Хайх зүйлээ бичнэ үү

7 мин

Э.Эрдэнэжамъян: Хүүхдүүд нь зориг зүрхгүй, тарган, бас найз ч үгүй Улаанбаатарыг өөрчлөхийн төлөө нэгдэе

Залуус аа, нэгдье.


Монгол залуу хүн төлөвших, нийгмийн амьдралд биеэ бэлтгэх, мэргэжлээ зөв сонгох талаар улстөрчид, бизнесмэнүүд илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэв. “Дэвших боломж” сэдэвт энэ хэлэлцүүлэг өнгөрсөн амралтын өдрүүдэд “Корпорейт” зочид буудалд болсон юм. Монголын скаутын холбооны Ерөнхийлөгч Э.Эрдэнэжамъянгийн илтгэлд залуусаа хөгжүүлэх төрийн бодлого Монголд орхигдсоныг шүүмжлэх байр суурийг илэрхийлж байлаа. Дэлхийн улс орныг ДНБ, өрсөлдөх чадвар, аз жаргалын индеск зэрэг янз бүрийн чиглэлээр үнэлж дүгнэдэг. Дани, Норвеги зэрэг орон аз жаргалын индексээрээ дэлхийд тэргүүлсээр ирсэн. Тэнд ажлын цаг 16:00 цагт дуусдаг. Хүн аз жаргалтай амьдралын төлөө гэр бүлдээ цаг зарцуулах ёстой учраас тэр. Тэгвэл өнөөдөр хамаг цагаа түгжрэлд баран бухимдаж байгаа Улаанбаатарт аз жаргалын индекс ямар байна вэ? Залуус хэдийд, хаана, хэрхэн хөгжиж байна вэ? 

Э.Эрдэнэжамъян “Мэдээлэл технологийн энэ эрин зуунд асар хурдтай хөгжиж байгаа дэлхий ертөнцтэй монголчууд бид хэрхэн мөр зэрэгцэх вэ. Дани, Герман зэрэг Европын оронд Засгийн газраас нь залуусаа бодлогоор дэмжиж, асар их хөрөнгө оруулалт хийдэг. Улсын хөгжил залуучуудын өсөж дэвжих бололцоог хангаснаас шалтгаалдаг юм байна. Тиймээс ч их, дээд сургуулийн оюутнуудын төлбөрийг төрөөс даадаг. Тэр байтугай гадаадын оюутнууд сургуульд нь тэнцвэл тэр улсын төр өмнөөс нь төлдөг. Гэтэл өнөөдөр манайд сурч, боловсрох гэвэл өөрсдөө төлөх ёстой. Өнөөдөр бид их, дээд сургуулийн төлбөрөө аав, ээж, эмээ өвөөгөөрөө даалгаад, Солонгос, Японд боолын ажилтан бэлтгэдэг улс юм уу. Төр, засаг залуучуудаа хэрхэн харж байгаагаас нь монголчууд хөгжлийнхөө чиг баримжааг олж чадаагүйг ойлгож болно. Сүүлийн жилүүдэд барилга байшин маш их барьж, машин тэрэг ч ихэслээ. Гэтэл залуучуудын хөгжилд зориулсан зүйл хийгдсэнгүй. Жишээ нь, Сингапурт Скаутын байгууллага нь залуустаа сурч, боловсроход зориулж байр, орон зай үнэ төлбөргүй гаргаж өгдөг. Хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулдаг манай нэг бизнесмен Улаанбаатарт түрээсийн байр хайгаад олоогүй. Хүүхдүүд шуугилдаад байна, олон янзын хүүхдүүд оруулахгүй гээд түрээслэх байр олдохгүй байх жишээний” хэмээв. 

Энэ үеэр Монголын скаутын холбооны Ерөнхийлөгч, Нийслэлийн МАХН-ын хорооны дарга Э.Эрдэнэжамъянгаас зарим зүйлийг тодрууллаа. 

-Залуучуудын хөгжилд төр, засгийн дэмжлэг муу гэж байна. Тэгвэл залуусыг  төр хэрхэн дэмжих хэрэгтэй вэ?

-Муу байгаа биш огт байхгүй байна. Залуучуудыг харж байгаа өнцгөө өөрчил. Залуучуудыг халамж авдаг, автобусны тасалбар даалгадаг, сургалтын төлбөр төлдөг бизнесийн зах зээл гэж хараад байна. Одоо хандлагаа өөрчлөх хэрэгтэй. Ирээдүйд танай компанийг, улс орныг авч явах хүмүүс гэж харах хэрэгтэй. Өв тэгш монгол хүнийг бэлтгэх хэрэгтэй. Аль нэг талаараа сул дорой хүн сайн мэргэжилтэн болж чаддаггүй. Тийм учраас наад зах нь залууст зориулсан орон зайг нэмэгдүүлмээр байна. Өнөөдөр баарнаас өөр газар залуусыг нээлттэй оруулахгүй байна. Сургууль, цэцэрлэг үүдээ түгжсэн, номын сан хаалттай. Хуучин бидний үед орцонд суудаг байсан. Байрны орц ч жижүүртэй болчихоод суулгахгүй байгаа. Залуус хаана уулзаж, цуглаж, бие биенээ урамшуулах вэ? 

-Та скаутын холбоонд 1993 оноос хойш явж ирсэн гэж байна. Нийгэм, цаг үеэ дагаад энэ хооронд залууст ямар өөрчлөлт мэдрэгдсэн бэ?

-Өмнө нь огт байгаагүй сэтгэл эмзэглүүлсэн асуудал Улаанбаатар хотод нэмэгдсэн нь хүүхдүүдийн таргалалт. Хөдөлгөөний эвсэл муудаж, өөртөө итгэх зориг нь багасч байна. Эр зоригийн боловсрол гэж асар том боловсрол байна. Эр зоригийн боловсрол гэдэг нь шийдвэр гаргах, гаргасан шийдвэртээ тууштай байх асуудал. Хүнийг зоригтой бай гэснээр зоригтой болдоггүй. Хүүхэд бие бялдрын хувьд эрүүл, гүйдэг, тоглодог, ноцолддог байх ёстой. Харамсалтай нь Улаанбаатарт хүүхдүүд гүйх харайх, нөхцөл бүрдээгүй учир таргалж байна. Биеийн тамирын зааландаа багтдаггүй учраас спортын хичээлдээ суух нь суу, байх нь бай гэдэг хандлагатай болсон байна. Хүүхдүүд гадаа тоглох талбайгүй байна. Монголын залуучуудад учруулж байгаа гэмт хэрэг шахам зүйлийг Улаанбаатарын өмнөх үеийн удирдлагууд хийсэн байна. Өнөөгийн удирдлагууд энэ зүйлийг засч залруулахын оронд хөл бөмбөгийн талбайг нурааж барилга барина гэж шийдэж байна. Хүүхдүүдээ өсөн торниж, тоглож наадах орчнынг бүрдүүлэхгүй бол ирээдүйн 20 жилд манай Монгол Улсын иргэд зоригтой байх уу, хулчгар болох уу, шударгаар бизнес эрхлэх, өрсөлдөх чадвартай байх уу гэдэг асуудал үүсэх нь тодорхой юм.  Өнөөдөр дэлхийн хөгжсөн том хотууд машиныг цөөлөх арга хэмжээ авч, хүн алхдаг хот болгон өөрчилж байна. Гэтэл манай улсад улам олон байшин барилга барьж, хүн алхаж явахын аргагүй шамбааралдсан муухай хот бий болгож байна. Товчхондоо хүний төлөө биш сэтгэлээр бүх зүйлийг төлөвлөж байна. Герман, Дани зэрэг манайхаас бусад улсад зүлгээ хашдаггүй. Яагаад гэвэл зүлгэн дээр хүн суулгаж амраах гээд байгаа нь тэр. Гэтэл манайд хүнээс зүлгийг, газрыг харамлаж байна. Бүх зүйлийг хүний төлөө хийх ёстой. Нийслэлд хүүхдийн зусланг зарсан, хүүхдийн номын сан банк болсон, хүүхдийн тоглоомын талбай машины зогсоол болсон. Хүүхдээсээ болоод түгжрээд байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Баянхошууны хүүхдүүд нэгдүгээр хороололд, нэгдүгээр хорооллын хүүхдүүд нэгдүгээр сургууль руу, нэгдүгээр сургуулийн орчмын хүүхдүүд Зайсангийн, Зайсангийн хүүхдүүд Яармагт сурч байгаа учир заавал зөөх шаардлага гарч ирсэн. Энэ нь хүн бүрийг илүү цагаар ажиллуулж, түгжрэлд оруулж байна. Дээр нь хүүхдүүд хамт олонгүй болж байна. Ангийнхаа хүүхдүүдтэй, байрны хүүхдүүдтэй найзлахгүй, аав ээжтэйгээ найзалдаг бүхэл бүтэн үеийг бэлдээд байна. Хүүхдүүдийг зөвхөн тоо бод гэж байна. Яагаад спорт, урлагийн боловсрол олгоогүй юм. Улаанбаатар хот барилгын төлөө биш хүний, хүүхдийн төлөө хот байх ёстой. Тэр утгаараа хүүхдийн асуудал хүний, улс орны асуудал юм. 

-Скаутын холбоо ямар үйл ажиллагаа явуулж байна вэ? 

-Скаутын холбооны үндсэн гол зорилго нь бие даах чадвартай, улс орон, ард түмнээ гэсэн сэтгэлтэй иргэн хүнийг төлөвшүүлэхэд оршиж байна. Скаутын холбооны 100 жил туршигдсан үндсэн арга байдаг. Энэ аргуудаа хэрэгжүүлж ажиллаж байна. Манай гишүүдийн тоо 8000-10000 хооронд байдаг. Зуны төвлөрсөн арга хэмжээ “Жембори” дөрвөн жилд нэг удаа явагддаг. Энэ жил “Жембори” “Ровермүүт” хоёр арга хэмжээ давхцаж байна. Ровермүүт нь 18-25 насны залуучууд оролцдог. Бага, дунд, ахлах ангийн хүүхдүүдийн насны онцлог, хүсэлт тэмүүлэл өөр өөр. Энэ жил Үндэсний цэцэрлэгт хүрээлэнтэй хамтарч паркт үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөсөн байлаа. Харамсалтай нь нийслэлийн зүгээс паркт барилга байшин барьж, зүлэг ногоог эвдлэх шийдвэр гаргасан учир “Найрамдал” зусланд зохион байгуулах байх даа. 

-Нийслэлийн МАХН-ын даргын хувьд залууст чиглэсэн ямар бодлого хэрэгтэй гэж үзэж байна вэ?

-Өмнөх нийгмийг тэр үеийн залуус бүтээсэн. Социалзмын үед хүүхдүүд тоглох талбайтай, пионертой, эвлэлтэй тухайн нийгэмд зохицсон байлаа. Өнгөрч байгаа 30 жилийг ч тэр үеийн Ц.Элбэгдорж, Д.Дорлигжав, М.Энхболд, У.Хүрэлсүх нарын залуучууд хийсэн, гэхдээ чадсангүй. Одоо улс орны хөгжлийг өнөө үеийн залуучуудын нуруун дээр тавих хэрэгтэй. Тийм учраас одоо МАХН залуучуудыг уриалан дуудаж байна. Сайхан ирээдүй бүтээе, үр хүүхдээ бодъё, өөр улс орнуудтай өрсөлдөх хэмжээний сэтгэлт зүтгэлтэй, улс орноо өөрөөр хөгжүүлье гэсэн бодолтой, дэвшилтэт үзэлтэй залуучуудыг намдаа дуудаж, хамтарч ажиллая гэж байгаа. Манай намд хөрөнгө мөнгө байхгүй, гэхдээ тодорхой бодол, бодлого байгаа. Бид ганц Улаанбаатар хотод шавах хэрэггүй. Өөр хотууд барих хэрэгтэй. Хамгийн түрүүнд залуусаа нэгтгэе. Та нарын дуу хоолой, багаж зэвсэг, орон зай болъё гэж бодож байна.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмнэ
2
Уржигдар
ХААН Банк “Цалинтай дадлагын хөтөлбөр”-өө 6 дахь жилдээ зарлаж байна
3
Уржигдар
Ажлын гараагаа ногоон гэр бүлтэй хамт
санал болгох
1
20 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
22 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
Өчигдөр
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.