Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Тойм: Энэ сард улс төрд өрнөсөн жигтэй, дуулиантай 7 үйл явдал

Баянхонгорт боломжоос Улаанбаатарын шинэ Мээр хүртэл


2019 оны хоёрдугаар сард Монголын улс төрд болж өнгөрсөн олон үйл явдлаас дараах 7-г онцоллоо. 

Нэг. Баянхонгорынхон баярлав

Сарын эхний өдөр УИХ-ын даргаар Г.Занданшатар томилогдсон нь Баянхонгор аймгийнхны баяр болж хувирав. Тус аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн М.Билэгт М.Энхболдыг огцруулах үйл явцыг шүүмжилснээрээ онцгойрч байсан бол Г.Занданшатарт спикерийн алх шилжмэгц ихэд баярлав. “Манай Баянхонгорынхны хувьд түүхэн боломж тохиож байна. Төрийн гурван өндөрлөгийн хоёр нь Баянхонгорынх боллоо” хэмээх алдарт эшлэлээ тэр УИХ-ын шинэ дарга Г.Занданшатарт зориулсан юм. Харин мөн л Баянхонгороос сонгогдсон Л.Элдэв-Очир гишүүн “Та Ерөнхийлөгч Х.Баттулгатай нэг нутгийнх гэдгээр хоорондоо хуйвалдаж болохгүй. Баянхонгорчууд төрийн эрх мэдлийг барьж байхад улс орон уруудсан гэдэг үгийг монголчууд сонсохыг хүсэхгүй байна. ҮАБЗ-ийн гишүүний хувьд эрх мэдлийнхээ эрэмбийг зөв ойлгож, хэн нэгний нөлөөнд автахгүй ажиллах учиртай шүү” гэж нутгийн дүүдээ захив. 

Хоёр. “Нөгөө” тав сайн яваа

МАНАН дэглэмийг түлхэнн унагах тэмцэлд нэгдсэн УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Л.Болд, Т.Аюурсайхан, Ж.Батзандан, Х.Нямбаатар нар зорилгодоо хүрч, М.Энхболдыг УИХ-ын даргаас огцруулснаар тэдний дараагийн алхам юу болохыг хүмүүс сонирхож байгаа. Өэлүн эхийн багцалсан таван сум, ард түмний хайртай хөвгүүд, таван хуруу баг гэхчлэн зарим хүмүүст хүндлэгдэж, заримд нь хочлогдож буй УИХ-ын гишүүдийн нэг Л.Оюун-Эрдэнэ ЗГХЭГ-ын даргаар томилогдлоо. Тэрбээр бондуудын эргэн төлөлт зэрэг чиглэлээр Хөгжлийн банкинд шалгалт оруулав. Түүнчлэн Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой баримтуудыг нягтлахаар болсны зэрэгцээ 1992 оноос эхлүүлсэн өмч хувьчлалын үр дүнг судалж, дүгнэх ажлын хэсэг томиллоо. Энэ дагуу ажлын хэсэг нийт  928 обьектыг нэг бүрчлэн шалгахаар болсон байна. Үлдсэн дөрөв нь үндсэн зорилгоосоо огт хазайхгүй, хором ч амсхийхгүй тэмцсээр байгаагаа хэвлэлээр илэрхийлсээр буй. 

Гурав. Жидүүчдийг уучлав

ЖДҮС-гаас зээл авч зориулалт бусаар ашиглан хөрөнгөө зузаатгасан УИХ-ын гишүүд, эрх мэдэлтнүүдийн нэрс тодорхой зарлагдсан учраас тэдэнд хариуцлага тооцох хүлээлт амь бөхтэй байна. Гэвч энэ хүлээлтийн хариуд МАНАН бүлэглэл, 60 тэрбумын толгойлогч М.Энхболдыг зайлуулж уул шиг том ажил хийсэн байхад жидүү юу юм бэ, жижгхэн овоо шүү дээ гэх хандлага тогтож орхив. Ерөнхий сайд У.Хүрэлсүх Зам тээвэр, хөгжлийн сайд Я.Содбаатар андаараа “туг тахиж” албан тушаалаас нь чөлөөлснөөс өөр дорвитой алхам хийсэнгүй. Харин жидүүчин-УИХ-ын гишүүдэд хариуцлага тооцохыг шаардсан “Бид уучлахгүй” цахим жагсаалын давалгаа УИХ-ын 2020 оны сонгуулийн дүнд нөлөөлж, МАН-д цохилт болох хэмжээнд эрчээ авахыг үгүйсгэхгүй. 

Дөрөв. ШХАБ-ыг бултаараа авч хэлэлцэв 

Нэг л өглөө цахим сүлжээ ашигладаг монголчууд өөрийн мэдэлгүй олон улсын харилцаа, геополитик судлалаар мэргэшсэн байдалтай сэрсэн юм. Ярианы сэдэв Монгол Улс ШХАБ-д элсэнэ, элсэхгүй. Энэ тухайд хүмүүсийн хэрүүл хил хязгаараа эвдэн хоёр хөршөө элдэвлэн зүхэж дуусах үед Гадаад хэргийн яамны үе үеийн сайд нар, Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайдаар ажиллаж байсан хүмүүсийн мэдэгдэл өөр өөрийн сүлжээгээр нэвтрэв. Судлаачид тоймтой дуугарч эхэлснээр ШХАБ-ын хэлэлцүүлэг харьцангуй намжиж байгаа хэдий ч үргэлжилсээр. 

Тав. Х.Баттулга ба Ц.Элбэгдорж

Хэсэг хугацаанд чимээгүй байсан Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж “цаг үеийн” асуудлаар сэтгүүлчдэд ярилцлага өгсөн нь өнгөрсөн сарын халуун үйл явдлуудын нэг болсон билээ. Эбэгийн энэ удаагийн эргэн ирэлт Ерөнхийлөгч Х.Баттулгатай холбоотой байв. Төрийн өндөр албан тушаал хашиж байхдаа Ц.Элбэгдорж Тавантолгойг гадныханд 100 жилээр хууль бусаар өгөх хуйвалдааныг гардан зохион байгуулсан хэмээн Х.Баттулга иргэнийхээ хувиар шалгуулах 178 хуудас баримт бүхий хүсэлтийг нэгдүгээр сард Ерөнхий прокурорт өгсөн. Үүний дараа Ц.Элбэгдорж Х.Баттулгын “арьсыг хуулсан” хурц мэдэгдлүүдээ олон нийтэд хүргэсэн бөгөөд Монголыг ШХАБ-д элсүүлэх гээд байгаа гол буруутнаар Эбэ Х.Баттулгыг нэрлэсэн юм. Тэрбээр түүнчлэн одоогийн Ерөнхийлөгчийг хоёргүй утгаар хулгайч гэж үздэгээ тодорхой баримтуудаар нотлон өгүүлэв. Үүнээс хэдхэн хоногийн дараа Ц.Элбэгдорж Тавантолгойн орд газартай холбогдсон асуудлаар гэрчийн мэдүүлэг өгөхөөр АТГ-т цаг орчим саатсан тэр өдөр “Хуулийн байгууллага дуудахад зангиагаа зүүгээд, гутлаа тослон гэрээсээ гарав” гэсэн түүний жиргээ цахим сүлжээнд эрчийг авав.

Ц.Элбэгдоржийн нэг цаг 47 минутын ярилцлагад нэрээ 79 удаа давтуулснаас гадна Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын дарга Г.Занданшатараас ээлжит бус чуулган зарлан хуралдуулахыг шаардсан нь хоёрдугаар сарын улс төрийн агуулгыг тодорхойлох нэг чухал сэжим болов. Түүний албан бичигт “Иргэд, олон нийт эрх баригч нам, УИХ, Засгийн газар болон холбогдох бусад төрийн байгууллага, албан тушаалтнуудаас “хууль тэгш үйлчилж, хэлбэрэлтгүй хэрэгждэг” шударга нийгмийг цогцлоох дорвитой бодлого, шийдэл хүлээж, шаардаж байна” гэсэн байв. 

Зургаа. Гишүүдийн ажлын тайлан

УИХ-ын намрын чуулган завсарлав. Гишүүд одоо сонгогдсон тойрогтоо очиж, ажлаа тайлагнаж байгаа. УИХ 40 гаруй хоногоор гацаж, хэлэлцэхээр төлөвлөсөн 23 хууль, тогтоомжийн төслийн дийлэнхийг нь хэлэлцэлгүй орхин завсарласан бөгөөд шийдэл хүлээж байгаа нийгэм, эдийн засгийн амин чухал олон асуудлууд хойшлогдсон билээ. Иргэд өөрсдийн сонгосон гишүүдтэйгээ уулзахдаа ЖДҮС-гаас зээл авсан бол түүнийгээ эргүүлэн төлсөн, эсэх гэхчлэн олон хурц асуултаар булж байгаа сурагтай. 

Энэ удаа УИХ-д 2012 оноос хойш хоёр дахь удаагаа Дундговь аймгаас сонгогдон ажиллаж байгаа Б.Наранхүү гишүүний ажлын тайлан олны анхаарлыг ихээхэн татаж, шүүмжлэлийн бай болов. 

Долоо. МАН мээр боллоо 

Улаанбаатар хот даргатай болох гэсэн биш С.Мөнхчулуун хэмээх олны үл таних С.Мөнхчулуун төлөөлөгч “од” болж, НИТХ-ын даргаар ажиллаж байсан, мээрээр сонгогдоод удаагүй байгаа С.Амарсайхан улстөрчийн хувьд өөрийг нь дэмжсэн МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хамт ичгэвтэр байдалд оров. С.Амарсайхан сүүлийн нэг сар гаруй хугацаанд хотын дарга болох өрсөлдөөнд хоёр удаа өрсөлдөж, эхнийхэд нь НИТХ-ын хуралдааны танхимаас нэр дэвшсэн С.Мөнхчулуунд унасан билээ. Ерөнхий сайд С.Мөнхчулууныг эс батламжилсны гадна МАН түүнийг “60 тэрбумын” Ц.Сандуй нарын хамт эгнээнээсээ хөөж орхисон. Ийнхүү хоёр дахь оролдлогод С.Мөнхчулуун мөн л бие даан өрсөлдөж, МАН-ын бүлэг түүний эсрэг бүтэн өдөр элдвээр аргацаасны эцэст ердөө зургаан төлөөлөгчөөр ялсан нь үнэн хэрэгтээ С.Мөнхчулууны хоёр дахь ялалт болж, харин Улаанбаатар хотыг С.Амарсайхан гэхээсээ МАН удирдахаар боллоо.  

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2024.03.13
2030 он гэхэд авлигыг үл тэвчих соёл бэхжинэ гэж үзжээ
2
2024.03.12
"Ногоон автобусны" хэргийг шүүхэд шилжүүллээ
3
2023.12.22
The New York Times | “Turning Points-2024” сэтгүүлээс алдаж үл болох 10 нийтлэл
санал болгох
1
4 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
2
0
0
0
0
0
0