Хайх зүйлээ бичнэ үү

12 мин

Гүйж яваа “Дамбо” эмэгтэй

Амьдралаас нь сэдэвлэсэн "Гүйж яваа эмэгтэй" роман уншигчдын гарт хүрч, Холливуд түүний дүрээ мөнхөлсөн “Дамбо”-г нээлээ.


Виз. Визийг хэн өгдөг, яагаад ганцхан өөрийг нь үлдээгээд гэр бүлийн таван гишүүнийг нь аваад явчихсаны учрыг ойлголгүй арваадхан насандаа айл айл бараадан үлдсэн охины амьдралын түүх роман болон хэвлэгджээ. Зохиолоосоо дутуугүй уншигчдын анхаарлыг татаж байгаа хүн бол “Гүйж яваа эмэгтэй” өөрөө. Тэр яг хэн юм бэ гэдгийг мэдэх гэсэн сониуч асуулт уншигчдыг эзэмдэж байна. Романы гол баатар нь уран нугараач Чулуунзоригийн Отгончимэг хэмээх бодит хүн юм. Монголын зохиолчдын эвлэлийн шагналт зохиолч Х.Болор-Эрдэнийн шинэ роман Монголын уран зохиолд яг л нэр шигээ гүйн орж ирэв. Түүний романыг уншсан хүмүүсийн цочирдсон, бахархсан, талархсан сэтгэгдлээр Парист амьдарч, тэнд уран бүтээлээ туурвиж буй зохиолчийн фэйсбүүкийн орон зай дүүрээд байна. 

Амьдралаас нь сэдэвлэсэн роман уншигчдын гарт шинэхнээрээ хүрэхийн өмнөхөн бас нэгэн гайхамшиг түүнд тохиов. Холливуд хэдхэн хоногийн өмнө “Дамбо”-гоо дэлхийн кинотеатруудад нээлээ. Энэ кинонд тоглосон уран нугараач бүсгүйчүүдийн нэг бол олон жилийн өмнө гэрийнхнээсээ ганцаархнаа визгүй хоцорсон тэр бяцхан монгол охин аж. Монголын жижигхээн хотын уран нугаралтын дугуйлангаас жигүүр урган ниссээр “Дамбо”-д ур чадвараа мөнхөлж, “Гүйж яваа эмэгтэй” романд бага насаа үлдээсэн уран нугараач Ч.Отгончимэгтэй онлайнаар холбогдож ярилцах боломж олдсон юм. Тэрбээр одоо Мексикийн циркэд гэрээгээр ажиллаж байна. 

-Энэ номын түүх нь Та байж. Гэвч эцэг, эх нь гадаадад ажиллахаар явсан олон монгол хүүхдийн амьдралын түүх шүү дээ. Зохиолч олны дундаас онцлон өөрийн чинь амьдралаас сэдэвлэн роман бичихээр хандахад хэрхэн хүлээж авсан бэ?

-Зохиолч Х.Болор-Эрдэнэ эгч ээж, аавтай минь ярилцаж байхдаа миний талаар анх сонссон юм билээ. Тэгээд л зохиолын санаа нь төрсөн гэсэн. Ээж маань надад Болор-Эрдэнэ эгчийг миний амьдралаар ном бичихээр болсныг анх дуулгасан. “Би чинь тэгж хүмүүст хүртээлтэй, номонд бичигдэхээр зүйл бүтээсэн хүн мөн бил үү. Хүний амьдралаар ном яаж бичдэг юм бол” гээд би эхэндээ их гайхсан. Тэгээд л нэг өдөр зохиолч эгч над руу холбогдож, бид хоёр ярилцаж эхэлсэн. “Асуултуудад нь юу гэж хариулах хэрэгтэй юм бол оо” гэсэн тээнэгэлзээ бага багаар арилж, ярилцах бүрт бага насны минь дурсамжууд сэргээд л ирсэн. Заримдаа хоолой зангирч, заримдаа уйлж суулаа.

-Томчуудын хувьд хүүхэд нас хамгийн гэгээн, аз жаргалтай он жилүүд байсан мэт санагддаг. Харин таны хувьд?

-Амьдралын хамгийн сайхан зүйл бол гэр бүлийн л аз жаргал. Баярлаж талархах, бахдан бишрэх гоё сайхан зүйл энэ дэлхий дээр олон ч гэсэн хүүхэд ээжтэйгээ, аавтайгаа, ах эгч, дүүтэйгээ хамт байх шиг амгалан тайван, эрх дураараа амьдрал хаа ч үгүй. Буруу зүйл хийсэн бол, залхуураад, эсвэл аашилж адраад ээж аавдаа загнуулж, банга хүртчихээд гэмших, араас нь дахиад аргадуулах чинь хүртэл гэр бүлийн аз жаргал, амар амгалан, зөв сайхан байхын чухал хэсэг байдаг юм билээ. Энэ нь том, бага бүх хүүхдэд адилхан л гэж боддог. Энэ аз жаргалыг гэр бүлээс гадуур хэн ч, хэзээ ч, юугаар ч нөхөж чадахгүй. Би багадаа жаргалтай байсан. Эгч нартайгаа хамжиж гэрийнхээ ажлыг амжуулаад л, дүүгээ хараад, ээж, аав хоёр хаалга тогшихоор уралдаж гүйлдээд л... Хожим намайг гэрийнхнээсээ ганцаараа үлдэхэд аз болж хэзээ ч доош нь унагахааргүй сайхан эрч хүчээр цэнэглэх сайн хүмүүс тааралдаж байсан юм шүү. Бас би уран нугаралтын дугуйланд явж, эндээс дуртай зүйлээ өөртөө нээж, түүндээ өөрийгөө бүрэн зориулах болсон минь гэрийнхнээсээ ганцаархнаа үлдсэн 10-аадхан настай надад уйтгарлан гуниглах цаг хугацааг хугаслах завшаан болж байж. Уран нугаралт л миний ганцаараа үлдэх ёстой шалтгаан болсон ч байж магадгүй гэж би одоо боддог. Зүгээр л хамгийн үнэ цэнэтэй аз жаргалаасаа дэндүү хол, дэндүү удаан байчихсан даа. 

-Ганцаараа үлдсэн хүүхдийн хамгийн түрүүнд ээж аавыгаа санах шалтгаан юу байдаг бол. Хүүхдэд ээж аавын өмөг түшиг хамгийн ихээр үгүйлэгддэг тэр зүйл юу вэ? 

-Мэдээж өдөр бүр үгүйлнэ, санана. Гэхдээ ээж ааваасаа хол, айлд ганцаараа байдгийг минь мэдрүүлдэг хамгийн муухай зүйл бол шөнө. Айл ор дэрээ засаад эхлэхэд би маш их ганцаардсан, аав ээжээ санасан нэгэн өдөр дуусч, дахиад л ганцаараа унтахаар хэвтэх айдсыг мэдэрдэг байсан. Шөнө унтах болохоор л ээж аавыгаа илүү их санаад байдаг минь одоо ч арилаагүй. Хүүхэд ер нь ээж аавынхаа хамт байгаа газар л тайван амардаг юм билээ. Айл бараадаж явсаар залхах үе байдаг ч гэсэн харин тэднийгээ дэргэд минь байсан ч болоосой доо гэж хэдэн мянган удаа бодсоноосоо огтхон ч залхаж үзээгүй. Заримдаа гэнэт ямар ч шалтгаангүй нулимс асгармаар үе ч байдаг. Тэр нь хаана ч явж байсан хамаагүй тохиолдоно. Тэгээд л шүдээ зуугаад нулимсаа залгиад өнгөрөх үе зөндөө. Хүүхдэд хүртэл заримдаа уйлах газар олддоггүй юм шүү дээ. 

-Номоо уншив уу?

-Одоохондоо уншаагүй байгаа. Би номоо яг номоор нь барьж байгаад л уншмаар байна. Шинэ номын үнэр сайхан шүү дээ. Энэ ном бол миний хувьд маш онцгой, нандин, эмзэг, гэхдээ салахын аргагүй амттай байна байх даа.

-Анхны уншигчдын сэтгэл маш их хөдөлсөн, бас ам сайтай байгаа харагдсан. Зарим нь бүр таныг хуурай охиноо хүртэл болгоё ч гэсэн сэтгэгдлүүд харагдсан. Та хэрвээ уншигчидтайгаа уулзвал юу хэлэх вэ?

-Зохиолч маань миний түүхээс сэдэвлэн ном зохиол бүтээгээд хүмүүст тийм сайхнаар хүргэсэн байна шүү дээ. Зохиолчтойгоо ярьж, бичиж байхдаа зохиол бичих гэж яадаг, зохиолч хүн гэж ямар хүн байдаг, юу хийдэг, уран бүтээл нь юуг туулж хэрхэн төрдөг талаар төсөөлөлгүй байсан надад “Үнэхээр мундаг. Яах аргагүй л зохиолч хүн юм даа” гэж бодогдсон шүү. Миний анзаарахааргүй маш жижиг зүйлсийг хүртэл асууна. Би ном болох хэмжээний их зүйл ярьж өгч чадаагүй шүү дээ. Гэтэл хүмүүсийн сэтгэгдлүүдээс романаа яг л миний дотор орсон юм шиг бичсэн юм байна гэдгийг анзаарсан. Анхны уншигчдын сэтгэгдлийг уншаад тэдэнтэй уулзаж үзэх хүсэл төрж байна. Хамгийн түрүүнд огт танихгүй хэрнээ сэтгэлийн сайхан үгсээ харамгүй илэрхийлж байгааг нь сонсоод маш их талархаж байгаагаа хэлэх юмсан. Яг уулзах бол ярилцаж асуух, хариулах юм их гарч ирэх байх аа. Болдог бол надтай нэг ч болов уншигч маань таараасай л гэж бодож байна. 

-Холливудын кинонд тоглосон сэтгэгдлээ хуваалцаач? 

-“Дамбо” маань өнгөрсөн сард нээлтээ хийчихээд дэлхий даяар хэдэн сая хүн үзчихээд байхад л яг үнэндээ одоо болтол юу болоод өнгөрсөнд өөртөө, өөрсдөдөө бид нэг л бүрэн дүүрэн итгэхгүй хэвээрээ л байгаа. Нэг л мэдэхэд бид маш том гайхамшгаар дүүрэн үлгэр домгийн гэмээр ертөнцийн хаалгаар яваад орчихсон байсан. Надад бол яг одоо үүнээс өөр тайлбар олдохгүй байна. Анх шалгаруулалтад нь тэнцчихээд “Манай кино хэр том кино болох бол” гэж хоорондоо ярилцаж байсан гээд бод доо. Хэр том гэдгийг би одоо энд тодорхойлон хэлж ч чадахааргүй тийм л ертөнцийг “Дамбо” кино надад бэлэглэсэн. Зураг авалт эхэлж байхад хүртэл бид хаана ирчихсэн, юунд оролцож яваагаа сайн ойлгоогүй л байсан юм билээ. Английн Лондон хотод 2017 оны 5 дугаар сараас 11 дүгээр сар хүртэл киноныхоо зураг авалтад оролцсон. Кинонд маань ерөнхийдөө циркийн арын амьдралын талаар өгүүлдэг. Бид нар циркийн жүжигчид учраас өөрсдийгөө энэ кинонд сонгогдсон маш азтай хүмүүс гээд л баярлаад байгаа. Хэр баргийн хүнд ийм том боломж олдохгүй шүү дээ. Мэдээж энэ боломжийг бид зүгээр өөрсдөө олоод авчихсан юм биш л дээ. 2016 онд биднийг Украинд циркийн тоглолтоор ажиллаж байхад манай продюсер Н. Эрдэнэ ийм санал ирснийг хэлж байсан юм. Би бүр анх сонсчихоод чихэндээ ч итгээгүй. Яагаад гэвэл намайг бага байхад их дэлдэн чихтэй гээд гэрийнхэн маань “Дамбо” гэж шоолдог байсан юм. Энэ нэрэндээ би их дургүй ээ, сонсоод л уйлчихна. Тэгсэн нэг л мэдэхэд Холливудын “Дамбо” кинонд тоглох болчихсон. Энэ тухай гэрийнхэндээ хэлэх өдрөө хүлээж ядаж байлаа. Учир нь киноны шалгаруулалт, зураг авалт дуустал киноны талаар ямар нэг мэдээлэл түгээхийг хатуу хориглосон байсан юм. Тэгж тэгж нэг юм баяртай мэдээгээ гэрийнхэндээ хэлж аваад бөөн хөөр болж байлаа. Хувь заяа гэдэг нь энэ юм болов уу л гэж бодогдож байна. 

-Монгол охид багадаа бүгд шахам л гэртээ гудас тавьж байгаад нугардаг, эсвэл нугарах гэж хичээдэг. Харин уран нугаралтаар мэргэшиж, амжилт олтлоо явна гэдэг тийм ч амаргүй ажил байх. Таныг тэр их нулимс, тэвчээр, хөлс хөдөлмөрийн ард гарч зорилгодоо хүрсэн нугараач болоход хамгийн их тусалсан хүн хэн бэ? 

-Би нугаралтынхаа багш нараас их зүйл сурсан. Багш нар маань надад бас зөв хүн байхыг, ажилд, амьдралд, олны дунд биеэ яаж авч явахыг заасан. Яг энэ хүртэл явахад тусалсан хүмүүс гэвэл би энд багш нараа л нэрлэхийг хүсэж байна. Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Ч.Дэлгэрцэцэг, Буриад улсын ардын жүжигчин Ц. Сэлэнгэ болон продюсер Н.Эрдэнэ ах маань бидэнд маш их тусалсан. Эдгээр хүмүүсийн тусламжгүйгээр бид ингэж хол бас амжилттай явахгүй л байсан. Энэ бүхний ард гэр бүлийн маш том дэмжлэг байгаа шүү дээ. Ээж, аав хоёр хэдий хамт байгаагүй ч үргэлж хамт байгаа юм шиг л намайг араас тууштай дэмжиж ирсэн. Дурлаж хүссэн зүйлээ хийж явахад ар гэр нь хориглоод эсвэл үл тоогоод байвал юу ч хийж чадахгүй шүү дээ. Тийм хүүхдүүд их олон байдаг юм билээ. 

-Олоон жилийн дараа ээж, аавтайгаа уулзаж байгаа мөчийг зохиолд сэтгэл хөдөлтөл, өөрөө гараад гүймээр болтол өгүүлсэн байна билээ. Тэр өдрийнхөө тухай дурсаач? 

-Бараг арван жилийн турш, бараг өдөр бүр мөрөөдөж хүссэн мөч арай гэж ирэхэд би ухаанаа алдчих шиг л болсон. Би циркчдийн тэмцээнээр 2016 онд Испани улсад очсон юм. Очсон мөчөөсөө л 1100 км-ын холоос машинаар ирж яваа гэрийнхнээ хүлээгээд л байсан, хүлээгээд л байсан. Холбоо барьж чаддаггүй. Цирк рүү бэлтгэлдээ явах болчихоод байдаг. Гэтэл гэрийнхэндээ зөвхөн буудлын хаягаа л өгчихсөн байсан болохоор их санаа зовж байсан. Аргагүйн эрхэнд цирк рүү явж, бэлтгэлээ хийгээд эхэллээ дээ. Бид "Хунт нуур" балетыг уран нугаралтаар зохиомжилсон үзүүлбэрээр оролцсон юм. Толгой дотор гэрийнхэн бодогдоод бэлтгэлдээ төвлөрч чадахгүй дахиулаад л байлаа. Тэгсэн чинь гэнэт “Отгоо дүү чинь, гэрийнхэн чинь тээр тэнд явж байна” гэж нэг нь хэлсэн. Нэг мэдсэн чинь бэлтгэлээ хаячихсан гараад ухаан жолоогүй гүйж явсан. Оймстойгоо шүү дээ. Замдаа юунд ч билээ, нэг юманд бүдэрч унахдаа л ухаан орох шиг болсон. Тэгэхэд л тэнд хэд хоног бөөн аз жаргал, хайран дунд эрхэлсэн дээ. Тэгээд бид буцах болж дахиад л салцгаасан. Их удаан тэсэж ядтал хүлээсэн мөч тэгж нэг тохиосон. 

-Одоо та насанд хүрчээ. Ирээдүйгээ төлөвлөсөн үү?

-Би төлөвлөгөөгүйгээр ямар нэг зүйл хийх ер нь дургүй болчихож. Одоогоор том төлөвлөгөө алга. Гэхдээ хийхээр бодож боловсруулсан, бас зорихыг хүссэн газрууд байгаа. Ямар нэг том зүйл өөртөө зориулж төлөвлөхөөсөө урьтаад эцэг эхдээ л санаа тавимаар санагдах юм. Аав, ээждээ санаа зовоод байдаг юм. Ер нь тэднийгээ л сайхан амьдруулах нь миний гол төлөвлөгөө юм болов уу даа. 

-Та мэдээж өөрийн гэсэн гэр бүл зохиож, ээж болно. Та гэргий нь, ээж нь, эзэгтэй нь болох тэр гэр бүл ямар байгаасай гэж боддог вэ?

-Юун түрүүнд гэр бүлийн минь гишүүн бүр бүх зүйлийн эхэнд гэр бүлээ тавьдаг байгаасай. Яагаад гэвэл өөр хэн ч гэр бүлийн орон зайг нөхөж чадахгүй. Энэ орон зай гэдэг зүйл нь нэг тийм юугаар ч хэмжиж боломгүй маш том, асар чухал зүйл гэдгийг би дэндүү багаасаа амсаж өссөн. Гэр бүлийн гишүүд нэгнээ хайрлаж халамжлахаас гадна хүндэтгэн харилцаж байх хэрэгтэй. Нэг нэгнээ гэсэн сэтгэлтэй, тийм гоё халуун уур амьсгалтай сайхан л гэр бүл байхсан. Тэгж байж л тэр гэр бүлийн бүх зүйл үнэ цэнэтэй байж чадах болов уу даа.

-Одоо хаана, ямар циркэд харьяалагдаж байгаа вэ?

-Монгол циркийн хөгжлийн төвийн дэргэдэх уран нугаралтын студид харьяалагддаг. Яг одоогоор бол Мексик улсад ажиллаж байна. 

-Монгол нугараачдын ур чадварыг таны очиж ажилласан улс орнуудын үзэгчид хэрхэн хүлээж авдаг вэ?

-Маш гоё хүлээж авдаг. Монголын уран нугараачид бусад оронд их өндөр үнэлэгддэг юм билээ. Миний бодлоор бусад орны уран нугараачдаас онцлох чадвар илүү ихтэй учраас тэр байх. Циркийн жүжигчин гэлтгүй урлагийн хүний хувьд үзэгчдийн хэрхэн хүлээж авч байгаа нь хамгийн чухал зүйл шиг санагддаг. Тайзан дээр гараад л өөрийн эрхгүй инээгээд л хийж чадах, хийх ёстой үзүүлбэрээ үзүүлж дуусгаад ёслоод зогсож байхдаа үзэгчдийн алга таших чимээг сонсох хамгийн сайхан мэдрэмж. Сэтгэл нэг их гоё тэнийгээд л явчих шиг болдог. Бусад орны гэлтгүй хааяа нэг Монголынхоо циркэд очоод тоглоход ч манай үзэгчид үнэхээр сайхан хүлээж авдаг шүү.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.22
1984. Хамбан хөшиггүй таашаах эрх чөлөө
3
2024.03.12
Будапештын тэмдэглэл
санал болгох
1
21 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
1
22
0
0
0
2
0

Сэтгэгдэл бичих (4)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2019.12.28 202.9.46.21

Залуу чоно яасан бол гэж бодогдоод байх юм

0 Хариулах


Zochin 2019.05.21 64.119.16.79

Mundag okhin bna

0 Хариулах


Зочин 2019.04.06 37.165.157.174

Маш гоё ярилцлага бна. Ийм гоё сонин хүн олж ярилцсан сэтгүүлчдээ баярлалаа.

0 Хариулах


Зочин 2019.04.05 139.5.219.163

Энэ ярилцлаганд нэг л юм дутуу юм шиг санагдаад бхын

0 Хариулах