Хайх зүйлээ бичнэ үү

8 мин

ГОО САЙХАНЫ ЭСРЭГ ГОО САЙХАНЧ | Tegshee's Movie Corner


Бичвэр маань уул нь Дьёрд Пальфи хэмээх унгар кино найруулагчийн тухай юм. Дьёрд хэн гэнэ? Пальфи. Дьёрд Пальфи. Нээрээ миний ч аманд эвлэж, нүдэнд дасаж, чихэнд хоногшоогүй нэр.Саяхнаас л ийм нэг найруулагч байдгийг мэдсэн хэрэг.

Хамгийн анх би түүний 2006 онд бүтээсэн Таксидермиа(Taxidermia) киног үзсэн.
Манай драмын теарт тавигдсан Софоклын “Эдип хаан” жүжгийг үзэж суусан 10 жилийн банди нарын нэг нь жүжгийн төгсгөлд нөгөөдөө “Эдип эхтэйгээ унтчихсан юм байна” гэсэнд нөгөөх нь “Заваан п**да вэ?” гэж дуу алдсан гэдэг шиг “Таксидермиаг” үзсэний дараа би ч дотроо “Заваан п**да вэ?” гэж дуу алдсан юм. Гэхдээ их л бахархангуй аястай хэлснийг бодоход кино надад таалагдсан нь тэр биз.

Голлох кино сайтуудаас сайхь киноны талаарх үзэгчдийн сэтгэгдлийг тандаад үзвэл “Балиар боловч үзэсгэлэнтэй”, “Унгарын кино урлаг дахь том үсрэлт, жинхэнэ кино”, “Кино урлагийн талаарх ойлголтоо өргөжүүлэхийг хүссэн нэгэнд зөвлөмөөр”, “Бурхан минь, хэлэх үг алга” гэхчлэн гол төлөв цочирдох мөртлөө шагширч, бахадсан сэтгэгдлүүд давамгайлна. Киног үзээгүй нэгэнд бол кино үздэггүй “жаалууд” ганц кино үзчихээд алга ташин цовхчоод байгаа аятай сүржин санагдана. Гэтэл хэдэн зуун кино үзэж, шүүмж, сэтгэгдэл бичдэг, кино хорхойтны хүрээндээ ч чамгүй алдартай нэг бус үзэгч яг л өмнө дурьдсан “жаалууд” шиг авирлахыг хараад хэн, хүнгүй өнөө киног нь үзэх сонирхолд автана.

Таксидермиа(2006)хэмээх өнөөх дуулиант киноны үйл явдлыг товчхон өгүүлбэл харин ийм юм:

Социалист Унгар орон. Алс буйдын нэгэн цэргийн хуаранд гоожуур маягийн туниагүй цэрэг аар саархан ажил хийж ам зогоох явцдаа байнга л хүүхнээр хагсаж цангаж явна. Түүний гар хангалга хийж тавих мөчид дурын шингэн нь дээш годгодохдоо чавхдан цойлсоор од болох, модон пингийн сиймхийгээр цасаар байлдах хоёр эмэгтэйг сэм харангаа пинд гарсан нүхэнд ичимдэг эрхтэнээ хийн нааш цааш хөдөлж байтал пингийн гадуур будаа тоншиж явсан тахиа “өнөөх”-ийг нь тон хийтэл тонших агшин гээд кино эхлээд удаагүй байхдаа л элдэв юм үзэж дадаагүй үзэгчийг бол үргээх, элдэв юм үзэх дуртай үзэгчийг бол даллан дуудах элий, эрээгүй кадруудаар дүүрэн. Төдөлгүй өнөөх дожоогүй цэрэг даргынхаа эхнэрийг тэлж шулсан гахайн өрөөл махан дээр ааг амьсгаагүй “цохиж” буй хэсгийг залгаад даргын эхнэр нярайлж гахайн сүүлтэй хүү төрүүлснээр киноны дараагийн өрнөл эхэлж буй нь тэр.

Хоёр дахь хэсэгт гахай сүүлтэй хүү “Их идэлтийн аварга шалгаруулах” тэмцээний тамирчин болсон байх нь дэлгэцэнд тодорно. Гахай шиг лагс эрс тогоо шиг том тавагнаас эсэн бусын хоол уралдан идэх, завсарлагаанаар тусгай техник ашиглан бөөлжин гаргах гээд дотор эвгүйцүүлмээр кадрууд үргэлжилсээр л. Идээд, бөөлжөөд, ахин идээд, ахин бөөлжих явцыг харин үзэгч юу ч гэж тайлж болно. Ер нь хүний амьдрал чинь товчхондоо идэх, ялгаруулах л үйл явц биш үү гэхчлэн цааш улбаалаад элдэв бодолд хөвж болохоор энгийн зураглалууд овоо хөвөрч байснаа нүдний өмнө ахиад л гоо сайхангүй үзэгдэл тодорч ам ангайлган гайхшруулах нь тэр. Аймшигтай таргалж, ялхайж суудлаасаа ч босож чадахааргүй болсон хижээл насны эр. Кино 3 дахь хэсэгтээ шилжсэн нь энэ. Их идэлтийн аварга маань ийн өтөлж, хүү нь гэх эцэнхий, цонхигор царайтай чихмэл урлаач аавыгаа асарч, хоол унд дөхүүлж, гэр орноо цэвэрлэнэ. Тэлж шулсан гахайн өрөөл махан дээр гахайных шиг хурьцлаас олдсон гахайн сүүлтэй хүүхэд гахай шиг идэж амьдарсаар бордуулж биеэ даахааргүй болж гахай шиг өтөлсөн энэ түүхийн төгсгөл харин үнэхээр санаанд оромгүй. Тэр ялгуун төгсгөлийг чихмэл урлаач хүү нь гүйцэлдүүлнэ.

taxidermia

Таксидермиа, 2006


Бараан комеди, аймшиг, ой гутаам зураглал, ам ангайлгам үйл явдал, эргэлтүүд эрээлжлэх сайхь киноноос үзэгчид өөр өөрсдийн ухаан, мэдрэмжийн энгээр л хүртэцгээх биз. Гол нь зураг авалт, киноны уур амьсгал ихээхэн бүтээлч, мэргэжлийн өөгүй түвшинд гүйцэтгэгдсэн болохоор ой гутаахаас илүү бишрэл төрүүлж, үзэгчдийг ам уралдан хүүхэд шиг шаагилдахад хүргэдэг байж болох юм.

Сайхь киног тухайн жилийн Каннын кино наадмын шинэ залуу найруулагчдын бүтээлийг сойдогUn certain regardхэсэгтгаргаж байжээ.

Таксидермиа киноны цочирдлоосоо сайн гараагүй байхдаа ийм киног ямар хүн хийсэн юм бол гэж сониучирхах сэтгэлдээ хөтлөгдөн судалж үзэхэд Дьёрд Пальфи нэрт 1974 онд төрсөн унгар залуу “хэргийн эзэн” болохыг мэдсэн юм. Тэрээр 2000 онд Будапештийн театр, киноны ангийг кино найруулагчаар төгссөн юутай ч мэргэжлийн уран бүтээлч байв.

28 насандаа анхныхаа бүрэн хэмжээний дэлгэцийн бүтээл болохХаккле(Hukkle,2002)хэмээх хүүрнэлт бус, экспириментал бүтээл туурвиж кино найруулагчийн гараагаа эхэлж байжээ.Тус кинонд Унгарын буйдхан тосгоны хүн зон, хорхой шавьж, ан амьтны хэсэг бусаг амьдрал дэлгэцэнд ар араасаа цувран өрнөнө. Кинонд байгалийн дуу чимээ, эд зүйл харшиж дуугарахаас өөр дуугүй, аан нээрээ модон байшингийхаа гадаа нарлаж суух өвгөн тасралтгүй зогисуулсаар байдаг юм. Онцгой үйл явдал, ам ангайлгасан зураглал энэ тэрээр үзэгчийг татахгүй боловч дэргэд хүн зогсуулаад байх шиг түгшүүртэй, инээдтэй, хөгийн ч юм шиг мэдрэмж төрүүлсээр юутай ч дэлгэцний өмнө 78 минут уяж дөнгөнө.


Хаккле, 2002


Харин дуулиант Таксидермиа нь түүний дөнгөж хоёр дахь бүрэн хэмжээний бүтээл байсныг, 32 насандаа тийм хэмжээний кино туурвисан, манайхтай адил пост социалист орнуудын нэгэнд боловсорч суралцсан Дьёрд Пальфи гэх сонин нэртэй залууг мэдсэнээс хойш урлагийн болзоогүй, гайхалтай чанарт улам итгэж билээ.

Бүтээлүүдээс нь улбаалаад түүнийг нэг л тэрслүү, гажуу, эрээгүй хүнээр төсөөлж байснаа нуух юун.

Гэтэл өмнө дурьдсан хоёр киног нь онцгой хэв маягтай, дүрслэлийн ончтой хараа, зураглал бүхий бүтээл болсныг дурьдаад, энэ арга барилаа хэрхэн сонгож авсныг асуусан нэгэн сурвалжлагчийн асуултад Дьёрд Пальфи 

“Найруулагч бүр өөрийн хэмжээндээ төгс бүтээл туурвихыг хүсдэг. Гэхдээ боломж хязгаарлагдмал. Юм бүхнийг хийхийг хүсэвч болдоггүй. Тиймээс надад ажлын арга барил их чухал. Би нэг бүтээл эхлүүлж, барьж авахдаа хамгийн түрүүнд үзэгчдэд яаж хүргэхийг боддог. Үзэгчид миний гол бай. Кино урлагийн хэлээр үзэгчидтэй харилцаж болох ямар нэг юм сонгох хэрэгтэй. Гол нь би киногоо яаж хийх вэ гэдэг чухал. Кино хийх өчнөөн арга зам, хэв маяг бий. Америкчуд бол зохиолоо бичээд, алдартай жүжигчид, мэргэжлийн багаа бүрдүүлсний дараа ажилладаг гэхчлэн үйлдвэрлэл маягаар кино бүтээдэг. Гэтэл кино бүтээх өчнөөн арга зам буй нь надад сайхан санагддаг, би тэр бүхнийг ашиглахыг хүсдэг. Хаккле киноны хувьд ямар ч кино зохиол байгаагүй, гол санаагаа тэмдэглэсэн 16 хуудас цаас л байсан. Би буйдхан тосгонд очиж зөв байрлал, тохирох хүмүүс сонгох гэж нэг жил хагас тэнд амьдарсан. Ямар ч нүүр будалтын баг, шүүгээ дүүрэн хувцас байгаагүй.Би чиний найз бишкино ч зохиолгүй бүтсэн”

гэсэн бол киногоороо дамжуулж үзэгчтэйгээ хэрхэн харилцахыг хүсдэг вэ гэсэн сэтгүүлчийн асуултанд “Үзэгчдийн хувьд хөгжөөж баясгах зүйл үзмээр байна уу, эсвэл урлаг сонирхмоор байна уу гэдэг улигт асуудал хэвээр байгаа. Би яг энэ асуудлын тэг дунд зогсохыг хүсдэг. Тиймээс киногоо олон давхаргатай хийдэг: нэг давхарга нь бүх үзэгчдэд ойлгогдох бол, өөр нэг нь давхарга нь илүү хэмнэлтэй, амьд, үлдсэн нэг давхарга нь илүү хүүрнэлч шинжтэй байлгахыг зорьдог. Ингэвэл хүн болгон миний киноноос ямар нэг зүйл хэлтэлж авна” гэж хариулснаас үзээд гажуу солиот гэхээс илүүтэй ухаалаг, бүтээлч залуугийн дүр төрхийг л олж харсан юм.


20140711palfi-gyorgyНайруулагч Дьёрд Пальфи


Тус ярилцлагадаа найруулагч кино зохиолоо өөрөө бичиж, төсвөө өөрөө босгодгоо хэлээд, зарим үед төрөөс санхүүгийн дэмжлэг авах шалгаруултанд төслөө өгч хариуг нь удаан хүлээх шаардлага гардаг зэрэг бэрхшээлүүд тоочиж байсан нь эгээ л манай нөхцөл байдалтай ижил санагдсаныг нуух юун. Гэвч нөхцөл байдал бол ердөө нөхцөл байдал, уран бүтээлч хүн түүнийг давах л учиртай хойно. 

Өдгөө 40 нас хүрч буй Дьёрд Пальфи хэмээх энэхүү онцгой найруулагч харин зугуухан боловч өөрийнхөөрөө туурвисаар 2014 оны 9 сарын 25-нд “Чөлөөт уналт”(Free Fall)хэмээх шинэ киноныхоо нээлтийг хийсэн нь нь түүний бүрэн хэмжээний 5 дахь уран сайхны бүтээл юм.

Чөлөөт уналтад хижээл насны эмэгтэй орон сууцныхаа дээврээс үсэрч амиа хорлохыг оролдох бөгөөд дээврээс газарт унах явцдаа давхар бүр дэх долоон янзын гэр бүл, долоон янзын амьдралын гэрч болно. Өгүүлэмжийн хувьд сонирхолтой, үйл явдлын давхар шугамууд, ялгаатай хэв шинжит дүрүүд ч бас л гайхал төрүүлмээр, ээдрээтэй болсныг кино шүүмжлэгчид эхнээсээ сайшаан тэмдэглэсэн найруулагчийн сүүлийн бүтээлийн нээлтийг цөөхөн ч гэсэн түүний үнэнч шүтэн бишрэгч, кино хорхойтнууд тэсэн ядан хүлээж байна.

Магадгүй та орчин цагийн кино урлаг дахь онцгой, эх бүтээлүүдийн эзэн Дьёрд Пальфи хэмээх уран бүтээлчийн аль нэг бүтээлийг сонирхоод үзвэл тэр нь бидний хувьд ямар нэг зүйлийн эхлэл, эсвэл уналт ч байж болох юм, гол нь тэр бүхэн эцэстээ биднийг ямар нэг дотоод өрнөлд хөтлөх нь эргэлзээгүй юм. Урлаг гоо засалчийн үүрэг гүйцэтгэхээс илүү үнэн байх, бидний оюун санааг нэг хэв шинжид хашиж, дасгахаас илүү задлах, тэлэх, бидний доторх тагтаршиж тогтсон ямар нэг зүйлийг сэндийлж, сийрүүлж л байвал сайхан биш үү?

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
11 цагийн өмнө
“Oldboy” кино олон ангит цуврал болно
2
Уржигдар
iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом
3
Уржигдар
Болзоо нь илрээд удалгүй салсан алдарт хосууд
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.