Хайх зүйлээ бичнэ үү

7 мин

Н.Эрдэнэбаяр: Хоёрдугаар ангид төрсөн хүсэл мөрөөдлөөрөө ажиллаж, амьдарч байна даа

Сургууль соёлгүй, ажилгүй, мөнгөгүй, гуяа ганзагалсан 20 насандаа би нэг шийдвэр өөртөө гаргасан юм


Олон улсад үнэлэгдсэн мангачин хүн гэхээрээ ямар байдгийг нь “амьдаар” харж, яриа өдөх санаатай очсон юм. Хөлдөө памбагар углааш жийчихсэн, хамар дээрээ 50-60-аад оны зохиолчдын фото зурагнаас харж болох нүдний шил тохсон залуу чимээ гаргахгүй гэсэн шиг ширээнийхээ араас болгоомжтой гэгч нь босож ирлээ. Түүний өмнөх дэлгэц дээр танил зураасууд амилна. Эрэлхэг, нинжин, ээждээ хайртай Бумбардай минь байх чинь вэ. 

Үдэш болохоор хүүрнэн дууддаг монгол манга комикс олон айлын номын тавиурт байдаг болсон. “Бумбардай”-г ухаандаа ургуулж, ураараа торниулагч “инкубатор-эцэг”, харин одоо түүгээрээ овоглогддог Намбаралын Эрдэнэбаяртай уулзлаа. “Би чинь комикс зохиолч, зураач л даа” гэж тэр өөрийгөө товчхон танилцуулав. 

Түүний ажлын өрөөний нэг хана тэр чигээрээ тэмдэглэлийн дэвтэр л гэсэн үг. Яг л миллениалуудын ажиллах орчныг бүрдүүлжээ. Өндөр, нам олон шүүгээтэйн нэгээхэнд баримлын шавраар хийсэн хөөрхөн монгол банхар байна. “Бумбардайн итгэлт нөхөр шүү дээ” гэж Н.Эрдэнэбаяр өгүүлсэн. Зураач түүнийг өөрөө барьжээ. Яг л амьд юм шиг харагдана.   

-Та өмнө нь нэг биш удаа ярилцлага өгч байсан юм билээ. Гэхдээ комикоо л яриад явснаас биш өөрийнхөө тухай олигтой танилцуулаагүй байх юм. Хэдийнээс комик зурж эхэлсэн юм бэ?

-Би Эрдэнэт хотод төрж өссөн. Хар багаасаа хүүхэлдэйн кино, тэр дундаа Уолт Диснейн хүүхэлдэйн киноны баатаруудад дуртай, зурагт үзэх ухаангүй дуртай хүүхэд байсан. Мэдээ орсон цагаасаа л зурах дуртай байсан даа. Аав ээж маань намайг их дэмжиж зураг зурж, баримал барих тухтай орчин нөхцөлөөр сайн хангаж өгдөг байлаа. Хоёрдугаар ангидаа зургийн дугуйланд орж зурагт ном, хүүхэлдэйн киноны зураач болъё гэж шийдсэн юм. Одоо хүртэл тэр шийдвэр, хүсэл мөрөөдлийнхөө дагуу ажиллаж, амьдарч байгаа энгийн нэг залуу байна даа.

-Хүүхэд бүр л хүүхэлдэйн кинонд дурладаг, тэглээ гээд комик болно гэж бүгд боддоггүй шүү дээ. Таны дотор бяцхан хүү одоо ч амьдардаг байх, тийм үү?

-Би дээхэн нэг ярилцлага өгсөн юм. Ярилцсан сэтгүүлч маань “Хүүхэд насаа мартаагүй хүн” гэж гарчиг өгсөн байсан. Хүн болгон хүүхэд байхдаа ийм хүн болно, тийм хүн болно гэж боддог ч ихэнх нь том болоод түүнийгээ мартдаг. Миний хувьд би одоо ч хүүхэд насны мөрөөдөлдөө үнэнч байгаа минь онцлогтой юм болов уу даа. Тэгэхээр миний дотор одоо ч гэсэн тэр мөрөөдөмтгий бяцхан хүү мөрөөдөлтэйгөө, тэр сэтгэлтэйгээ хамт байсаар л байгаа. Үгүй бол өөр ажил хийх байсан байх аа? 

-Энэ жилийн элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл дөнгөж дуусаад байна. Та хэрхэн мэргэжлээ сонгож, ямар сургуульд конкурстэж байв?

-Би дунд сургуулиа төгсөөд Улаанбаатарт ирж СУИС-ийн уран зургийн ангид орох хүсэлтэй байлаа. Харамсалтай нь бүтээгүй. Намайг аравдугаар ангид ордог жил манай гэр бүлийн санхүүгийн байдал хүнд байдалд орж би гэдэг хүн хотод 300 мянган төгрөгнөөс өөр мөнгөгүй хүн буулаа. Байсан бүх мөнгөө компьютер графикийн чиглэлээр дизайнер бэлдэнэ гэсэн сургуульд бүгдийг нь өгөөд л оров. Хүүхэлдэйн кино, комикс ном хийх хүнд компьютерийн мэдлэг хэрэг болно гэж бодсоных л доо. Орон нутгаас ирсэн хүнд хотод хамаатан садан байхгүй тул амьдрах газар хамгийн том асуудал болсон. Ингээд тухайн үеийн КТМС-ийн оюутны дотуур байранд хулгайгаар хоёр жил амьдарсан даа. Орсон сургууль маань компьютер заах нь бүү хэл хүчин чадал муутай хэдхэн компьютертай, дээр нь багшгүй шахам сургууль болж таарав. Хоёрдугаар курсээсээ сургуулиа ч хаясан. Ингээд мөрөөдлөөс өөр юу ч үгүй нэг нөхөр гудамжинд гарсан даа. 

-Тэгээд Эрдэнэт рүүгээ, гэртээ харьсан уу?

-Үгүй ээ, үлдсэн. Хүүхэлдэйн киночин, комиксчин болно гэчихээд замын эхнээс буцмааргүй санагдаад... Яг тэр үед буюу сургууль соёлгүй, ажилгүй, мөнгөгүй, гуяа ганзагалсан 20 насандаа би нэг шийдвэр өөртөө гаргасан юм. Арван жил мөрөөдлийнхөө хойноос чадахаасаа чадахгүйгээ хүртэл яваад үзье гэж. Хожим харамсахгүйн тулд шүү дээ.

-Тийм үед ч хүүхэлдэй кино мөрөөдсөөр, зурсаар байсан хэрэг үү. Та засаршгүй өөдрөг хүн юм аа. Цаас, харандааны мөнгөө яаж олж байв?

-Ямар ч ядуу хүнд савангийн мөнгө олддог гэдэг шиг цаас, харандааны мөнгө олддог л юм даа. Тэр үед 20 настай байсан учраас хоосон байх энэ тэр надад нэг их гунигтай, зовлонтой санагддаггүй байж. Хамгийн гол нь надад гоё мөрөөдөл, өөртөө удаан бодож боловсруулсан зорилго байхад л болоод явчихсан мэт. Хүүхэлдэйн кинонд хамгийн ойрхон бөгөөд ганцаараа ч гэсэн хийж болох, санаагаа илэрхийлж болох зүйл бол комикс. Зурах, ер нь зурагтай холбоотой л бол би ямар ч ажлыг голохгүй маш бага хөлсөөр ч хамаагүй хийж эхэлсэн. Захиалгын ажилдаа алв болох комикс хэв шинжийг шингээх гэж хичээж зурна. Найзуудтайгаа оффис зээлээр түрээслээд өдөр нь тэндээ захиалагч нартай уулзах, зургаа зурах ажлаа амжуулаад шөнө болмогц ширээн доороо ороод унтаж бүтэн жил амьдарч ч үзсэн. Өөрийн гэсэн орон гэртэй болж төвхнөх хүртлээ Улаанбаатарын зургаан дүүргийн хороолол болгоныг бараг л дуусгасан даа. Ямартаа л хотын хаа ч очсон танил, яг л миний дош шиг санагддаг болчих вэ дээ.

-Богино хугацаанд гүйцэтгэсэн хамгийн өндөр хөлстэй “халтуураа” санадаг уу? 

-Олон улсын нэг байгууллагын захиалгаар цөөн хэдхэн хуудастай бяцхан ном хийсэн юм. Тэгсэн төсөв нь ийм ээ гээд 7800 ам.долларын зарлага дээр гарын үсэг зуруулсан. Уг ажлыг би 800 доллараар ч хийгээд өгч болох багавтар ажил л даа. Мэдээж зургийн санаа, бүтээлч байдал, хүмүүст өгөх таашаал, үр дүн гээд захиалагч тал шударга тооцсон нь л тэр. 

-Таны одоо олж байгаа орлогын дийлэнхийг ямар бүтээл, аль зах зээл бүрдүүлдэг вэ?

-“Бумбардай”. Гадаад зах зээлээс.... 

-Уран бүтээлч хүмүүс цэнэг авах өөр өөрийн зүйлтэй, урам зоригоо хөглөх аргуудтай байдаг. Жишээ нь, манай “Гэрэг” сэтгүүлийн дизайнерууд ажиллах үедээ хөгжим сонсож харагддаг. Таны хувьд?

-Нам гүмд илүү их төвлөрдөг.

-Япон улс Таныг олон улсын шилдэг мангачнаар хүлээн зөвшөөрсөн. Мангагийн эх оронд үнэлэгддэг гэдэг нь л Таны хамгийн том танилцуулга байх, тийм үү?

-Магадгүй. 

-Таны цаашдын зорилго?

-Надад хийхийг зорьж буй арван төсөл бий. Эхнийх нь одоо хүүхэд бүрийн танил болсон “Бонго” байсан. Телевизийн контентын хувьд Монголын хэмжээний амжилттай төсөл боллоо. Хоёр дахь нь “Бумбардай” төсөл. Олон улсад тодорхой амжилтанд хүрч, цаашдын хөгжүүлэлтийг нь одоо ч үргэлжлүүлэн хийж байна. Гурав дахь төсөл маань удахгүй эхлэх гэж байна даа. Миний бодож зорьж байгаа 10-аад төслийг хийхэд монголчуудын нүүдлийн соёл, түүхийн онцлог, дэлхий нийтийн хөгжлийн үнэ цэнийг нийлүүлсэн Монголын гэсэн онцлогтой хүүхэлдэйн ертөнцийг бид дэлхийд санал болгох боломжтой болох юм. Үүний л төлөө зорилго тавин ажиллаж байна. 

-Залуу хүмүүс юу хүсэж байгаагаа, юунд дурлаж, юуг мөрөөдөж байгаагаа олж тогтоох эрэлд бас их хатдаг. Жишээ нь, ямар мэргэжил эзэмших вэ, ирээдүйд хэн байх вэ гээд л. Өөрийгөө олох тухайд залуу хүмүүстэй ярихад ч эрт байдаг юм шиг санагддаг. Гэхдээ л ямар нэг сонголт хийх хэрэгтэй болдог шүү дээ. Та энэ тал дээр хүүхэд залууст юу хэлэх вэ?

-Ямар нэг зүйлийг маш ихээр хүсэж байгаа бол тэр хүн залуу ч бай, хөгшин ч бай шөнө тайван унтаж чаддаггүй. Өдөр нь бодогдоод салахгүй. Ийм зүйл байдаг бол чи юу хүсэж байгаагаа олжээ гэсэн үг. Тэгж их догдлохгүй байвал түүнийгээ олтлоо зогсолтгүй хайх хэрэгтэй. 

-Мэргэжилтэй болдог юм байж. Гэвч амжилтад хүрнэ гэдэг амаргүй давааг яаж хялбарчилмаар юм бэ дээ?

-Би өөрийн хувийн туршлагаасаа, мөн залуустай ажилладгийн хувьд тэдний байдлаас харахад хүн ер нь оюутан болоод хичээлийнхээ хажуугаар нь сонгосон мэргэжлээрээ ажиллачихмаар юм билээ. Сайн, муу компани, цалинтай, үгүй хамаагүй. Салбараа ойлгоно, хүнтэй харилцаж, хүнд удирдуулж сурна. Үүнийг хэрэгжүүлчихсэн байхад амжилтад хүрэх хугацаагаа ч хэмнэнэ, ирээдүйгээ ч илүү тодорхой болгочихлоо гэсэн үг.


Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2024.01.25
Алисагийн тэмдэглэл: Хэн нэгний танд зориулан илгээж байсан хамгийн гоё дуу юу вэ?
2
2024.01.10
Технологийн салбарт ажиллахад хамгийн таатай газраар Юнител групп шалгарлаа
3
2023.12.15
Миллениалуудын ажлын орчин | Ээлтэй, хүртээмжтэй МУИС
санал болгох
1
8 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
10 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
13 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
0
4
0
1
0
0
1

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

matilda 2019.04.24 41.138.89.230

Зээл ба санхүүжилт Зээлийн саналыг € 2,000 / € 4,500,000 хүртэл санал болгодог Холбоо барих (Имэйл: [email protected]) Биднийг нөхөн төлж чадах бүх хүмүүст € 2,000 € 4,500,000 санал болгож байна. Хүүгийн хэмжээ Жилд 2%. Манай зээлийн хэлтэс нь: - Үл хөдлөх хөрөнгийн зээл - Авто зээлийн худалдан авалт - Орон сууц худалдаж авахад бэлэн байна - Хувийн компанийн зээл - Хувийн зээлийн төсөл - Хувийн зээл - Хөрөнгө оруулалтын зээл Хэрэв танд зээл хэрэгтэй бол бидэнтэй холбоо барина уу. И-мэйл: [email protected] wathsapp: +22 780 147 359

0 Хариулах