Хайх зүйлээ бичнэ үү

7 мин

Г.Бат-Эрдэнэ: Багш гэдэг шавь нарынхаа үлгэр дууриал болсон зөв хүн байх ёстой

Зөвхөн мэх заахыг багш гэхгүй.


Өнгөрсөн оны сүүлчээр СТО-д Монголын жүдо академийн нэрэмжит "Ахлах, дунд, бага нас"-ны ангилалын тэмцээн болж, 55 байгууллагын 1200 тамирчин оролцож, СТО 3 хоногийн турш өсвөрийн жүдочид, эцэг эхчүүд, хөгжөөн дэмжигчдийн хөлд дарагдлаа. Олон жилийг элээсэн буурал ордон маань ийм олон тамирчин оролцсон тэмцээн цөөхөн үзсэн нь лавтай. Тэмцээн дууссаны дараа Монголын жүдо академийн багш, дасгалжуулагч Г.Бат-Эрдэнэтэй уулзан ярилцлаа.

-  Монголын жүдо академийн нэрэмжит тэмцээн үнэхээр өрсөлдөөнтэй, үзэгч дэмжигч олонтой, СТО-ыг доргиосон сайхан тэмцээн болж өнгөрлөө. Тэмцээний талаарх сэтгэгдлээ хуваалцаач.

- Улаанбаатар хотын бүх дүүрэг, 18 аймгаас 1200 гаруй тамирчин оролцлоо. Энэ бол бидний хувьд нэр төрийн хэрэг. Маш сайхан тэмцээн болж өнгөрлөө.

- Ер нь ийм олон тамирчин оролцсон тэмцээн манайд болж байсан болов уу?

- Өнгөрсөн 11 дүгээр сард Эрдэнэт хотод болсон гавьяат тамирчин Д.Нармандахын нэрэмжит тэмцээнд 1300 гаруй тамирчин оролцож байсан. Энэ тэмцээнээс сарын дараа болсон манай тэмцээнд 1200 тамирчин хүч чадлаа сорьж байгаа нь сайхан хэрэг. Олон өсвөрийн тамирчин оролцох болсон шалтгаан бол насны ангиллыг заагаад өгчихсөн. Ахлах, дунд, бага нас гэхээр ямар ч хүүхэд бэлтгэл сургуулиа хийгээд тэмцээнд оролцох боломжтой. Боломжийг нь нээгээд өгсөн болохоор ийм олон хүүхэд өрсөлдөж байгаа гэж бодож байна.

- Энэ жил Монголын жүдо академийн нэрэмжит тэмцээн 2 дахь удаагаа зохион байгуулагдлаа. Яагаад ийм тэмцээн зохион байгуулах болов? 

- Нэрэмжит тэмцээн маань тамирчдын ур чадварыг сайжруулах боломж юм. Академийн нэрэмжит тэмцээн бол жүдо бөхийн хөгжилд бидний оруулж байгаа бас нэгэн хувь нэмэр. Тэмцээнээ жил болгон ямар нэг шинэлэг зүйлтэй зохион байгуулахыг хичээдэг. Өнгөрсөн жил Монголд анх удаа насны ангиллаар зохион байгуулахад 1000 хүүхэд оролцсон. Харин энэ жил насны ангиллыг өөрчилж, боловсронгуй болгож өөрчилсөн. Насны ангиллаар 2 дахь удаагаа зохион байгуулж байгаа юм. Нийтдээ 7 дахь удаагийн тэмцээн. Жилийн эцэст болдог болохоор манай Академийн нэрэмжит тэмцээн нь тухайн жилд олсон амжилтаа дүгнэж, цэгнэх тэмцээн болдог. Алдаа дутагдлаа хуучин ондоо орхиод шинэ ондоо амжилт, ололтоо аваад орох, дараагийн онд нь залгуулж өгдөг тэмцээн бол манай тэмцээн гэж боддог.

- Энэ жилийн тэмцээн урьд өмнөх тэмцээнээс юугаараа онцлог болж өнгөрөв? Шинэлэг зүйл юу байв?

- Манай жүдо бөхийн холбооны дэд ерөнхийлөгч, Сэлэнгэ аймгийн жүдо бөхийн холбооны тэргүүн Д.Бадрах анх насны ангиллаар хийе гэсэн санаачилга гаргасан. Энэ жилийн тэмцээний гол онцлог гэх юм бол хувийн тэмцээн болж өндөрлөсний дараа анх удаа багийн тэмцээн зохион байгууллаа. Олимп, ДАШТ-д ийм системтэй. Би багийн барилдаанд их дуртай. "Хамтын хүч амжилт" гэсэн манай жүдочдын уриа байдаг. Тиймээс энэ уриандаа тохирсон, хүүхэд багачуудад багаас нь багийн ажиллагаа, хамт олны үүргийг ойлгуулж, ухамсарлуулсан тэмцээн хийе гэж бодсон. Багийн тэмцээн гэдэг үнэхээр хүмүүсийг доргиосон, огшоосон тэмцээн байдаг. Хүүхдүүд ч гэсэн хамт олон, нэг нэгнээ дэмжсэн, тусалсан, хамтарч ажилладаг, нийтэч, сайн хүн болж төлөвшдөг. Олимп, дэлхийн аваргын тэмцээнд болдог тэмцээнийг багаас нь зохион байгуулаад эхлэхээр цаашдаа амжилт гаргахад нь ч ойр байх болно.  

-   Багийн тэмцээн дээр үзэгчид маш олон байлаа. Багаа дэмжээд хашгараад сайхан харагдсан.

- ДАШТ дээр ч тийм байдаг. Жинхэнэ үзэгчдийг байлдан дагуулдаг тэмцээн. Хүүхэд багачуудад багаар ажиллах чадварыг багаас нь суулгаж өгдөг.  Багийн үүрэг, хариуцлага гэж бий. Нэг хүүхэд ялсан ч баг нь ялагдвал ялагдаж, ялагдсан ч баг нь ялах юм бол ялалт авдаг. Үүнийг жүдо бөхийн спортоос салгаж ойлгох арга байхгүй.

- Тэмцээнээс харахад ирээдүйтэй, сайн тамирчин олон байлаа. Нэр дурдаад хэлбэл?

- Би яг тэр багийн энэ хүүхэд гэж онцолж хэлмээргүй байна. Манай нэрэмжит тэмцээнийг зориод ирж, оролцсон бүх хүүхдээ хүндлэхгүй бол болохгүй. 18 аймгаас тамирчид ирлээ. Энэ бол манай улсад жүдо бөх маш өндөр түвшинд хөгжиж байгааг харуулж байна. 1000 гаруй хүүхэд оролцдог тэмцээн Монголд тийм олон биш байх. Жүдо бөхөөр хичээллэж байгаа хүүхдийн тоо, тэмцээнд орж байгаа хүүхдийн тооноос тухайн орны жүдогийн хөгжил, түвшин тодорхойлогддог гэж би боддог. Олон хүүхдэд боломж олгох тусам манай спортын ирээдүй гэгээлэг байх болно. Итгэл найдвар хүлээлгэх тамирчин маш олон байна. Бид бүхэнд хүлээх л үлдэж байна даа.

- Та жүдогийн эх орон Японд мэргэжлээрээ төгсөөд ажиллаж байгаад ирсэн. Японд жүдогийн хүүхдийн тэмцээн уралдаан хэр болдог юм бол?

- Японд өсвөрийн жүдо бөхийн тэмцээн маш олон болдог. Голдуу багийн барилдаан зохион байгуулагддаг. Японд сурч байсан хүний хувьд би багийн тэмцээнийг зохион байгуулья гээд холбоондоо санал гаргаад зохион байгууллаа. Хэрэгжээд сайхан тэмцээн болсонд маш их баяртай байна. Японд ката үзүүлбэрийн тэмцээн болдог. Ката гэдэг нь үндэс гэсэн үг. Бид энэ жилийн тэмцээний нээлт дээр ката үзүүлбэр үзүүллээ. Үндсэн дасгалуудыг ойлгож мэдсэнээр хүүхдүүд, багш дасгалжуулагч нар ч жүдо бөхийн талаар зөв мэдлэгтэй болдог. Цаашдаа бид катагийн тэмцээн болгон өргөжүүлэх бодолтой байгаа.

- Хүүхэдтэй ажиллах нь насанд хүрэгчидтэй ажиллахаас хэцүү гэж ярьдаг. Манайд яг хүүхдийн дасгалжуулагч гэж мэргэшсэн багш бий юу?

- Манайх БТДС төгссөн мэргэжлийн багш нартай. Миний хувьд Японд хүүхдүүдтэй ажиллаад, багшилж байсны хувьд харахад хүүхэдтэй ажиллана гэдэг багшаас маш их тэвчээр хатуужил, хөдөлмөр шаарддаг мэргэжил гэж боддог. Энэ хүүхдүүдийн цав цагаан цаасан дээр бид бүх юмыг нь бичиж, зааж өгч байна гэсэн үг. Тиймээс зөвхөн мэх заахыг багш гэхгүй. Багш гэдэг бол шавь нарынхаа үлгэр дууриал болсон, багш шигээ болохсон гэж боддог болтол нь татсан, өөрөө их зөв хүн байх ёстой. Сайн тамирчин гээд заавал сайн багш болох албагүй. Манай улсад хот, хөдөөгийн аймгуудад бүх клуб, багт жүдо бөхийн багш нар ажиллаж байна. Манай холбооноос багш нарт байнга семинар зөвлөгөө явуулдаг, Японоос ч мэргэжлийн багш нар ирж, сургалт явуулдаг. Манай холбооноос багшийг нь сайн бэлтгээд өгөхөд тэндээс сайн тамирчин гарцаагүй төрнө гэсэн бодлого барьж ажилладаг. Манай холбоо Японы жүдо бөхийн холбоотой хамтран, "Жүдо бөх бол манай ирээдүй" гэсэн хөтөлбөрийг 3 дахь жилдээ хэрэгжүүлж байна. Энэ хөтөлбөрөөр Японоос өндөр зэрэглэлийн тамирчид ирдэг. Бид тэдэнтэй хөдөө орон нутагт очиж, газар дээр нь сургалт зохиодог. Энэ бүхний үр дүн хэдэн жилийн дараа гарч эхлэх болно.

- Жүдо академийн тамирчид тэмцээнд хэр амжилттай оролцов?

- Манай академи 2008 онд байгуулагдсан. Жүдо бөх олимпийн аваргатай болж, жүдоч болох гэсэн хүүхдийн тоо нэмэгдэж байх үед манай Ерөнхийлөгч Х.Баттулгын шийдвэрээр байгуулагдаж байлаа. Үе үеийн олон сайн тамирчин эндээс төрсөн. Мөн бид зодог тайлсан сайн тамирчдаа академид урьж, багшлуулж байна. Шинэ менежментээр ажиллаж эхэлсэн байгаа. Одоогийн байдлаар 5 салбартай болоод байна. Энэ жил бага насныхан маань багийн тэмцээнд түрүүлсэн амжилттай. Хүүхдүүд, эцэг эх нар сэтгэл их өндөр байгаа.

- 2019 оны зорилт, шинэ санаа, төлөвлөгөө юу байна?

- 2019 онд бид олон ажил хийхээр төлөвлөсөн байгаа. Японд очиж, хамтарсан бэлтгэл хийнэ. Өсвөрийн тэмцээн уралдаан 6 сар хүртэл болдог. Тэгээд 6-9 сард тэмцээн болдоггүй. Энэ үед бид Японоос өсвөрийн баг тамирчид урьж авчирна, хамтарсан бэлтгэл, нөхөрсөг тэмцээн зохион байгуулна. Монголынхоо клуб, багуудад зочилж, хамтарсан бэлтгэл хийх бодолтой. Багш нарынхаа сургалт, боловсролд ч их анхаарна. Сая манай Тэнгис багш Японд Тоокай их сургууль гээд миний төгссөн сургуульд 100 хувийн тэтгэлгээр очиж, суралцаад ирсэн. Ирээд маш их эрч хүчтэй ажилдаа ороод байна. Тэмцээний зохион байгуулалт, тамирчдын эрүүл мэнд, хүмүүжлийн тал дээр ч ажиллана. Жин буруу хасах, буруу барилдаан сурах, сахилга алдах зэрэг ёс зүйн тал дээр ажиллах төлөвлөгөө байна.

- Та бүхэнд амжилт хүсэн ерөөе!  

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
11 цагийн өмнө
Тавдугаар сарын 3-наас эхлэх Душанбегийн Их дуулгад Монголын 17 жүдоч зодоглоно
2
12 цагийн өмнө
Чөлөөт бөхийн төрлөөр "Парис-2024" олимпын эрхийн тэмцээнд оролцох тамирчдын нэрс тодорлоо
3
14 цагийн өмнө
Килиан Мбаппе анх удаагаа нэг улиралд 43 гоолын босго давлаа
санал болгох
1
18 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
0
4
0
0
0
1
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Huyagaa 2019.01.11 103.229.120.98

Judo akademiin bagsh nartaa ajiliin amjilt hvsie. Baterdene bagshdaa mash ih bayrlaj bnaa. Olon hvvhediin tuluu ih yum hiij bgaa shvv. Hamtiin hvch amjilt.

0 Хариулах