Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Ц.Нямдоржийг эцсийн үгээ хэлтэл “зовоосон” нь Г.Занданшатар болов

Г.Занданшатарыг УИХ-ын даргад дэвшүүлэхийг 100 хувийн саналаар дэмжив.


УИХ-ын шинэ даргыг нэрлэхээр МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр Төрийн ордон дахь Ерөнхий сайдын өрөөнд шуурхай хуралдаж ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатарыг УИХ-ын даргад дэвшүүлэхийг 100 хувийн саналаар дэмжив. Удирдах зөвлөлийн энэхүү шийдвэрийг УИХ дахь МАН-ын бүлгээр хэлэлцэх бөгөөд бүлгийн хурлыг өнөөдөр 18 цагт товлосон байна. 

УИХ-ын дарга М.Энхболд чөлөөлөгдсөнөөр “төрийн гурван өндөрлөг”-ийн нэгэн суудал онгойж, оронд нь хэн энэ албыг хаших вэ гэсэн таамаг олон нийтийн дунд дэвшсэн бол, УИХ-ын гишүүнээр сонгогдсон МАН-ын гишүүдийн, тэр дундаа манай Нямка мэтийн ахмад настай болон нэгээс олон сонгогдсон гишүүдийн дунд өөрийгөө дэвшүүлэх өрсөлдөөн ширүүсээд авлаа. Горилогсдын тоонд эхэндээ 2-3 нэр сонсогдож байсан бол сүүлдээ гарын арван хуруу гозойхоор олуул болов.

Ц.Нямдорж, Д.Оюунхорол нар УИХ-ын даргад өрсөлдөхөөр өөрсдийн нэрийг санал болгосон боловч МАН-ын дарга У.Хүрэлсүх Удирдах зөвлөлд нэг л хүнийг уламжилсан нь Г.Занданшатар байсан бөгөөд тэрбээр өрсөлдөгчгүйгээр спикерт дэвшлээ.    

УИХ-ын дарга М.Энхболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх үйл явц хоёр сар үргэлжлэхдээ МАН-ын дотоод хагарлыг гүнзгийрүүлж, нийгмийн бухимдалд суурилсан томоохон жагсаал цуглаан хийн хямралт байдал үүсгэсэн учраас дараагийн спикер хэн байх тухай сэдэв өнгөрсөн өдрүүдийн гол дуулиан байсан юм. МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх УИХ-ын дараагийн даргад ЗГХЭГ-ын даргаар ажиллаж буй Г.Занданшатарыг өрсөлдөгчгүйгээр дэвшүүлэхээр санал оруулсан нь өнөөг хүртэлх таамагт байгаагүй хувилбар юм.   

Хууль зүйн сайд Ц.Нямдорж өнөөдөр эцсийн үгээ хэлэхээр төлөвлөж байгаагаа мэдэгдлээ. УИХ-ын хамгийн өндөр настай, туршлагатай, ард түмэндээ өөрийн зүгээс үхэхээс бусдыг үзүүлж яваа эрхэм улстөрч ийн айлдсан нь айдас хүйдэс биш юм гэхэд тааламжтай сайхан сэтгэгдэл төрүүлсэнгүй. УИХ-ын даргад нэр нь яригдаж, өөрөө ч байдаг чадлаараа зүтгэсэн Хууль зүйн сайд Ц.Нямдорж сэтгүүлчийн асуултад “Би УИХ дахь МАН-ын бүлэг, Удирдах зөвлөлийн хуралдаа эцсийн үгээ хэлнэ” гэж байв. Ц.Нямдоржийг эцсийн үгээ хэлтэл “зовоосон” хүн нь Г.Занданшатар байсан ажээ.

ЗГХЭГ-ын дараагийн даргаар УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан очих магадлалтай.

МАН-ын Удирдах зөвлөлөөс УИХ-ын даргад нэр дэвшсэн Г.Занданшатарын намартай танилцана уу. 

Сургууль, мэргэжил:

1987 онд 10 жилийн 77 дугаар дунд сургууль,

1992 онд ОХУ-ын Эрхүү хотын Улсын ардын аж ахуйн дээд сургуулийг санхүү эдийн засагч мэргэжлээр,

2012 онд ОХУ-ын Байгалийн Эдийн засаг, эрх зүйн улсын их сургууль төгссөн. 

Ажил, албан тушаал:

1992-1995 онд Зах зээлийн коллеж (ХҮДС) Маркетинг бизнес судалгааны төвд судлаач, Санхүү-эдийн засгийн тэнхимд багш,

1995-1998 онд Хөдөө аж ахуйн банкинд эдийн засагч, Валютын хэлтсийн ажилтан, Бүтцийн өөрлөлтийн менежер, Валютын хэлтсийн захирал,

1998-2000 онд Монголбанкны Сургалтын төвийн менежер, Хөдөө аж ахуйн банкинд Монголбанкны бүрэн эрхт төлөөлөгч, Эрх хүлээн авагчийн багийн гишүүн,

2000-2003 онд ХААН банкны дэд захирал,

2003-2004 онд Монгол Улсын Хүнс Хөдөө аж ахуйн дэд сайд,

2004-2008 онд УИХ-ын гишүүн,

2008-2012 онд УИХ-ын гишүүн,

2009-2012 онд Гадаад харилцааны сайд,

2012-2013 онд МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга,

2013-2015 онд АНУ-ын Стэнфордын их сургуулийн Хөгжил, ардчилал хуулийн засаглалын хүрээлэнд судлаач, 

2016 оноос УИХ-ын гишүүн

2017 оноос Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2024.03.13
2030 он гэхэд авлигыг үл тэвчих соёл бэхжинэ гэж үзжээ
2
2024.03.12
"Ногоон автобусны" хэргийг шүүхэд шилжүүллээ
3
2023.12.22
The New York Times | “Turning Points-2024” сэтгүүлээс алдаж үл болох 10 нийтлэл
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
1
0
0
0
0
0
0