Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

У.Хүрэлсүхийн театр-музейн цогцолбор

Түүхэн дурсгал цавчигдах ёсгүй.


Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын танхимын гишүүддээ хандан монголчуудыг үндэсний их театртай, музейтэй болгоод өгчихье хэмээн хэлж байгаа бичлэг нийгмийн сүлжээнд тарж байна. Музей, театр гэдэгтэй аль цэцэрлэгт байхаасаа танилцаж, хорвоо дэлхийн олон сайхныг сонирхон шимтэх нүдтэй болж өссөн ч үр хүүхдээ дагуулаад гарахад үзэх харахаар дулимагхан болсон улаанбаатарчууд Ерөнхий сайдынхаа сайд нарт хандсан уриалгад ихэд олзуурхан хүлээж авсан болов уу.   

Үндэсний их театр, музейн тухай яриа Ерөнхий сайдад тухайн мөчид л төрсөн сэтгэгдэл биш, удаан хугацаанд судалж, хийхээр төлөвлөсөн ажил байж таарна. Үндэсний их театр, байгалийн түүхийн музейг хотоос зайдуу барьж байгуулах, тэнд нь Динозаврын музейг нэгтгэх, театрын тайз эргэдэг, дээш доош хөдөлдөг байх тухай ёстой л тэр гоё тайзнаас гялбах гэрэл нүдэнд ойтол ярьсан. Зорьж очсон хүн салхинд гарангаа идэж ууж, музейгээ ч үзэж, театраа ч шимтээд хамгийн багаар бодоход таван цаг саатан зочлохуйц аялал жуулчлалын цогцолборын тухай ярьж байна гэж ойлгосон. Эрх баригч намд түүний бий болгож буй эрх мэдлийн дахин хуваарилалт, шинэ нөхцөл байдлаас ургуулан дүгнэхэд алсыг харж, хүчийг өөртөө төвлөрүүлсэн У.Хүрэлсүхийн энэ мөрөөдөл, төсөөлөлөл, сэтгэгдэл ч бай хууль шиг хэрэгжинэ гэдэгт эргэлзэх хэрэггүй.

Музей л бол заавал хотын төвийн дүүргүүдэд байх ёстой гэсэн хууль ямар ч улсад байдаггүй. Тийм хууль бичих ч шаардлагагүй. Яагаад гэвэл, тухайн үндэстний уламжлал, хэл, шашин, соёлоос үл шалтгаалан театрууд, музейнүүд аливаа хотын төв хэсэгт байрладаг заншлыг дэлхийн улс орнууд дуртайяа дагаж нийслэл, томоохон хот, суурин газруудаа төлөвлөсөөр хэдэн зууныг үдэж байгаа билээ. Улаанбаатар ч мөн адил үүнийг дагасан хот. Тэр л жишиг жаягаар бүтээн байгуулагдсан хэдэн сайхан театр, номын сан, музейтэй. Тэдгээр нь нүүдэлч монголчуудын нийслэл дэлхий дээр үүсэж, ХХ зуунд барилгажих явцад хотын өнгө төрх, түүх дурсгалыг бүрдүүлэн өнөөдөртэй золгосон түүхтэй. Тиймээс У.Хүрэлсүхийн одоо ярьж байгаа шинэ музей, театрын цогцолбор нь Улаанбаатар хотын анхны төлөвлөлтөөр баригдан монголчуудын үүх түүхийн салшгүй хэсэг болж, тухайн гудамж талбайнхаа ансамблийг бүрдүүлэн уусаж, өнөө хэр оршиж байгаа театр, музейнүүдийг байрнаас нь хөдөлгөх, хөдөө тийш нүүлгэх шийдэл биш гэдэгт итгэж байна. 

Буй байгаагаараа, үүдний шат, хоёр арслан, дааман хаалга гээд зүгээр л гадуур нь алхан өнгөрөхөд ч Улаанбаатар хотын түүхийг хүүрнэн орших сэтгэлд хоногшсон Занабазарын музей, Үндэсний түүхийн музей, Байгалийн түүхийн музей. Одоо гагцхүү байрыг нь шинэтгэн засах, үзмэрүүдийг сайжруулан засварлах, тэгээд үүдийг нь нээхэд л боллоо. Дуурь бүжгийн эрдмийн их театр, Улсын драмын эрдмийн театр, Соёлын төв өргөө орчим гэхэд л хуучны ихэмсэг, шинэ цагийн гял цалыг өөртөө шингээн Улаанбаатарын соёл урлаг, бизнесийн төвийн уур амьсгалыг бүрдүүлэн төвхнөж байна. Газар доогуурх гарц л гагц дутагдаж байгаагаас биш тайзыг нь дээш доош хөдөлгөхийн тулд нэмж өөрчлөх, нүүлгэн шилжүүлэх ямар ч оролдлого яг одоо бол үнэхээр илүүц. 

Иргэд болон гадаадаас ирэх аялагчид тав тухтай амарч зугаалах соёлын жуулчлалын хөгжилд Ерөнхий сайд У.Хүрэлсүх шинэ брэнд санаачиллаа. Хотын гадна талд театр-музейн цогцолбор шинээр барих шийдлээр Улаанбаатарын шинэ түүх, орчин цагийн шинжлэх ухааны шинэ үзмэрүүдийг бүтээн босгох тухай ярьж байна гэж ойлгосон. Түүхэн дурсгал болж үлдэх ёстой театр, музейн барилгаа нураах, зориулалтыг өөрчлөн ашиглах сувдаг төлөвлөгөө л биш байгаасай. Монголд орчин үеийн технологийн дэвшлээр тоноглосон гайхамшигт цогцолбор хэрэгтэй юү гэвэл ТИЙМ. Харин хотын яг төв дэх байршлаасаа болж түүхэн дурсгал шинэчлэгдэх нэрээр цавчигдах ёсгүй билээ.   

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2024.03.22
1984. Хамбан хөшиггүй таашаах эрх чөлөө
2
2024.03.12
Будапештын тэмдэглэл
3
2024.02.19
Хөрөг | Наддаа чи минь нар байлаа
санал болгох
1
4 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.