Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

2018 оны бүтээгчид: Эрдэнэцогтын Содонтогос

Энгийн бас эрхэмсэг оршихуйн биелэл


Энгийн бас эрхэмсэг оршихуйн биелэл

Монголын Медиа Корпорацийн гүйцэтгэх захирал П.Сайнбилэг

Эрдэнэцогтын Содонтогос. Энэ нэрийг сонссон хүн бүрд юун түрүүнд англи, орос хэлийг төгс эзэмшсэн гэх тодотгол буудаг биз. Харин миний хувьд боловсрол эзэмших гэдэг үгийн жинхэнэ утга санаанд буудаг. Э.Содонтогостой танилцаж дотноссон тэр цагаас хойш “Боловсрол гэж юу вэ?” гэсэн асуултын хариултыг би олжээ. Боловсрол гэдэг мэргэжил эзэмшснийг батлах дипломын ганц хуудас цаас биш, боловсрол гэдэг ямар нэгэн зэрэг дэв төдий биш, харин эцэг эх гэр бүлийн хүмүүжлийн суурь дээр зорьсон, сурсан зүйлээ чинээнд нь тултал ухамсарлан судалсны дүнд бий болдог хувь хүний оюуны хүч. Тиймдээ ч хувь хүн хүчтэй бол улс хүчтэй болж чаддаг гэдэг биз. Энгийн хэр нь эрхэмсэг оршихуйн биелэл болсон Э.Содонтогосынхоо үг, үйлдэл, үйл бүхнээс би гэр бүлийн хүмүүжил, суурь болоод дээд боловсролын утга учир, хийж буй ажилдаа эзэн байх, үерхэл нөхөрлөлийн үнэ цэнийг мэдэрч чаддаг.

Америкчуудын орчин цагийн гол философи нь “One person can make a difference” гэсэн ганц өгүүлбэрт багтдаг гэдэг. Чухам нийгэмд гэгээлэг нөлөө үзүүлж чадах тэр эерэг, хүчирхэг нэгний төлөөлөл нь манай Тогосоо.

“Зориг” сангаас зохион байгуулсан Эмэгтэйчүүдийн манлайлал форумын үеэр Тогосоо маань хандлагын тухай амьдрал, ажилдаа баримталдаг өөрийн бодлоо оролцогчидтой хуваалцаж билээ. “Сайн мэргэжилтэн бүр эерэг өөрчлөлтийг авчрах хүсэл тээж явах хэрэгтэй. Сайн боловсрол чухал ч гэлээ хандлага буруу бол мэдлэг чадвар буруу зүйлд ашиглагдана. Эерэг, сөрөг хандлагын аль нь ч сэтгэл зүрхнээс гардаг учир хандлагаа зөв байлгах хэрэгтэй. Эх орондоо, хийж байгаа ажилдаа эзэн нь болно гэдэг нь товчхондоо Монголынхоо асуудалд эзэн нь болж, асуудлаа болон судалж буй зүйлээ нэвт шувт ойлгохыг нэн тэргүүнд шаарддаг” гэж хэлснийг нь одоо ч тодхон санаж байна.

Түүний хэлсэн үг хаа нэгтээгээс уншиж, сонссоноо дамжуулан хэлсэн төдий биш гэдгийг өөрийнх нь үйл хэрэг бүхэн батална. Америкийн засгийн газрын 345 сая ам.долларын буцалтгүй хөрөнгө оруулалтыг татаж, усны нөөцийг нэмэгдүүлэх санхүүжилтийг авч чадахад Э.Содонтогосын нөлөө маш их байсан. Америкчуудтай ажиллахын тулд зөвхөн хэлний төгс хэрэглээ гэлтгүй сэтгэлгээний нэг түвшинд байх, гэрээ хэлэлцээрийн явцад өөрсдийн зорилгыг бүрэн ойлгуулахад нь Тогосоогийн маань хувийн зан чанар, мэдлэг чадвараас гадна багийн гишүүддээ хийж буй ажлаа, хүсэж буй үр дүнгээ ойлгуулж чаддаг, асуудал бүрд зөв шийдэл олоход бүхнийг оролцуулж, сонсож чаддаг зан нь, багаа атгасан гар шиг хүчтэй байлгасан нь нөлөөлсөн.

Хайр, энэрэл, хүндлэл, мэдлэгийн хязгааргүй ертөнцийг биедээ нуусан Тогосоо минь Монгол Улсын төлөө чадах бүхнээ хийсээр яваа, гэхдээ үүнийгээ хэнд ч бахархан сайрхалгүйгээр, бас биеэ тоож ихэрхэлгүйгээр. Эрдэнэцогтын Содонтогос, энэ нэрийг би хүндлэл, хайрыг шингээн найзын хувиар дууддагтаа баяртай байдаг.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.14
2018 оны улстөрчид: Миеэгомбын Энхболд
2
2019.01.14
2018 оны улстөрчид: Чимэдийн Хүрэлбаатар
3
2019.01.11
2018 оны улстөрчид: Дамдины Хаянхярваа
санал болгох
1
12 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0