Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

65 нас хүрсэн Жон Траволтагийн тухай 20 баримт

Нас ахих тусам чи өөрийгөө шинэ мөрөөдөлтэй бол гэж шахаж, шаардах хэрэгтэй.


Өнөөдөр Америкийн жүжигчин Жон Траволта 65 нас хүрч байна. Түүний тоглосон олон сайхан киног бид мэднэ. Жон дуулж, бүжиглэж, онгоц жолоодож чаддаг. Гэхдээ дэлгэцэнд гардаг Траволта жинхэнэ амьдрал дээрх Траволтагаас өөр болов уу? Ингээд Жоны талаарх 20 баримтыг хүргэж байна.

1. Түүний ээж Хелен жүжигчин, дуучин хүн байсан. Жон багаасаа ээжийнхээ тоглолт, бэлтгэлийг үзэж өссөн бөгөөд ээж нь түүнийг жүжигчний дугуйланд оруулж байв.

2. Аав Сальваторе нь итали хүн бол ээж нь ирланд гаралтай. Сальваторе Нью Жерсид "Travolta Tires" нэртэй машин засварын газар ажиллуулдаг байв.

3. Траволтаг итали гаралтай америк хүн гэж нэрлэдэг ч тэр өөрөө "Ирландын соёл надад илүү их нөлөөлсөн" гэж ярьдаг.

4. Жон Траволта католик шашинтан, Ням гараг бүр сүмд очдог байсан. Гэвч 1975 онд "Dianetics" номыг уншаад Scientology-д эргэлт буцалтгүй оржээ.

5. 16 настайдаа "Bye Bye Birdie" мюзиклд тоглож, анхны цалингаа авсан. 3 сард 100 долларын гэрээ байгуулж байжээ.

6. Траволта 1971 онд сургуулиа хаясан. Ширээний ард хичээл хийж сууснаас дуулж, бүжиглэж, кинонд тоглосон нь дээр гэж 17 настай хөвгүүн үзсэн юм.

7. Траволтагийн дуртай жүжигчин бол Жеймс Кэгни.

8. Дуртай кино нь Клод Лелушийн "A Man and a Woman" (1966). Харин багадаа "Yankee Doodle Dandy" (1942) үзэх дуртай байжээ.

9. Өөрөөсөө 18 насаар эгч бүсгүйд дурласан. 1976 онд нэгэн кинонд ээж, хүүгийн дүрийг хамтдаа бүтээсэн жүжигчин Дайана Хайлендтэй тэр үерхэж эхэлсэн. Гэвч 1977 онд  Хайленд Траволтагийн гар дээр хорт хавдраар нас барсан юм.

10. Жон Траволта нэг удаа өөрийгөө 200 сая долларын үнэтэй гэж хэлж байв.

11. "Saturday Night Fever" киноны бүжгийн хэсэгт тоглохдоо тэр бүтэн 9 сар бэлтгэл хийсэн.


12. Дээрх киноны бүжгийн хэсгийг Жон өөрөө зохиож найруулсан гэдэг. Бүжгийн найруулагч нь ажилдаа ирээгүй тул Траволта хүссэнээрээ бүжиглэсэн, хэн ч анзаараагүй байна.

13. Холливудын продюсер нарын дунд "Траволта тоглохоос татгалзвал Ричард Гирийг дууд. Энэ кино амжилт олно" гэсэн яриа байдаг. Үнэхээр ч "Чикаго", "American Gigolo", "An Officer and a Gentleman" киноны гол дүрд уригдсан ч Жон татгалзаж, оронд нь ирсэн Гир амжилт олж байлаа.

14. Жон Траволта "Splash" кинонд тоглох гэж байсан ч агент нь болиулсан байна. Оронд нь Том Хэнкс тоглож, маш их мөнгө олсны дараа Жон ихэд харамсаж байжээ.

15. 1980-аад онд жүжигчний замнал нь бүүдийх тийшээ хандаад эхэлсэн үед нь түүнд Тарантино "Pulp Fiction" киноны дүр өгсөн юм. Энэ дүр байгаагүй бол Жон одоо яаж байх байсныг бурхан л мэдэх буй заа. Scientology-ийн хамт олон нь энэ киноноос татгалз гэж шаардаж байсан гэдэг.

16. Жон Траволта гүнж Дианатай бүжиглэж байсан. Цагаан Ордонд болсон Ерөнхийлөгч Рональд Рейганы хүлээн авалтын үеэр тэд бүжиглэсэн билээ.

17. Дианатай бүжиглэснээ тэр амьдралынхаа хамгийн чухал хэсгийн нэг гэж үздэг.


18. Тэр онгоцны нисэгч хүн. 5 онгоцтой. 2010 онд Хайтид болсон газар хөдлөлтийн хохирогчдод хүргэж өгөх буяны ачааг өөрийн Боинг онгоцоор өөрөө удирдан хүргэж өгч байлаа. 1992 онд жолоодож явсан онгоц нь аянганд цохиулж, үхэх шахсан удаатай.

19. Опра Уинфри бол түүний үнэнч шүтэн бишрэгчдийн нэг. "Жон бол энэ дэлхийн хамгийн сонирхолтой, хамгийн ухаантай хүн" гэж Опра ярьж байв.

20. Жон Траволта зохиолч хүн. Сэтгэл зүйн талаар хэд хэдэн ном хэвлүүлсэн.

Жон Траволтагийн 10 эшлэл

1. Нас ахих тусам чи өөрийгөө шинэ мөрөөдөлтэй бол гэж шахаж, шаардах хэрэгтэй.
2. Зарим хүн энэ дэлхийд хэт мэдлэгтэй ирдэг тул тэднийг анх удаа амьдарч байгаа гэхэд итгэхэд бэрх байдаг.
3. Хүний амьдрал 30 нас хүрээд хэлбэр дүрстэй болж ирдэг. Хэн гэдгээсээ болж, уучлал гуйх хэрэггүй болдог.
4. Миний сайн чанар уу? Тунгалаг нүд минь. Юу бодож байгааг минь нүдээр минь шууд уншиж, мэдэж болно.
5. Ихэнх хүн хайр дурлалын харилцааг бий болгох хэрэгтэй гэдгийг мартдаг. Эхний жилүүдийн "уралдаан" ард үлдсэний дараа харилцаагаа шинэчлэх хэрэгтэй. Тэгэхгүй бол юу ч үгүй хоцроно шүү.
6. Хэрэв би зөв зүйл хийгээд, сэтгэл зүрх минь цэвэр ариун байвал амьдрал сайхан болно гэж би итгэдэг.
7. Жинхэнэ амьдрал киноны амьдрал шиг үзэсгэлэнтэй сайхан биш. Маш богино хугацааны дотор баатрууд нь хэдэн сая цэцгэн дундуур явдаг. Харин энэ цэцгээр жинхэнэ бодит хүний амьдралыг чимэхийн тулд 4 жил ч хэрэгтэй болно.
8. Би далдын хүчин зүйлд итгэдэг. Ямар хэлбэртэйг нь мэдэхгүй. Гэхдээ сансар дэлхий далдын хүчгүй оршин тогтнож чадахгүй гэж боддог.
9. Юу ч хийсэн бүтэхгүй байх үед тактикаа шинэчлэх хэрэгтэй.
10. Дээр үед бид одоогийнх шиг жилд 3 кино хийдэггүй байсан. 3 жилд 2 кино бүтээдэг байлаа. Киноны зураг авалт хооронд маш их зайтай тул цаг нөхцөөх гээд янз бүрийн юм хийнэ. Би хийл тоглож, зургийн дугуйланд суралцаж, франц хэлний хичээл хүртэл хийж байсан. Ямар нэг юм хийхгүй бол уруу татагдах, гайд унах магадлал өндөр байсан.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
3 цагийн өмнө
4 дүгээр сарын цаг агаарын урьдчилсан мэдээ
2
4 цагийн өмнө
Баасан гарагийн 15 цагаас эхлээд хүмүүсийн ааш хоёр дахин сайхан болдог
3
5 цагийн өмнө
Кино тэмдэглэл: "Into the Wild" киноноос сурах юм их бий
санал болгох
1
6 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
3
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.