Хайх зүйлээ бичнэ үү

7 мин

Даваа Юүжэн: Уламжлалт шашин суурьтай ёс суртахуун төвөд залуусын үнэт зүйл болж байна

Лхасын шөнө “Улаанбаатарын үдэш”-ийн аялгуунд бүжиглэв


(Төвөдийн тэмдэглэл-3)

Төвөдийн өөртөө засах орны Гадаад харилцааны газрын Хэвлэл мэдээлэл, ёслолын хэлтсийн ажилтан Даваа Юүжэнтэй ярилцлаа. 

-Лхаст албан ажлаар анх удаа ирж байгаа гадаадын олон хүнд Та орчин цагийн Төвөдийн залуу үеийн төлөөлөл болж харагддаг байх?

-Төвөдийн өөртөө засах орны Гадаад харилцааны газарт ажиллахын нэг бахархал нь, бас нэг хариуцлага нь энэ юм даа. Манай орны энэ цагийн хөгжлийг, төвөд залуусын мэдлэг боловсролыг ганцхан надаар дамжуулан харах нь тун өрөөсгөл зүйл боловч ажлын шугамаар буугаад мордох завгүй зочдын хувьд би ч юм уу, эсвэл манай албаны хэн нэг маань Төвөдийн залуу үе ямаршуу хүмүүс байдгийг дүгнэх нэг жишээ болж үлдэх нь мадаггүй. 

-Дипломат албаны шалгуурт тэнцэж анх ажилд ороход хэр их өрсөлдөөнийг давсан бэ?

-Би Бээжинд Хятадын төвийн үндэсний их сургуульд англи хэлээр мэргэшсэн юм. Сургуулиа төгсөөд орон нутгийн захиргаанд хэдэн жил ажилласан. Тэгж байтал Гадаад харилцааны газарт хүн авах гэж байгааг мэдэж, шалгаруулалтад орсон. Надтай 20 гаруй хүн өрсөлдөж, дөрвөн хүн эцсийн шалгаруулалтад тунаад, тэндээс намайг Хэвлэл мэдээлэл, ёслолын хэлтэст хуваарилсан. 

-Төвөд охид, бүсгүйчүүдэд ажил хөдөлмөр эрхлэх, хариуцлагатай алба хаших боломж хэр нээлттэй байдаг юм бол?

-Маш нээлттэй. Яагаад гэвэл төвөд эмэгтэйчүүд эрчүүдээсээ илүү хичээл зүтгэлтэй юм болов уу гэж санагддаг шүү. Их, дээд сургуульд элсэж байгаа залуусын дунд оноогоороо тэргүүлэгчид нь охид, өрсөлдөөнт ажлын байранд шалгарагсдын дийлэнх нь бүсгүйчүүд байгаа бодит тоон үзүүлэлтээс л би тэгж ойлгоод байгаа хэрэг л дээ. 

-Таны эцэг эх охиноороо их бахархдаг байх даа. Ингэхэд Та ямар айлын хүүхэд вэ?

-Ээж аавын минь тухай сонирхсонд баярлалаа. Тэд маань надад сэтгэл хангалуун, амар тайван байвал болох нь тэр гэж л хичээж явдаг шүү, би. Аав минь цэргийн газар ахлах офицер. Ээж хуулийн байгууллагад шүүгчээр ажиллаж байгаад одоо Ардын их хурлын төлөөлөгчөөр сонгогдсон. Манайх ам бүл дөрвүүл, би нэг эрэгтэй дүүтэй. 

-Бид Их зуу хийд үзэж яваад хуримлагч залуухан хосыг харсан. Орчин цагийн төвөдчүүдийн хайр сэтгэл, гэрлэлтэд хандах үндэсний онцлог нь энэ юм аа гэж хэлж болохоор өвөрмөц тал нь юу бол?

-За байз, би хэдийгээр 30 нас руу нэлээд дөхөж байгаа ч гэрлэх нь бүү хэл дотно үерхэж ч үзээгүй хүн учраас олигтой хэлж чадах зүйлээр маруухан юм. Төвөд залуус дэлхийн хаана л бол хаана хүмүүс бие биедээ хэрхэн яаж дурладгийн адил дурлаж, хайрладгийн адил хайрлана шүү дээ. Гэхдээ орчин үед ч гэлээ төвөдчүүдийн харилцаанд эмээ өвөө, ээж аавын хүмүүжлээр дамжин шашин шүтлэгийн нөлөө өвлөгддөг нь бидний соёл, заншил. Одоо цагт мухраар сүсэглэх гэхээсээ энэрэн нигүүлсэх, хайрлан хүндлэх, сайн сайхныг дэлгэрүүлэх, муу муухайг тэвчин ухамсарлах гээд ер нь энгийнээр бол шашин суурьтай ёс суртахуунаа өвлөн шүтэх хандлага газар авч байгаа нь төвөд залуусын болон нийгмийн харилцааны үнэт зүйл хийгээд бодит байдал болж байна.  

-Даваа, та өндөр боловсролтой, карьер хөөж байгаа ганц бие төвөд бүсгүйн хувьд ямаршуу хүнтэй гэрлэхийг хүсдэг вэ? 

-Өөрийн гэсэн үзэл бодолтой, өвөрмөц гоё сэтгэдэг хүмүүс таалагддаг. Гэхдээ зан чанар, сонирхлын хувьд надархуу хүн байгаасай гэж боддог. Сайхан санаатай, цайлган, эцэг эхдээ ачлалтай, ёс заншилдаа үнэнч л бол шашин шүтлэг, нийгэмд эзлэх байр суурь, боловсрол, карьерыг нь би нэгдүгээрт тооцохгүй байх шүү. 

-Төвөд залуусын дунд сүүлийн үед эрчээ авч байгаа чөлөөт цаг өнгөрүүлэх арга юу болж байна?

-Найзууд, гэр бүл, ажлын хамт олонтойгоо аялах, салхинд гарах, алхах нь их болж. Бас караокед очиж дуулах нь төвөдчүүдийн амралтын өдрөө хийх дуртай зүйлсийн нэг болчихоод байна. Манай төвөдчүүд ер нь дуулж чадахгүй хүн ховор доо. Сайхан ч дуулдаг юм. 

-Харин Та?

-Кино үзнэ, ном уншина. Уянгын драмын төрөлд дуртай. Яг одоо Францын зохиолч Камюд шимтчихээд зохиолуудыг нь уншиж байгаа. 

-Ямар дуу хөгжим сонсдог вэ?

-Монголын морин хуурын аялгуунд дуртай. Оюутан байхад манай сургууль дээр олон үндэстний тоглолт болсон юм. Тэгэхэд монголчуудын үзүүлбэрээс морин хуурын гайхамшгийг анх мэдэрсэн. Монгол гэснээс танай Сэрчмаа гэж дуучны уран бүтээлээр нэг хэсэг “өвчилж” байлаа. Бээжинд оюутан байхдаа интернэтээс “Сэтгэлийн драма” гэж дууг нь сонсоод, нэрээр нь хайж олон дууг нь сонсож уярсан даа.

-Лхаст аялахаар төлөвлөж байгаа монголчуудад заавал үзэхийг зөвлөх газруудыг санал болгооч гэвэл Та ямар маршрут гаргаж өгөхсөн бол?

-Миний оронд ямар ч төвөд хүнээс асуусан Потала ордон, Их зуу болон Сэра хийдийг хамгийн түрүүнд санал болгох биз ээ. Миний зүгээс нэмж хэлэхэд, төвөд үндэсний уламжлалт хоолны газруудаар заавал ороорой гэмээр байна. Тэнд сарлагийн мах, сүүтэй цай бий. Бас гараар зуурч, элдэж бэлтгэдэг гурилтай хүйтэн зууш тун өвөрмөц байх болно. Мөн төвөд үндэсний хувцасны шоу үзүүштэй. Төвөд үндэсний дээлний зарим нэг деталийг орчин үеийн хувцасны чиг хандлагаар баяжуулан урласныг залуус трэнд болгон хэрэглэдэг. Төвөдийн залуу дизайнерууд, загварын орднууд моодны салбарт их амжилттай хөгжиж байгааг заавал хараарай. Хамгийн сүүлд миний очсон “Хуамэй” гэж кинотеатр гэхэд л гадаадын хүн очвол киноноос гадна Төвөдөөс л харж болох энтертайнмэнтуудтай их хөөрхөн газар байна билээ. Бас амьд хөгжмийн хамтлагууд тоглодог залуучуудын гудамжууд дүүрэг бүхэнд бий дээ. Тэдгээрт очвол уйдахгүй шүү. 

Лхасын шөнө “Улаанбаатарын үдэш”-ийн аялгуунд бүжиглэв 

Бидний буудалласан Лхасын төв дэх “Гакилин” зочид буудлаас 10 минут алхах зайд Даваа Юүжэний санал болгосон шөнийн гудамжуудын нэг байрлах аж. Амралтын өдрийн үдэш 21 цагийн үед биднийг очиход манайхаар бол гэрэлт гудамж шиг тохижилттой, хүн холхисон хөдөлгөөнт орчин нүргэлэн угтав. Дэлгүүр хоршоо худалдаагаа хаагаагүй, зоогийн газрууд пиг дүүрэн хүнтэй байх юм. Залуу хосууд унтчихсан хүүхдээ тэргэн дээр түрчихээд, аав ээжээ дагуулчихсан явахыг харахад гэр бүлсэг монголчууд санаанд орно. Энд мөн эрс шийдэмгий хувцаслалттай, үс гэзгээ “элдэвлээд хаячихсан” охид, хөвгүүд ч бөөнөөрөө шуугилдан явах нь таарах бөлгөө. 

Бид явсаар гудамжны дугуйрсан мухарт очиход уушийн газрууд нэг дор эгнэсэн баар, диско клубуудын хэсэг болж таарав. Ав адилхан хаалгаа дэлгэчихсэн газруудын алин руу нь орвол аятайг ярилцаж зогстол нэгнээс нь “Улаанбаатарын үдэш” дуу эгшиглэдэг юм даа. Дахилтыг нь бүр яг монгол хэлээр “Улаанбаатарын үдэш намуухаан намуухан, учирсан хоёрын яриа аядуухаан” хэмээн гитарын аялгуунд дуулж гарав. Одоо ингээд хааш орох нь бүгдэд маш ойлгомжтой болоод явчихлаа. 

Оронгуутаа бид тайзнаа тоглож байсан амьд хөгжмийн хамтлагийн гоцлол дуучныг түрэн монголоороо дуулж, найган бүжиглэв ээ. Тэнд байсан төвөдүүд лав бидний тухай жиг жугхийгээ дээ. Харж амжсангүй, сэтгэл хөдлөөд. Дуучин залуу дараачийн бадгийн аянд дуулахын оронд ямар нэг зүйл зарлаж байгаа мэт хэллээ. Бодвол “Шинэ зочид маань Улаанбаатараас ирсэн монголчууд бололтой” л гэсэн байх, хүмүүс дуучинд ч юм уу, эсвэл бидэнд ч юм уу, алга ташна лээ. 

Энэ баарны зочид хүсвэл амьд хөгжмийн хамтлагийн тоглолтын завсарлагаар тайзнаа гарч дуулдгаараа их өвөрмөц юм. Яг л караоке шиг аяыг нь тавиад өгөх аж. Сайн дуулсныгаа дахиулаад, таарууханд нь хэн ч үл алга таших. Төвөдүүд үнэхээр дуулах дуртай хүмүүс бололтой. Ингэж Лхасын шөнийн гудамжнаа нааш нисэхийнхээ урьд орой “Улаанбаатарын үдэш” дууныхаа аялгуунд дуулан бүжиглэсэн билээ.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2024.03.22
1984. Хамбан хөшиггүй таашаах эрх чөлөө
2
2024.03.12
Будапештын тэмдэглэл
3
2024.02.19
Хөрөг | Наддаа чи минь нар байлаа
санал болгох
1
8 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
7
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зүчи 2019.10.01 64.119.21.217

Харваас сэжгийн хужаа хүүхэн л байна даг.

1 Хариулах