Хайх зүйлээ бичнэ үү

Вирусийн халдвар аваад антибиотик уух шаардлагагүй.

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Томуугийн нэгжийн дарга, анагаах ухааны доктор А.Бурмаатай ярилцлаа.

- Томуу, томуу төст өвчин гэж юу вэ. Иргэдэд тодорхой ойлголт өгнө үү?

- Хүйтний улиралд томуу, томуу төст өвчний дэгдэлт нэмэгддэг. Энэ бол амьсгалын замын цочмог халдварт өвчин. Ханиалгах, толгой өвдөх, булчин, үе мөчөөр өвдөх, өндөр халуурах зэрэг шинж тэмдэг илэрдэг.  

- Гадуур тархалт их байна шүү дээ.  Одоогийн байдлаар нийслэлийн иргэдийн хэд орчим хувьд энэ өвчний шинж тэмдэг илэрсэн бэ?

- Вирусийн идэвхжилт өнгөрсөн жилтэй харьцуулахад бага зэрэг өндөр байна. Улсын хэмжээнд амбулаторид ирсэн иргэдийн 9-10 хувь нь томуу, томуу төст өвчний шинж тэмдэгтэй байна. 

- Одоо дэгдээд байгаа вирус томуугийн яг ямар төрлийн вирус вэ?

- Томуугийн А(H1N1) төрлийн вирус юм. Энэ вирус бусад төрлийн вирусийг бодвол илүү хүндэвтэр байдаг. Тэр дундаа H1N1 вирус илүү хор уршигтай байх талтай. Томуугийн вирус А, В, С гэсэн  гурван  дэд хэв шинжтэй. А вирус их хувьсамтгай. Жил бүр дэгдэлтийн шалтгаан  хүчин зүйл болдог.  А вирус дотроо A (H1N1),  A (H3N2) , A (H7N9) гэх мэт хэв шинжүүдтэй. Гол төлөв А (H3N2), A (H1N1) вирус хүмүүсийн дунд дэгдэх магадлалтай байдаг. B вирус ч мөн адил дэгдэлт үүсгэдэг.  А вирусийг бодвол В нь хувьсамтгай чанар бага. C бол бүр бүдэг хэлбэрээр явдаг. 

- Хэдэн насныхан энэ өвчинг тусах магадлалтай байна вэ?  

- Гол төлөв 1-3 насны бага насны хүүхдүүд, 65-аас дээш настай ахмадууд томуу, томуу төст өвчнөөр өвчилж, хүндрэх магадлал их байдаг. Томуугийн улиралд ахмад настнуудын архаг хууч өвчин сэдрэх тохиолдол бий.  

- Хамрын ханиаднаас хэрхэн ялгах вэ?

- Томуугийн вирусийн халдвар авсан бол өндөр халуурч, булчин шархирах гэх мэт шинж илэрнэ. Бусад амьсгалын замын өвчлөлийн шинж тэмдгээс илүү хүндэвтэр гэж ойлгож болно. Илрэх шинж тэмдэг нь энгийн ханиадтай төстэй. Тиймээс хүмүүс хамрын ханиадтай андуурч буруу эмчлэн хүндрүүлж байна. Иймээс мэргэжлийн эмч дээр очин зааврын дагуу эм бэлдмэл хэрэглэж, зөв эмчилгээ хийх хэрэгтэй.

- Томуугаас сэргийлэх хамгийн найдвартай арга юу вэ?

- Томуугийн улирал эхлэхээс өмнө вакцинд хамрагдах хэрэгтэй. Жил бүр тогтмол вакцинд хамрагдах нь хамгийн найдвартай арга гэж дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвлөдөг. Томуугийн вирус жил бүр хувьсан өөрчлөгдөж байдаг. Вакцин хийлгэвэл вирус авсан ч эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх хүртлээ хүндрэхгүй. 

- Томуугийн вакцин хүн болгонд хүрэлцээтэй байдаг уу?

- Дэлхийн зах зээл дээр томуугийн вакцин бусад төрлийн вакцинуудыг бодвол харьцангуй үнэтэй байдаг. Сүүлийн 3 жилийн хугацаанд АНУ-ын хандив, тусламжаар 300 орчим мянган вакцин оруулж ирсэн. Хангалттай хүрэлцэхгүй байх талтай. Гэхдээ вакцины тоог нэмэгдүүлэх тал дээр засаг анхаарч ажиллаж байгаа байх. Жирэмсэн эхчүүд хамгийн түрүүнд вакцинд хамрагдах шаардлагатай. Учир нь 6 сараас доош насны хүүхдэд вакцин тарих боломжгүй байдаг. Хэрэв ээж нь бие давхар байх үедээ вакцинд хамрагдсан бол 6 сар хүртлээ хүүхэд эхийнхээ сүүгээр дамжуулж дархлааг олж авдаг. 

- Вирусийн дэгдэлтэд агаарын бохирдол хэрхэн нөлөөлж байгаа бол?

- Утаа, агаарын бохирдол амьсгалын замын халдварыг хүндрүүлэх нэмэлт хүчин зүйл юм. Түүнээс биш анхдагч хүчин зүйл болж чадахгүй. Ер нь бол томуугийн вирусийн дэгдэлт жил бүр гардаг. Иргэд шинэ төрлийн вирус гарсан гэж бодоод байна. Хамгийн гол нь хүмүүс дархлаагаа сайжруулж, халдвар авахаас байнга урьдчилан сэргийлж байх хэрэгтэй. 

- Заавал эмнэлэгт хэвтэхгүйгээр гэрийн нөхцөлд хэрхэн эмчлэх вэ?

- Юун түрүүнд урьдчилан сэргийлж дархлаагаа дэмжих хэрэгтэй. Мөн ажил, амралтаа зохицуулж ядрахгүй байх нь энэ төрлийн вирусээс таныг хамгаална. Амин дэмтэй, баялаг хүнс хэрэглэх нь таны дархлааг дэмжихэд тусална.  Томуугаар өвдлөө гээд дур мэдэн эм хэрэглэж болохгүй. Томуу, томуу төст өвчний 95 орчим хувь нь вирусээс үүсэлтэй байдаг. Вирусийн халдвар аваад антибиотик уух шаардлагагүй. Антибиотик нянг л устгана. Вируст нөлөөгүй учраас үр дүнгүй гэсэн үг юм. Ханиаж найтаасан эхний шинж тэмдэг илэрвэл өрхийн эрүүл мэндийн төвд очиж зөвлөгөө авах хэрэгтэй. Халуун бүлээн шингэн сайн ууж, цэгэн иллэг хийлгэх нь үр дүнтэй. 

Бэлтгэсэн: Х.Хулан



Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
0
1
0
1
0

Сэтгэгдэл бичих (2)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2019.01.11 198.52.38.5

Bayrlalaa

0 Хариулах


Зочин 2019.01.10 64.119.20.139

Heregtei medeelel bna bayrlalaa

0 Хариулах