Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Өнөөдрийн зурвас: Өгөрцийгөө эхлээд өөрсдөө л идмээр байна

Эх орондоо ургуулсан өгөрцийгөө тавган дээрээс ёслол хүндэтгэлийн байдалтай хүртэх бус, тааваараа идэж хэрэглэдэг болох нь л хамгийн эхний асуудал санагдана.


Жилийн дөрвөн улиралд хоол болгоноо монгол өгөрцийтэй идэх хүслээр бичлээ. Тавагныхаа нэгээхэн буланд гуравхан ширхэгийг цэцэг шиг энхрийлэн гоёмсгоор талбиж биш, талх идэж байгаа юм шиг тааваараа үмхлэн хүртмээр л санагддаг өгөрцийнд жигтэйхэн дуртай монгол нь байна аа. Өвөл, хаварт монгол өгөрций байдаггүйг хэлэх үү, түүнд ихэд хүндэтгэлтэй хандсаар дадал зуршил болжээ. Өгөрций уг нь ногоо л юм. Гэвч бид хоол, зууш чимэглэх төдий хэрэглэх нь уйтай. Яг одоо дэлгүүр, захад очвол монгол өгөрций нүдний гэм. Хятадаас оруулж ирсэн нь л өдийд байх бөгөөд нэг л идэмгүй. Шинэ жил, цагаан сараар л элбэг дэлбэг байх монгол хүний бэлгэдлийг бодон авсан даа. Үгүй тэгээд ширээн дээрээс махнаас түрүүлж гоочлох нь өгөрций л байдаг шүү дээ. 

Монголчууд дуртайяа хэрэглэдэг боловч өргөст хэмх, улаан лооль болон навчит ногоонуудыг өдөр бүр идэх боломжгүй үнэтэй, бас эх орны хөрсөнд тарьж ургуулсныг нь намар дууслаа л бол олж хүртэхэд ховор эд. Тэдгээр нь төмс, лууван адил айлын хөргөгчинд уут уутаараа байдаг гэвэл түүн шиг худал зүйл үгүй. Тиймээс ч “нарийн ногоо” хэмээн зэрэг дэв тогтоон өргөмжилсөн ч байж магадгүй. Ургуулах орчин, технологи нь нарийн, арчлах арга, хөдөлмөр нь ч нарийн учраас л “нарийн ногоо” хэмээн нэрийдэж, үнэтэй худалддаг, басхүү ховор живэр байх нь аргагүй гэсэн ойлголт бидний дунд бий. 

Оросуудаас мах голдуу хоолтой монголчууд бидний гал тогоонд нүүж ирсэн олон соёлоос нэн түгээмэл нь өгөрцийн хачир. Бидний хэрэглэх дуртай нарийн ногооны гол төлөөлөл нь ч ерөөс мань өгөрций л дөө. Орос хэлний “огурцы” яван явсаар, Монголд нутагшсан нь өгөрций болсон хэрэг. Монгол хэлнээ “өргөст хэмх” хэмээн онож буулгасан эвлэгхэн үг байдаг боловч энгийн хүмүүсийн хэрэглээнд өгөрцийгөөрөө л үлдэж. Эрүүл зохист тэжээл, хүнсний аюулгүй байдлын тухай мэдээллийн эерэг, сөрөг бүүм дунд бид хооллож байна. Эко ногоо гэж юу болох тухайд Монголынхоо эрүүл хөрсөнд тарьсан, түргэн ургуулах арилжааны зорилгоор химийн элдэв хорт бодис ашиглаагүйг бид ялган ойлгодог. Өгөрцийд ч тэгж хандан, Хятадынхаас шилж хэрэглэнэ.      

БНХАУ-ын Засгийн газрын 100 хувийн хөрөнгө оруулалттай "Тяньжин фүүдс" компанид Улаанбааар хотын нутагт дэвсгэрт 50 га газарт 40 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хүлэмжийн аж ахуй эрхлэх зөвшөөрөл олгох тухай мэдээлэл энэ өдрүүдэд монгол өгөрцийнөөс дутуугүй “эрэлттэй” байна. Үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж, дөнгөж хөл дээрээ босож яваа монгол тариаланчдынхаа бизнесийг татаж унагаах хор уршигтай алхам болно гэж НИТХ-ын төлөөлөгчдийн олонх өнгөрсөн сард үзсэн байна. Харин Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан төлөөлөгчдийнхөө олонхиос арай өөр байр суурь илэрхийлсэн нь анхаарал татна. Дотоодын зах зээлийг хангаад зогсохгүй гадаадад экспортлохын тулд гадаадын туршлагаас суралцах, гадаадын зах зээлийг судлах боломжийн тухайд мээр хичээнгүйлэн өгүүлсээр байна.   

Хятадуудад өгөх 50 га гэдэг нь Монгол Улсад өнөөдөр ажиллаж байгаа нийт хүлэмжийн 90 орчим хувьтай тэнцэх багагүй хэмжээтэй газар аж. Хэрэв энэ төсөл хэрэгжвэл хүлэмжийн аж ахуй эрхлэгч дотоодын хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд дампуурах, хөрсийг химийн хорт бодис бордоогоор бохирдуулах гэх мэт аюул нүүрлэхээр байгааг тооцож үзэхийг ҮАБЗ, нийслэлийн удирдлагаас шаардсан захидал ч хэдийн бичигдлээ. Ингэхдээ “Тяньжин фүүдс” компанид өгөх гэж буй 50 га газрыг нээлттэй сонгон шалгаруулалтаар дотоодын аж ахуйн нэгж, иргэдэд хүлэмжийн аж ажуй эрхлэх зорилгоор олгох, хүлэмжийн аж ахуйг төр засгаас дэмжих, ЖДҮ-ийн зээлд хөнгөлөлттэй нөхцөлөөр хамрагдах боломжийг олгох гэх мэтийг манай хүлэмжийн аж ахуй эрхлэгчид шаарджээ.

Ийнхүү өгөрций нарын тухайд эсрэг, тэсрэг байр суурь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хоолойд тулж, нийгэмд түгэхийн сацуу Монголын эгэл жирийн хэрэглэгчид ямар санаа бодолтой байгаа бол. Үүнийг бичигч миний бие монголчууд өөрсдийн эх оронд тарьж ургуулсан өгөрцийгөө тавган дээр ширхэглэн ёсолж, хүндэтгэлийн байдалтай хүртэх бус, тааваараа идэж хэрэглэдэг болох нь л хамгийн эхний асуудал бөгөөд маш чухал санагдана. Өгөрций гэдэг маань нэг килограммыг нь 6000-8000-аар худалдаж авдаг тансаглал биш байх ёстой. Монгол өндөг саяхныг болтол олдоц муутай, үнэ нь ч өндөр байсан үе зах зээл дэх өрсөлдөөний зарчмаар одоо л дөнгөж голдиролдоо орж эхэлж байна. Ширхэгийг нь 300-400 төгрөгөөр худалдан авч байгаа Монгол айлд өндөг өдөр тутмын хэрэглээ болж байна. Эрэлт хэрэгцээ идэвхжих хэрээр ширхэг өндөгний үнэ цаашид 250 төгрөгт дөхөх боломжтойг харуулна. Үүн шиг дотооддоо ургуулсан шим тэжээл ихтэй нарийн ногооны эрэлт, нийлүүлэлтийг зохицуулбал өгөрцийг талх шиг идэхэд бэлэн хүмүүс Монголоор дүүрэн бий. Хятадуудад газар өгч нарийн ногоо тариулах, тэдний туршлагаар гадаадад экспортлох тухай мэтгэлцээний далимд өгүүлэхэд ийм байна...  

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.03.18
Өнөөдрийн зурвас: Шинель
2
2024.01.10
Өнөөдрийн зурвас: Арван жилийн дараа уулзъя!
3
2023.07.04
Өнөөдрийн зурвас: Ээжид нь чамд өгөх юу ч байхгүй
санал болгох
1
22 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.