Хайх зүйлээ бичнэ үү

10 мин

Алисагийн тэмдэглэл: Хамгийн хэцүү мөчүүдэд минь хань болсон 7 чухал зүйл

Та бүхэнтэй юуг ч ярилцахад бэлэн.


Сэтгэл гутралын тухай болон бусад "эмо" мэдээллүүд ихээр хүргэдэг учраас олон ч хүн намайг эдгээр асуудлуудтай ихээр тулгардаг хэмээн боддог байх. Аливаа асуудлыг бүрэн дүүрэн ойлгоход түүнийг мэдэрч үзсэн байх нь чухал гэдэг. Тийм ээ, өдөр болгон амьдралд минь хүнд хэцүү бэрхшээлүүд олон тулгарч, би тухай бүртэй нь чадлаараа тэмцдэг. Энэ дундаас ойлгож авсан чухал зүйлсийг би над шиг өдөр болгон өөрийнхөө муухай талтай тэмцэлдэн явсаар орондоо шургалдаг танд зориулан бичиж байна.

Амьдралынхаа хамгийн хар бараан өдрүүдийг би юу хийснээр зөөллөж чаддаг вэ?

1. Бусдад туслах 

Хорооллын гудмаар алхдаг байх үед тэнд үргэлж нэг өвөө сууж байдаг байв. Явах болгондоо тэр өвөөд байгаа задгай мөнгөө шавхаж өгдөг байлаа. Харин нэг өдөр урд явж байсан залуу өвгөний урд тонгойн мөнгө хийх шиг болсон ч харин оронд нь хайрцаг дотор байсан 1000 төгрөгийг авсан байсан юм. Тэр үед би юу ч хэлж чадаагүй. Одоо болтол би тийм үйлдлийг харчхаад юу ч хийгээгүйдээ харамсдаг юм. Гэхдээ тэр үеэс эхлээд яагаад ч юм гудамжинд сууж буй хүмүүст мөнгө биш талх, сүү эсвэл цайны боов өгч байхыг илүүд үздэг болсон юм даа. Ээж минь талх, сүү цүнхэндээ хийн гарч, эсвэл ойр орчмын нохдыг хооллодог байхад би үнэндээ өөрийгөө ямар сайн үйл хийж байсан юм бэ гэж боддог байсансан. Харин оюутан болсон тэр үеэс эхлээд л миний амьдралд нэгэн өөрчлөлт явагдаж, би бусдад туслахын сайхныг мэдрэх болсон. Хэрвээ та хэн нэгэн ядарсан хүнтэй таарвал тэр хүнд тус болж байгаарай. Өөртөө ч тусалж чадахгүй байгаа хүнд байдалд орсон үед бусдад туслах нь ямар их тайтгарал, аз жаргал авчирдаг гээч? Бас нэгэн зүйлийг нэмж хэлэхэд, таны тусалж буйг заавал хэн нэгэн харж, мэдэх албагүй. Зураг авч олон нийтийн сүлжээнд оруулах нь үнэндээ таны эгог асар ихээр тэтгэдэг онцгүй үйлдэл. Үүнээсээ болж та хэзээ нэг өдөр дахиад л харуусалд унаж мэднэ. Бусдад туслах бол чимээгүй л туслах нь хамгийн сайхан.

2. Зургийн цомог үзэх

Энэ бол хамгийн шилдэг зүйл. Зургийн цомог үзэж эхлэх мөчид өөрийн бага байсан үеийг, ээж, өвөөгийнхөө залуухан үеийг харж, туулаад өнгөрсөн ч мартаж орхисон цаг хугацаа руу аялж эхэлдэг. Тэгээд тэндээс ойлгож авах нэгэн чухал зүйл нь бол та дурсамжаас бүтсэн хүн бөгөөд хэзээ нэгэн цагт үр хүүхдийнхээ ч мөн дурсах тийм нандин мөчүүдийг бүтээх болно. Нулимстай мөчүүд танд олон тохионо. Тэр олон хүний дүр төрх, байр байдал, дурсамжууд таны сэтгэлийг маш ихээр өвтгөхийн хажуугаар анагаах болно. Бид дотор бугласан мэдрэмжийг гадагшлуулахаас нааш шинэ содон мэдрэмжийг зүрхэндээ хүлээн авч чадахгүй шүү дээ. Тиймээс та хариад зургийн цомгоо үз. Тэгээд цаг хугацаагаар аялаарай. Тухайн үеийн өөрийгөө, бас тэр үед байсан хүсэл мөрөөдлийг эргэн сана. Та зүрх сэтгэл дотроо одоо ч хүүхэд хэвээрээ.  

3. Аялал

Би хэдхэн л удаа хилийн дээс алхаж байв. Хамгийн дурсамжтай нь ОХУ-руу найзуудаараа хийсэн аялал байсан юм. Мэдээж аялал асуудал, бэрхшээлтэй байх тусмаа сайхан гэдгийг ойлгосон. Бас өөр газар ирэхээр харж, сонсож, мэддэг байсан бүхэн аяндаа өөрчлөгдөж эхэлдэг. Гэхдээ би яг энэ хэсэгт гадаадад хийх аяллын тухай ярихгүй ээ. Та үнэндээ хот дотроо ч аялж болно. Дулааны улирал ирэх үед би Улаанбаатар хотын аялалдаа гардаг. Зүгээр л хэзээ ч очиж үзэж байгаагүй хэсгийнхээ байшин барилгыг тойрон алхаж, зураг авна. Бороотой өдөр алхах хамгийн сайхан. Та бүхнийг шинээр, анх удаа харж байгаа юм шиг л байх хэрэгтэй. Байрны гадаа тоглох хүүхдүүдийн чимээг сонсоод хэсэг сууж болно. Эсвэл Зайсан толгой өөд авирч, хотоо дахин нэг удаа өөр өнцгөөс харж болно. Аялал бол биднээс ганц алхмын зайд ч байх зүйл. Заавал үнэтэй тансаг, холын аялал байх албагүй гэдгийг ойлгож авах нь чухал. Энэ хотод чинь бас хайрлаж, мэдрэх олон сайхан зүйл байдаг шүү дээ.

4. Өөрийн туулж, мэдэрч буй зүйлийг хүлээн зөвшөөр.

Сэтгэл гутрал, санаа зовнил, айдас, өнгөрсөн баларсан түүхүүд гээд танд тулгарсан ямар ч асуудал байсан та зугтахаа болих хэрэгтэй. Харин нүүр тул. Эхэндээ аймшигтай гэдгийг би ойлгож байна. Таны хувьд хэдэн шөнө, заримдаа хэдэн сар хар дарсан зүүд шиг л өнгөрөх болно. Нойргүйдэж эсвэл юу ч хийх чадалгүй болж мэднэ. Огцом ууртай, хэт ядарсан, хямарсан байдалтайгаар бусдыг гомдоож ч мэднэ. Гэхдээ л "би зүв зүгээр" гэхийн оронд эхлээд өөрийн үнэнийг тунхагла. "Би сэтгэл гутралд автсан. Энэ бол үнэн. Би үүнийг ялахын тулд чадлаараа хичээх болно" гэж. Хэрвээ хүлээн зөвшөөрөхгүй бол, эсвэл хамгийн муугаар бодоход бууж өгвөл та тэр чигтээ ялагдах болно. Та ялагдагч болохоор төрөөгүй гэдгээ сана. Өөрт тулгараад байгаа асуудлыг яг юу юм бол гэдгийг ухан ухсаар олж мэдэхэд л та ямар эмчилгээ хэрэгтэйг ойлгох болно. 

5. Уйл, найз минь уйл!

(Итачи хэрвээ таны дуртай дүр байсан бол энэ өвдөлтийг маш сайн ойлгож байгаа байх)

Уйлах нь арчаагүй хэрэг гэж үү? Хэзээ ч үгүй. Усан нүдэл! Сэтгэл эмтэлсэн кино үзээд ч хамаагүй дотор байгаа бүхнээ гарга. Би маш урт хугацааны дараа хэрхэн уйлсан тухайгаа хуваалцахад, миний айдас бол юу ч мэдрэхээ байх юм л даа. Юу ч харахгүй, сонсохгүй, амтлахгүй, мэдрэхгүй байх нь надад хамгийн аймшигтай санагддаг. Тэр дундаа төсөөлөө ч үгүй олон мэдрэмж дунд солонгорч амьдардаг миний хувьд энэ бол ертөнцийн төгсгөл л гэсэн үг. Гэхдээ би маш урт хугацаанд нулимс унагахгүй явсны эцэст нэг орой л жинхэнэ тэсэрч чадсан юм. Тэр бол "Perfect Sense" буюу "Төгс мэдрэхүй" киног үзсэн орой байсан юм. Кинон дээр хүн төрөлхтөн аажим аажмаар нэг нэг мэдрэхүйгээ алдаж буй тухай гардаг юм. Би яг үзэж дуусаад амьсгал боогдохыг мэдэрч, асар удаан ганцаараа уйлж суусан юм. Харин дараа нь яасан гээч? Би талархсан. Ийм олон сайхан зүйлсийг мэдэрч байгаадаа баярласан. Бүр өвдөлт болгон минь хүртэл намайг амьд гэдгийг мэдрүүлж байгаад баярласан. Ингэж л өөрийгөө хайрлах, амьдралыг хайрлах бас нэгэн суурь тавигдсан билээ. Та ч бас өөрийг тань уйлуулах зүйлийг олоорой. Хамаагүй ээ, чадлаараа уйл. Кино танхимд олон хүний дунд байсан ч хамаагүй. Сонгодог тоглолтын үеэр бүгд толгой дохин сууж байсан ч хамаагүй.

6. Гэр бүл бол бидний хуяг дуулга.

Би хамаатнууд дундаа жаахан хол хөндий, ууртай маягийн харагддаг юм шиг байгаа юм. Гэхдээ хэдийнэ насанд хүрсэн намайг бас хүүхэд хэмээн бодно оо, их хөөрхөн. Мэдээж хамаатан, ах дүүс дунд асуудал өчнөөн тулгарч, уурлаж бухимдах үе зөндөө л байдаг. Гэхдээ л тэр олон хүнтэй бужигнаж өнгөрүүлсэн нэг өдөр яагаад ч юм сайхан. Гэхдээ тэр дундаас ээжтэйгээ ганцхан өдөр гэртээ чимээ аниргүй байх бүр илүү сайхан. Хоёр талд хоёр өөр орон дээр өдөржин унтаж цагийг өнгөрөөсөн байлаа ч хамаагүй тэр өдрийн дараа надад "энэ л жинхэнэ амралт байлаа" гэх бодол байнга орж ирдэг юм. Ээжтэйгээ охидын болзоо хийж кино үзэх, аль аль маань дургүй ч гэсэн гүрийн байж дэлгүүр хэсэх, гадуур алхаж, хоолонд орох гээд л. Биднийг хэнээс ч илүү ойлгож, хамгаалан хайрлах хүмүүс зөвхөн гэр бүлийнхэн шүү дээ. Миний ядуу байна уу, өвчин зовлонтой, тэнэг мулгуу байна уу энэ хүмүүст огт хамаагүй байдаг нь хамгийн хачин биш гэж үү? Сайхан биш гэж үү? Хүнд хэцүү өдрүүд өнгөрч л байдаг. Заримдаа гэр бүлийнхээ гишүүнтэй хүртэл муудалцаж, хэрэлдэх үе гарна. Тэр үед яг л тэнгэр нураад ирсэн мэт санагдана гээч. Ингээд л намайг ойлгох ёстой эцсийн хүн намайг ойлгосонгүй гэж дотроо цөхрөх үе гарна. Гэхдээ хамгийн сайхан нь юу ч болсон бид нэг мэдэхэд л эргээд нийлсэн байдаг. Нэг мэдэхэд л нөгөө амар амгалан өдрүүд ахиад ирсэн байдаг. Энэ бол хэзээ ч салах аргагүй тийм нандин холбоотойг батлах зүйл шүү дээ.

7. Эцэст нь бид өөрсдийгөө л хайрлах хэрэгтэй.


Өөрийн юм бүхнийг хайрла. Өөрийгөө голох эмгэгтэй олон хүмүүс танихын хажуугаар би ч өөрөө тэдгээр хүмүүсийн нэг. Заримдаа би зүгээр л боосон үсний минь нэг хэсэг жаахан сонин татагдсанаас болж уйлж, гутардаг. Өөр хүн байсан ч болоосой гэх хүсэл төрөх үе бий. Гэхдээ энэ өргөсийг авч хаях хэрэгтэй. Бидний амьдардаг энэ нийгмээс болоод ч юм уу, бид заавал төгс байх ёстой болчихсон. Сайхан харагдаж, гоё хувцаслаж, нүүрээ будаж, онцгүй зүйл байвал засуулах ёстой юм шиг л. Сайхан гэхээр заавал туранхай байж, хүчирхэг гэхээр заавал мөнгөтэй байж, хүн бүхний нүдэнд дутах юмгүй харагдаж, нэгнийхээ доор орохгүйн тулд л чадлаараа хичээж амьдрах ёстой юм шиг. Гэхдээ тийм биш гэдгийг ухаарсан олон хүмүүс бий. Тэднээс аз жаргал л гэрэлтээд байдаг. Эрүүл л байх юм бол бусад ямар ч асуудал өчүүхэн санагддаг нь хачин шүү. Шүд өвдөж эхлэх үед тэр өвдөлт л алга болбол би зүв зүгээр, дутуу зүйлгүй хүн гэж бодно. Шүд ч зүгээр болно. Гэвч дараа нь нэг мэдэхэд "шүдний аппарат зүүдэг ч юм билүү, нөгөө холливуд смайл нь ямар юм бол?" гээд бодоод явж байх үе ирнэ. Бид зүгээр л өөрсдийгөө хайрлах хэрэгтэй. Энэ үсний ширхэг болгон, намайг "би" болгож буй бүх зүйлийг. Үүний тулд яах ёстой вэ гэвэл эхлээд өөрийгөө уучлах хэрэгтэй. Ямар нэгэн зүйлд буруутай санагддаг бол тэр гэмшлээ яг дээр өгүүлсэн шиг бусдад тусалж анагаах хэрэгтэй. Нэгэнт өнгөрсөн зүйлийн хойноос элс шиг нурна гэдэг аймшигтай зүйл. Тийм ч болохоор хийсэн алдаа болгондоо өөрийгөө уучилж, дахин тэр алдааг гаргахгүйн тулд өөрийгөө л хайрла. Өөрийн амьдралыг хайрла. Шинэ өглөө ирэхэд гарцаагүй сайхан зүйл ирээдүйд намайг хүлээж байгаа гэж итгэ. Та сайхан зурдаг уу? Тийм бол зургуудаа хайрла. Та юм бичдэг үү? Үг болгоноо хайрла. Та л биш бол өөр хэний ч гараас гарахгүй тэр зүйлсийг хайрла. Бага багаар ч болтугай юмсыг сайхнаар харж эхлэх үед дотор уужирдаг. 

Тантай дараагийн сэтгэгдлээ хуваалцахсан гэхээс би байж ядаж байна. Өөрийн мэдэрсэн бүхнээс гадна хийсэн сонирхолтой зүйлсээ та бүхэнтэй дараа дараагийнхаа нийтлэлээр хуваалцах болно оо. Хүчтэй байгаарай!  

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2024.04.03
Алисагийн тэмдэглэл: Дээрэлхэлт хэрээс хэтэрч буй энэ үед "Cancel Culture"-ийг зөвөөр а...
2
2024.03.20
Алисагийн тэмдэглэл: Хайрын тухай янз бүрийн мэдрэмжийг зүрхэнд сийлэх 8 дуу
3
2024.03.20
Охидын яриа: Сарын тэмдэг чинь ирэх гэж буйг илтгэх 7 шинж & мэдэх ёстой бүх зүйл
санал болгох
1
Өчигдөр
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
1
37
0
3
1
0
0

Сэтгэгдэл бичих (8)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Oyuka 2019.03.13 112.72.11.123

Alice egcid luff shu oooyy

0 Хариулах


Зочин 2019.01.18 66.181.161.123

Bichdeg uguulleg, niitlel geed bugdend ni talarhdag shu

0 Хариулах


EEL 2019.01.17 124.158.76.40

Их л хурц сэдвээр ийм softie юм биччих юм. Шууд галзуурлаа шаа нтр

0 Хариулах


lola 2019.01.16 103.57.94.23

uneheer goy niitlel bn ❤️

0 Хариулах


zochin 2019.01.14 213.127.96.228

huurhun bichdeg ohin shuu. amjilt

0 Хариулах


K 2019.01.14 203.91.115.42

Buh ym saihan bolno :D

0 Хариулах


Зочин 2019.01.14 202.9.43.84

Өгснөөрөө өөдөлж харамласнаараа хоосорно. Урдуураа гарсныг ундалж.хойгуураа гарсныг хооллож байгаарай гэж би хаа нэгтээгээс уншснаас хойш бүр ч их хичээх болсон. Чадлынхаа хэрээр хүнд тусална гэдэг хамгийн гоё мэдрэмж. Ээж нь охиныхоо бичсэнийг усан нүдлэн байж маш их аз жаргалтайгаар уншлаа. Маш их бахархаж байна даа охиноороо. Хайртай шүү

0 Хариулах


Зочин 2019.01.14 202.126.89.162

Тэнэг

4 Хариулах


Зочин 2019.01.14 192.82.66.25

:* :*

0 Хариулах