Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Өнөөдрийн зурвас: Монгол GOT

Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нэгдэвч титэм ганц...


Game of Thrones эхлэх цагт Монголын GOT бас эхэлдэг. Монгол дахь хаан ширээний төлөөх тулааны бүх гол дүр яагаад ч юм Game of Thrones эхлэх 09.00 цагт Төрийн ордонд цугладаг гээд бод доо. Цаг хугацааны сонирхолтой л давхцал. Гол тоглогчдыг танилцуулъя.

Монгол Улсын Төрийн тэргүүн нь төр тэргүүлэгч гэсэн үг биш л дээ. Хуулиар оноосон хязгаарлагдмал эрх мэдлийг хүлээн зөвшөөрч түүнийгээ хэрэгжүүлэхээр Ерөнхийлөгчийн сонгуульд ялснаар анх энд ирсэн хүн. Гэхдээ тэрбээр өнгөрсөн жил гаруй хугацаанд нийгмийн олонхид таалагддаг хувь хүнийхээ хүчин зүйлийг ашиглан Монгол Улсын Ерөнхийлөгч гэж хэн байхыг өөрийнхөө дүрээр бага багаар тулган харуулж, хүлээн зөвшөөрөгдөх алхмуудыг ухаалгаар хийж чадсан өвөрмөц тоглогч. ҮАБЗ-өөр дамжуулан зарим тохиолдолд, тухайлбал АТГ болон шүүх засаглалыг “бөлдөгдсөнөөр” жидүүчин УИХ-аас илүү эрх мэдэлтэй байх, авлигад идэгдсэн томоохон улстөрчдийг хийсэн гэмээр нь атгах өөрийн гэсэн давуу эрхтэй болж амжсан. 

Ерөнхий сайд, МАН-ын дарга өөрийн хүнээ УИХ-ын даргаар томилсон тул хууль тогтоох болон гүйцэтгэх засаглалыг даргалагчийн хувьд Ерөнхийлөгчөөс хүчтэй харагдана. Гэвч шүүхийн хараат бус байдлыг нэг хүний үзэмжид зохируулах алхамд нэгдсэнээр Ерөнхий сайд Ерөнхийлөгчид найр тавьсан, тэд хүчээ нэгтгэх тохироонд хүрсэн гэх дүгнэлт урган гарч байна.

Өмнө нь эрх мэдлийн төлөөх тэмцэл АН, МАН-ын хооронд сонгуулийн замаар явагддаг байсан бол одоо нэг нам дотор, тэр дундаа өдгөө УИХ-д 65 суудал эзэлж үнэмлэхүй ялалт байгуулсан МАН-ын дотоодод маш хүчтэй явагдаж байгаагаараа Монголын улс төрийн шинэ улирлын өнгийг тодорхойлж, онцгой адармаатай болж байна. Ерөнхий сайдад тэргүүлж буй намынхаа эрх мэдлийг өөртөө бүрэн төвлөрүүлэхийн тулд Ерөнхийлөгчийн атгасан АТГ болон шүүх засаглалын хөзрийг зээлдэн авах хэрэгцээ гарч байна. ЖДҮС-гаас зээл авсан гишүүдийн хэрэг ийм хөзрийн илбээр далд орох шатандаа орсныг илчлэх үйл явдлууд олширлоо. Өмнө нь С.Зоригийн амь насыг егүүтгэх захиалгыг хэн өгөв, хэн гүйцэтгэв гэдэг тухай л ярьдаг байсан бол одоо захиалгаар егүүтгэсэн гэх хүмүүсийг хэн тамлав, яагаад тамлав гэхчлэн олон салаа мөчирт тусгаарлагдан хэрэг илрэхээсээ нэгэнт өнгөрөх тийш хазайв. 

Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёрын хувь хүний харилцаа, эрх ашиг, сонирхлын нэгдэл хийгээд зөрчил дээр Монгол GOT-ын үйл явдал цаашид өрнөнө. Нэг улс оронд болж байгаа үйл явдал гэхэд итгэхийн аргагүй өрнөлтэй, эргүүлэгтэй, гол дүрүүд нь ганц ордонд багтаж шингэхээргүй чихэлддэг ийм л GOT-той болж байна. МАНАН гэж нэрлэсэн дэглэм, үүнд хамаарах бодит хүмүүсийн бүлэг ордны явдлыг баяжуулж, Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын хоршлыг утгажуулж буй. МАНАН-г түлхэн унагаж, шударга ёсыг тогтоох тэмцэлд нэгдсэн Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын зам хэдий болтол нийлж, аль хэрд салан одохыг таашгүй. 

GOT гэхэд л бүгд ойлгочихож байна. “Хаадын тоглоом” (Game of Thrones) цувралын сүүлчийн улирлын ангиуд дэлгэцнээ гарч эхэлсэн энэ өдөр эл кино дэлхийн долоон үзэгч бүрийн нэгийг байлдан дагуулсан алдартай трэнд бүтээл болохыг нь дөнгөж одоо л мэдэж байгаадаа гайхах, гайхуулах хүн ч байна. Гэм нь өглөө ажил эхлэх цагт тэр кино гардаг боловч Монголын үзэгчид ёстой л шуурч байх шиг. Гэсэн ч дуртай киноноосоо, эсвэл энэ кинонд дурлагсдын уур амьсгалаас хоцрохгүй гэсэндээ GOT-ын тухай ядаж ярих ёстой болж байх шиг. 

“Хаадын тоглоом”-ыг алдаршуулж буй хаан ширээний төлөөх тэмцэл, хэний ч санаанд оромгүй арга заль, ов мэх, хууран мэхлэлт Монголд ч бас өрнөж байна.  Хэн ялсан нь алдрын титэм өмсөхийн төлөөх тэмцэл “нийгэмд шударга ёсыг тогтоох” ариун нэртэй. Тугийн дор Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нэгдэвч титэм ганц... Энэ бол айдас хүйдэс. Шударга ёсны төлөөх тэмцэл удахгүй титмийн, хаан ширээний төлөөх тэмцэл болж хувирна.   

холбоотой мэдээ
1
Уржигдар
Өнөөдрийн зурвас: Танил биш танил танхилхан охин байлаа
2
2019.04.12
Өнөөдрийн зурвас: Туулын бургас хядсан ноён, барлаг хоёр
3
2019.04.10
Өнөөдрийн зурвас: Улаанбаатарт хаврын үдэш болж байна
санал болгох
1
19 цагийн өмнө
Playlist | "Game of Thrones"-ийн төгсгөлийг мэдье гэвэл энэ 51 дууг сонсоорой
2
20 цагийн өмнө
The New York Times | Инээд наргиа болгох феминист биш
3
21 цагийн өмнө
Ширээн дээр: Намуухан, тохилог "Cafe Tree"

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.