Хайх зүйлээ бичнэ үү

6 мин

Санхүүгийн сахилгагүй У.Хүрэлсүхийн төсөв

Төслийг хаанаас нь ч харсан хав дөрвөлжин сонгуулийн төсөв болжээ гэх ганцхан дүгнэлт олдов.


Нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх 20 оны төсөвт анхаарал хандуулж буй 75 гишүүнд юуны өмнө УИХ-д ажлын байртай үлдсэнийх нь төлөө баяр хүргэе. Тарахаас өөрөөр зайлж чадахгүй хариуцлагаа дор бүрнээ сайн дураар ухамсарласан ч зориглоогүйдээ л тэсэж хоцорсон хүмүүс шүү дээ. Арваннэгдүгээр сард сонгууль болсон бол эрх баригчдын бүлэг юун ингээд улс орны төсөв төлөвлөгөөтэй манатай. Парламент огцруулсныхаа “шанд” МАН-ын даргаас дараагийн сонгуульд өрсөлдөх эрх горьдолтгүйгээр гудамжинд хөсөр хаягдах “лаазнууд” болох байв. Гэтэл одоо УИХ-ын сонгууль болох 2020 онд сонгогчдод барих бэлгийн жор тунгаалцаад сууж байдаг, улстөрч хүний амьдрал аа гэж. Кнопдоод л байхаас өөр яах.

У.Хүрэлсүх өчигдөр Ерөнхий сайд хүнийхээ хувьд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож ирэх оны төсвийн тухай танилцуулсан. Тэр эрх баригч намын даргын хувьд энэ парламентыг тараах алхмуудыг идэвхтэйгээр хийж байсан нь ердөө нэг сарын өмнөх явдал билээ. Гэхдээ энэ нь түүний хувьд тогтоон барьж дийлэхээргүй гал болохыг ухаарч Монголын түүхэнд анх удаа 11 дүгээр сард болох гэж байсан УИХ-ын сонгуулийг арайхийн болиулж дөнгөсөн юм. Илтгэл тавихаар чуулганы индэрт зогсож байхдаа намынхаа хүчин чадлаас ахадсан галаар наадчихаагүйдээ Ерөнхий сайд өөртөө олзуурхсан ч байж магадгүй. Төслийг хаанаас нь ч харсан хав дөрвөлжин сонгуулийн төсөв болжээ гэх ганцхан дүгнэлт олдов. 

У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар анх томилогдохдоо “Төсвийн сахилга батыг сайжруулж, төрийн үргүй зардлыг багасгах, улсын өмчийн үр ашгийг дээшлүүлэн, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх замаар ард иргэдийнхээ орлогыг нэмэгдүүлэх чиглэл баримтална” гэснээ өнөөдөр чуулганы индрээс дахин сануулав. Үнэхээр У.Хүрэлсүх тэр үед “Хэдүүлээ бүсээ чангалж байгаад ч хамаагүй орлогоо нэмэгдүүлж аварга том дөрвөн бонд, 80 шүргэсэн их наядын өр зээлээ цэгцэлье” гэсэн бол түрэн дэмжихүйц нийгмийн сэтгэлзүй бүрдчихсэн байсан билээ. Харин энэ удаагийн Монгол Улсын төсвийн төсөл сонгууль угтсан буяны баримт бичиг болсон учраас зөвхөн тэтгэвэр авагч настнууд төдийгүй бондоос зээлтэй компаниуд хүртэл зөвхөн хүртээд л, талархаад л байхад болох өглөгч жил гарах нь ээ. 

Монгол Улсын 2019 оны Ерөнхий сайд хэн ч байсан 2020 оны төсвийн тухайд парламентдаа хандан үг хэлэхдээ 2021 оны дөрөвдүгээр сард төлөх хамгийн өндөр буюу 10.8 хувийн хүүтэй 500 сая ам.долларын “Мазаалай” бондыг төлөх төсвийг л нэн түрүүнд ярих ёстой. Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ талаар огт дурдсангүй, харин яаж нэг сонгуульд ялъя даа байз гэсэн сэтгэгдэл л өгүүлээд буусантай адил сулхан үг хэллээ. “Мазаалай”-н цаана дахиад гурван жил дараалан төлөх үүрэгтэй, нийт үнийн дүн нь тав нугарсан бондууд хүлээгдэж буй. Тиймээс хэрэв хариуцлагатай Засгийн газар, сахилга баттай, алсын хараатай Ерөнхий сайд, улс орныг урт хугацаанд хөгжүүлэх бодлого гэж байдаг л бол 2020 онд УИХ-ын сонгууль болно гэдэг нь тун ч өчүүхэн хүчин зүйл агаад үүнд төсвийг тэр чигээр нь улстөржүүлэн зохицуулах нь хэтэрхий гэнэн, өөдгүй аминч хэрэг юм.

У.Хүрэлсүх “сахилга бат” уриалах дуртай хүн. Монгол Улс бондуудын зээлээ хэрхэн төлж барагдуулахыг он оны төсөвт яаж уяж байгаагаас нь тэр сахилга батыг нь харахыг хүссэн эдийн засагчдад хэлэх үг олдохгүй байна. Монгол Улсын нийт өр 29.7 тэрбум ам.доллар буюу 80 их наяд төгрөгөөр хэмжигдэх болсныг Монголбанк зарласан билээ. МАН-ын Засгийн газар байгуулагдсан 2016 онд 16.6 их наяд байсан Засгийн газрын өр гэхэд л 2020 он гэхэд бараг 10 их наядаар нэмэгдэх тооцоо байна. 2020 оныг сонгуулийн жил гэж харсан хэвээр улс төрийн хонжоо харсан төсвөө батлах юм бол түүнээс цааших Монголын эдийн засгийг сүйрүүлж мэдэхээр дүр зураг харагдана. Санхүүгийн сахилга батад эргүүлэх Хүүкийн “сэлэм” алга болчихлоо, хараагүй биз?  

Гадаад валютын нөөц 3.7 тэрбум ам.долларт хүрч зээлжих зэрэглэл нэмэгдсэн гэх Ерөнхий сайдын үг өчигдөр маш “саарал” сонсогдов. ФАТФ буюу Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах олон улсын байгууллага өнөөдөр Монгол Улсыг "саарал жагсаалт"-д оруулсан эсэхээ өнөөдөр эцэслэн зарлана.

Ирээдүйн өв санд сүүлийн хоёр жилийн хугацаанд 368.2 тэрбум төгрөг хуримтлагдсаныг У.Хүрэлсүх “Манай улс анх удаа эрдэс баялгийн орлогоосоо бодит хөрөнгийн хуримтлал үүсгэж, байгалийн баялгийн өгөөжийг тэнцвэртэй хүртээх боломж бүрдэж байгаа юм” гэж баяртайгаар мэдэгдэв. Өнгөрсөн жил нүүрс, алт, зэсийн үнэ ханш муугүй байсных дараах таван зүйлээр нийгмийн халамжид төсвийг зарцуулахаа онцоллоо. Шийдвэр нь УИХ-аас гараад хоёр жил болсон ч гурван жилийн дараа буюу сонгуулийн буянаар арай гэж хэрэгжиж байгаа, харин сонгуулийн дараа үгүй болчих халамжууд гэдгийг ойлгох хэрэгтэй. Гэхдээ 2020 оны төсвийн халамж цэцэрлэг, сургуулийн багачууд, МСҮТ-ийн оюутнууд, тэтгэвэр, тэтгэмж авагчид, жирэмсэн болон хөхүүл эхчүүд, төрийн албан хаагчид, малчид, хувиараа хөдөлмөр эрхллэгчид гээд сонгогч өрхийн гишүүн бүрийг хамарч чаджээ. Үүнд:

Нэг. Төрийн албан хаагчдын цалингийн сан, нийгмийн даатгалын сангаас олгох бүх төрлийн тэтгэвэр болон нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэхэд 2020 онд 327.9 тэрбум төгрөг нэмж зарцуулна.

Хоёр. Төрийн үйлчилгээний албан хаагч нь төрийн захиргааны албан хаагчийн нэгэн адил төрд ажилласан хугацаагаараа тооцуулж цалингийн нэмэгдэл болон тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн тэтгэмж авах боломжийг 2020 оноос олгоно.

Гурав. 1995 оноос хойш төлж чадаагүй байсан тэтгэврийн даатгалын шимтгэлээ нэг удаа нөхөн төлж 2020 оноос тэтгэвэр авах боломжийг малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд нэгэн зэрэг олгоно.

Дөрөв. Нийгмийн даатгалд сайн дураар даатгуулсан эхийн жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг цалин хөлснийх нь 70 хувиар тооцож байсныг 100 хувиар тооцож олгох, сайн дураар даатгуулсан болон нийгмийн даатгалд даатгуулаагүй эх хүүхдээ асрах хугацаанд төлбөл зохих шимтгэлийн тодорхой хувийг хөнгөлнө. 

Тав. Хөнгөлөлттэй нөхцөлөөр залуу насандаа тэтгэвэр тогтоолгосон, олон хүүхэд төрүүлсэн зарим эхчүүд, эмэгтэйчүүдийн ажилласан жил цөөн, тэтгэвэр тогтоолгосон цалингийн хэмжээ бага байгааг харгалзан тэтгэврийн хэмжээг нь нэг удаа тусгайлан нэмэгдүүлнэ гэв. 

Ингээд эцэст нь 2020 онд Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 11.8 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн нийт зарлага 13.9 их наяд төгрөг, улмаар нэгдсэн төсвийн нийт алдагдал 2.1 их наяд төгрөг буюу ДНБ-ий 5.1 хувь байхаар төсвийн төслийг боловсруулсныг Ерөнхий сайд цог жавхлантайгаар хэллээ. Дахиад л орлогоосоо давсан зарлагатай, гурван жилийн өмнөхөөс буюу 2016 оны сонгуулийн жилийн дараах 2017 оныхтой харьцуулахад хоёр дахин их алдагдалтай, хорин оны сонгуулийн төсөв УИХ-д ирлээ.  

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2024.03.13
2030 он гэхэд авлигыг үл тэвчих соёл бэхжинэ гэж үзжээ
2
2024.03.12
"Ногоон автобусны" хэргийг шүүхэд шилжүүллээ
3
2023.12.22
The New York Times | “Turning Points-2024” сэтгүүлээс алдаж үл болох 10 нийтлэл
санал болгох
1
4 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
1

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.