Хайх зүйлээ бичнэ үү

Анти 5 рейтингэд Д.Оюунхорол орсон шалтгаан юу вэ гэвэл, ердөө унтаж байгаа кадрууд нь цахим орчинд тарсан явдал.

Олон нийтийн санаа бодлыг тандан судалдаг МЭК ХХК энэ сарын 3-7-нд Улаанбаатар хотод оршин суугч сонгуулийн насны 770 иргэнээс квотчилсон санамсаргүй түүврийн аргаар асуулга явуулжээ. Улс төрийн нөхцөл байдлын талаарх олон нийтийн санаа бодолд нөлөөлж буй гол хүчин зүйлс болон улстөрчдийн рейтингийг иргэд хэрхэн дүгнэсэн тухайд МЭК-ийн захирал Л.Золбаатартай ярилцлаа. 

-Танайхаас явуулсан сүүлийн судалгаа олон нийтэд зарлагдаад удаагүй байна. Судалгааны дүнгээс тэмдэглэх ямар онцлог, анхаарал татах шинэ хандлагууд илэрч байна гэж үзэв?

-Улс төрийн нөхцөл байдлын барометрээс дүгнэхэд, иргэд УИХ-д итгэл алдарсан, одоогийн 75 гишүүн үүргээ гүйцэтгэж чадахгүй байна гэж үзэж байгааг судалгааны дүн харууллаа. Санал асуулгад оролцогчдын 70 орчим хувь УИХ тарж, ээлжит бус сонгууль явуулан шинэ бүрэлдэхүүнтэй парламент ажилдаа орох нь зөв гэсэн байр суурийг илэрхийлсэн. Сүүлийн гурван сарын хугацаанд Улаанбаатарын иргэдийн гол асуудал ерөөсөө энэ болчихоод байгаа нь тандалт тус бүрээр илэрсэн, үүнийг энэ судалгааны эхний онцлог дүгнэлт гэж үзэж байна. Хоёрдугаарт, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцрох ёстой гэж үзэж байсан иргэдийн хувь өнгөрсөн оны аравдугаар сард 21хувь байсан бол сүүлчийн тандалтаар 13 хувьд хүрч буурсан. У.Хүрэлсүхийн популист байр суурь иргэдэд таалагдсан гэсэн дүгнэлтийг санал асуулгаас хийж болохоор байна.

-Улстөрчдийн рейтингийн судалгаа мөн гарсан байна л даа. Топ 5-ыг харахад тухайн улстөрчийн үйл ажиллагаа гэхээсээ илүү цахим сүлжээ, ялангуяа фэйсбүүкт бий болгосон дүр төрхөөрөө үнэлэгдэж цэгнэгдсэн мэт харагдаж байх юм?

-Өөрийнхөө хийж байгаа ажлыг хүнд хэрхэн таниулж, сурталчилж байгаагаар нь олон нийт улстөрчдийг үнэлдэг шүү дээ. Жишээ нь, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар Салхитын мөнгөний ордод өөрөө очиж тусгай ажиллагаа явуулсан үйл явц олон хүний таалалд нийцэж. Үнэхээр тийм үйлдэл хийх бодит шаардлага байсан, үгүй нь өөр асуудал. 

-Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн рейтинг бараг хоёр дахин өссөн нь түүний удирдсан Засгийн газрын үйл ажиллагааг ард түмэн ихэд сайшааж эхэлсэн гэсэн үг үү? 

-Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн рейтинг Засгийн газрын үйл ажиллагаатай нь огт холбогдолгүйгээр түүний хувь улстөрчийн нэр хүндтэй шууд харилцан хамаарч байна. 

-Х.Баттулга Ерөнхийлөгч болсноосоо хойш танайхаас явуулсан рейтингийн судалгаа бүрийг тэргүүлж байгаа тухайд?

-Х.Баттулгын рейтинг 2017 оны тавдугаар сараас буюу Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанийн үеэр огцом өссөн. Ард түмэн шинэ Ерөнхийлөгчөөс сонгуулийн дараа асар их зүйлийг өөрчилж чадна гэсэн хүлээлт өндөр байсан ч тэр нь бодит амьдралд хэрэгжих боломжгүй буюу Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд хуулиар олгогдоогүй амлалтууд учраас биелээгүй нь Х.Баттулгын рейтинг Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш явуулсан судалгаануудын туршид 5-10 пунктээр доошилсон үзүүлэлт байгаа. Гэхдээ яг одоогоор Х.Баттулга Монголын топ 5 улстөрчийн рейтингэд тэргүүлсэн хэвээр байгааг тандалтаас харж болно. М.Энхболдыг огцруулах талаар түүний хийж байгаа алхмууд, тухайлбал УИХ-ын даргыг огцруулах хуулийн заалтыг санаачилсан нь Х.Баттулгын нэр хүнд дахин өсөх шалтгаан болох хандлага ажиглагдсан.

-Ганцхан М.Энхболдыг огцруулах байр сууриар топ улстөрчийн рейтинг өсөх хандлага хэмжигдэж байна гэхээр..?

-Ерөнхийлөгч үүнээс өөр гарт баригдаж, нүдэнд үзэгдэх ямар нэг ажил хийгээгүй шүү дээ. Угаасаа өөр боломж ч байхгүй хуулиараа. Х.Баттулгын зүгээс УИХ-ын үйл ажиллагааг гацаанаас гаргах, МАНАН-тай, М.Энхболдтой явуулж байгаа тэмцлээс гадна УИХ-ыг тараах байр суурь нь олон нийтэд таалагдаж байгааг судалгаанд оролцогчдын олонх илэрхийлснээс ийм дүгнэлт хийж байна.  

-Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх хоёрын улс төрийн байр суурь тун ижилхэн байгаа нь илэрхий болсон. Тэгэхээр тэдний рейтинг адил тэнцүү шахам өсөх магадлалтай юу?

-Магадгүй л юм. 2017 оны долдугаар сараас У.Хүрэлсүхийн нэр рейтингэд шинээр орж ирсэн. Өмнө нь огт байгаагүй юм шүү дээ. Х.Баттулгын хувьд Ерөнхийлөгчид нэр дэвшихээсээ өмнө бага боловч байнгын дэмжигчидтэй, 7-8 хувийн рейтингтэй ороод ирдэг байсан. У.Хүрэлсүх, Х.Баттулга нар одоо 5 хувийн зөрүүтэй, У.Хүрэлсүх рейтингийн гуравдугаарт жагссан байгаа. Тэдний цаашдын байр суурь хэр нийлэх, холдохоос тэдний одоо эзэлж байгаа рейтингийн хувь ихээхэн шалтгаална. У.Хүрэлсүх өнгөрсөн оны есдүгээр сараас таалагддаггүй буюу анти улстөрчдийн жагсаалтад орж ирснийг энд онцлох хэрэгтэй. Ерөнхий сайдын хувьд ард түмний хүлээлтийн өмнө хийж чадаагүй ажлууд бий. Энэ нөлөөлсөн. Сүүлийн үед ЖДҮС-гийн асуудал мөн У.Хүрэлсүхийн рейтингэд сөргөөр нөлөөлж байгаа нь тандалтаар илэрсэн.  

-Монголын топ улстөрчдийн рейтингийн муруй дахь хамгийн онцлог дүрээр Та хэнийг нэрлэх вэ?

-Мэдээж Ц.Нямдоржийг. Бид 2014 оны намраас хойш нэг асуулгаар, нэг аргачлалаар тогтмол судалгаа, тандалт явуулж байгаа. Өнгөрсөн хугацаанд явуулсан санал асуулгуудад улстөрчдийн сайн, муу рейтингийн топ 5-д Ц.Нямдорж байнга гарч ирсэн байна. Өөрийн гэсэн хатуу дэмжигчидтэй, бас үнэнч шүүмжлэгчидтэй, энэ байдал нь тууштай хадгалагдаж байна гэдэг бол яах аргагүй топ улстөрчийн л асуудал. 

-Өнөөгийн улс төрийн хямралт нөхцөл байдалд Ц.Нямдорж хэр хэрэгтэй, шаардлагатай дүр болж байх юм. Та санал асуулгын дүнтэй үргэлж ноцолдож суудаг хүн учраас Таны ажиглалт харьцангуй бодитой байх гэж бодож асуулаа?

-Мэдэхгүй. Хэрэгтэй, хэрэггүйг би хэлэх хүн биш. Ямар ч байсан тууштай дэмжигчидтэй, бас эсэргүүцэгчидтэй болсон байна гэдэг бол улстөрчийн үзүүлэлт мөн. Бид олон нийтээс асуухдаа тодорхой нэрс санал болголгүй танддаг. Оролцогчид хэн гэдэг улстөрчийг таалж, хэнийг таалахгүй байгаагаа өөрсдөө нэрлэхэд хамгийн олон тохиолддог таван нэрийн нэг нь баараггүй Ц.Нямдоржийнх байдаг. Энэ хүн олон нийтэд сайн, муугаар мартагдахгүй байгаа л хэрэг. 

-Бас С.Жавхлан гишүүн?

-Аль ч намд харьяалагддаггүй, хүмүүсийн сонсохыг хүсдэг сэдвээр дураараа попорч чадаад л байгаа хэрэг. Америкт Трамп ч бас ингээд л Ерөнхийлөгчөөр ажиллаж л байгаа. 

-Санал асуулгад оролцуулах иргэдийнхээ улс төрийн боловсрол, мэдрэг байдлыг ингэхэд яаж сонгосон юм бол?

-Санамсаргүй түүврийн аргаар бид сонгодог. Хэн ч түүвэрт хамрагдаж болно шүү дээ. 

-Л.Оюун-Эрдэнэ гишүүн таалагддаг улстөрчдийн рейтингэд шинээр ороод ирж?

-Топ 5-д өнгөрсөн зун анх орж ирсэн улстөрч. 10,11-дүгээр сарын судалгаагаар хасагдаад, энэ сард дахиад гарч ирсэн. Цаашид тогтвортой байх, эсэхийг таашгүй. 

-Үйл ажиллагаа нь таалагддаггүй улстөрчийн жагсаалтыг хамгийн сүүлийн санал асуулгаар М.Энхболд тэргүүлж, Д.Оюунхорол удаалжээ. Д.Оюунхоролын ямар үйл ажиллагаа эзнээ ийнхүү анти 5-д огцом аман хүзүүдүүлчихэв?

-Байгаль орчны сайд байхдаа анх 2017 оны долдугаар сараас арваннэгдүгээр сард Ж.Эрдэнэбатын Засгийн газар огцрох хүртэлх хугацаанд Д.Оюунхоролын нэр 6 орчим хувьтайгаар орж ирсэн. Түймэр, үер, өвөл нь утаа зэрэг хүчин зүйлсийг сайдтай шууд холбосон мэдээллүүд цацагдаж байсан нь нөлөөлсөн. Огцорсны дараа 2018 оны зургадугаар сард нэг удаа, мөн сая сүүлийнхээр 18 хувьтайгаар орж ирлээ. Анти 5 рейтингийг М.Энхболд тэргүүлж, нөлөө бүхий улстөрч биш Д.Оюунхорол УИХ-ын даргыг удаалах болсон шалтгаан юу вэ гэвэл, ердөө унтаж байгаа кадрууд нь цахим орчинд тарсан явдал. Тэр эмэгтэй арай ч дандаа унтдаггүй нь ойлгомжтой. Сөрөг имиж бүрэн төгс бүрдтэл түүний нүдээ аньсан агшинууд эрчтэй түгсэн байх нь.    

-Зүгээр л нэг кадраар олон нийтийн сэтгэл санааг удирдах болсныг бид хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болсон хэрэг үү?

-Үнэхээр тэр кадруудыг зорилготой, зохион байгуулалттай тараасан бол улстөрчийн сөрөг имижийг бүрдүүлж чадсан байна. Д.Оюунхоролын унтаж байгаа зураг түүний нэр хүндэд хэрхэн нөлөөлснөөс дүгнэхэд цахим сүлжээ нөлөөтэй байгааг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй л гэсэн үг. 

-Сөрөг хүчний лидерүүд яагаад таалагддаг улстөрчдийн жагсаалтад орж ирсэнгүй бүтэн жил гаруй болчихов?

-АН сөрөг хүчнийхээ үүргийг гүйцэтгэж чадахгүй, эсвэл олон нийтэд үйл ажиллагаа нь хүрэхгүй байгаа нь нөлөөлсөн. Сүүлийн тандалтаар АН-ын дарга С.Эрдэнэ анти 5-д сүүл мушгин орж ирлээ. Энэ нь У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулахын төлөө, М.Энхболдыг огцруулахын эсрэг байр суурьтай байсных нь төлөө өгсөн иргэдийн дүн. Засгийн газрыг огцруулах нь сөрөг хүчний зүгээс эрх баригчдын эсрэг хийж л байдаг алхам. Энэ удаад ард түмэн АН-ыг үүнийх нь төлөө сайшаасангүй. АН яг л М.Энхболдыг өмөөрсөндөө л У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулъя гэж, МАН-ын талцлын дундуур орж байгаа мэт харагдсан. 

-Улс төрийн нам гэдэг ойлголтыг иргэд ойшоож үзэхээ больсон дүр зураг та бүхний хийсэн судалгаагаар дахиад л гараад ирлээ. Гэтэл сүүлийн үед нам шинээр бий болсоор одоо Монгол Улс 32 намтай болсон байна. Уржигдар гэхэд л Гэр хорооллын нам гэдэг байгууллага бүртгүүллээ. Иргэдийн итгэл буураад, нөгөө талд намын тоо өсөөд байгаа урвуу хамаарлыг Та хэрхэн тайлбарлах бол?

-Улстөрчдөд өөр арга байхгүй байгаа л хэрэг. Миний ажиглаж байгаагаар, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нам биш хөдөлгөөн байгуулсан нь нэлээд мэдрэмжтэй гэх үү, овтой ч гэмээр улс төрийн нүүдэл болж мэдэх юм. Орост “Единяя Россия” гэж том хөдөлгөөн амжилтад хүрч байсан түүхтэй. Ер нь хуучин социалист байсан орнуудын өнөөгийн улс төрд нэг сэдэвтэй хөдөлгөөн байгуулах нь аливаа намаас илүү амжилтад хүрч байгаа технологи болж байна. Чехийн улс төр судлаач Климагийн “Агшин зуурын нам” хэмээх онолыг Монголын улс төрийн отгон намаар бүртгүүлээд байгаа Гэр хорооллын нам ашиглах гэж байгаа юм болов уу гэж ажиглаж байна. Тэд хоёр том намын рейтинг эрс буурсан талбар дахь орон зайд зөвхөн гэр хорооллыг яаж хөгжүүлэх вэ гэдэг ганцхан бодлоготой, ярианы ганц хоёрхон сэдэвтэй байхад л сонгогчдын олонх буюу гэрт амьдарч байгаа хэсгийн, мөн утаанаас болж бухимдсан хүн бүрийн анхаарлыг татаж, парламентад суудал авах боломжтой байж мэдэх л юм.

-Засгийн газар томоохон орд болон уурхайнуудыг төрийн мэдэлд шилжүүлж, бүх ард түмэнд тэнцүү хувааж өгөхөөр ханцуй шамлаж байна. Эдгээр эрс мэдэгдэл, коммунист алхмууд МАН-ын рейтингийг цаашид өөрчлөх нь тодорхой байх?

-Манай судалгаагаар эдгээр алхам МАН-д биш, Засгийн газарт ч биш, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн рейтинг өсөхөд шууд нөлөөлсөн. МАН одоо хоёр хуваагдчихсан байгаа болохоор нийгэмчлэх алхмууд цаашид ч ганцхан У.Хүрэлсүхэд наалдах оноо болох хандлагатай. 

-“Иргэдийн дэмжиж буй улс төрийн нам” гэсэн хүснэгтээс харахад танай судалгаанд хамрагдсан иргэдийн тэн хагас нь “цагаан сонгогчид” байна. Ингэхэд иргэд улстөрч л хүсээд байгаа хэрэг үү, үлгэрийн баатар хүсээд байна уу. Улс төрийн намгүйгээр төрийн эрх, үүргийг хэрэгжүүлэх боломжгүй шүү дээ?

-Юу хүсэхээ мэдэх нь мэдээд, мэдэхгүй нь мэдэхгүй л байгаа байлгүй дээ.


Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2019.01.12 139.5.217.175

Захиалгын судалгаа байна шүү. УИХ олонхи 40 гишүүн үүргээ сайн биелүүлж, төсвөө сайжруулаад, төрөө цэвэрлээд сайн ажиллаж байхад юун тарах манатай. Үлдэж байгаа хэд л муу байна.

0 Хариулах