Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

2018 оны улстөрчид: Самандын Жавхлан

Хойтон жил гэдэг нь хүсэн хүлээж байгаа зүйлээ тодорхой мэдэж байгаа хүний хувьд урт хугацаа, юу ч хийхээ мэдэхгүй хүнд тун богино хугацаа юм даа.


Үрэгдсэнийг хүлээгч

"ВЕРИТАС ПАРТНЕРС" хуулийн фирмийн Гүйцэтгэх захирал, өмгөөлөгч Б.Мэргэн


Зохиолч Д.Намдаг гуайн “Үрэгдсэнийг хүлээгч” гэх өгүүллэг бий. Тэнгэрт хальсан  хүүгээ баатрын дүрээр төсөөлж, хөөрцөглөн харуулдах өндөр настай эцэг, түүнийг нь яриулж, тохуурхан хөгжилдөх нутгийн хүмүүс, гашуун үнэнийг хэрхэвч хэлж чадамгүй зовох хүү, бэр гээд л цээж хөндүүрлэм гунигт мэдрэмж.

Улс төрд ч гэсэн нэгэн харамсахуйц дүр байсаар. Тэр нь Самандын Жавхлан. Өөр ямар ч гишүүний хүсэж мөрөөдөөд ч, хэдэн зуун саяар нь зарлагадаж хичээгээд ч олж авч чадахгүй зүйл болох мянга мянган сонгогчдын итгэл, бас дэмжлэг түүнд байгаа. Мэдээж хууль санаачлах бүрэн эрх ч бий. Нэмээд эх орноо хөгжүүлэхсэн гэх хүсэл, юуг нь үл мэдэх ч төр засаг нэг л буруу чигт замнаад байгааг мэдрэх зөн, түүнийг нь залруулах зорилго, зөв сайхан зүйл хийе гэсэн сайхан сэтгэл ч түүнд байдаг.

Гэвч түүнд нэг л зүйл байхгүй. Бодсон санаснаа хэрхэн хэрэгжүүлэхээ тэр мэддэггүй. Шүүмжилдэг зүйлтэйгээ хуулийн дагуу хэрхэн тэмцэх, ямар хууль тогтоомжийн төслийг яаж боловсруулах, олон нийтийн дэмжлэгийг ашиглах болон бусад нөлөөллийн ажлыг хэрхэн хийж зорьсноо гүйцэлдүүлэх “мэргэжлийн хандлага” түүнд алга. Хөөрхий өвгөнд үнэнийг хэлэхээс халгадаг хүү, бэр шиг нь зөвлөхүүдтэй, хөөргөж яриулаад л мундаг сайхныг нь  гайхдаг ч хөөрхийлж далдуур муулдаг нутгийн иргэд шиг хүрээлэлтэй түшээ санж.

Цагаан морьтой ордонд заларч тангаргаа өргөснөөс хойш юуны төлөө, яах гэж гишүүн болсноо үл ойлгон “Намайг тоохгүй байгаа болохоор нэгдсэн чуулганы хуралдаанд суухгүй, ажлын өрөөндөө амьдран, суулт зарлалаа” гэж тунирхсанаас өөрөөр нам гүм байсаар саяхныг хүрлээ. Харин У.Хүрэлсүхийн удирдсан Засгийн газар огцох асуудал сөхөгдөхтэй зэрэгцэн С.Жавхлан улс төрийн тайзнаа эргэн гарч ирсэн. Учир нь одоогоор 75 гишүүдээс бүрдэж байгаа парламентын 74 гишүүн нь хоёр тэнцүү хуваагдсан байр суурьтай байх таамаглал хүчтэй яригдаж байсан тэр үед Засгийн газрын хувь заяа түүний гарт байгаа мэт харагдаж байлаа. Богино хугацаанд ч гэлээ олны анхааралд хүчтэй өртсөн өдрүүдийн эцэст  Ж.Батзандан, Л.Болд, Д.Мурат гэсэн тоо­цоо­лоогүй гишүүд У.Хүрэлсэхийг дэмжсэн­ээр Засгийн газар С.Жавхлангаас үл хамааран тогтож үлдсэн.

Дээлтэй харагдаж, дэргэдэхээ загнаснаас өөр яг тэр асуудлыг тэгж шийдсэн дээ гэх зүйлс  түүнд дахиад л үлдсэнгүй. Үнэндээ албан ёсоор нэг ч хуулийн төсөл санаачлаагүй түүнд “Эд нар чинь намайг дэмжихгүй байна” гэж гоморхох эрх даанч байхгүй. Ганц мод гал, ганц хүн айл болохгүй адил ганцаардаж байгааг нь ойлгож байна. Гэхдээ л ганцаас газар дүүрэх, хоёроос хороо дүүрэх ч гэж үг бас бий. Зөв зүйлийг зөв замаар хийх аваас түүнийг хүрээлэх мэргэшсэн зөв хүмүүс ч олон гарах нь гарцаагүй. Учир нь түүнд зөв сэтгэл уг нь байдаг.

“Хойтон өдийд ирнэ гэж хэлүүлж шүү дээ гэсэнд өвгөн царай үрчийлгэн бодолхийлээд:
- Нэг жил гэдэг надад тун урт хугацаа…” гэж үрэгдсэнийг хүлээгч маань санаа алддаг даа. Хойтон жил гэдэг нь хүсэн хүлээж байгаа зүйлээ тодорхой мэдэж байгаа хүний хувьд урт хугацаа, юу ч хийхээ мэдэхгүй хүнд тун богино хугацаа юм даа.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.14
2018 оны улстөрчид: Миеэгомбын Энхболд
2
2019.01.14
2018 оны улстөрчид: Чимэдийн Хүрэлбаатар
3
2019.01.11
2018 оны улстөрчид: Дамдины Хаянхярваа
санал болгох
1
1 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
20 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
Уржигдар
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
0
1
0
0
0
0
0