буй хүмүүсийн талаар ярьж өгөөч?

“FatCat”-ийг байгуулахад хөрөнгө оруулсан 30 гаруй хүн байдаг. “FatCat Jazz Club”-ийг надтай хамт нэг хүн хамтарч үүсгэн байгуулсан. Хүмүүс бараг танина даа. Дөлгөөн буюу артист нэр нь Магнолиан гэж залуу байгаа. Дөлгөөний маань найз охин Энхжингийн хүрээллээс хөрөнгө оруулалтын талаас илүү хувийг бүрдүүлсэн. Энхжин өөрөө ч хөрөнгө оруулсан. Бидний эргэн тойрны найз нөхөд, жазз хөгжимд дуртай, ийм газартай болохыг хүсэж байсан хүмүүстэй уулзаад хөрөнгө босгосон. Нэлээд хуульч, өмгөөлөгч болон ганц, хоёр хөгжимчин бий. Мөн Туркээс ирсэн Рийдван гэж хүн биднийг анх жазз тоглож эхлэхэд л хамт байсан. Хамгийн анх түүнтэй уулзаж, хөрөнгө оруулалт асууж байлаа.

Одоо клубээ ч байгуулчихсан, үйл ажиллагаа нь ч жигдэрчихсэн байгаа. Анх та нарын төсөөлсөнтэй хэр нийцэж байна вэ?

Орчны хувьд яг төсөөлөл, зургийнхаа дагуу бүрдүүлж чадсан. Зарим нэг чамин санаануудыг Дөлгөөн гаргасан. Монголд “Ub Jazz” гээд клуб байдаг ч гэсэн жинхэнэ жазз клуб байгаагүй болохоор хүмүүс нэлээд хүлээлттэй байсан байх аа. Яг түүнийг нь нээчихсэн болохоор хүмүүст их дотно, сайхан сэтгэгдэл төрж байгаа гэж боддог. Анх байгуулахдаа хүмүүс яаж хүлээж авах бол гээд л багахан эргэлзэж, зовниж байлаа. Хамгийн анхны нээж байгаа газар, анхны маань бизнес болохоор бага зэрэг санаа зовж байсан ч одоо үйл ажиллагаа жигдрээд гайгүй болж байна.

“FatCat”-аа нээгээд сайхан сэтгэгдлүүд их сонссон байх. Сэтгэлд үлдсэн мөчөөсөө хуваалцахгүй юу?

Тэгсэн. “GMUB” төслийн хүрээнд маш олон алдартай хөгжимчин, дуучин ирж зургаан долоон хоногийн турш багшилдаг. Клубийн ханан дээр байгаа эдгээр хүний зурагнууд бол бүгд Монголд ирсэн хөгжимчин, дуучид. Бидний шүтээн болсон Германы төгөлдөр хуурч Клаус Рэбл (Claus Raible) клубийн маань нээлтэд зорьж ирээд хамт тоглож, маш сайхан урмын үг хэлсэн. Мөн Анне Чиковски гэж алдартай дуучин ирээд “Монгол ийм гоё газартай болно гэж бодсонгүй. Одоо Монголын жазз урлагийн зам нь дардан, сайхан болчихлоо” гээд уйлсан. Байнгын холбоо харилцаатай байдаг, хамтарч тоглолт хийдэг “A Sound” хамтлагийн төгөлдөр хуурч Пүрэвсүх ах, Донна гээд л бүгд ирж, өмнө нь төслийн хүрээнд тоглож байсан хөгжмүүдээ дахин тоглоод л, маш гоё санагдсан. Монголын жазз урлагийнхан, сонирхогчдын “spot” болж байгаа газар.      

Яагаад клубээ “FatCat” гэж нэрлэсэн бэ?

“Fat” нь бол өхөөрдөж өгсөн нэр. Жазз хөгжимчин, дуучид бүгд нэгнийгээ “Cat” гэж дууддаг. Жазз ая, дуунд контрбасс нь яг муур алхаж байгаа юм шиг сонсогддог. Жинхнээсээ бүдүүн муур алхаж байгаа юм шиг хэмнэлтэй. Тэгээд л ингэж нэрлэсэн. Анх “FitCat” гэж нэрлэх гэсэн ч “жиймд” явж байгаа муур шиг санагдаад больчихсон.

“FatCat” өөрийн дуутай, клиптэй болсон. Энэ талаараа мэдээлэл өгөхгүй юу?

Клубийн маань дотоод засварыг хийж байхад нэг буланд нь сууж байгаад “FatCat” дууныхаа санааг гаргасан. Тэгээд “JazzTrain” хамтлагийнхантай тоглож үзсэн чинь их гоё болсон. Тэгээд л маргааш нь шууд бичлэгт орсон доо. Энэ дуугаа шууд цацахгүйгээр анимэйшнтэй болгохоор шийдсэн юм. Ер нь жазз дуунууд клипгүй байдаг. Эхэндээ клипгүй цацах гэж байсан ч сайн бодсоны эцэст клиптэй болговол илүү сонирхолтой санагдсан. Тэгээд Дөлгөөн маань Ундрам гэж охинтой холбож өгөөд бид нар хамтдаа ярилцаад анимэйшн бүтээсэн. Үүнийгээ “Ub.life” сайтаар албан ёсоор олон нийтэд цацах болсондоо баяртай байна. Та бүхэн таалан болгоогоорой.

Монголчууд жазз урлагийг хэрхэн хүлээж авах бол гэж бодсон уу. Бидний хувьд жазз шинэлэг зүйл шүү дээ. Ялангуяа ихэнх хүмүүс нийтийн дуу хөгжимд дуртай, тоглолтуудыг нь ч их үздэг.

Энэ тал дээр айх зүйл байгаагүй. Яагаад гэхээр 2014 оноос эхэлсэн “GMUB” төслийнхөө хүрээнд бид нар долоо хоног бүр “Briti Grey”, “Piano lounge”, “Cosy club” зэрэг нэлээд олон газар жазз тоглолтууд хийдэг байсан. Тэр шугамаар 3-4 жил тоглож, нэлээд сонсогчтой ч болсон. Нэг удаагийн тоглолтод 100 гаруй хүн заавал ирнэ. Одоо ч нэмэгдсээр л байгаа.

Манайхан аливаа тоглолт, арга хэмжээнд оролцохдоо гадаадынхан шиг чөлөөтэй байдаггүй юм шиг санагддаг. Азиудын бүрэг зантай холбоотой байх л даа. Ер нь монголчууд болон гадаад үзэгчдийн хооронд ялгаа байдаг уу?

Европ болон монгол үзэгчдийн хооронд их ялгаа бий. Европчууд олон жил жазз сонсож, дурлаад өдий хүрсэн байхад монгол үзэгчдэд энэ бүхэн маш шинэлэг байгаа болохоор яаж сонсохоо одоохондоо арай мэдэхгүй байгаа. Гэсэн ч нээгдээд найман сар болж байгаа гэхэд үзэгчид маань их сайхан хүлээж авдаг болсон. Үүнд их таашаалтай байгаа. Яагаад гэхээр хүсэж байсан газар, хүсэж байсан хүмүүс ирээд хүссэн хөгжмөө сонсоно гэдэг сайхан шүү дээ. Манайхан сэтгэл хөдлөлөө ил гаргахгүй, дотогшоогоо үздэг. Бид нар өдөр бүр тоглолтоо “Үзэгчид болон хөгжимчдөө хүндлээд яриагаа жаахан багасгаарай” гэж хэлээд эхлүүлдэг. Гадаадад бол тайзан дээр хөгжимчид гараад ирэхэд л хүмүүс нь чимээгүй болоод тоглолтоо үзэх жишээний байдаг л даа. Гэхдээ муулах зүйлгүй ээ, нэг үеэ бодоход одоо арай гайгүй болчихоод л байна.

Жазз урлагаас монголчууд ямар мэдрэмж аваасай гэж хүсэж байна вэ?

Жазз хөгжим тоглоход хөгжимчин бүр өөрийнхөө мэдрэмж, сэтгэмжээрээ цааш хөгжүүлдэг хөгжмийн урсгал. Жишээлбэл, би тухай үед ямар мэдрэмжтэй байгаагаа өөрийнхөө хөгжмөөр илэрхийлж, үзэгчидтэйгээ харилцахыг хичээдэг. Үзэгчид мэдрэмжийг маань тэр чигт нь хүлээж авч чадаж байвал хөгжимчин хүний бахархал юм даа.

“FatCat” клубийг зорин ирэх хүн олон. Сард ойролцоогоор хэчнээн хүнд хүрч үйлчилж байгаа вэ. Хэд орчим насныхан ирж байна вэ?

Бүх насныхан л ирдэг. Тэр дундаа залуучууд жаззыг нэлээд сонирхож байгаа. Жазз хөгжим дэлхийд аль хэдийнэ хөгжөөд эхэлчихсэн ч манай улсад мэргэжлийн жазз сургалтыг таван жилийн өмнө л эхлүүлсэн. Тиймээс маш шинэ байгаа учраас залуучууд их сонирхдог. Түүнээс гадна жаззыг мэддэг, Монголд жазз клуб ямар байдгийг сонирхохоор гадаад хүмүүс ч их ирнэ. Тэдний сонсохыг хүссэн жаззыг монголчууд тоглож байгаа болохоор таалагдаж, ахин дахин ирж үйлчлүүлдэг байх. Манайх сардаа давхардсан тоогоор 3-4 мянган хүн хүлээж авдаг байх шүү. Ерөнхийдөө нэг өдрийн үйл ажиллагаа, тоглолтыг маань дор хаяж 100-150 хүн ирж үзэж, үйлчлүүлдэг.

Хонгор уран бүтээлч.  Өөрөө хөгжим тоглоод л, хажуугаар нь өдөр тутмын үйл ажиллагаандаа ч оролцоод завгүй харагддаг. Жазз клубээ нээснээс хойш амьдралын хэв маяг, уран бүтээлд чинь ямар өөрчлөлтүүд орсон бэ?

Маш том өөрчлөлт гарсан. Жазз хөгжимд хайртай болохоор клубээ байгуулахаас өмнө өдөрт 5-6 цагийн бэлтгэл заавал хийдэг байсан. “FatCat”-аа нээснээс хойш хөгжимд зориулдаг цагийнхаа оронд хүмүүстэй харилцаж, тэдэнд үйлчилж байна. Бэлтгэл маань үндсэндээ алдагдсан ч өөрийнхөө мөрөөдлийн газраа байгуулсан учраас сайхан байна.

“FatCat”-ыг дандаа урлагийн хүмүүс, уран бүтээлчид ажиллуулж байгаа. Үүний давуу болон сул талыг анзаардаг уу?

Бид нар “performance”-оо сайжруулахын тулд хамтарч ажиллаж байгаа. Мэдээж хэрэг бүгд цалингаа авна. Гэвчиг бүгд Монголын жазз хөгжмийг хөгжүүлэх, ганц жазз клубээ амжилттай байлгахын тулд сэтгэл зүрхээ зориулж ажиллаж байна. “GMUB” төслөөс хамгийн анх манай “JazzTrain” хамтлаг гарсан байдаг. Түүний дараа “Blues Coopers” гарч, ирэх тавдугаар сарын 9-нд 2 жилийн ой нь болно. Мөн саяхан гарсан “Marblles” гэж хамтлаг байна. Ер нь нэлээд хөгжимчин баг болон ажиллаж байгаа. Хөгжимчид, уран бүтээлчид клуб дээрээ ажиллахад сул тал байдаггүй. Бусад клубуудээс ялгардаг нь бид нар энтертайнмент багтай болчихож байгаа юм. Жазз, поп, блюз тоглодог нэлээд олон төрлийн хөгжимчидтэй болсон учраас даваагаас бямба гараг хүртэл орой болгон тоглолттой байж чаддагаараа бусдаас шууд ялгардаг. Жишээлбэл, зарим клуб лхагва гарагт “lady’s night”, баасан гарагт хүмүүс их гардаг болохоор ч юм уу хоёр орой л тоглох нь түгээмэл.  

Та бүхний цаашдын төлөвлөгөө юу вэ, танай хамт олноос үзэгчид юу хүлээж болох бол?

Ойрын төлөвлөгөө гэвэл хүмүүст чанартай уран бүтээл хүргэхийн тулд клубийнхээ хөгжимчдийн чадварыг үргэлж ахиулж, хичээж ажиллана. Мөн “FatCat”-ын цуврал цомог гаргах төсөл эхэлсэн. Эхнийх нь “Day Off” нэртэйгээр энэ сарын 27-нд “realese”-ээ хийнэ. Түүнээс цааш есөн цомог гаргах юм. Бүх жазз хөгжимчдөө багтаасан, хүмүүс сонсоход ойр, дотно санагдах жазз дуунууд багтсан цомгууд гаргана. Ойрын 2-3 жилдээ багтаад гарчих байх. Цаашлаад клубийнхээ нэрэмжит фонд үүсгээд монгол хөгжимчдөө гадаадад сурахад нь туслах зорилготой байна.  

Манай улсад мэргэжлийн жазз урлаг хөгжөөд удаагүй байгаа ч нэлээд ахицтай явж байгаа. Ер нь Монголын жазз урлаг бусад орнуудтай харьцуулахад ямар түвшинд байгаа вэ?

Би Монголын жаззыг муу гэж хэлэхгүй. Монголд мэргэжлийн жазз үүсээд 4-5 жил болж байгаа ч 2018 оны есдүгээр сард манай хамтлагийнхан Мюнхений их сургуульд жаззаар сурахаар очсон. Тэнд очоод Германаар тойроод тоглолт хийхэд очиж тоглосон газар бүрд зөвхөн манай “JazzTrain” хамтлагийг авч, тоглох сонирхолтой байсан. Мөн жазз дуулаачийн ангид сурч байгаа манай Энжи байна. Энжи маань энд байхдаа гадаад хөгжимчидтэй хамтраад Гончигсумлаа гуайн дуунуудаар жазз цомог гаргасан. Маш сонирхолтой цомог болсон. Монголын дээр үеийн дуунуудыг жазз хувилбарт оруулна гэдэг маш том дэвшил юм л даа. Европт тэр цомог маш сайн зарагдаж, “бүүм” болсон. Тэндхийн томоохон хамтлаг, хөгжимчид Энжид санал тавьж, тоглолт хийдэг. Учир нь хоолой болон цомгоороо аль хэдийнэ өөрийгөө тамгалчихсан. 2020 оны гуравдугаар сард төгсөөд Монголдоо ирнэ гэж найдаж байна даа. Манай хамтлагийнхан ч Мюнхений их сургуульд сурч байгаа. Төгөлдөр хуурч Шүтээн магистрт, бусад гурав нь бакалавраар сурч байгаа. Хичээлийнхээ зай завсраар урилгаар тоглолтоо хийж байна. Харин би тэднийгээ ирэхэд нь клубтэй болчихсон хүлээн авна даа. Гэхдээ хамтлагийнхан маань “FatCat”-ийн нээлтэд оролцож, тоглолт хийгээд явсан.

Удахгүй Монголд долоо хоногийн турш жазз фестиваль зохион байгуулах юм билээ. Энэ талаар мэдээлэл өгөөч?

2011 оноос дөрөвдүгээр сарын 30-ныг Олон улсын жазз өдөр болгон тэмдэглэж эхэлсэн бол Монголд 2017 оноос хойш ЮНЕСКО-д бүртгүүлээд албан ёсоор тэмдэглэж байгаа. Анх паркийн “Castle”-д, 2018 онд Corporate Convention center-т томоохон тоглолт хийж байсан. Энэ жил бид бүхэн долоо хоногийн турш фестиваль болгон тэмдэглэхээр болсон. Дөрөвдүгээр сарын 25-30 хүртэл тэмдэглэхдээ өдөр бүхэн томоохон, онцгой тоглолтууд хийхээр төлөвлөсөн. Энэ сарын 25-нд алдарт жазз дуучин Эллагийн 102 насны төрсөн өдөр тохиож байгааг тохиолдуулан тухайн өдрөөс фестивалиа эхлүүлж байгаа. “Day Off” тоглолтын release 26-нд, 27-нд жазз “Big band”-ийн сүртэй, хэмнэлтэй тоглолт болно. Тэгээд 28-нд тоглолтын маань спонсор болсон хүмүүст зориулж, special тоглолт хийнэ. Мэдээж хүмүүс зорьж ирээд үзэх боломжтой. Энэ үеэр Энжи Монголд байх учраас Энжи, Ариу, Жожо гурвын “Sisters” хамтлаг бүрэн хэмжээний тоглолт хийнэ. Үүний дараагийн өдөр Монголд “GMUB” төслийг эхлүүлсэн Мартин Зенкерийн өөрийнх нь хамтлаг Монголд ирж, тоглолт хийнэ. Тэгээд 30-нд “Imax”-ийн 200 хүний суудалтай танхимд томоохон тоглолтоо хийнэ. Энэ үеэр Энжи маань цомгийнхоо дуунуудыг бүтнээр тоглож, жазз дуучин Наагий “Баянмонгол” хамтлагтайгаа ирж дуулна. Орой нь “FatCat”-д мөн тоглолт болно. Фестиваль маань их сайхан болно гэсэн итгэл дүүрэн, бэлтгэлээ базааж байгаа.

Жазз урлагт хайртай хүнээс үүнийг асуухгүй бол болохгүй байх. Та Улаанбаатарын хэмнэлийг жазз дуу, аяар илэрхийлвэл ямар дуучны, ямар дууг нэрлэх вэ?

Ёстой бодож үзээгүй юм байна шүү. Гэхдээ би Jesse Davis гэж саксафончны “On a misty night”-ыг Улаанбаатарын хэмнэлд гоё тохирно гэж бодож байна. Намуухан тэгсэн хэрнээ хэмнэлтэй.

Ярилцсанд баярлалаа. Уран бүтээлд нь амжилт хүсье.




Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
0
23
0
1
0
1
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.