Хайх зүйлээ бичнэ үү

6 мин

Монголын зовлон Улаанбаатарт юуны хамаа

С.Мөнхчулуун, С.Амарсайханы хэн хэн нь нийслэлийн парламентад нэг бус сонгогдсон ч хотын хүсэл, таашаал, эрхэмсэг оршихуйд нийцэж чадаагүй, огт танигдаагүй улстөрчид.


Аз нь шовойвол хэнбугай ч нийслэлийн Мээр болж чадах хачин их “аз жаргалтай” Улаанбаатарт бид амьдран сууж байна. Бохир завааныг хэмжигч ухаалаг технологиуд Улаанбаатарт ирээд гацдаг Монголын нийслэлийн парадокс дөрвөн уулнаасаа халиад бөмбөрцгийн гамшиг болсон... Гэр хорооллоос уугих нүүрсний утаа, агаарт хор цацагч хуучин машинууд, голд бохироо юүлэгч үйлдвэрүүд, орон гэргүй, ажил орлогогүй шилжин ирэгсэд, автомашины зогсоолгүй хэрнээ тэнгэрт дүүлсэн шилэн цамхагууд, хүндээ хүрдэггүй нийгмийн үйлчилгээнүүд ... Гэтэл Мээрт горилогч нь эрх баригч намын гишүүн, тэгээд докторын ч юм уу ямар нэг “чухал” сургалтад бүртгүүлсэн  байхад л хангалттай гэдэг бурангуй шинэ парадоксыг бид уржигдар нэмж харлаа. 

Улаанбаатарын улс төрд шинэ Мээрийн тухай хуучинсаг ойлголт, хуучин төрхүүд амь бөхтэй чаргууцалдсаар. Энэ нь НИТХ-ын олонхийн санал авсан С.Мөнхчулуунд бус, түүнтэй өрсөлдөөд ялагдсан, болоо ч үгүй Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн “бөх” С.Амарсайханд ч мөн хамаатай тодотгол юм. Эл хоёр эрхмийн хэн нь ч хотын дарга боллоо гээд онцын ялгаагүй, нэг нь нөгөөгөөсөө юугаараа ч илүүрхээд байх зүйлгүй, байж л байдаг хуучинсаг төлөөлөгчид байсан учраас Мээрийн төлөөх өрсөлдөөн нийслэлийн өсөн нэмэгдэж буй ач холбогдлыг гутаасан, сонжих зүйлгүй, уйтгартай, хөгийн явдал болов. Утаатай ч гэсэн Улаанбаатар хотын даргын марафон чансаа муутай, чимээгүй болох нь хариуцлагагүй явдал шүү дээ.  

С.Мөнхчулуун, С.Амарсайханы хэн хэн нь нийслэлийн парламентад нэг бус удаа сонгогдон ажилласан ч хотын хүсэл, хотын таашаал, хотын эрхэмсэг оршихуйд нийцэж чадаагүй нь үнэн. Хэн нэг нь хотын иргэдэд хандаж хэлсэн ядаж ганц содон эшлэл, эсвэл дагаж дэмжмээр ганц үйлдэл хийсэнгүй. Тэдний тухайд Мээр байх кандидатынх нь хувьд хотынхон одоо болтол мэдэхгүй байна. Монгол хүний толгойд “миний хэнз хурга” гэхээр л залгаад “магнай халзан зурвастай” гэсэн тодотгол гялсхийн буудаг шиг нийслэлд “үзэлцдэг”, өөрийгөө хот маягийн улстөрч гэж боддог хүн болгон нийслэлийн хөгжил ярихаараа “хот гэдэг их айл” гэсэн хоцрогдсон хэлцээс давж сэтгэхгүй өнөөдрийг хүрлээ. Хот маань зүгээр л их айл байхаа хэдийн болиод улс доторх улс шиг, улсаа дагуулан хөгжих асар том бөөгнөрөл болж томорчихоод байна. Зовлон нь бүр улсынхаасаа давсныг даргын хэнээтэй, өөрийнхөө бодит түвшнийг хэтрүүлэн үнэлэгч улстөрчид ойлгодоггүй нь эмгэнэлтэй. Юун аз жаргалтай...хот.

С.Мөнхчулуун гэм хийдэггүй залуу байж магадгүй, гэхдээ тэр сэлэмтэй дүүгийнхээ ачаар Улаанбаатарын иргэдэд зуурхан харагдаад л өнгөрсөн. Харин С.Амарсайхан улс төр- бизнес хослуулж компаниараа алдаршсан ахынхаа буяныг л дааж яваа дуулгавартай дүү шүү дээ. Орчин үеийн Улаанбаатарын ирээдүйг битгий хэл өнөө, маргаашийг өнгөлөн тодорхойлох хэмжээний мэдлэг боловсрол, туршлага зангараг, алдар гавьяа байхгүй нэгэн Мээрийн нэр өнөө өглөө Ерөнхий сайдын ширээн дээр тавигдлаа. Нөгөөгийнх нь нэр У.Хүрэлсүхийн халаасанд удаж буй. Азтай л залуус. Лидерийн хомсдолд орсон Монголын зовлон Улаанбаатарт нүүрлэсэн нь энэ. 

Улаанбаатарыг МАН Монголын нэг хот гэж үзэх нь улс төрийн маш мэдрэмжгүй харц юм. Хэдийгээр энд хүн амын тэн хагас нь оршин сууж, улстөрчдийн буруугаас нийслэлд тулгаж орхисон хот, хөдөөгийн ялгаагүй хэв маягаар бид хараал урсган, нэгнээ оркоор нь дуудан уур бухимдалдаа дэлбэрэх шахан амьдарч байгаа боловч хүмүүсийн хүсэл, таашаал миллениалуудын эринийг дагаад хүчтэй өөрчлөгдсөөр байна. Хотын хэв маяг, хэл яриа, хувцас гоёл, хотын урлаг, хотын соёл, хотын улс төр Монголын дунджаас давсан дэвшилттэй байхыг хүлээсэн эрэлт бий болсныг олж харах нүд эрх баригчдад алга байна. Технологи хурдацтай өөрчлөгдсөөр, үнэт зүйл, орон зайгаа цахим орчинтой хуваалцах болсон Улаанбаатар хот өнөөдөр зөвхөн улс төр, соёл, шинжлэх ухааны төв бус нийгмийн оюун санаа, уур амьсгалын инкубатор болсон. Хотын дарга бөгөөд нийслэлийн Засаг даргын албан тушаалд хуучинсаг арга барилтай, хотын хүмүүсийн зүрх сэтгэлийг байлдан дагуулах лидерийн шинжгүй, байдаг л нэг улстөрч ирснээр 2020 оны сонгуульд МАН ялагдал хүлээх нь ойлгомжтой болов. 

Хотын сайн муу, сайхан муухай юмс, үзэгдэл, бодлого, үйл ажиллагаа бүхэн хүний бүтээсэн хүчин зүйлс. Тиймээс Улаанбаатарыг хэн гутаадаг вэ, хэн тусалж чадах вэ гэж асуух нь зохистой. Улс төрийн намууд, эрэг шураг болсон эрх мэдэлгүй, явуургүй Мээрүүд, хүсэл мөрөөдлийнхөө төлөө тэмцдэггүй хот, хөдөөгийн эрлийзүүд, хотын араншингүй хотынхон, хөдөөгийн хөөсөн “мантуунууд” Улаанбаатарыг гутааж байгааг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй. Дэлхийн томчуудын дэргэд Улаанбаатар харьцангуй залуу ч гэсэн хөгжиж байгаа орны нийслэл юм хойно буурай хотод тооцогдоно. Гэхдээ Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 60 гаруй хувийг хот дангаараа бүрдүүлдэг эдийн засгийн “онцгой” статус. Тиймээс энд онцгой лидер зайлшгүй. Гэвч тэр лидер нь МАН, АН-аас олддоггүй учраас эрх зүйн шинэ зохицуулалт шаардагдах болсоор удсан. Улаанбаатар хот маань “улаан хацартай” даргатай байх үеэс л хөдөөгөөс ирсэн Мээр энэ тухай зориглон алхам хийгээгүй ч, ядаж хэлж эхэлснээрээ хотын ирээдүйг ойлгосон хүн байсан билээ. 

Монгол Улсын хүн амын тэн хагасыг толгой хоргодуулж, ажил амьдралыг нь төлөв түвшин байлгах үүрэгтэй Улаанбаатар хот бүхэл бүтэн Монгол Улсын сайн сайхны төлөө зүрхээ өвтгөн байж жил бүр орлогынхоо тэн хагасыг төрийн санд шавхаж, улсын төсөвт хэдэн зуун тэрбумаар нь өргөл барьц өгөх ямар гэм нүгэл үйлдсэн гэж. Хотын иргэд үүний төлөө шинэ даргаа шахан тэмцэж эхлээсэй. 

Одоо батламжлагдах шинэ дарга Улаанбаатарын түүхэнд үлдэх ганц гавьяа байгуулъя гэвэл “Монголын зовлон Улаанбаатарт ямар хамаатай юм бэ. Улсын их тал Улаанбаатар л аз жаргалтай байх ёстой” гэж чанга дуугаар хэлэх зоригтой байгаасай. Түүнд энэ мессежийг хотын иргэдэд түгээн араасаа дагуулахаас өөр ажил хийх боломж үгүй. 2020 он хүртэлх ганцхан жилд нийслэлийн эрхзүйн байдлыг орчин цагт нийцүүлэн өөрчлөх, хотын даргыг иргэдээс шууд сонгох, төсвийн эрх мэдлийг нэмэгдүүлэх хуулийн өөрчлөлтүүдийг УИХ-ын гишүүдээр зөвшөөрүүлэх алхмыг иргэдтэйгээ хамт хийхээс өөр цаг хугацааны боломж ч үлдсэнгүй. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
12 цагийн өмнө
Shangrila La Mall-d сүндэрлэсэн мод ямар учиртай вэ?
2
Уржигдар
Их Британийн Гадаад хэргийн яамны сайд Дэвид Камерон: Бидний өмнө олон боломж байна
3
4 өдрийн өмнө
Хүүхэд, залуучуудын театр 4 сарын 25-нд нээлтээ хийнэ
санал болгох
1
12 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
0
0
0
0
0
2
0