Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Өнөөдрийн зурвас: Автобус

Хүн эрхтэй, тэр нь халдашгүй ч хүмүүсийн хоорондын харилцаанд, жишээлбэл нийтийн тээвэрт хүн ёс гэж бичигдээгүй хууль үйлчилж байдаг.


Кинон дээрээс харж байхад уурын галт тэрэг нэг их сүртэй чимээ гарган хөдөлдөггүй юү. Уур утаа савсуулах нь бага ч яг түүн шиг чимээтэй автобусаар нэлээд хурдтай зорчиж явах юм. Цөөхөн хүнтэй, эзгүй шахам. Тэгсэн мөртлөө хоосон олон сандлын аль нэг дээр суух гэхээр л нэг тийм таагүй нэгний дэргэд таарчих гээд ч байх шиг мэдрэмж. Голын хаалганы дэргэдэх бариулаас тас сугадчихаад нэг урагш, нэг хойш тонголзон унан алдан явах нь өөрт илүү амар байна. Писсхийн хаалга онгойхдоо Г үсэг зурах хэлбэрээр нээгдэнэ. Миний буух цаг болоогүй бололтой. Хөдлөхгүй, газраас дөнгөж дээхнүүр агаарт хий зурагдсан Г үсгийг дагуулан нүдээрээ дээрээс нь нэмж зорсоор, түүнээ удаан ширтсээр зогсоно. Дунд хаалгаар ер зорчигч нэмэгдсэнгүй. Хойд хаалгаар орсон байх аа. Дараагийн буудал руу хөдлөх болжээ. Хаалга дахиад л Г үсгийн зурлага дагуу хөдөлж хүчтэй хаагдахад жийрэг резинээс нь бөөн тоос пургих юм. “Би одоо энэ таагүй хүмүүс, чимээ шуугиан, тоос шорооноос үсрээд буучихаж болдоггүй л юм байх даа”. Зүүдэлж байхдаа зүүдэн доторх өөрийгөө ийн шүүмжилж байх юм.  

Одоо дэлхий дээр байхгүй болсон ч Чехословак гэдэг улсын “Кароза” гэж урт улаан автобус 1980-ад оны дунд үеэс эхлэн Улаанбаатарын нийтийн тээвэрт явдаг байлаа. Миний зүүдэндээ сууж явсан “Кароза” хуучирч амжсан хаалгатай, бас дуу ихтэй болчихсоноос нь баримжаалахад 1990-ээд оны дундуур үес байх. Тэр үед хүмүүс автобусаар голдуу зорчдог, автобусанд үргэлж л кондуктор хэн нэгэнтэй хэрэлдэж, эрчүүд хоорондоо зодолдож, эсвэл зарим нь халаасаа суйлуулж, малгай, цүнхээ шүүрүүлнэ. Би гэж ангайж бээцийсэн юм нэгдүгээр курстээ бүх лекцийн дэвтэр, номын сангаас гэрээр авсан номнууд, оюутны тэтгэлгээ үрсэн ч юмгүй тэр чигээр нь хийсэн цүнхээ алдчихаад уйлж л явлаа. Дараа нь шууд хашир бурхи болж хувирсан юм. Цүнхээ энгэртээ тэврэх, халаасаа байнга тэмтрэх, бүх хүнийг хулгайч байж магадгүй гэж болгоомжлох гэх мэт. Урьд шөнийн Г үсэгтэй зүүд бол тэр үеэс ухамсарт үлдсэн айдас болгоомжийн үлдэгдэл байх өндөр магадлалтай. 

Автобус гэж одоогийнхтой харьцуулшгүй бөөн адал явдал. “Кароза”-гийн эх орон энэ хорвоод байхгүй болчихсонтой адил Улаанбаатарын автобусан доторх элдэв “эрүүгийн” явдал хамаагүй эрүүлжсэн. Харин ч залуусын эрх, эрх чөлөөнийхөө төлөөх тэмцлээс өөрөөр өрнөдөг айхтар хэрүүл, зодоон байхгүй болсон. Автобусаар хүүхэд, хөгшид, жирэмсэн эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зорчиход сандал дээр сууж байгаа залуусын эрх зөрчигддөг цаг ирсэн байна. Ахмад настанд суудал тавьж өгөх үүрэггүй чихэвч зүүж, фэйс ухах “орчин үеийн амиа хичээсэн” залуус сандлаа хамгаалахын тулд “Ямар албатай юм, яасан ядаргаатай юм” гэж уурлахыг би олон харсан. Өндөр настай эцэг эхээ өөрийн унаагаар зорьсон газарт нь хүргээд өгчихдөг амьдралын заншил шинэ монголчуудад түгээмэл болсон ч ингэж чадаагүй, эсвэл амжаагүй үр хүүхэд бүрийг буруутгах, настай зорчигчдыг “яллах” алба бас хэнд ч байхгүй. Эрүүл саруул 70 настай хүн автобусанд зорчихдоо нэг их хол явахгүй л бол сандал царайчлаад байхааргүй боловч өөрөөс нь залуу хүн хүндэтгэл үзүүлэхэд татгалзахгүй ээ. 80 орчим настай хүн дэргэд нь зогсоод байхад хараагүй, дүлий царайлан гөжүүдэлж суух 20-иод насны хумсаа мэрсэн нэгэн охиныг болдогсон бол буулгамаар санагдсан удаатай. Би ч энэ тал дээр "орк" л доо. Хүн эрхтэй, тэр нь халдашгүй ч хүмүүсийн хоорондын харилцаанд, жишээлбэл нийтийн тээвэрт хүн ёс гэж бичигдээгүй хууль үйлчилж байдаг. Тухайн хүний удам судар, хүмүүжил, хайрлагдаж өссөн, эсэхийг нь чив чимээгүй илчилж байдаг орчны нэг нь автобус билээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.03.18
Өнөөдрийн зурвас: Шинель
2
2024.01.10
Өнөөдрийн зурвас: Арван жилийн дараа уулзъя!
3
2023.07.04
Өнөөдрийн зурвас: Ээжид нь чамд өгөх юу ч байхгүй
санал болгох
1
3 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (2)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

ү 2019.11.14 103.14.36.18

Хөөе чи босоочээ Настай хүн хажууд чинь зогсоод байхад худлаа унтаад байх юм гээд угз татаад сандалаас нь чирээд унагамаар гарууд байна шүү Энэ залуучууд эхлээд хүн байхыг сураасай билээ

0 Хариулах


Бакку 2019.11.06 202.9.43.20

Хүүхэд байхад, цагаан сараар автобусанд байсан хүмүүс үлэмжийн чанарыг дуулж билээ

0 Хариулах