Хайх зүйлээ бичнэ үү

Би үүний төлөө ухрахгүй явсан... Тиймээс л Оксфорд хүрсэн байх даа.


Найз нартайгаа эхлүүлээд удаагүй байгаа старт ап компаниа Улаанбаатарын төв дэх шилэн оффисуудын нэгээхэнд төвхнүүлжээ. Бидний ярилцлага түүний ажлын өрөөнд эхлэв. Энэ удаагийн ярилцагч маань өөрийгөө эдийн засагч, бодлогын судлаач гэж даруухнаар танилцуулсан ч Оксфордын их сургуульд олон улсын эдийн засгийн чиглэлээр мастер хамгаалсан гэдэг нь одоогоор түүний намтрын хамгийн амжилттай хуудас. Харин улс төр сонирхогчид АН-ын даргын марафонд нэр дэвшсэн хамгийн залуу өрсөлдөгч, Нээлттэй Ардчилсан нам-шинэчлэлийн нэгдсэн хөдөлгөөний Зохицуулах зөвлөлийн идэвхтэй гишүүн, АН-ын үзэл баримтлалыг шинэчилсэн оюун санааны лидерүүдийн нэг гэдгээр нь түүний карьерыг анхааралтай ажигладаг. Тэр бол Мөнхжаргалын Чимэддорж.


-Хүмүүс улс төрийн намд итгэл алдарч байна. Сүүлийн хэд хэдэн судалгааны дүнгээр АН-ын рейтинг огцом уруудсан нь тодорхой болсон. Сөрөг хүчний рейтинг сонгууль дөхөх тусам өсдөг уламжлалыг МАН-ын дотоод хагарал, улс төрийн дуулианууд өөр лүүгээ эргүүлж, МАН-ын дүр эрх баригчийн ч, сөрөг хүчний ч талбарт зэрэг тодроод байх шиг. Ийм дүгнэлттэй Та санал нийлэх үү?

-Зарим талаараа. Эрх баригч намын үйл ажиллагааны алдааг олж харж шүүмжилдгээрээ сөрөг хүчний рейтинг өсөх хандлагатай байдаг ч АН энэ үүргээ гүйцэтгэж чадахгүй байна. Мөн 2012-2016 онд ажилласан АН-ын Засгийн газрын алдаануудыг сонгогчид өнөө хэр уучилж чадахгүй байгаатай холбоотой. Тэр үед бүтээн байгуулалтын олон сайхан төсөл хэрэгжүүлсэн боловч макро эдийн засгийн бодлого нь алдаатай явчихсан. АН бизнесийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс хутгалдсан нь бизнес эрхэлж байгаа хүмүүсийг гонсойлгосон. Хууль хүчний байгууллагуудыг хүртэл үүнд татан оруулсан явдал нь сонгогчдод АН-ын мөн чанарыг танихад хэцүү болгосон хэрэг. Өнгөрснөөс сургамж авч өнөөдөр өдөр бүр анхаарах зүйл бол энэ. Том алдсаны дараа сонгогчдын итгэлийг эргүүлэн олж авна гэдэг тийм амар ажил биш. 

-АН-аас салан тусгаарлах хүчин бий болсон гэж ойлгож болох уу? 

-Үгүй дээ, иргэд МАН, АН-ын аль алинд итгэл алдарч байгаа орон зайд улс төрийн цоо шинэ хөдөлгөөн өрнөх магадлал бий болж байгааг хэлж байна. Шинэ лидерүүд ч төрөн гарах хөрс бүрэлдэж байна шүү дээ.

-Одоо улс төрд өрнөж байгаа үйл явдлыг “хувьсгал” гэх үү?

-Улсаа худалдаж иддэг авлигачдаас үүсдэг клетократик системийн хавдар буглаа шүү дээ. Эрх баригчид өөрсдийнхөө эсрэг тэмцэж, ард түмний нэр бариад эрх мэдэл, хоолоо булаацалдсан ичгүүртэй явдал гэвэл илүү онох болов уу. Ард түмний хүсэл сонирхлыг илэрхийлэх чадамжгүй хүмүүс шүү дээ. Төв талбайд хэдэн арван гэр барьсан байхад цагдаа нар буулгадаг байснаас биш хамгаалаад зогсож байв уу? Ардчиллын гажгийг харуулсан хамгийн том хавдар.


УИХ, Засгийн газар, МАН тарах ёстой

-УИХ-ын дарга М.Энхболдыг огцорсноос хойш юу болох бол?

-Юу ч өөрчлөгдөхгүй. УИХ-д хойшид ч хуралдаанаа хэвийн үргэлжлүүлэх боломж бараг гарахгүй л болов уу. Чадамжгүй УИХ-д Засгийн газар ажлаа тайлагнаад явах болж байгаа нь асуудал дагуулж л таарна. Тиймээс УИХ хуулиа дагаад тарах нь зөв. Одоо бид УИХ-ыг тараах, Засгийн газрыг огцруулах, МАН-ыг тараахын төлөө тэмцэх цаг ирснийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болж байна. Яагаад гэвэл бүх хууль зүйн үндэслэл нь бүрдчихээд байна. 60 тэрбумын хэрэг гэдэг бол төрийн албан тушаалыг зарах гэж оролдсоныг гэрчлэх баримт мөн. Тиймээс МАН тарах ёстой. УИХ мөн л 60 тэрбумын схемээр буюу Үндсэн хуулийн бус аргаар байгуулагдсан учраас тарах ёстой. Засгийн гарыг огцруулах үндэслэл юу вэ гэвэл, сайд нарын танхимын тал нь ЖДҮС-гаас хууль бусаар зээл авсан. Би үүнийг АН-ын гишүүний хувьд биш, Монгол Улсын идэвхтэй, ардчилсан, боловсролтой, ёс зүйтэй иргэний хувьд уриалж байна.    

-АН-ыг нийгэм тэгтлээ сонирхохгүй болсон цаг үед АН-ын залуу гишүүн байна гэдэг бас л амаргүй сорилт байх. Та төлөөлөн ярьж байгаагийн хувьд АН-д бий болсон шинэ үеийг олон нийтэд танилцуулахгүй юү. Өмнөх үеийнхнээсээ юугаараа ялгаатай юм? 

-АН-ын шинэ үе бол өмнөх үеийнхэнтэй харьцуулахад хувьсгалчид биш. Институцыг эрхэмлэдэг, хувь хүнд найддаггүйгээрээ ялгаатай. Аливаа хувьсгал нийгэмд маш том үр дүн дагуулдаг. Тухайлбал, 90 оны ардчилсан хувьсгалаар Монголд залуу улстөрчид шинээр гарч ирж улс орныхоо хувь заяаг шийдэх болсон нь тухайн үеийн дэлхийд ч шинэ зүйл болж байсан. Хувьсгал хийсэн тэдгээр залуус өнөөдрийг хүртэл Монголын улс төрийг тодорхойлж байна. Улстөрчдийн үе гэж ярьвал одоо л хоёр дахь үе нь гарч ирж байна. Институцыг бэхжүүлэх нь Монгол Улсад ардчилсан тогтолцоог бэхжүүлэх үндэс суурь юм гэж итгэдэг хүмүүсийг шинэ үе гэж ойлгох хэрэгтэй. Түүнээс биш энэ нь тэдээс тэдэн оны хооронд төрөгсөд гэх мэт ялгамжаар тодорхойлогдох зүйл биш. 2016 оны сонгуульд том ялагдал хүлээсний дараа АН өөрийгөө институцын хувьд засаж сайжруулах шаардлагатай боллоо гэж үзсэн бидний хэсэг залуус Нээлттэй Ардчилсан нам-шинэчлэлийн нэгдсэн хөдөлгөөнийг байгуулсан. Олон ч залуу нэгдсэн. Энэ хөдөлгөөний эхний зорилго нь АН-ын үзэл баримтлалыг, өөрөөр хэлбэл, АН юунд итгэж байгааг дахин тодотгоход оршиж байлаа. Монгол Улсыг эдийн засаг, нийгэм, улс төрийн ямар үзэл баримтлалаар хөгжүүлэх вэ гэдэгт хариулж чадах АН-ын бодлогын баримт бичгийг шинэчилсэн. Хоёрдугаарт, АН-ын дотоод ардчиллыг бий болгох дүрэм журмыг сайжруулсан. Ийм үндсэн хоёр чиглэлээр ажиллахдаа аль алинд нь бид оносны хажуугаар алдаа гаргасан байхыг үгүйсгэхгүй. Одоо ингээд хоёр жилийн дараа эргээд харахад бидний хийсэн шинэчлэлийн үйл явц том зургаар харах, бусад оронд туршигдаж шалгарсан сайн жишгүүдээс нэвтрүүлэх гэж хичээсэн боловч зарим талаараа Монголын өнөөгийн нийгэмд нийцэхгүй байгаа нь тогтоогдож л байна. 

-АН-ын шинэ үеийнхний итгэж байгаа тэр “институц” нь юу юм?

-“Бүгд найрамдах засаглал” буюу төрийн эрх мэдлийг тайван замаар шилжүүлдэг ардчилсан тогтолцоонд улс төрийн нам бол төрийн эрхийг барьдаг чухал институц. Хэрэв улс төрийн нам өөрийгөө засаж сайжруулах, чадваржуулах дотоод ардчилалгүй бол улс орон хөгжих ямар ч боломжгүй. Жишээ нь, УИХ-ын 50 хувь нь “бие даагч” гишүүдээс бүрдвэл тэд бодлого гаргаад улс орны тулгамдсан асуудлыг шийдэж чадахгүй. Хөгжлийн бодлогыг улс төрийн нам тодорхойлж, түүнийг нь намын бодлогоор сонгуульд өрсөлдөж ялсан хүмүүс хэрэгжүүлэх ёстой. Нам бол хулгайч, луйварчдыг нэвтрүүлдэггүй тийм системийг дотооддоо хийж, тэр системээр шигшигдэж гарч ирсэн хүмүүс нь намын бодлогоос гаждаггүй ийм л институц байх ёстой. АН-ын шинэ үе ийм институцыг бий болгоно гэж итгэдэг. Ардчилсан тогтолцооны өөрийгөө засаж сайжруулдаг гол суурь бол институцын чадавх. Институц өөрөө алдаагаа хардаг, сурдаг, хөгждөг, өөрөө өөрийгөө чадавхжуулж чадаж байж улс орныг зөв чиглүүлнэ. Энэ зөвхөн АН-ын асуудал биш, МАН, эсвэл ХҮН гээд бүх улс төрийн намуудад хамаатай. 

-Сонгуулиас сонгуульд институцын шалгуур даасан гэх нэр дэвшигчид гарч ирсээр өдий хүрсэн. Тэдний хийсэн хулгай, луйврын асуудал дуусахгүй үргэлжилсээр л байдаг нь юутай холбоотой юм?

-Намын дотоод ардчилал сул учраас мөрийн хөтөлбөрөөр халхавчилсан өөдгүй хүмүүс УИХ-д олноор орох боломж гарсаар ирсэн. Нам өөрөө шүүлтүүрийг бий болгох ёстой л доо.

-Олз омогт дурлах нь өөрөө хүний мөн чанар учраас хувийн ашиг сонирхолгүй улстөрч гэж байдаггүй гэж дүгнэж болох уу?

-Хувь хүмүүс туулсан амьдралын туршлага, зорилгоосоо шалтгаалаад таашаал авах зүйл нь харилцан адилгүй. Зарим нь эрх мэдлээс, зарим нь мөнгөнөөс, эсвэл хоол унднаас гэх мэт. Бусдын сайн сайхны төлөө ажил хийж, түүнээсээ чимээгүйхэн таашаал эдлэн амьдардаг буяны үйлстнүүд ч байна. Хөгжсөн орны улстөрчид гэж олонх нь улс орныхоо хөгжлийн төлөө өөрийн хийсэн бүтээсэн зүйлээрээ гайхуулах, ард түмнээсээ хүндлэл олох гэдэг, нэр төрд дуртай хүмүүс байдаг. Тэгэхээр буянтан, улстөрч хоёр нийгмийн сайн сайхны төлөө ажилладгаараа адилхан ч эхнийх нь хүндлэл хүсдэггүй, удаах нь бусдаар өөрийгөө бахдуулах, хүндлүүлэх дуртайгаараа л ялгаатай байгаа биз. Тиймээс ардчилал өндөр хөгжсөн оронд олон нийт улстөрчдийг харахдаа аан, энэ бол нийтийн тусын тулд ямар нэг сайн үйл бүтээж, хариуд нь магтаал сайшаал горилдог хүн гэж ойлгодог. Энэ нь хэвийн л зүйл. Хөгжингүй орны улстөрчид өөрийн алдар нэр горилсон хэрэгцээгээ хангаснаараа буурай орны улстөрчид авлига авч таашаал авч байгаа шиг л зорилго нь биелдэг. 

-Монголд?

-Төгс улстөрчийн дүр үзүүлээд, цаагуураа төрөөс хулгай хийгээд байгаад л ялгаа нь байна. Тэгэхээр улс төрийн намын дотоод ардчилал гэдэг чинь хүмүүсээ шилж сонгох, шигшиж тунгаахад маш чухал юм. Олон нийт улстөрчдийн хэн нь хэн бэ гэдгийг тэр бүр мэдэхгүй шүү дээ. Хэвлэл мэдээлэл, ялангуяа эрэн сурвалжлах сэтгүүл зүй үүнд том үүрэгтэй оролцох ёстой.


Засаглах чадамжтай болсон хойноо АН сонгуульд ялсан нь дээр

-Одоо нам ч сонин биш, мөрийн хөтөлбөр ч сонин биш, бухимдсан олон түмэн тайзан дээр поп хүмүүс гарч ирвэл л анхаардаг тийм цаг үе ирсэн юм биш үү. Бохир улстөрчид хүмүүсийг, цаг үеийг ийм болгож өөрчлөөд, одоо өөрсдөө хувийн ашиг сонирхолтой популистууд болж хувирсан юм шиг? 

-Төр улсыг удирдаж авч явна гэдэг урт хугацаанд харах ойлголт. Улс үндэстэн хүрэх тодорхой чигийг хараад урт хугацаанд гажихгүйгээр хол замыг тууштай бодлогоор туулах чадавх хувь хүнд байдаггүй. Төртэй харьцуулахад хувь хүн ихэвчлэн өнөө, маргаашийг харсан шийдвэр гаргах нь олонтаа. Сүүлийн жилүүдэд эрчтэй хувьсаж байгаа мэдээллийн технологийн үр дүнд төлөөллийн ардчиллын тогтолцоо иргэдийн өдөр тутам өөрчлөгдөж байдаг хүсэл зоригийн шууд тусгал болох хандлага газар авсан. Зарим талаараа иргэдийн дуу хоолой төрд хүрэх сайн, зарим талаараа сэтгэл хөдлөлд тулгуурлан шийдвэр гаргах, эсвэл шийдвэрээ өөрчлөх муу талуудтай. Татварын хууль өөрчлөгдөхөд ямар учиртай талаар ойлгох гэж оролдохгүй хэрнээ соошлын гажуудсан мэдээлэлд үндэслээд эргэлзээгүйгээр уурладаг. Хотын замын түгжрэлийг автомашины татвар нэмэхгүйгээр шийдэх өөр аргагүй гэдгийг мэдсээр байж үүнийг улс төрийн хонжоо харсан хэсэг “Харалган төр ядарсан иргэдийнхээ нуруунд ачаа үүрүүлэх гэлээ” гэж тайлбарлангуут иргэдийн олонх бухимдаж л таарна. Төрийн үйл ажиллагаа, иргэн хоёрын дунд үүсдэг орон зайд популизм цэцэглэдэг. Дэлхий нийтээрээ л популизмын талаар шуугиж байна. Өнгөрсөн 10 жилийн улс төрийг харвал популистууд дэлхийн хаа сайгүй үнэхээр хүчээ авлаа шүү дээ. Одоо харьцангуй эрч нь суларч байна. Ялангуяа ардчилал өндөр хөгжсан улс орнуудад институцүүдээр дамжуулан популизмын эсрэг системтэй арга хэмжээ авч байна. Жишээ нь, баруун Европ, хойд Америкийн орнуудад худлаа ярьсан улстөрчийн худлыг илрүүлдэг чадавх хэвлэл мэдээллийнх нь байгууллагуудад бий болчихлоо. Үндэслэл, тооцоо судалгаагүй ярьсныг нь сэтгүүлчид үндэслэлтэй, тооцоо судалгаатай баримтаараа нотолдог болсон. Үүнээс үүдэн нийгэмд маш том эргэлзээ үүсч популизмын эсрэг бодит хандлагуудад илүүтэй итгэх болсон. Манайд ч гэсэн ийм болно. Хүмүүс санах гээд үзвэл популистуудаас жишээ нь, УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Оюун-Эрдэнэ, С.Жавхлан гэх мэтийн гаргаж тавьсан нэг ч бодлого байдаггүй. Би лав хайгаад олоогүй. Монголын хэвлэл популистуудыг худлаа амьтад гэдгийг нь нотолж чадахгүй байгаа үед тэд алдаршсаар л байх биз. Улстөрчдийн хэлсэн үгэнд анализ хийж чаддаг институц өнөөдөр алга. Улстөрчдийн хэлсэн үгийн 60 хувь нь тэмдэг нэр байна. Бодлогод тэмдэг нэрийн хэрэг байхгүй. Бодлого бол судалгаа, тооцоотой баримт болохоос өнгө будаг, сэтгэл хөдөлгөх илэрхийлэл биш юм.

-Сэтгүүлчид улс төрийн намаас гаргадаг бодлогыг энгийн ойлгомжтой, эсвэл уншихад авсаар мэдээлэл болгож хүмүүст танилцуулахаар ажилладаг шүү дээ. Гэсэн ч тэр сэтгэл хөдөлгөх юмгүй, сонсохоос ч уйтгартай зүйлийг жирийн хүмүүс ойлгох албатай юу?

-Албатай. Хэрвээ Монгол Улсад ардчилсан тогтолцоог хөгжүүлье гэж бодож байгаа бол хүн бүр хэрсүү байх ёстой. Яагаад гэвэл ардчилсан тогтолцоо гэдэг бол ухамсартай, хариуцлагатай, хэрсүү хүмүүсийн хамтдаа амьдрах арга зам юм. Би өөрийнхөө амьдралаас нэг жишээ авъя. Намайг дунд сургуульд байхад уншсанаа товчилж бичих даалгавар өгдөг байсан. Миний товчлол ном дахь агуулгатай нийцэх ёстой. Надад ямар ч шүүмжлэлт сэтгэлгээ хөгжсөнгүй. Хайран 10 жил. Хожим судалгааны ажлаар олон улсын судлаачидтай хамтран ажиллаж, Оксфордод дэлхийн нэр хүндтэй багш нараар хичээл заалгаж үзлээ. Алхам бүрийнхээ өмнө “Яагаад” гэж асууж хэвшсэн соёлтой тулгарсан. Ингэж асуухгүйгээр хийсэн алхам болгоны цаана маш том алдаа нуугдаж байдаг юм байна. Харин социализмын үед бид “Яагаад” гэж асуухгүйгээр өссөн. Коммунист систем үүнийг л сургасан. Тиймээс нийгэмд болж байгаа үйл явдлын талаар бид одоо ч гэсэн “яагаад” гэж асуудаггүй. Баруунд “академик эрх чөлөө” гэдэг ойлголт байдаг нь тогтсон ойлголтыг үгүйсгэх эрх чөлөөг хэлж байгаа хэрэг. Оксфордын багш нарын хэлдэг гоё үг бий. “Ямар ч том эрдэмтэн, профессор байлаа гээд бүтээлийг нь уншихдаа эхлээд түүний өмссөн эрдмийн хувцсыг тайл” гэж. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл, алдартай эрдэмтэн л болсон хойно надаас дээр байж таарна гэсэн бодол хүнийг эргэлзэх чадваргүй болгодог учраас түүнийг алдаа гаргаж болзошгүй өөртэйгөө адилхан хүн гэдгийг сана, номыг нь шууд итгэж хүлээж авахын оронд уншаад өөрийн дүгнэлт, эрэгцүүллийг хий л гэсэн үг юм. Нэг үгээр хэлбэл хэрсүү ханд гэж байгаа юм. Монголчууд академик эрх чөлөөтэй, хэрсүү байж ардчилсан нийгэмд биеэ авч явж сурна, хүсээд байгаа хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулах чадавхтай болно. Одоо их, дээд сургуульд элсэгчдийг зайлшгүй эссэ бичүүлж шалгадаг болох хэрэгтэй. 18 настай иргэн үнэн, худлын аргумент гаргаж ирж чаддаг, үгүй ядахдаа нотлох гэж оролддог тийм чадвартай байх ёстой гэж 30 шахам жил ардчиллын замаар явж байгаа манай орны сургалтын тогтолцооноос шаардах цаг нь болсон. Эргэлздэггүй, яагаад гэж асуудаггүй хүн бол дөрлүүлсэн бухнаас өөрцгүй. 

-Харин ч намуудын туйлын хүсэл чинь дөрлүүлсэн бух шиг дагаад явж байдаг сонгогчдыг олон болгох явдал биш үү?

-Үгүй. Улс төрийн намууд илүү хүчирхэг, хэрсүү сонгогчдын дэмжлэгийг авахыг зорьдог.

-Шинэ үеийн залуусынхаа шинэчлэх, өөрчлөн сайжруулах бодлогыг танай АН-ын удирдлагууд, ахмадууд таатай хүлээж авдаг уу?

-Заримыг нь. Жишээ нь, АН-ын үзэл баримтлалыг боловсруулах гурван Ажлын хэсэг байгуулагдахад гурвууланд нь залуучууд зонхилж байсан. Мэдээж бид суурь философио ойлгосон, орчин үеийн мэдлэг боловсрол эзэмшсэн хэдий ч намын ахмад улс төрчид шиг туршлагатай биш учраас алдаа гаргахыг үгүйсгэхгүй. Ингээд дунд, ахмад үеийн төлөөллийг урьж оролцуулснаар төслөө шүүн хэлэлцэж, санал нэгдсэн үзэл баримтлалаа их хурлаараа батлуулан Дээд шүүхэд бүртгүүлсэн. АН-ын дахин тодотгосон үзэл баримтлалыг нам дотроо, мөн олон нийтэд танилцуулах ажил хийгдэж байгаа. Одоо бол АН-аас УИХ-д сонгогдсон хүн хувийн өмчийг хураана гээд явж болохгүй шүү, яагаад гэвэл АН бол хувийн өмчид суурилсан зах зээлийн эдийн засгийг хамгаалдаг нам шүү гэхчлэн зүүний намаас ялгарах хязгаарлалтуудыг тодорхой болгосон.

-Улс төрийн намд үе хоорондын зөрчил гэж байдаг. АН-ын залууст энэ нь хүндрэл учруулдаг уу? 

-Үе хоорондын зөрчлийн хувьд тодорхой хүнтэй, хүмүүстэй холбоотой асуудал учраас үүнийг нэг удаа, нэг амьсгаагаар арилгах боломжгүй зүйл. АН-д үе солигдох үйл явц бол АН-ын дотоод ардчилалтай холбоотой асуудал. Дотоод сонгууль, хяналтын тогтолцоогоо сайжруулах шаардлага яалт ч үгүй байгаа. Тууштай, хамгийн гол нь зөв алхмуудыг ухрахгүйгээр хийгээд явбал АН-ын дотоод ардчилал илүү боловсронгуй болсон, сайжрах голдиролдоо орсон гэж боддог. 

-АН 2020 оны сонгуульд барууны намын мөрийн хөтөлбөртэй орох нь. МАН, АН хоёр халамж, бэлэн мөнгөний амлалтаараа өрсөлдөж сонгуульддаг уламжлал ирэх сонгуулиарэвдэгдэх нь ээ? 

-Тэгнэ. 

-Халамжийн бодлогогүйгээр АН ялагдах эрсдэлтэй шүү дээ?

-Эрсдэл мөн. Гэхдээ сонгуульд ялагдаж магадгүй гээд үзэл баримтлалаасаа гажсан, МАН-тай халамжаар уралдсан хөтөлбөр боловсруулна гэвэл АН өөрийн гэсэн үнэт зүйлтэй улс төрийн намын хувьд байж боломгүй алдаа. Нийгмийн халамж гэдэг зүйл иргэдийг төрөөс хараат, бэлэнчлэх сэтгэлгээтэй болгож байгааг хүмүүс бүгд ойлгосон. Ядуурлыг халамжаар шийддэг байсан бол өдийд ядуурал буурахаар хугацаа өнгөрсөн байтал харин үүний цаана эсрэгээр албан тушаалтнууд, тэдний хамаарал бүхий этгээдүүдэд үйлчилдэг авлигын систем цэцэглэснийг бид бүгд харлаа. Улс төрийн хариуцлагатай намын хувьд эр зориг гаргаад үүний эсрэг зогсох ёстой болохоос сонгогдож л байвал барав гэх хоноцын сэтгэлгээгээр үргэлжлүүлэх ёс зүй АН-д байх ёсгүй. Хоёр зүйл байна. Нэгдүгээрт, сонгуульд ялах нь туйлын зорилго мөн үү? Нэг талаас сонгуульд ялах нь ямар ч улс төрийн хүчний зорилго боловч энэ нь харьцангуй ойлголт. Сонгуульд ялснаас улс орноо хорлох үйл явцад огт оролцохгүй байсан нь дээр ч байж магадгүй. Хоёрдугаарт, сонгуульд яллаа гээд засаглаж чадах уу? Сандал суудалхан хуваарилах бол засаглах хэрэг огт биш. Жинхэнэ утгаар нь засаглах ёстой юм. Улсыг хөгжүүлэх урт хугацаанд харж байгаа бодлогоо хэрэгжүүлэх чадавхтай байх л хамгийн чухал. 

-Намын үзэл баримтлал, дүрэм гэх мэт бодлогын баримт бичиг хийхийн тулд ёстой л долоо хэмжиж огтолдог байх. Тан шиг судалгаагаар мэргэшсэн залуучууд яг ямар дүгнэлтэд хүрсэн болоод барууны үзэлтэй АН л Монголыг хөгжүүлэх юм байна гэсэн итгэлтэйгээр эдгээр баримт бичгээ аваад Дээд шүүхэд бүртгүүлэхээр явсан юм бэ?

-Сэргэн мандалтын зуунд бүгд найрамдах засаглалын үндсийг тавьсан сэтгэгч нар хувь хүн халдашгүй, эрх чөлөөтэй, өөрийгөө хүндэлдэг, өмчтэй байж гэмээнэ түүнд хүний эрхэм чанар буй гэж үзсэн. Ийм л хүмүүс нийгмийг хөгжүүлдэг, ийм л хүмүүс хоорондоо эв зүйгээ олж амьдардаг юм байна, хувь хүмүүс эрхэм чанартай байж гэмээнэ амьдрал нь ч чанартай, аз жаргалтай оршдог юм байна гэдэг үзэл баримтлалыг л АН тууштай хамгаалахаар шийдсэн хэрэг. Шинэ түүх ярьвал Монгол орон маань 70 жилийн турш хувь хүн хэн ч биш нийгмийг байгуулаад алдаа оноог нь үндэстэн даяараа хүртэж туулсан. АН бол хувь хүний эрх чөлөөг дээдэлсэн ардчилсан хувьсгал хийсэн улс төрийн хүчнүүдийн нэг. Одоо ч гэсэн Монгол Улс хувь хүний улс төрийн болоод эдийн засгийн эрх чөлөөг хамгаалдаг орон байх ёстой гэж үзсэн үзэл баримтлалаа үнэн юм, зөв юм гэж үзсэн учраас үүнийгээ дахин нотолж цаасан дээр буулгаж батлаад АН Дээд шүүхэд хандсан. 

Монгол хүн хэн байхыг хүсэхгүй байгаагаа ирээдүй цаг дээр тодорхойлъё

-Улс төрийн нам үзэл баримтлалаа тодотгох үйл явцад Монголыг хэрхэн яаж хөгжүүлэх вэ гэдэгтэй эн зэрэгцэх чухал судлагдахуун нь монгол хүн байх ёстой болов уу. Орчин цагийн монгол хүн гэж яг хэн юм бэ? 

-Бид ер нь монголчууд яг ямар хүмүүс вэ гэдгээ өөрсдөө тодорхойлоогүй өнөөг хүрсэн. Улс орнуудын соёлыг харьцуулсан судалдаг Хофстид (hofstede)-ийн 5D гэж загвар бий. Энэ судалгааны аргачлалаар бүх улс үндэстнийн соёлыг таван үзүүлэлтээр харьцуулан судалдаг. Энэ судалгааны үр дүнгээс монголчууд маскулинити буюу эрэмгий чанараараа дэлхийд хамгийн өндөр үзүүлэлттэй үндэстний нэгд тооцогддог нь анхаарал татдаг. Үүгээрээ Орос, Хятад болон төв Азийн бүс нутагтаа тэргүүлдэг юм билээ. Орчин цагийн хүчирхэг төр засгууд өөрийнхөө улс үндэстний хэн байв гэхээсээ хэн болох вэ гэдгийг бодлогоор тодорхойлж, ялгамж чанарыг бүтээдэг. Америк, Хятад, Австрали, Канад, Шинэ Зеланд, Сингапур улсууд үндэстнийхээ онцлог буюу хоорондын ижилсэл, бусдаас ялгарах ялгарлаа шинээр цогцлоож байна. Жишээ нь, эднээс хамгийн амжилттай явж байгаа улс орон БНХАУ юм. Жишээ нь манай хилийн цаахна байгаа, бидэнтэй угсаа гарвал, хэл соёл нэгтэй өвөр монголчуудыг харъя. Уламжлалт ёс заншилд монгол ахуй соёл тодорхой хэмжээгээр хадгалагдсан, монгол хэлээ мартаагүй байгаа хэдий ч тэд өөрсдийгөө хэн бэ гэдгийг тодорхойлж байгаа нь биднээс өөр байна. Сүүлийн 40 жилийн турш үндэстнийхээ ижилслийг бүтээх нь Хятадын төрийн бодлогын салшгүй нэг хэсэг байсан учраас өвөр монголчууд өөрсдийгөө биднээс өөрөөр тодорхойлж, ирээдүйгээ биднээс өөрөөр төсөөлж байна. Харин Монгол Улс бодлогогүйгээсээ болоод өөрсдийн үндэстний нэгдмэл чанараа алдаж байгаа орны тоонд зүй ёсоор тооцогдоно. ХХ зуунд социалист системийн үед Монголын соёл уламжлалын үлэмж хэсгийг устгаснаар гадны соёл нэвтрэхэд түүнийг эсэргүүцэх дархлаагүй болчихсон. Ардчилсан хувьсгалаас хойш Монгол Улсад барууны, Азийн зарим орны, тухайлбал Солонгосын соёлоос хоол, хувцас, үг хэллэгийн хэв шинж чөлөөтэй нэвтрэх болсон. Ингээд монголчууд бид нэгдмэл хэв шинжээ алдаж байгаа, эрээвэр хураавар үндэстэн болж хувирч байна. Одоо бид өөрсдөө улс үндэстнийхээ айдэнтити буюу ижилслийг дахин тодорхойлох зайлшгүй шаардлагатай тулгарч байна. Дэлхийн улс орнуудад сүүлийн үед түгэж байгаа хандлагаар бол, тэд хэн бэ гэдгээ хэн байхыг хүсэхгүй байгаагаараа ирээдүй цаг дээр тодорхойлж байна л даа. Манайхан хэзээнээсээ муухай үйл хийсэн хүнийг “Монголоо алдсан амьтан” гэдэг байсан шиг. Жишээ нь, хулгайч, луйварчин, худалч, залхуу, бүдүүлэг биш байхыг хүсэмжилсэн утгаар, Монгол гэдэг агуулгаас муу муухайг зайлуулж холдуулах утгаар нь харах ёстой юм. Монгол хүн ийм тийм гэхээсээ монгол хүн хулгай хийдэггүй юм, худал хэлдэг бол тэр монгол хүн биш юм, залхуу хойрго л бол монгол зан биш дээ, бид соёлгүй ард түмэн биш юм гэж нэрээ цэвэрхэн байлгах гэдэг хүний зан дээр ялгарах үзлийг зохион байгуулалттайгаар, бодлоготойгоор 30-40 жил залгаж авч явбал монгол хүний яс чанар, сэтгэлгээний хэв шинж тогтоно. Улс үндэстэн өөрийнхөө бусдаас ялгарах байдлаа иргэдийнхээ мөн чанар, яс чанарт шингээхийн тулд ерөнхий боловсролын сургуулийн хөтөлбөрт суулгаж, бүхэл бүтэн үеийг нэг итгэл үнэмшилтэй, нэгдмэл үнэт зүйлтэй болгодог. Энэ нь өвлөгдөж тухайн үндэстний соёл, заншил болж уламжлагддаг. Аль ч үндэстний хувьд үүнийг хийж чадах ганцхан субьект нь төр.         

-Монгол Улс хөгжил дэвшлийн дардан зам дээр гарахад иргэд бид юу хийх ёстой гэж боддог вэ?

-Ардчилсан тогтолцоо бол иргэн хүн дээр тогтдог амьдрах хэв маяг. Ардчилсан тогтоцоонд хүн бүр хэрсүү байх ёстой. Тэгж байж энэ тогтолцоонд иргэд төрөө хянаж, улс орны хөгжлийн зам тодорхой болдог. Тийм ч учраас улстөрчдийг, тэдний бодлого үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгч чаддаг иргэн, иргэний нийгэм хэрэгтэй. Өнөөгийн улс төрд хуурамч дүр үзүүлэгчид, эх орончийн дүрийн ард нуугдсан хулгайч нар зонхилж байна. Тэдний үнэн мөнийг илчилж, багийг нь хуулж чаддаг сэтгүүл зүй, иргэний нийгэм, тэднийг таних чадвартай иргэн алтнаас ч үнэтэй. Үүнийг зөвхөн мэдлэг эзэмшиж байж, хэрсүүжиж байж л хийж чадна. Иргэн нь хуулийн өмнөх тэгш байдал нэхэхээр өмнөөс нь хүнсний тэтгэмж, баян хүний өмчийг хурааж шударга ёс тогтооно хэмээн хөмсөг зангидаж шүлсээ үсчүүлсэн хулхи эх оронч, хулгайчдыг таних чадвартай болох нь иргэн бүрийн үүрэг гэж бодож байна. Тэр цагт Монголын төр цэвэршиж, Монгол Улс хөгжлийн дардан зам дээр гарна.   

-Ерөнхий сайд У.Хүрэлсүх уул уурхайн салбар дахь төрийн эрх мэдлийг дөвийлгөн харуулах мэдэгдлүүд болон алхмуудыг хийж байгааг Та хэрхэн үзэж байгаа вэ. Хөрөнгө хураах тал дээр соошлд маш олон дэмжигч гарч ирсэн?

-Бүх зүйл хуулийн дагуу байх ёстой. Шударга ёс, эх орон нэрийн дор хуулиас гадуур нэг ч алхам хийж болохгүй. Би сая “Адагт үлдсэн тэрбум” номыг зохиосон Оксфордын профессор Пол Коллертой уулзахдаа Монголын өнөөгийн нөхцөл байдал, яг одоо болж буй үйл явдлын талаар ярилцаж хэдэн асуулт асуусан юм. Тэгээд ямар дүгнэлтэд хүрснээ хэлье л дээ. Монгол Улс буруу замаар алхаад эхэлжээ. Энэ үзэгдэл дэлхийд шинэ биш. Хойд Африк, өмнөд Америкийн зарим орон өнгөрсөн зууны хагасаас хойш туулсан маш хохиролтой зам шүү дээ. Төрийн институцүүд УИХ, Засгийн газар ажиллах чадамжгүй болчихлоо. Засгийн газрын байгууллагууд, тухайлбал хууль хүчний байгууллагууд улстөржиж хуваагдаж байна. Энэ нь хууль хэрэгжихээ болих нөхцөл бодитой нүүрлэлээ гэсэн үг. Ийм нөхцөлд юу болдог вэ гэвэл, юуны өмнө баялгийг нийгэмчилж, тэндээс олсон мөнгөөр өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг мөн төрөөс тогтоож өгдөг. Орлого багатай иргэний нүдээр харах юм бол энэ нь баячуудын хөрөнгийг ард түмэнд хувааж шударга ёсыг тогтоож байгаа мэт зүйл. Ийм популист улс төр эдийн засгийг бүрэн сүйрэлд оруулдаг. Дараа нь баялгийг гартаа оруулсан төрийн компаниуд авилгын үүр уурхай болно. Энэ үед эрх мэдэлтнүүд авилга хээл хахуулиа нуун дарагдуулахын тулд хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн цахим сүлжээг боомилохоос аргагүйд хүрдэг. Ингэж дарангуйлал тогтдог. Яг одоо хамгийн тод жишээ нь Венесуэль. Манайх түүний замаар орж яваагийн суурь хүчин зүйлс бүрдчихлээ. Одоо жагсаал зохион байгуулж байгаа УИХ-ын гишүүд ил тодоор улс төрийн дэглэмийг өөрчилнө гэж ярьж байна. Монголд улс төрийн дэглэм өөрчлөх тухай яриа бол өнөөгийн ардчилсан тогтолцоог өөрчилнө гэсэн үг. Энэ нь хоёргүй утгаар ардчилсан тогтолцоог тоталитар системээр солино гэсэн агуулгатай, Үндсэн хуулийн эсрэг зүйл ярьж байна. Улс үндэстнээрээ ямар үнэ төлж туулах хохиролтой замд уриалж байгаагаа тэд өөрсдөө ч төсөөлөхгүй байх шиг.

-Шударга ёс шаардаж, МАНАН дэглэмийг нураая л гээд байгаа шүү дээ?

-У.Хүрэлсүх ба түүний тойрон хүрээлэгчид баян хүнээс, уул уурхайн томоохон ордын лиценз эзэмшигчдээс юмыг нь аваад хүмүүст тарааж өгөхийг шударга ёс гэж тайлбарлаад байгаа юм. Гэтэл эгэл жирийн монгол хүмүүс хууль надад ч, чамд ч бүгдэд яг ижилхэн үйлчилдэг байхыг шударга ёс гэж ойлгоод, түүнийгээ л улстөрчдөөс хүсэж шаардаад байгаа юм. Ойлголтын ийм зөрүү дэх бүхэл бүтэн орон зайг “шударга ёс” гэдэг ганцхан үгээр тайлбарлавал том алдаа гарна.

-Жишээ нь, Нямтайшир гуайн нэр сүүлийн үед их гарч байна л даа. Түүн шиг баялгийн эзэд эзэмшиж байгаа лицензүүдээ хууль ёсны дагуу авсан, эсэхэд хүмүүс эргэлздэг учраас У.Хүрэлсүхийг дэмжигчид олон байх шиг?

-Би дээр ч хэлсэн бүх зүйл хуулийн дагуу байж шударга ёсны тухай ярина. Хуулийн дагуу шалгах шаардлага гарвал шалгах л ёстой. Нэг хэсэг нь хууль бусаар баяжаад, нөгөө хэсэг нь ажлаа тараад харьж явахдаа хоногийн хоолондоо санаа зовдог байж таарахгүй. Бидний амьдарч байгаа өнөөгийн Монголын нийгэм шинэ зууны улс төрийн бодлоготой харьцуулахад адгууслаг байгаа нь үнэн. Бодлогын сонголтын л асуудал. Гэхдээ хууль бусаар хувийн өмч хурааж хэрхэвч болохгүй. Нийгмийн баялгийн хуваарилалт гэдэг чинь өөрийн онолтой, хуультай. Татварын орлогыг нийтийн тусын тулд зөв зохистой зарцуулах харилцаа чинь МАН-ын өөрийнх нь үзэл баримтлалд ч байдаг зүйл. Өмч хураана гэж популизм хийхийн оронд хуулийн дагуу явж байгаа бизнесээс татвараа аваад явах нь соёлжсон нийгмийн харилцаа шүүдээ.

-Монголд Орос, Хятад маягийн улс төр, эдийн засгийн систем тохирох уу? Олон хүн төрийн оролцоо илүү байх ёстой гэж үздэг боллоо. 

-Би тэгж боддоггүй. Харамсалтай нь өнөөдөр тэгж итгүүлэхийг хүсэгчид олон болж байх шиг байна. Орос, Хятадын аль аль нь ардчилсан тогтолцоотой улс биш. Эрх чөлөөт нийгэмд өсч бойжсон, ийм нийгмийн харилцаанд хөдөлмөр эрхлээд, бизнес хийгээд яваа хүмүүс дарангуйллын тогтолцоог тэсвэрлэн амьдрахгүй. Улс төр геополитикийн онолуудад улс төрийн дэглэмийг дотоод хүчин зүйлс, иргэд нь, улс төрийн намууд нь, төрийн институцүүдийн чадавх нь тодорхойлдог гэж үздэг. Монгол Улсын хувьд парламентын ардчиллаа төлөвшүүлэх нь илүү чухал зорилт. Харамсалтай нь өнөөдөр засаглалын, бүр улс төрийн тогтолцооны өөрчлөлт ярьдаг хүмүүс олон болж байна. Иймэрхүү яриа улс төрийн тогтворгүй байдал л авчрахаас хэтрэхгүй. 


Зохиосон юм шиг түүх гэвэл Оксфордод сурсан маань л юм даа

-Ярилцлагынхаа төгсгөлд өөрийн чинь тухай асуумаар байна. Би Таныг хөдөөгийн суманд төрж өссөн, дунд сургуулиа төгсөөд адуу маллаж байсан гэж сонссон. Яаж Оксфорд хүртэл явсан түүх тань сонирхол татаж байна?

-Адуу л маллаж байсан юм биш шүү дээ (инээв). 44 дээр цемент буулгаж явлаа. Тэгээд талхны үйлдвэрт гурил зуурагчаар ажиллаж байв. Үсчин ч болж үзсэн. Ямартай ч тэнгэрт тэтгэгдэнэ гэж хүлээж зүгээр суугаагүй. Тухайн цаг үедээ хийх шаардлагатай гэж бодсон зүйлээ л хийж ирсэн.  

-Улстөрч болохын тулд зохиосон юм шиг түүх байна даа?

-(Инээгээд) Зохиосон юм шиг гэвэл Оксфордод сурсан маань л тэгж санагдаж магадгүй юм даа. Аравдугаар анги төгсөх баярт манай сумын сургуулийн захирал Эрдэнэ-Очир “Та нар хичээж зүтгэсэн хүн бүр амжилтад хүрдэг гэдгийг санаж яваарай. Өмнөх нийгмээс ялгаатай нь энэ нийгэм бол хүмүүсийг соортолж ялгаад өгдөг шударга дэглэм шүү” гэсэн утгатай үг хэлсэн юм. Надад маш хүчтэй сонсогдсон хэсэг нь энэ байсан. Манай аав МСДН-ын гишүүн, “Үг” сонин их уншина. Багаасаа уншсан сонин маань тэр байсан болоод ч тэр үү, ардчилсан нийгмийн тогтолцоонд талархаж өссөн гэж өөрийгөө боддог. Миний өнгөрсөн амьдралдаа хэзээ ч ухраагүй нэг зүйл бол суралцах. Би хар бор ажил хийж явахдаа ч, сурч байхдаа ч, одоо ч гэсэн суралцах үйл явцаас хойш суудаггүй. Бидний өнөөдрийн амьдарч байгаа нийлмэл нийгмийн тогтолцоонд аль салбарт ажиллаж байгаагаасаа үл хамааран хүн тархиндаа наад зах нь 1500 орчим ойлголтыг хийж байж амжилттай ажиллаж амьдарч чадна. Би үүний төлөө ухрахгүй явсан. Математикийн томъёонуудаас эхлээд нийгэм, эдийн засаг, улс төрийн нарийн түвэгтэй ойлголтуудыг ухаж ойлгохын тулд суралцсаар л явна. Тиймээс л Оксфорд хүрсэн байх даа. 

-Оксфорд, Харвард төгссөн гэхээр дэргэдэх курс нь биш биз гэж асуухгүй бол хүмүүс лавлаж магадгүй юм?

-Би Английн Засгийн газрын 100 хувийн тэтгэлэгээр Оксфордын их сургуулийн магистрын хөтөлбөрт хамрагдсан. Засгийн газар нь курсэд тэтгэлэг өгдөггүй юм билээ (инээв).


Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
0
1
0
0
0
0
3

Сэтгэгдэл бичих (3)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2019.01.29 66.181.161.7

Энэ хүнийг их эртнээс мэднэ. Мэдлэг чадварын хувьд яах аргагүй урдаа барих хүмүүсийн нэг. Эргэн тойрныхноос нь асуувал энэ хүний талаар муу үг хэлэх хүн олдохгүйдээ.Хувийн амьдрал нь харин ээдрээтэй санагддаг. Ямар ч байсан амиа хорлоно гэж айлгасан хүнтэй хамт амьдарч өөрийнхөө амьдралыг үрэх хэрэггүй байсын. Гэхдээ өөрийнх нь л шийдвэр юмдаа.

0 Хариулах


Зочин 2019.01.29 202.126.89.43

Yasan ichdeggu yum be de. Emegtei hunii tarhig hagaldag, olon ehner solidog, oxford-d uneher sursan eseh n ch ergelzeetei iim hun uls ornii hetiin tuluv, ireeduig yariad yavj boloh ch yumu gu ch yumu..

3 Хариулах


Зочин 2019.01.29 66.181.161.7

Huniig harluulah geed yadchih yumaa. Surch bhad ni ochij uulzaj blaa

0 Хариулах


Зочин 2019.01.29 64.119.24.154

Sain medehgui hund bol yamr mundag medleg chadvartai hun be gemeer. Meddeg humuust bol iimerhuu zavhai, hudalch hoer nuurtei humuus shudraga es, es zui yariad uls turd oroh geed yavj baih gej. Emgeneltei ch yumaa daa. Oxford yumuu uur delhiid nertei surguild suraad l mundag hun bolchihguishuu dee. Huniig hun chanar l jinhen hun bolgodoh baihad iimerhuu hun chanargui humuus...emgenel

3 Хариулах