Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Өнөөдрийн зурвас: Хавсаргатай өдөр баяртай

Нарных шиг хурц шар, тод улбар, бороо шиг цэнхэр, эсвэл сэмжин үүлсийн цагаан өнгийг нүдээрээ хайсаар эцчихлээ.


Хаашаа янзын өдөр вэ. Монголын хаврын хамгийн ёозгүй нь өнөөдрийнх шиг ийм л байдаг даа. Өглөөгүүр саарал, үдээс өмнө саарал, үдээс хойш мөн адил ийм саарал янзаараа. Хавсарга нүдсэн бүрхэг тэнгэрийн дор Улаанбаатарын нэгэн өдөр өнгөрч байна. Түй ч чийггүй. Тэнгэрийн хаяа харахаар тэрүүхэнд бороо ирчихээд наашлах гэж байгаа ч юм шиг. Шал худлаа. Хоёр, нэг дуслаад л шуурчихаар ямар хэрэг байх вэ дээ. 

Тэнгэр, хот хоёр нэгэн ижил сааралд ууссан ийм өдөр сэтгэл санаа гэж авах юмгүй, бүр тэр гэхийн тэмдэггүй болчихдог гэмтэй. Бүх юм дүнсгэр, түүний дотор мэдээллүүд хүртэл баргар. Нүдний өмнүүр урсан, холдон холдох тусмаа сав саарлыг өтгөрүүлэх хүн, машин, бүр сурталчилгааны самбараас хүртэл нарных шиг хурц шар, тод улбар, бороо шиг цэнхэр, эсвэл сэмжин үүлсийн цагаан өнгийг нүдээрээ хайсаар эцчихлээ... Намайг сэргээдэг дуу хөгжим ийм өдөр яагаад өмнөхөөсөө өөр сонсогддог юм бол. Хөнгөн хэмнэлд нь ганцаараа ч байсан хагас инээмсэглэн алхаж чаддаг гудамж барагдахгүй урт харанхуй хонгил мэт санагдана.   

Гудамжны тоосон дундаас олсон таксины жолооч замын турш үглэж гарсан. Түүний ярьснаар бол, Монголд дан хулгайч, худалч, луйварчингууд л амьдарч байгаа. Өөр шиг нь шударга үнэнч хүн бараг байхгүй гэсэн. Тэгээд намайг буулгахдаа хэнэг ч үгүй 1000 төгрөг нэмж авлаа. “Түгжрэл ихтэй байхад хохь чинь” ч гэх шиг. 

Өглөө, өдөр дүнсийчихээр орой тийш гутлаа чирэн гэлдэрч, үзэж байгаа энэ их саарал дотроос өөрийгөө сугадаад харих минь...

Байгаль үргэлж нэг янзаараа дандаа өнөөдрийнх шиг байдаггүй нь сайхан. Ялангуяа хавар. Маргааш нар хурцаар гэрэлтэж байснаа гэнэт цас хаялж ч мэднэ. Тэгснээ хур ч үгүй, хувьсал ч үгүй нам гүмд шилжиж ч мэднэ. Маргааш, түүний маргааш, ертөнцийн түг түмэн маргааш бүхэн шинэ. Цаг агаарын мэдээлэлд тандагдаад ордоггүй бороо хэдэн өдрөөр асгаж мэднэ. Улаанбаатарын модод нэг л өглөө нов ногооноор угтахдаа л угтана.    

Энэ өгүүлбэрийг дуусгах даваан дээр утас дуугарч найз ярьлаа. Охин нь гадаадын нэр хүндтэй их сургуулийн тэтгэлэгт тэнцчихэж. Ээж, охин хоёрын нар гарчээ. Хичээл зүтгэлийнхээ хариуд шударга шагнал хүртээд дэвхцэн тэврэлдэж, уйлалдан баярлалдаж байгаагаа надтай хуваалцсан ээж, охины аз жаргал намайг бас гэрэлтүүлж байна. 

Дуучин Э.Болор-Уянга өнөөдөр ажлын дараа товлосон “Зүгээр л нэг” дууныхаа клипийн нээлтэд урьлаа. Шинэ бүтээлийнх нь анхны үзэгчдийн нэг болохоор гарлаа шүү. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2024.03.18
Өнөөдрийн зурвас: Шинель
2
2024.01.10
Өнөөдрийн зурвас: Арван жилийн дараа уулзъя!
3
2023.07.04
Өнөөдрийн зурвас: Ээжид нь чамд өгөх юу ч байхгүй
санал болгох
1
Өчигдөр
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
5
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2019.04.24 122.201.23.44

Өглөө, өдөр дүнсийчихээр орой тийш гутлаа чирэн гэлдэрч, үзэж байгаа энэ их саарал дотроос өөрийгөө сугадаад харих минь... ❤❤❤

0 Хариулах