Хайх зүйлээ бичнэ үү

7 мин

Сүм хийд, говь цөл: дахин дахин аялмаар Монгол орон

Монголын үгээр илэрхийлэхийн аргагүй үзэсгэлэнт байгалийг гайхан биширч, хаанахын ямар ч соёлтой адилгүй энгүй агуу иргэншилтэй учирсандаа баярлаж суусан билээ.


Тэд бидний тухай

Алексей Стрижов, "Афиши Daily"

Монгол улсын хүн амын 50 хувь нь тал нутагт, үлдсэн тал нь хотод амьдардаг. "Афиши Daily"-гийн сэтгүүлч Алексей Стрижов гадаадын жуулчид очдоггүй захын аймгийн төвүүдэд амьдрал ямар байдгийг мэдэхээр Монголыг хөндлөн гулд аялаж үзсэн байна. 

Өлгий
Хил ба нутгийн хоол

Баян-Өлгий бол Монголын хамгийн баруун аймаг бөгөөд ОХУ-ын Алтайтай хил залгадаг. Аймгийн төв Өлгий хотод монгол байгаль, казах зан заншилтай хэрхэн хослож байгааг харж болно. ОХУ-Монголын хилээр намайг Беку, Лешер хэмээх нутгийн хоёр казах эр микро автобусаараа хүргэж ирсэн юм.

Тэднийг би Оросын нутагт Чуйский тракт зам дээр "барьсан" бөгөөд залуус англи, орос хэл огт мэдэхгүй тул замын турш чив чимээгүй сууж ирлээ. Тэндхийн хилийн боомт зөвхөн машин нэвтрүүлдэг учир явган орно гэж саналтгүй. Ташаант боомт дээр 5 цаг түгжирсний эцэст би Монголд орж, гадаад хүн болон хувирлаа. "Сайн байна уу, Монгол", эсвэл казахаар "Салам алейкум, Монгол".

Та Монголд үргэлж консерв идээд, эсвэл үнэтэй ресторанд хооллоод явж болно. Үгүй бол та маш их хонины мах идэх нь гарцаагүй. Энд бүх хоол, цай нь хонины мах, шөлтэй гээд бод.

Намар Өлгийд Бүргэдийн баяр болдог. Хотын төвд бүргэдийн хөшөө хүртэл бий. Анчны гар дээр сууж байсан бүргэд үнэг барихаар нисэн одох нь гайхамшигтай.

Монголын төв хэсэгт очихынхоо өмнө хээр тал болон ой модны зааг, Монгол, Орос, Казахстан, Хятадын соёлын огтлолцол болсон энэ газарт хэсэг саатаарай. Яагаад гэвэл Монголын бусад аймагт та өөр орны соёлын хэлтэрхийтэй ч таарахгүй. Ховд голын эрэг дээр майханд хоноод би цаашаа явлаа. Баруун Монголын албан бус нийслэл болох Ховд хотод би монголчуудаар дүүрсэн жижигхэн автобусаар очлоо.

Баруун аймагт юу идэх вэ?

Оросын банш, казахын мантытай төстэй буузыг заавал амтлах хэрэгтэй. Хил даваад таарсан нэгэн гуанзанд Лешер надад бууз зөв идэхийг зааж өгсөн юм. Харахад гэр мэт санагдах буузыг идэхдээ эхлээд шөлийг нь уух ёстой шүү. Халуун саванд хийж өгдөг монгол цай давстай, сүүтэй.

Ховд
Баруун аймгуудын бурханы шашинтнуудын нийслэл

Монголын хүн амын тал хувь нь Буддын шашинтан. Баруун аймгийнхан Ховдыг гол хотоо гэж тооцдог. Гэхдээ юм үзэж харья гэвэл хотод биш, харин ойр орчмоор нь аялахад сонирхолтой. Хотын захад Баруун Монголын хамгийн том хийд Гандан Пунцаг Чойлон байдаг. Тэнд аян замдаа сайн явах ном уншуулж болно. Би ном уншуулаад ламд 7000 төгрөг өгөхөд тэр ихэд баярлаж байлаа.

Ховд аймаг маш олон нууртай. Уламжлалт нүүдэлчид амьдардаг нуурыг заавал очиж үзээрэй. Энэ малчдын дунд гадаад улс орон битгий хэл өөр аймагт ч очиж үзээгүй хүн олон. Таныг ойлгох хүн бүтэн сумын нутагт нэг ч байхгүй байх болно гэдэгт бэлтгэлтэй байгаарай.

Малчидтай харилцахын тулд би "онлайн - орчуулагч" ашигласан. Хөдөө талд интернет байхгүй тул орчуулгатай скриншот зураг л үзүүлж байлаа. Малчдын гэрт байхдаа би ихэнх цагаа чимээгүйхэн инээгээд, Оросын бичлэг, гэрэл зургаа үзүүлж өнгөрөөсөн билээ. Тэдэнд "Alfa Future People" наадмын бичлэг маш их таалагдаж байв.

Би баруун аймгуудын хэд хэдэн төвөөр явсан ч сонирхол татахаар, бусдаасаа өөр онцлог газар байгаагүй. Ингээд өмнө зүгийг зорьж, говь цөлийн дундах Баянбүрд болсон Өмнөговь аймагт очлоо.

Байр, унаа ямар үнэтэй вэ?

Баруун аймгаас Улаанбаатар ороход жирийн шугамын автобус 60-70 мянган төгрөг. Ойрхон хот хооронд маршрут явдаг нь 40 мянган төгрөгийн үнэтэй.

Байрны үнэ гэвэл 2 ортой, халуун устай өрөөнд хоноход 40-80 мянган төгрөг байлаа. Гэхдээ хот болгон өөр өөр. Зарим газарт халуун ус, интернет, ариун цэврийн хэрэглэлтэй, 2 ортой өрөө 1000 рубль байсан бол өөр хотод нийтийн жорлонтой өрөө 70 мянган төгрөг байх жишээтэй. Хамгийн хямд хоноглох гэвэл 40 мянган төгрөгөөр гэрт байрлах хэрэгтэй.

Даланзадгад
Цөлийн 70 булаг

Говь гэж байгаа ч үнэндээ элсэн цөл бараг байхгүй. Заг модтой, тэмээ бэлчээд, бороо ч орно. Харин та элс үзэхийг хүсвэл Даланзадгадад очоорой. Энэ хотын нэрний утга бол 70 булаг.
Баруун аймгаас энд ирэх шууд зам байхгүй тул Улаанбаатарт очоод, тэндээсээ Даланзадгадыг зорих хэрэгтэй. Харин би жолоочтой машин хөлсөлж аваад Өвөрхангай аймгийн төв Арвайхээрээс огт замгүй газраар донслон давхиж очсон. Жолоочтой удаан наймаалцаж байгаад 500 мянган төгрөг төлсөндөө сэтгэл хангалуун байлаа.

Замд Хонгорын элс, Баянзаг зэрэг газрууд, мөн Монголыг Түвдтэй холбосон зам тааралдлаа. Нууцлаг Шамбалын оронд хүрэх хаалга энд байна.

Баруун Монголд хадны сүг зураг, бичиг их байсан бол Даланзадгад бол үлэг гүрвэлийн хөшөөний хаант улс. Гэхдээ энэ аймагт ирвэл аймгийн төв биш элсэн цөлөөр аялах нь илүү сонирхолтой. Яагаад гэвэл аймгийн төвийн амьдрал нэг хэвийн, ганц өдөрт тойроод үзчихэж болно.

Хархорин
Чингис хааны нийслэл

Чингис хааны Эзэнт гүрний анхны нийслэлийг монголчууд Хархорин гэдэг. Гэхдээ эхлээд Каракорум гэж нэрлэдэг байжээ. Улаанбаатараас 400 км зайтай орших бөгөөд аялагч жуулчид ихтэй. Би энд говийг хөндлөн гулд туулж байж ирсэн.

Хархорин ихэд алдартай ч Эрдэнэзуу хэмээх хуучны хийд хамгийн үзэх ёстой газар. Энэ хийдийг өдөр, нар жаргах үеэр хоёр удаа үзээрэй гэж зөвлөмөөр байна. Өдөр нь музей, хийдтэй танилцаад үдэш нь нар жаргахыг харж болно. Таны амьдралдаа үзсэн хамгийн сайхан нар жаргалт энд л тохиолдоно. Нар эхлээд хийдийг тойрсон суварганд бууж, дараа нь уулын цаагуур шингэн одох нь гайхамшигтай.

Хийдэд Буддагийн том баримлаас гадна Далай лам, Шамбалын оронд зориулсан танхимуудтай.

Хархорин хотын дэргэдэх Орхон голын эрэгт би майхнаа босгон хэд хонохдоо өөрийгөө өнгөрсөн үеийн нүүдэлчин мэт төсөөлөн бодож байлаа. Хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн том Эзэнт гүрний их нийслэлийн дэргэд од ширтэн унтах сайхан байсан. Гэвч хүйтэн хүчтэй бороо орсон тул хотод хоноглохоос өөр аргагүй болсон.  Жуулчны улиралгүй үед энд хямд гэр буудал олон байдаг.

Улаанбаатар
Гэр, "Санктпетербург", "Битлз"

Монголоор сар орчим аялсны эцэст би нийслэл Улаанбаатарт ирлээ. Улаанбаатар гэдэг нэр бүх монголчуудын амны уншлага. Энэ улсын бүх зам ийшээ л хөтөлнө. Автобусаар хэдэн цаг яваад би XX зууны эхээр БНМАУ болон хувирсан Гадаад Монголын нийслэл хуучин Өргөөд ирсэн юм.  

"Нэг давхар Монгол" гэж нэрлэвэл зохих Монголын бусад нутгаас ялгаатай нь энд  олон давхар өндөр байшин ч бий. Өргөн гудамжтай хуучин Зөвлөлтийн барилгууд, Москвагаас илүү гэмээр орчин үеийн амьдралын хэмнэлттэй хот. Тэгсэн мөртлөө  гадаа гудамжинд хүнсний мухлаг, явган зорчигчдын жинг үзэн зогсох хүмүүс байна.  

Түүхийн музей нь маш сонирхолтой. Улаанбаатарт хоёр түүхийн музей байдаг тул андуурав. Нэг нь үзэг гүрвэлд зориулсан музей. Харин нөгөөх нь бидэнд хэрэгтэй музей юм шүү.

Хот болон хээр тал, үндэсний болон гадаадын соёл, өнгөрсөн болон орчин үе холилдон оршин тогтнож байгааг энд хамгийн сайн мэдрэнэ. Хотын захад хүмүүс гэрт амьдарч, хотын төвд Буддын өв уламжлал, хөшөө дурсгалтай. Хуучин ЗХУ-тай холбоотой хүмүүс нь орос хэлээр ярьж чадна. Үүнтэй зэрэгцээд Барууны соёл, брэнд олон. Жишээ нь, хотын төвд "Битлз" хамтлагийн хөшөө бий. Санктпетербург хэмээх нэртэй автобусны буудлын хажууд орчин үеийн Монгол орныг үндэслэгч Сүхбаатарын талбай байна.

Шөнө зугаалахад энэ хот "House of Cards" киноны нэгэн хэсэг мэт санагдах бөгөөд  Линкольны оронд УИХ-ын ордны дэргэд хүчирхэг Монгол орныг үндэслэгч Чингис хааны хөшөө байна.

Бэлэг дурсгал авах бол хотын урд хэсэгт байх зах дээр гарсан нь дээр. Тэнд ховор зүйл их. Лангуун дээгүүр Будда, Ленин багшийн баримал, бөө мөргөлийн хувцас эрээлжилнэ.

Аяллаа дуусгаад би "Улаанбаатар - Эрхүү" чиглэлийн галт тэргээр Монголыг орхилоо. Ганц хоногийн дараа л би Байгаль нуурын эрэг дээрх хотод байр хөлслөөд сууж байв. Гэхдээ би дахиад удаан хугацааны турш Монголын үгээр илэрхийлэхийн аргагүй үзэсгэлэнт байгалийг гайхан биширч, хаанахын ямар ч соёлтой адилгүй энгүй агуу иргэншилтэй учирсандаа баярлаж суусан билээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2024.04.11
ТҮК-ийн ажилтнуудын цалинг 3.5 сая төгрөг болгоно
2
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
3
2024.04.03
Алисагийн тэмдэглэл: Дээрэлхэлт хэрээс хэтэрч буй энэ үед "Cancel Culture"-ийг зөвөөр а...
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
5
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.